1.Та өглөө босоод ажилдаа явтлаа юу хийдэг вэ?
Өглөө босоод гимнастик хийдэг. Ажилдаа явах замдаа хүүхдээ сургуульд нь хүргэж өгнө.
2. Ажилд тань хамгийн их тусалдаг гурван зуршил юу вэ?
Үйлдэл болгон үр дүнтэй, үр өгөөжтэй байгаасай гэж боддог. Тиймээс нэг ажлыг эхлүүлсэн бол дуусгалгүй орхих дургүй. Энэ л миний гол зуршил юм уу даа.
3. Та ямар хоббитой вэ? Энэ хобби таны ажилд яаж нөлөөлдөг вэ?
Хоббины тухайд байгалийн сайханд, эрүүл агаарт аялж зугаалах дуртай. Толгойгоо амрааж, шинэ эрч хүчийг авснаар ажлаа үр бүтээлтэй хийж гүйцэтгэхэд эергээр нөлөөлдөг гэж боддог.
4. Та яг одоо юунд суралцахыг хүсч байна?
Бизнес хийж байгаа болохоор залуучуудыг сургах тал дээр цагаа илүү зарцуулж байгаа.
5. Та өөрийнхөө 25 настайдаа очвол юу гэж зөвлөх байсан бэ?
За даа зөвлөх зүйл бараг олдохгүй байх аа даа. Ерөнхийдөө би өөрөө шийдвэр гаргадаг. Өөртөө илүү итгэлтэй байдаг гэх юм уу даа. Энэ зан чанараараа явсаар өдийг хүртлээ. Тиймээс өөрийнхөө бай гэж л зөвлөх байх даа.
6. Танай гэр бүлийнхэн таныг юу гэж шүүмжилдэг вэ?
Залуу байхдаа ажил, ажил гэж гүйсээр байгаад хүүхдүүддээ цаг гаргаж чаддаггүй байсан. Тэр тал дээр гэр бүлийнхнийхээ зэмлэлийг хүртдэг байлаа. Завгүй явсан тэр он жилүүдийнхээ хариуд өнөөдөр бидний ажил төрөл амжилтад хүрч, ахуй амьдрал маань төвхнөсөн байна. Одоо бол ажил, амралтаа тааруулаарай гэж гэрийнхэн маань зөвлөдөг.
7. Арал дээр ганцаараа үлдэнэ гэвэл ямар ном авч явах вэ?
Ер нь зузаан л байвал амар байна байх даа. Хэд хонох нь тодорхойгүй юм чинь (инээв). Наана нь уншаад дуучихвал хийх ажилгүй хэцүү байна байх. Нэг юмыг хоёр унших чинь уйтгартай шүү дээ.
8. Таны амьдралдаа авч байсан хамгийн үнэтэй зөвлөгөө?
Хүнээс юм гуйх гэж байгаа бол тэр хүндээ сайхан хандах хэрэгтэй гэсэн хуучны мэргэн үг байдаг. Хүн эхлээд сайхан хандвал нөгөө хүн нь эргээд сайхан ханддаг гэсэн санаа юм л даа. Гэтэл зарим хүмүүс үүнийг мартчихдаг. Загнаад, шаардаад, нэхээд байдаг талтай.
9. Таны байнга ашигладаг таван аппликейшн юу вэ?
Бизнесийн хүн болохоор цаг агаар, валютын ханшныхыг түлхүү хэрэглэдэг. Дээр нь ганц нэг тоглоомны аппликейшныг хааяадаа хэрэглэнэ.