90-ээд онд үйл ажиллагаагаа эхэлж, босгосон стандартаа өнөөдөр ч өндөрт авч яваа компаниудын нэг бол “Наран” групп юм. Business.mn сайт “Наран Трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Удвалтай уулзаж бизнесийн туршлагаас нь хуваалцлаа.
-“Наран” группын өнөөгийн амжилтын нууцыг та юу гэж үздэг вэ?
-Бид бизнесээ хамгийн эрт эхэлсэн. Тухайн үед өрсөлдөөн багатай байлаа. Зөв бизнес барьж авсны дээр хэрэглэгчдийн сонирхолд нийцсэн бүтээгдэхүүнүүдийг санал болгож байсан нь бидний амжилтад нөлөөлсөн байх гэж боддог.
-Тухайн үед барьж байсан бодлогод тань өнөөдөр хэр том өөрчлөлт гарч байсан. Мэдээж дижитал технологи зэрэг дэвшилтэд шийдлүүд нөлөөлж байна уу?
-Үндсэн чиглэлээ бол өөрчлөөгүй. Харин орчин үеийн хэрэглэгчдийн сонирхол, таашаалд нийцүүлэн бүтээгдэхүүнүүдийнхээ нэр төрлийг олшруулж байгаа. Дээр нь онлайн худалдааг эхлүүлсэн.
-Танай групп олон охин компаниудтай. Энэ олон компанийг, ажилтнуудыг нэг удирдлага, бодлогод үр дүнтэй төвлөрүүлэхийн тулд ямар үнэ цэнийг бүрдүүлэх ёстой гэж та боддог вэ. Та компаниа ямар арга барилаар удирдаж ирэв?
-Бидний өөрсдийн хуримтлуулсан туршлага, дэлхийн нэр хүнтэй брэндүүдтэй хамтарч ирсэн туршлага, ажилтнуудын маань суралцаж хуримтлуулсан арга барил зэргээс манай компанийн үнэ цэнэ бүрэлдэн тогтсон. Тиймээс хамт олон, компаниуд маань энэ үнэ цэнийг үйл ажиллагааныхаа удирдлага болгон ажилладаг. Компаниуд маань чиглэл, чиглэлээрээ төрөлжиж мэргэшсэн болохоор бид бүхэн бодлого чиглэлээ удирдан тодорхой амжилт гаргаж байна.
-“Наран” группын дэлгүүрүүд зарим шинжээрээ онцгойрдог л доо. Өнгө үзэмж нь бусдаас өөр, чанар чансаа нь илүү сайн байдаг ч юм уу. Энэ нь таны анхнаасаа барьсан бодлого байв уу?
-Бид дэлхийн брэндүүдийг хэрэглэгчдэд хүргэдэг гэдэг утгаараа тэр стандартыг барьсаар ирсэн. Гэтэл худалдааны бусад газруудад болохоор холимог бүтээгдэхүүнүүд байж байдаг. Брэнд нь байна, хувь хүний оруулж ирдэг бүтээгдэхүүн ч байх жишээтэй. Үүнээс болоод брэндийн бүтээгдэхүүн гэдэг үндсэн концепц нь алдагддаг л даа. Бидний хувьд үндсэн концепцоо алдчихгүй юмсан гэж хичээж ажилладаг.
-Чанар муутай бүтээгдэхүүн оруулж ирдэг нь манай хэрэглэгчдийн худалдан авах чадварт нийцүүлээд байх шиг. Гэтэл ийм нөхцөлд та бүхэн брэндийн бүтээгдэхүүн нийлүүлэх бодлогодоо үнэнч явсаар байна. Монголын зах зээлд брэндийн бүтээгдэхүүний өндөр стандартыг бариад явахын давуу болоод сул тал нь юу байдаг вэ?
-Брэндийн бүтээгдэхүүний стандартыг бариад явах нь хэрэглэгчдэд ойлгомжтой, тодорхой байдлыг бий болгож байдаг. Хэрэглэгчид сонирхсон бүтээгдэхүүнээ тав тухтай орчинд аваад явах боломжтой. Харин холимог бүтээгдэхүүн худалддаг дэлгүүрийн дэргэд брэндийн дэлгүүрийн хэрэглэгчид цөөн байдаг. Зорьж очдог хэрэглэгчид брэндийн дэлгүүрээр голдуу үйлчлүүлдэг.
-Танай сүүлийн төслүүдийн нэг нь Хард Рок клуб. Бидний ойлгодгоор Хард Рокийн үйлчлүүлэгчид өөрийн гэсэн онцлогтой байх шиг?
-Жуулчны улиралд Монголд зочилсон жуулчин бүр манай Хард Рок клубт ирдэг. Гэхдээ үйлчлүүлэгчдийн маань 90-ээс дээш хувийг монголчууд маань бүрдүүлдэг. Бүр зорьж ирдэг үнэнч үйлчлүүлэгчид ч байна. Тиймээс гадаад, дотоод гэсэн ялгаа манай үйлчлүүлэгчдийн дунд байхгүй дээ. Хард Рокийг мэддэг, түүний үйлчилгээний стандартыг таалдаг хүн бүр манайхыг зорин ирдэг.
-Компани өргөжин тэлэх тусам хүний нөөцийн асуудал хурцаар тавигддаг. “Нарангийн” гэх тодотголтой амжилтныг та бүхэн яаж төлөвшүүлж байна?
-Шинээр ирж байгаа боловсон хүчнээ бид дотоод стандарт, сургалт уулзалт, дүрэм журмаараа төлөвшүүлж компанийнхаа соёлд уусгаж авдаг даа.
-Компаниа байгуулж байх үед тань нөхцөл өөр байлаа. Харин одоо цагт?
-Тэр үед илүү амар байсан. Одоо бол өрсөлдөөн ихтэй болсны дээр худалдан авагчдын шаардлага, сонирхол өөрчлөгдөж байна. Тиймээс үйлчилгээндээ ялгарлыг бий болгож, худалдан авагчдынхаа сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн нийлүүлэх зорилго тавиад ажиллаж байна даа.