Монгол үйлдвэрлэгчдэд тулгардаг голлох асуудлын нэг бол борлуулалт. Тодруулбал, дотоод зах зээлд өрсөлдөөн ихтэйгээс гадна том групп компаниуд үйлдвэрлэгчдийн зах зээлийг булаадаг нь элбэг билээ. Харин экспортод бараа бүтээгдэхүүнээ гаргахын тухайд үйлдвэрлэгчид нэг нэгээрээ зүтгэснээс үүдэн тухайн улсын шаардлага, татвар, хорио цээр гэх мэт олон шаардлагад бүдрэх тохиолдол нэлээдгүй гардаг. Тиймээс МҮХАҮТ Монгол үйлдвэрлэгчдийн уул уурхайн бус бараа бүтээгдэхүүнийг олон улс руу, ялангуяа 1.4 тэрбум гаруй хүн амтай Хятадын зах зээл рүү гаргах төслийг санаачлан нээлтээ хийлээ. “Хил дамнасан цахим худалдаа Е-Экспорт” төслийн эхний хамтрагч улс нь БНХАУ бөгөөд уг төсөл нь Монгол, Хятад хоёр орны бүс нутгийн хөгжлийг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдийн гадаад худалдааны эргэлтийг сайжруулах үүднээс ӨМӨЗО-ы Баяннуур хотын цахим худалдааны платформ төвүүдийг түшиглэн Монгол Улсын бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-д болон цаашлаад Зүүн Өмнөд Азийн орнуудын зах зээлд хамгийн дөт зам, шинэ гарц, шинэ боломжоор нэвтрүүлэхдээ бизнес эрхлэгчдэд экспортын нэг цэгийн үйлчилгээ үзүүлэн, дэмжин ажиллах үндсэн зорилготой. Түүнчлэн “Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг дэмжих “Монгол экспорт хөтөлбөр” хэрэгжиж байгаатай давхцан уг төсөл эхэлсэн нь нүдээ олсон” хэмээн Монгол Улсын Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засаг хамтын ажиллагааны дэд захирал Т.Батцэцэг төслийн нээлтийн үеэр хэллээ. Тиймээс уг төслийг хэрэгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэхэд Гадаад харилцааны яам анхааран ажиллах ажээ.
2018 онд Монгол улсын БНХАУ-тай хийсэн худалдаа 8.47 тэрбум ам.долларт хүрсэн. Үүний дийлэнх хувийг ӨМӨЗО, ялангуяа Баяннуур хот эзэлжээ. Тодруулбал, Баяннуур хотын гадаад худалдааны 80 хувийг Монгол улс эзэлдэг бөгөөд өнгөрсөн онд нийт 200 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг Монгол Улстай хийжээ. Түүнчлэн тус хотод Өвөр Монголын хамгийн том усан боомт орших бөгөөд түүнээс БНХАУ-н өнцөг булан бүр лүү тээвэрлэлт хийгддэг аж. Тиймээс үйлдвэрлэгч таны бүтээгдэхүүн Хятадын зах зээлд түгээгдэх эхний гарц нь Баяннуур хот юм. Түүнчлэн тус хотод БНХАУ-д үйл ажиллагаа явуулдаг худалдааны цахим талбаруудын /Табоа, Алибаба, ТикТок, Хө Тао гэх мэт/ төлөөлөл ажилладаг бөгөөд тэдний үзэсгэлэнгийн танхим, цахим хуудсанд шаардлага хангасан Монголын бараа бүтээгдэхүүн байрших болно. Уг ажлыг МҮХАҮТ болон Баяннуур хотын худалдааг дэмжих хороо нар хамтран бизнес эрхлэгчдэд нэг цэгийн үйлчилгээг үзүүлнэ.
Үйлдвэрлэгч таны бүтээгдэхүүн Хятадын зах зээлд түгээгдэх эхний гарц нь Баяннуур хот.
