Бизнес эрхлэгчиддээ зориулан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал Б.Батцэцэгтэй ярилцлаа. Тус ярилцлагаараа бид тус сангийн зээлд хамрагдахын тулд ямар шалгуурыг хангах болоод ямар алдаа, дутагдал дээр анхаарах тухай сэдвийг хөндлөө.
Таныг ажлаа авснаас хойш Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл олгох үйл явцад ямар өөрчлөлт орсон. Зээл хүсэгчдийн зайлшгүй мэдэж байх учиртай өөрчлөлтүүдээс дурдаач?
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох журам Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны 4-р сарын 19-ны 119-р тушаалаар шинэчлэгдэн батлагдсан. Энэ журмыг гаргахдаа бид дөрвөн удаагийн олон нийтийн хэлэлцүүлгийг хийж, Засгийн газар, УИХ-ын Байнгын хороонд танилцуулсны үндсэнд журмын нэлээд олон заалт шинэчлэгдсэн. Ялангуяа, сонгон шалгаруулалтыг ил тод болгох, шийдвэр гаргах түвшиндээ олон нийтийн оролцоог бий болгох гэсэн үндсэн өөрчлөлтүүдийг оруулж өгсөн. Бид тус журмын хэрэгжилтийг хангаж, 2019 оны сонгон шалгаруулалтыг эцэслэн дуусгаад явж байна.
-Шинэчилсэн журмын дагуу зээл авах хүсэлтэй жижиг, дунд үйлдвэрлэгчид ямар шалгууруудыг хангах хэрэгтэй болсон бэ?
Хамгийн эхлээд жижиг, дунд үйлдвэрлэгч гэсэн гэрчилгээтэй байх ёстой. Өөрөөр хэлбэл, жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс доош, 200-гаас доош ажлын байртай, үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн урт хугацаатай хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой. Үүнээс гадна нэлээд хэдэн шалгуур бий. Тухайлбал, Засгийн газрын тусгай сангуудад зээлийн хугацаа хэтэрсэн өргүй байх, Монгол банкны хугацаа хэтэрсэн өргүй байх гэх мэт. Өөрөөр хэлбэл, тухайн иргэн, аж ахуйн нэгж санхүүгийн сахилга баттай байна уу, үгүй гэдэг шалгуурыг тавьж байгаа.
Яагаад гэвэл өмнөх 10 гаруй жилийн туршид нийтдээ 7700 иргэн, аж ахуйн нэгжид 930 гаруй тэрбум төгрөгийн зээл олгосон ч зээлийн эргэн төлөлт маш хангалтгүй байна. 2018 оны 12-р сарын 31-ний байдлаар бид 291.4 тэрбум төгрөгний зээлийн авлагатай байна. Үүнээс хугацаа хэтэрсэн авлага 15-20%-ийг эзэлж байгаа. Тиймээс чанаргүй зээл өсөх хандлагатай байгаа учраас зээлд шинээр хамрагдах хүмүүстээ санхүүгийн сахилга баттай байх шаардлагуудыг тавьдаг болсон. Энэ мэтчилэн хамгийн эхний ээлжинд тухайн аж ахуйн нэгж 14, иргэн хүн 12 шалгуур үзүүлэлтийг хангасны дараа зээлд хамрагдах боломжтой болох юм.
Зээлд хамрагдах бас нэг том шалгуур нь иргэн, аж ахуйн нэгж төслөө сайн боловсруулах хэрэгтэй байх тийм үү?
Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хамгийн их алдаж байгаа зүйл бол төслөө хангалтгүй боловсруулах явдал байгаа. Төсөл боловсруулах мэдлэг чадвар дутмаг байх, эсвэл хэн нэгнээр хийлгэх гэх мэт янз бүрийн байдлаар алдаа гаргаж байна. Тиймээс жижиг, дунд бизнес эрхлэгчдийгээ дэмжих үүднээс төслөө яаж зөв, чанартай боловсруулах, манай зээлд яаж түргэн шуурхай хамрагдаж болох талын сургалт, арга зүйн ажлуудыг хийхээр төлөвлөгөөгөө гаргаад явж байна.
