Санхүүжилт гэдэг ямар ч бизнесийн хамгийн том бэрхшээл болдгийг бизнес эрхлэгч бүр хэлдэг. Бэлэн мөнгөний урсгалаа хэрхэн таслахгүй авч явахаас авахуулаад бизнесийн алхам бүрт мөнгөний хэрэгцээ гардаг. Өнөө үед бизнесүүд глобалчлал болон шинэ технологийн тусламжтай зөвхөн дотоодын зах зээлээр хязгаарлагдахгүйгээр олон улсаас санхүүжилт босгох боломжтой болоод байна. Ингэхийн тулд гадны туршлагыг судлах хэрэгтэйгээс гадна дотоодын зах зээлээ ч сайтар ойлгох хэрэгтэй болно. Харин энэ бүх талуудыг урин оролцуулж, гадаад, дотоодын мэргэжилтнүүд нэгэн орой цуглаж, бизнес эрхлэгчдэд өөрсдийн туршлага, зөвлөгөөгөө хуваалцсан “UFE Executive Platform” арга хэмжээ “Санхүүжилт босгох стратеги” сэдвээр болж өнгөрсөн юм. Энэхүү арга хэмжээг СЭЗИС-ийн Тасралтгүй Боловсролын Төвөөс зохион байгуулсан юм.
Үндсэн илтгэлийг НҮБ-ын Өрсөлдөөн ба хэрэглэгчийн салбар байгууллагын даргаар ажиллаж байсан, Оксфордын Их сургуулийн Өрсөлдөөний тухай хууль ба бодлогын мэргэжилтэн Хассан Куакаяа “Том төслийн санхүүжилтийг татах стратеги” сэдвээр тавьсан юм. Дэлхийн банкны 2018 оны судалгаагаар хөрөнгө оруулалтын орчинд хамгийн чухал хүчин зүйлүүдэд улс төрийн тогтвортой байдал, хуулийн орчин, дотоодын зах зээлийн хэмжээ, макро эдийн засгийн тогтвортой байдал, тогтвортой валютын ханш болон чадварлаг ажиллах хүчин орсон юм. Энэ бүхнийг үл харгалзан олон улсын бизнесийн тавцанд гарч санхүүжилт босгохын тулд Монгол улс өндөр хөгжилтэй улсуудын компаниудтай өрсөлдөх шаардлага гардаг. Энэ үед чадварлаг, биеэ даасан, цөөхөн компаниуд л өрсөлдөж, үлдсэн нь тодорхой стратеги байхгүй тул санхүүжилт олж чадалгүй гацдаг. Хассан “Интернет, онлайн худалдаа зэрэг бүх зүйлс нь дэлхийн хаана ч бизнес эрхлэх гэж байгаа хүмүүсийн үнэтэй нөөц нь болж байна. Энэ шинэ технологиуд нь старт-апуудад маш том боломжийг өгөхийн зэрэгцээ томоохон компаниудын хөгжлийг сүйтгэх хүчин чадалтай” гэдгийг дурдав. Монгол улсаас төрөн гарах шинэ бизнесүүд дэлхийн томоохон компаниудтай өрсөлдөх нэгэн боломж нь шинэ технологийг чадварлаг ашиглах аж.
Онол дээр байгаа санааг бодит амьдралд хэрэгжүүлж, шинэ технологи ашиглан бизнесээ эхлүүлж, санхүүжилт босгож чадсан туршлагатай эрхмүүд уг арга хэмжээний үеэр өөрсдийн туршлагаа хуваалцав. Блокчейн технологи дээр суурилсан Zeel.mn платформ нь технологийн давуу талыг ашиглаж бичиг цаас гэх мэт үйл ажиллагааны зардлыг хэмнэснээр зээлийн шимтгэл болон хүүг бууруулах боломж бүрдүүлснийг Zeel.mn-ын гүйцэтгэх захирал П.Эрдэнэбаатар онцлов. Мөн энэ оны долдугаар сард Сингапурт нээлтээ хийсэн “World Plus” платформын үүсгэн байгуулагч Н.Эрдэнэбаяр цаашид өөрсдийн цахим сэтгүүлийн аппликейшнийхээ нээлтийг Япон, Америкт хийхээр төлөвлөж буйгаа хэлэв. Эдгээр нь дотоодын бизнес шинэ технологийг хэрхэн зөвөөр ашиглаж санхүүжилтээ олон бизнесээ явуулж байгаагийн тод жишээнүүд юм. Үүнээс гадна дотооддоо краудфандинг буюу олон нийтийн санхүүжилтээр боссон “Ид шидийн орон” төслийг хэрэгжүүлж буй “Лантуун дохио” ТББ-ын ТУЗ-ын гишүүн О.Мишээл “Бид мянга, мянган хүмүүсийн хандивын мөнгөөр төслөө хийж байгаа учраас нэг төгрөгийг ч орхигдуулалгүй үр ашигтай зарцуулах хариуцлага үүрч байгаа юм. Ялангуяа олон нийтийн санхүүжилтийн ажилд итгэлцэл маш чухал учир бидний санхүүг олон улсын “Ernst & Young” фирм үнэ төлбөргүй аудит хийж өгч байгаагаараа онцлог” гэдгийг дурдсан юм.
СЭЗИС-ийн дэд профессор, инновацийн зөвлөх Г.Батхуяг энэхүү арга хэмжээг бодит туршлагуудыг ярилцсан, олон улсад санхүүжилтийн чиглэлээр мэргэшсэн судлаачдын үнэтэй зөвлөгөөгөөр дүүрэн болсныг онцлов. Ийнхүү улирал бүр зохиогдох “UFE Executive Platform” хоёр дахь удаагаа болж өнгөрөв. Панел хэлэлцүүлгээр нийт эдийн засгийн орчин талаасаа санхүүжилт татах, гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллахад хамгийн том бэрхшээл нь тогтвортой байдал гэдгийг MCS группын Бизнес хөгжил хариуцсан захирал Т.Мөнхтөр хэлсэн юм. Хэлэлцүүлгийн төгсгөлд олон нийтийн боловсролыг дээшлүүлснээр улс төрийн шийдвэр гаргалтад нөлөөлөх боломжтой талаар оролцогчид санал бодлоо илэрхийллээ. Гарааны бизнес эрхлэгчдийн хувьд тэдний хийж буй бизнес үнэхээр инноваци шингэсэн, шинэ бизнес мөн эсэхийг мэдэхийн тулд нэгдсэн бизнесийн платформ байгуулах хэрэгтэйг онцоллоо. Ингэснээр шинэ бизнесийн санаа гэдэг нь батлагдвал цаашлаад олон улсын хөрөнгө оруулагчидтай холбогдох үйл явцыг нэгдсэн стратегийн дагуу хийх хэрэгтэй аж. Тасралтгүй боловсролын төвөөс улирал бүр хэлэлцэх сэдэвтэйгээ холбоотойгоор сургалт семинар, судалгаануудыг хийж тасралтгүй үйл ажиллагаа явуулна гэдгээ мэдэгдсэн.