Тодруулбал, үйлдвэрлэгч таны бараа бүтээгдэхүүн БНХАУ-ын зах зээлд гарахад бэлэн байна уу гэдгийг МҮХАҮТ болон Баяннуур хотын худалдааг дэмжих хороо нар хамтран судлах болно. Үүнд экспорт, импортын бэлэн байдал буюу ижил төрлийн бүтээгдэхүүний харьцуулсан судалгаа, бүтээгдэхүүний үнэ цэн, ялгарал давуу талыг тодорхойлох, зорилтот зах зээлийг тодорхойлох, хэрэглэгчийн зан үйлийн судалгаа, эрсдлийн үнэлгээ зэрэг багтана. Эдгээрийг бизнес эрхлэгчид 2.500.000 төгрөгийн хураамж төлснөөр хийлгэх боломжтой бөгөөд лабороторын шинжилгээ, маркетинг стратеги дахин боловсруулах гэх мэт бусад шаардлагатай тохиолдолд нэмэлт төлбөр төлөх болно. Ингэснээр таны бүтээгдэхүүн БНХАУ-ын зах зээлд борлуулагдах эхний алхмаа амжилттай хийх юм. Жишээ нь, Энэ оны 10-р сарын 15-нд Баяннуур хотод очих эхний ээлжийн бүтээгдэхүүнүүдийн нэг “Тэсо” корпорацийн чацарганы өтгөрүүлсэн шүүс БНХАУ-ын зах зээлд гарах хүртлээ олон удаагийн өөрчлөлтөд оржээ. Чацарганы өтгөрүүлсэн шүүсийг онлайн худалдааны томоохон үзэсгэлэнгийн танхимд байршуулсан ч хүмүүсийн сонирхлыг нэг л татахгүй байжээ. Учир нь хятад хүмүүс хэт исгэлэн, хэт чихэрлэг аль, аль амтанд дургүй, бас өтгөн шүүс найруулж уух завгүй, шилэн савлагаа эко гэгддэг ч авч явахад төвөгтэй гэх зэргээр тэдний хэрэглээний соёлд нийцэхгүй байсан байна. Тиймээс шүүсийг найруулаад, амтыг нь тохируулж, хуванцар саванд савласнаар борлуулалт дээрджээ. Гэхдээ хятад хүмүүс эко бүтээгдэхүүнийг ээждээ, гэр бүлийнхэндээ бэлэглэдэг соёлтой учир дангаар нь биш, хоёр ширхэгээр бариултай цаасан хайрцаганд савлабал илүү зарагдахыг тус компани судалгаагаараа хожим мэдсэн учир сав, баглаа, боодлоо дахин сайжруулах шаардлага гарсан байна. Энэ мэтээр зах зээлээ, хэрэглэгчээ судлах нь цахим худалдаанаас амжилт олох эхлэл аж. Үүнийг үйлдвэрлэгч та өөрөө судлан, бичиг баримт бүрдүүлэн Хятадын зэх зээлд бүтээгдэхүүнээ гаргах бус таны өмнөөс МҮХАҮТ эдгээр ажлыг амжуулан, үйлдвэрлэгч та бүхнийг нэгдсэн зохион байгуулалттайгаар экспортод гаргах юм.
МҮХАҮТ болон Баяннуур хотын худалдааг дэмжих хороо нар хамтран бизнес эрхлэгчдэд экспортод гарах нэг цэгийн үйлчилгээг үзүүлнэ.
Монгол үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүнээ экспортод гаргахад импортын татвар, хорио цээр болон стандартын шаардлагын асуудал үргэлж тулгардаг. Харин БНХАУруу гарах хорио цээр, стандартын шаардлагыг ийнхүү тус байгууллагууд судалгааны үндсэн дээр биелүүлэх бол татварын тухайд ӨМӨЗО Монгол үйлдвэрлэгчдэд дараах боломжийг олгож байгаа аж. Тодруулбал, таны бараа бүтээгдэхүүн Хятадын зах зээлд борлуулагдсаны дараа та татвараа төлөх бөгөөд зарим тохиолдолд бодит хөнгөлөлт олгохоор хоёр тал ярилцаж байна. Жишээлбэл, “Хил дамнасан цахим худалдаа Е-Экспорт” төслийн удирдагч Д.Ариунжаргал “Өдрийн борлуулалтын орлого 2000 юань хүрвэл татварыг 10 хүртэлх хувиар хөнгөлнө гэх боломжийг хэлэлцэж байгаа” хэмээлээ.
Хятад улсын дарга Ши Жиньпин “Хятад улс одоо үйлдвэрлэгч орон биш худалдагч улс болсон. Тиймээс та бүхэн бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд манай улсад борлуулалт хийх бүрэн боломжтой” гэж хэлж байв. Уг боломжийг Баяннуур хотын удирдлагууд хурдан хүлээж аван, МҮХАҮТ-тай хамтран Монгол бүтээгдэхүүнийг БНХАУ-ын зах зээл рүү цахим талбараар дамжуулан гаргах саналыг ийнхүү хэрэгжлүүлэхээр боллоо.