Хөнгөлөлттэй зээл олгох журам шинэчлэгдэн батлагдсанаас зээл олгож байна уу?
Бид 5-р сарын 27-ноос 6-р сарын 10-ны хооронд жижиг, дунд бизнес эрхлэгчиддээ зориулаад энэ жилийн зээлд хамрагдах төслүүдийг улс орон даяар хүлээж авсан. 2019 онд 47 тэрбум төгрөгийн зээл олгох төсөв батлагдсан ч 487 тэрбум төгрөгийн 2744 төсөл ирсэн. 47 тэрбум төгрөгийн зээлийг 467 зээлдэгчид олгохоор сонгон шалгаруулалтаа хийж, эхний санхүүжилтээ хийгээд эхэлсэн. Нийт санхүүжилтийнхээ 30 гаруй хувийг олгоод байгаа.
Зээлд хамрагдахын тулд нийт хэдэн шат, дамжлагаар явж байна вэ?
Төсөв сонгон шалгаруулалт нийтдээ дөрвөн багц болон зарлагдаж, дөрвөн үе шаттайгаар явагддаг болсон. Энэ жил улсын хэмжээд 2744 төсөл, сангийн хэмжээнд 1411 төсөл ирсэн. Санд ирсэн 1411 төсөл оноо олгох системээр дөрвөн үе шатыг даван явсаар өнөөдөр 101 зээлдэгч 13 тэрбум төгрөгийн зээлийг авах боломжоо хангаад байна. Энэ жил бид мөн орон нутгийн иргэн, аж ахуйн нэгжүүддээ зориулан багц бий болгосон. Орон нутгийн бүх дэд хороод аймгийнхаа сонгон шалгаруулалтыг хийж, 366 төсөлд 20.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээр болсон байгаа.
Дээр өгүүлсэн дөрвөн үе, шатаа та дэлгэрэнгүй тайлбарлаач?
Эхний шат бол дээр хэлсэнчлэн бичиг баримтын шалгуур.
Үүнийг хангасан бол боловсруулсан төсөлд нь олон улсын аргачлалаар үнэлгээ хийнэ. Төслийн эдийн засгийн үндэслэл буюу зээлийг эргэн төлөх боломж байгах эсэх, энэ зээлд эрсдэл гарах магадлал байгаа эсэх, манай зах зээлд энэ төслийн хэрэглэгч нь бий эсэх гэх мэт нийт 14 шалгуурын 90 гаруй үзүүлэлтээр 100 хүртэл оноог өгдөг.
Энэ шатанд тэнцсэн бол бид газар дээр нь очиж тухайн төслийн талаар нарийвчилсан судалгаа хийж байгаа. Энэ жил бид 16 аймаг, 69 сум, нийслэлийн 9 дүүргийн 350 төслийг яг газар дээр нь очиж судалгаа хийсэн. Энэ төсөл хэрэгжиж байна уу, хэрэгжиж байгаа бол тухайн орон нутагтаа үр өгөөж үзүүлэх үү, тус төсөл хэрэгжих боломж байна уу гэх мэт судалгааг хийдэг. Олон улсад хэрэгжүүлж байгаа загварчлалыг Монголынхоо хөрсөнд тохируулаад тухайн төсөлд мөн 100 хүртэлх оноог өгч байна.
Энэ босгыг хангасан бол Төсөл сонгон шалгаруулах хороогоор хэлэлцэгдэнэ. Тус хорооны хуралд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн нэг ч төлөөлөл байхгүй. Тус хороо долоон хүний бүрэлдэхүүнтэйгээс 3 нь төрийн байгууллагын, 4 нь төрийн төрийн байгууллагын төлөөлөл байдаг. Тухайн төсөл ирүүлэгч маань тус хороонд 5 минутын презентац хийнэ. Сүүлд гэхэд бид 200 төслийг 3 хоногийн турш явуулж, бүх бичлэгийг онлайнаар live хэлбэрээр дамжуулсан. Танилцуулгын дараагаар хорооны 7 гишүүн тухайн төсөлд тус бүртээ 10 үзүүлэлтээр 100 хүртэлх оноог өгнө.
