Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 27-нд МҮХАҮТ-д үндэсний компанийн захирлуудтай уулзав. Өмнө нь тэр хоёр удаа яг энэ танхимд, Япон, Солонгос, Хятадын айлчлалын үеэр бизнесмэнүүдтэй тус бүр нэг удаа уулзаж байсан ч энэ удаагийн уулзалт хамгийн том нь байв. Учир нь Монголын ДНБ-ын 45 хувийг бүтээдэг, 2.9 их наяд төгрөг буюу нийт татварын орлогын 35 хувийг бүрдүүлдэг, 70 гаруй мянган хүнийг ажлын байраар хангадаг 250 гаруй компанийн захирлууд нэгэн зааланд Ерөнхий сайдтайгаа, яамдын сайд нартай ярилцахаар цугласан байв.
Ерөнхий сайд уулзалтын эхэнд ДНБ 8.6% өсөлттэй байгаа, 2018 онд төсвийн тодотгол хийгээгүй, гадаад худалдаа ашигтай гарсан, гадаад валютын нөөц нэмэгдсэн, зээлжих зэрэглэл дээшилсэн, нэг үгээр эдийн засгийн суурь үзүүлэлтүүд сайжирсан гэсэн тойм мэдээлэл өглөө.
Хэдийгээр түүний ярианд нарийн тоо баримт, задлан шинжилгээ ховор ч ажлын байр бий болгож, татвар төлж байгаа баялаг бүтээгчдээ дэмжинэ, харин шударга бус бизнестэй хатуу үзнэ гэдгээ онцолж байв. Тэрбээр саяхан Засгийн газраас орон нутагт уул уурхайн хэд хэдэн лицензийг цуцалсан тухай ярихдаа “Худал ярьж, хулгай хийж, улсын хөрөнгө завшиж байгаа хулгайч бизнестэй, улс төр, бизнесийн мафижсан бүлэгтэй ясаа цайтал тэмцэнэ” гэж хэллээ.
Засгийн газрын үйл ажиллагааны чиглэлийг тоймлон хэлэхдээ:
Бид үндсэн гурван зүйлийг хийхийг зорьж байна. Нэгдүгээрт эрчим хүчээ өөрсдөө бүрэн хангаж, хоёрдугаарт түлшээ дотооддоо үйлдвэрлэж, гуравдугаарт өөрсдийн хүнсээр хүн амаа хангах шаардлагатай.
Халамж хавтгайрч байна гэсэн шүүмжлэлтэй холбогдуулан хэлэхдээ “Монгол Улсын төр хүүхэд багачууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгшид, өрх толгойлсон эцэг эх гэсэн дөрвөн бүлгийг халамжилна, бусад нь өөрсдөө хөдөлмөрлөж амьдрах ёстой” гэж томъёолов.
Түүнчлэн Монголд хамгийн давуу эрх эдэлж, нэг үгээр “давраад” байгаа гурван зүйл бол уул уурхай, улс төр, банкны систем гэж нэрлэв.
30 жилийн зовлонг 3 минутанд
Уулзалтын үндсэн хэсэг нь асуулт, хариулт байв. Ерөнхий сайдыг дагаж уул уурхай, байгаль орчин аялал жуулчлал, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэр, зам тээвэр, эрчим хүч, барилга зэрэг салбарын сайд нар, мөн гааль, улсын бүртгэл, татвар, үндэсний хөгжлийн газар, мэргэжлийн хяналт, шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар зэрэг агентлагийн дарга нар ирсэн байлаа. Бизнес эрхлэгчид микрофоны ард уртаас урт дараалал үүсгэж, тус бүр гурван минутанд санал хэлж, асуултаа тавив. Гэвч бизнесийн салбарт 30 шахам жил хуримтлагдаад буй асуудлыг гуравхан минутанд багтааж ярина гэдэг үнэхээр хэцүү байв. Уулзалтын модератороор ажиллаж байсан МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хугацааг бариулах гэсэн боловч амжилт олсонгүй.
Бизнес эрхлэгчдийн ярианд дараах үгс хамгийн их давтагдаж байв. “Гадаадад ажиллах хүчнээ алдаж ажил хийх хүнгүй боллоо”, “Төрийн бодлого тогтворгүй байна”, “Зээлийн хүү өндөр байна”, “Хятад улсад зах зээлээ алдаж дууслаа”.
Бизнесийн зардлын 10-30 хувийг авлигад өгдөг мөнгө эзэлж байна.
Санал хэлж, асуулт тавьсан бизнес эрхлэгчдээс олон хүн сүүний салбарт төрийн даацтай дэмжлэг хэрэгтэй байгааг хэлж байв. Тухайлбал, сүүний салбарын холбооны төлөөлөл сурагчдын үдийн цайнд 250-300 гр сүү, сүүн бүтээгдэхүүн оруулах санал тавив. Энэ нь нэг талаас үндэсний үйлдвэрлэгчдийг борлуулалтаар дэмжиж, нөгөө талаас хүүхдүүдийн дунд түгээмэл болсон кальцын хомсдлоос үүдэлтэй ясны сийрэгжилт, шим тэжээлийн дутагдлыг шийдэх юм. Мөн сүүгээ нийлүүлсэн айл өрхөд урамшуулал олгох, стандартын бус хэлбэрээр хийж буй сүүний худалдааг хязгаарлах хэрэгтэй тухай ярилаа.
