Бид эхлүүлсэн ажил бүрээ хамгийн сайнаараа хийхийг хүсдэг. Гэвч хийж буй зүйлээ хамаг чадлаараа хийх гэж оролдох үед бид “Төгсийн урхи”-нд ордог. Ингэснээр хэзээ ч биелэх боломжгүй төгс төгөлдөрт тэмүүлэн, эцэст нь толгойгоо дэмий л гашилгаж хайран цагийг үрдэг. Францын нэрт сэтгэгч Волтайрын “Төгс гэдэг сайны саад” гэх үг бий. Энэ нийтлэлийг бичихдээ би өгүүлбэр, цогцолбор бүрийг хүссэн шигээ төгс байлгахыг зориогүй. Оронд нь өөрийнхөө санааг цэгцтэй буулгахыг л хамгийн түрүүнд хичээсэн юм. Ийм ч учраас нийтлэлээ 30 минутын дотор л төвөггүйхэн бичиж дуусгав. Ийнхүү бичиж дуусгасныхаа дараа би хэрхэн бичсэн үйл явцаа энэ хэсэгт нэмж оруулсан юм. Нэгэнт бичиж дуусгасныхаа дараачаар бэлэн болсон нийтлэлээ уншиж засахад 10 минут болов. Хоосноос төгс зүйлийг бүтээх гэж оролдохын оронд алдаа оноотой бичсэн ч түүнийгээ бага багаар сайжруулснаар нэг цагийн дотор зорьсондоо хүрсэн.
Хийх явцдаа суралцах гэдэг ойлголт бий. Ямар ч ажлыг хийх тусам туршлагаждаг тул эхний оролдлогоороо хэдэн алхам алгасч өөртөө хэтийдсэн чанарт тэмүүлэх хэрэггүй. Үүнийгээ яс махандаа шингэтэл ойлгож яваа хүний нэг нь би. Харин цагаа оновчтой хуваарилж, бодит үр дүн гаргасныхаа дараа хийсэн ажлаа эргэж нягталж, хагас дутуу зүйлс байвал гүйцэд болгох хэрэгтэй. Хийхээс хэлэх нь амархан. Тиймээс New York Times-ын ажлын зөвлөгөөний буланг хариуцдаг сэтгүүлч Тим Харрерагийн төгс болгох гэж зүтгэлгүй ажлаа эхэлж дуусгахад туслах хоёр алхмыг хүргэж байна.
- Хийх ажлаа жижиг хэсгүүдэд хуваах. Ингэснээр жижиг хэсгүүдээ нэг нэгээр нь хийж дуусгах замаар эцсийн үр дүндээ илүү хялбар хүрэх боломжтой. Заримдаа бид хорвоог зөвхөн хар цагаанаар сэтгэж, төгс хийх эсвэл огт хийхгүй гэх хайрцганд орох тохиолдол бий. Иймээс жижиг жижгээр ахиц гарч байгаа гэдгээ санаж байх нь “Төгсийн урхинд” оролгүй ажлаа хийхэд тустай аж.
- Хийж байгаа ажлаа том зургаар нь харах. Эцсийн зорилго дээр бус харин түүнд хүрэх үйл явцад илүү анхаар. Ингэснээр том зорилго урдаа тавьчихаад хаанаас эхлэхээ мэдэхгүй дэмий л ангайж зогсолгүй ямар үе шатууд туулах ёстойг мэдэх тул зорилгодоо хүрэхэд илүү хялбар болно.
Эцэст нь цаг үрэн төгс зүйлийг хийх гэж оролдох уу эсвэл цаг хугацаа орох зарим үйл явцыг хүлээн зөвшөөрөөд урагш явах уу гэдэг таны л сонголт юм.
Ойрын үед ийм өгөөжтэй нийтлэл уншсангүй 😊
товч чухал санаа байна. эх сурвалжийг нь дурдаад ашиглаж болохуу
Эх сурвалжаа дурдаад хуваалцаж болно шүү
Хийхийг хүссэн ажлаа хийж чаддаггүйн нэг том шалтгааныг маань дурдлаа. Сайхан хэллээ амжилт!