Ингээд сүүлийн гурван шатны онооны нийлбэрээр нь төслүүдийг жагсаадаг. Мэдээж, бидний эх үүсвэр маань хомсдолтой учраас улаан шугам татаж таарна. Онооныхоо нийлбэр үзүүлэлтээр улаан шугамны дээр байрласан төслүүд нь зээлдээ хамрагдаж, үлдсэн нь хоёр дахь ээлжийн листэд багтдаг.
Та түрүүн шинээр багцыг бий болгосон тухай хэллээ. Зээлийг мөнгөн дүнгээр нь багцалсан гэж ойлгох нь зөв үү?
20-100 сая, 100-300 сая, 300 саяас 1 тэрбум, орон нутгийн буюу 20-200 сая төгрөгийн гээд дөрвөн багцыг үүсгэсэн. Эдгээр багц болгон дээр шат, шатны шалгууруудыг явуулж, тус бүрт нь Төсөл сонгон шалгаруулах хороо хуралдаж, бус бүрт нь лист үүсгээд явах юм. 20 сая төгрөгийн зээл хүсч байгаа өрхийн үйлдвэрлэл эрхлэгчийг 1 тэрбумын хөрөнгийг хүсч байгаа төсөлтэй өрсөлдүүлэх нь учир дутагдалтай учраас энэ жилээс багцлах хэлбэрийг бий болгосон. Энэ жил гэхэд 20-100 саяын зээлийн багцад 48 иргэн, аж ахуйн нэгж төслөө ирүүлсэн. Энэ багцдаа бид 3 тэрбум төгрөгийн зээл олгохоор төлөвлөсөн байсан бол өнөөдөр энэ мөнгөн дүн зохих төслүүддээ очсон. 100-300 сая төгрөгний багц бол хамгийн өрсөлдөөнтэй сонгон шалгаруулалт. Үүнд нийтдээ 40 гаруй тэрбум төгрөгний хүсэлт ирсэн ч бид байгаа 10 тэрбум төгрөгтөө тааруулж зээл олгоно. Өнөөдрийн байдлаар зээлийн гэрээ хийх, барьцаагаа үнэлэх шат явагдаж байгаа. Тэдгээр төслүүд санхүүжилтээ дараагийн долоо хоногоос аваад эхэлнэ. Төсөвлөгдсөн 47 тэрбум төгрөгөө бид багц тус бүрт нь жинлээд хуваарилсан.
Том зээл буюу 300 саяас 1 тэрбум төгрөгний багцын төслүүдийг 7-р сард шалгаруулаад дууссан. Нийт 16 том төсөл шалгарсанаас эхний ээлжинд 5 аж ахуйн нэгж банкны шалгуураа хангаад зээлээ авсан. Хэрэв бусад төслүүд банкны шалгуурыг хангахгүй бол бидний үүсгэсэн байгаа хоёр дахь листний төслүүд эрэмбээрээ дээшээ орж ирнэ. Одоогоор 3 аж ахуйн нэгж орчихсон явж байна.
Дөрвөн багцад эргэн төлөлтийн хугацаа, хүүгийн хувь хэмжээний хувьд ялгаа байна уу?
Банкаар дамжвал хүүгийн ялгаа гарна. Манай сангаас авч байгаа бол бүгд 3%-ийн хүүтэй. Банкаар дамжиж байгаа бол жилийн 5.4-5.8% байгаа. Хүүгийн ачааллыг бууруулахын тулд бид энэ жил арилжааны банктайгаа хэлцэл хийсэн.
Ямар тохиолдолд зээл банкаар дамжигдаж байгаа вэ?
300 саяас 1 тэрбум төгрөгний багцын зээлийг банкаар дамжуулж олгож байгаа. Мөн орон нутгийн зээл.