МҮХАҮТ-ын хуучин Ерөнхийлөгч Б.Лхагважав Монголын банкны систем олон улсын хэдхэн том банкны барьцаанд орчихсон гэдгийг хэлээд төрийн өмчийг хариуцдаг тусгай прокурор хэрэгтэй гэсэн санал тавив.
Буян компанийн захирал Б.Жаргалсайхан сурсан зангаараа гурван минутыг 10 минут болгон “сунгаж” ярив. Эхлээд тэр ийм уулзалтыг улирал бүрт хийж байя гэсэн саналыг Ерөнхий сайдад тавиад шүүмжлэлээ урсгав. Ингэхдээ Монгол Улс худалдаа хариуцсан яамгүй байгаа, банкууд дампуурахад ойрхон болсон, хөдөө эзгүйрсэн, орон нутгийнхан хотод төвлөрсөн, түүхий эдийн зах зээл өмнөд хөршийн хэдхэн бизнесмэнээс хэтэрхий хараатай байгаа, компаниуд ажилтны хомсдолд орсон гэдгийг сануулав. Мөн нийгмийн халамжийг хумьж, малчин, сэхээтэн, бизнесмэн гэж ялгалгүй нэг татварын орчинтой болгож, авто зам ашиглалтын хураамжийг өсгөж төрийн мөнгөөр зам тавьдгийг болих хэрэгтэй гэж хэлсэнд зааланд суусан хүмүүс алга ташив. Улсын төсвийн мөнгийг үрэлгэн зарцуулж байгааг шүүмжлэхдээ Сангийн яамыг “цоорхой шуудав” гэж тодорхойлов.
Олон захирал яриандаа төрийн албанд хүнд суртал их байгааг дурдаж, элдвийн байцаагч нартай үзэлцсээр байгаад таардаг гэж ярив. Агентлагийн дарга нар сайдуудын арын эгнээнд дуугүй сууж байлаа. Нэгэн жижигхэн ноолуурын үйлдвэрийн захирал микрофоны ард оочер хүлээн зогсож байх зуур усны байцаагч усыг нь тасалсан гэсэн дуудлага авч, уурлаж гомдож байгаагаа хэлээд тэр усны байцаагчийг Ерөнхий сайдад “ховлож” шийтгэж өгөхийг хүсэв.
Төрийн бодлого, түүний гүйцэтгэлд олон нугалаа байгаа гэдэг нь бизнес эрхлэгчдийн ярианаас мэдрэгдэж байсан бөгөөд зарим зүйлийн талаар сайд нар огт мэдээлэлгүй байгаа нь харагдаж байв. Жишээ нь, Монголд тамхины худалдаа эрхэлдэг 10 компани байдгаас Монгол тамхи Со гэх нэг компани зах зээлийн талаас илүү хувийг эзэлдэг, тэгсэн хэрнээ үндэсний үйлдвэрлэгч гэсэн нэрийдлээр тавхан хувийн татвар төлж, бусад есөн компани нь 30 хувийн татвар төлдөг тухай нэгэн тамхи импортлогч ярилаа. Түүний нотолж буйгаар Монгол тамхи Со нь үндэсний компани гэгддэг ч үнэндээ 51 хувийг нь Хятадын компани эзэмшдэг аж.
Ерөнхий сайдын бизнес эрхлэгчидтэй хийсэн энэхүү уулзалтаас асуудал уул овоо шиг олон байгаа ч тэдгээрийг шийдэх захиргааны, санхүүгийн, боловсон хүчний бололцоо маш хомс байгаа гэдэг нь харагдаж байв. Тиймээс хамгийн түрүүнд шийдэх ёстой агаар, хөрсний бохирдол, төмөр зам зэргийг барьж авсан гэдгээ Ерөнхий сайд хэлж байлаа.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Би бизнесийн ертөнцөд ургасан хог шарилжийг зулгааж байгаа болохоос зүлгийг нь зулгаагаагүй. Энэ хүмүүс та нарын бизнесийг булааж, та нарын боломжийг шүүрч байна. Би хэнээс ч айхгүй, хэнд ч худалдагдахгүй. Намайг худалдаж авна гэж санасны хэрэггүй” гэж хэлснийг нь бизнес эрхлэгчид дэмжсэн хандлагатай байлаа. Ямартаа ч өмнөх Ерөнхий сайд нартай харьцуулахад У.Хүрэлсүхэд өөрийн бодсон төлөвлөснөөрөө ажиллах, кабинетаа илүү нэгдмэл байлгах боломж нь өргөн байна гэсэн дүгнэлт хийхээр байна. Болдог бол сонгуулийг хойшлуулаад нэг хэсэгтээ ажлыг нь хийлгэх юмсан гэсэн санал ч бизнес эрхлэгчдийн дундаас цухалзаж байсан юм.
“Давраад байгааг нь дарж, дарагдаад байгааг дэмжээд улс эх орноо хөгжүүлэх жолоог зөв залаад явна уу?” гэж ард түмэн ТАНД итгэл хүлээлгэсэн. Та хэлсэн ярьсандаа л байвал Монгол өөр болно доо
Xamgiin gol ni Mingild vildwerlel barij ajilluulwal ajlii bairtai bno. Mun bayar,amraltiin udur ix bna. Vvniig dagaad arxi,zawxairal zorilgooggvi xvmvvs ix boljee
Yadaj baikhad denduu olon bayartai. Bayar, temdeglelt odruudiin surgiig sonsood buun bayar arhidaad chaaj ogno. Arhi amralt bayar temdeglelt odruudee joohon zohitsuulmaar yumaa.