Шинэчлэгдсэн журмаар зээл авах шалгуур нягт нямбай, нарийн шаардлагатай болжээ. Энэ процесст оролцоод явж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн төлөөллүүд зээлийн тавигдах шалгуур, давах шатуудын талаар ямар саналыг хэлж байна?
Мэдээж шүүмжлэл байгаа. Бидний ч алдаа, оноо байна. Гэхдээ хамгийн их хэлж байгаа санал бол “Шаардаж байгаа юмаа багасгаач ээ” л гэж байгаа. Уг нь бид янз, янзын бичиг баримт шаардмааргүй байна л даа. Гэтэл шаардахаас өөр аргагүй байгааг ойлгох хэрэгтэй. Дараа жил бид энэ журмаа дахиад шинэчилнэ. Шинэчилснийхээ дараа энэ талаараа бид бүх аж ахуйн нэгжид танилцуулгаа хийнэ. Тухайлбал, та Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санд хандах гэж байгаа бол та иргэн байж болохгүй, харин аж ахуйн нэгж байх ёстой гэж. Энэ бол хамгийн эхний шалгуур байх юм. Иргэн хүн нөхөрлөл байгуулж, хоршоо болон нэгдэн жижиг, дунд үйлдвэрлэгч гэсэн гэрчилгээгээ аваарай гэж таны сайтаар дамжуулан бизнес эрхлэгчиддээ уламжлая.
Мөн журмаа шинэчлэхдээ бид шаарддаг зүйлүүдээ багасгана. Тэгэхдээ сайн төслийг л авна. Энэ жил бид хоёр дахь шатны листдээ 200-гаад төслийг жагсаачихсан байгаа. Тэнд байгаа сайн төслүүдээ дараа жил санхүүжүүлнэ. Хэрэв хөрөнгө мөнгө хүрэлцээтэй байх юм бол шинэ сонгон шалгаруулалт зарлана. Зарлахдаа эхний ээлжинд 2-3 шалгуур үзүүлэлт тавиад эдгээрийг хангасан бол маш сайн төслөө ирүүлээч ээ гэдгээ уламжилна.
Танайд ямар чиглэлийн төслүүд түлхүү ирж байна вэ?
Хөнгөн аж үйлдвэрийн төслүүд дийлэнх олонхийг эзэлж байна. Энэ жилийн хувьд оёмол бүтээгдэхүүний төслүүд олон байна. Барилгын материал үйлдвэрлэх, хог хаягдлаар бүтээгдэхүүн хийх, сав баглаа боодлын чиглэлийнх мөн олон байлаа.
Зээлдэгчдийн зовлон жаргалыг хамгийн сайн мэддэг хүний хувьд хамгийн түгээмэл гаргадаг алдаануудаас онцлооч. Өөрөөр хэлбэл, зээл хүсэгчдэд хандаж юуг зөвлөх вэ?
Зээл хүсэгчдийн хамгийн их бүдэрдэг шалтгаан бол хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл. Бид энэ жил онлайн системээр Монгол банкны зээлийн мэдээллийн санд хандан зээл хүссэн иргэн, аж ахуйн нэгжүүдийнхээ мэдээллийг гаргаад ирэхэд олонх нь G-Mobile, Skytel, Mobicom-д 5000, 10000 төгрөгний өртэй гарч ирсэн. Өртэй л гэж байгаа бол 5000 байна уу, 10000 байна уу хамаагүй хасах үндэслэл болчихдог. Ийм харамсалтай тохиолдол маш их гарсан. Тийм учраас хамгийн түрүүнд Монгол банкны зээлийн мэдээллийн сангаас зээлийн үлдэгдлээ шалгарах хэрэгтэй. Дараа нь хаа нэг газар өргүй байх ёстой. Татвар, нийгмийн даатгалын өргүй байх журамтай. Дээр нь төслөө маш сайн боловсруулах хэрэгтэй гэдгийг бизнес эрхлэгчиддээ хандаж зөвлөе.