Одоо тэргүүлж байгаа “37signals” компаниа хамтран үүсгэн байгуулахаас өмнө, 1999 онд би веб дизайны үйлчилгээ эрхэлдэг “Spinfree” гэдэг бизнестэй байлаа. Тухайн үед интернэт нь нэлээд шинэ, хачин сонин зүйл байсан агаад дөнгөж эхлүүлсэн вэб сайтаа сайжруулахын тулд их мөнгө төлөх хүсэлтэй үйлчлүүлэгч олох нь амархан байлаа. Нэг жилийн дотор зөвхөн амнаас ам дамжсаар надаар үйлчлүүлсэн компаниудын жагсаалт овоо зузаарав. Би их сургуулиа төгсөөд ердөө нэг жил болсон ч чамгүй сайн орлого олж байлаа.
Найзууд маань дургүй, шинэхэн ажилдаа зүдрэн зүтгэж байсан бол би хүссэн зүйлээ хийж байсан хэрэг. Гэвч “Spinfree”-д хүнд хэлж болохгүй нэг нууц байсан нь манайх үнэндээ “компани” биш байлаа. Зөвхөн би л ажилладаг. Миний оффис умгар, нэг өрөө байранд байх ор, хэдхэн метрийн цаадах жижиг ширээнээс бүрдэж байв. Ганцаараа ажиллаж буйдаа би нэлээд эмзэглэж, байдлыг өөрөөр харагдуулахыг их хичээдэг байсан. “Spinfree”-ийн тухай ярихдаа би үргэлж бид, манай баг эсвэл манай оффис гэнэ. Утсаар боломжит харилцагчтай ярилцахдаа ч, “Spinfree”-ийн вэб сайт дээр санал оруулахдаа ч би олуулаа байгаа ганц хүний дүр бий болгож сурав. Би харилцагч нартайгаа нүүр тулж уулзах нь ховор учраас заль мэхээ үргэлжлүүлэх амархан байлаа. Ихэнх харилцагч маань “Spinfree” бол төсөл дээрээ чармайн ажиллаж буй, өрөөндөө тухалсан мэргэжлийн багаас бүрдсэн бодит компани гэдэг бодолтой байсан байх.
Ингэж чулуу хөөлгөх ямар хэрэг байв? Би залуухан, туршлагагүй, мөн зөвхөн намайг ажилладгийг мэдвэл “Spinfree”-г хүмүүс тоохгүй гэж төсөөлж байсан юм. Эцсийн эцэст зөвхөн интернэтэд байдаг брэнд, их сургуулиа дөнгөж төгссөн нялзрайд хариуцлагатай ямар бизнесмэн итгэх билээ дээ? IBМ-ийг худалдаж авсныхаа төлөө хэн ч халагддаггүй гэсэн үг байдаг даа. Харин намайг хөлсөлж авсныхаа төлөө хэн нэгэн ажлаасаа халагдах нь тодорхой мэт надад санагддаг байв. Тиймээс өөрийгөө том, олуулаа мэт харагдуулахаас өөр сонголт надад байгаагүй. 1998 онд анхны ажилтнаа авснаар санаа минь амрав. “Бид” жинхнээсээ бий боллоо. Асар хүнд ачаа нуруунаасаа авч хаях шиг санагдаж, сүүлийн хоёр жилийг яаж, яах гэж жүжиглэж, мөн улаан цайм худал хэлж өнгөрүүлснээ би гайхав. Гэм хоргүй өчүүхэн худал хэрэг байж болох ч, худал л бол худал. Энэ нь надад тийм ч сайхан санагдаагүй.
Мэхлэлт маань тус болсон уу? Мэдэхгүй юм даа. Магадгүй надад цөөнгүй боломжийн үүдийг нээж өгсөн байж болох юм. Гэвч эргээд бодоход хуурамч дүр эсгэсэндээ би их бантдаг. Ихэнх харилцагч маань намайг бие биенээсээ мэдэж авсан болохоор би маш олон боломжит бизнестэй аюултай тоглоомоор наадаж байсан хэрэг. Хэрэв би илчлэгдвэл ичмээр явдал болох төдийгүй нэр хүндээ сэвтээх байлаа. Дараагийн бизнес болох “37signals”-ийг эхлүүлэхдээ бид анхнаасаа л нээлттэй, үнэнч, ил тод байдал нь манай үндсэн зарчим байх ёстой гэж шийдсэн юм. Харилцагч нартайгаа илэн далангүй байж, байдлыг байгаагаар нь хүлээж авах нь бидний төлөвлөгөө байлаа. Алдаа гаргаснаа хүлээх, үнээ ямар нэг далд хураамжгүй ил тод байлгах зэргээр бид арав гаруй жилийн турш зарчимдаа үнэнч байсаар ирлээ. Нуух юу ч байхгүй учир бид шөнө тайван унтаж амардаг.
Маш олон залуу энтрепренерүүд миний замаар явж байгааг харж байгаа учраас би тэдэнтэй уулзах бүртээ энэ түүхээ ярьж өгдөг юм. Тэд үнэнийг гуйвуулж, жүжиглэж, хожоотой бизнесийн төлөө өөрсдийгөө буруу илэрхийлдэг. Ялангуяа чөлөөт дизайнер, программист, зар сурталчилгаа бэлтгэгч, зөвлөхүүд ингэх нь түгээмэл. Мэдээж тэднийг яагаад ингэж байгааг би мэднэ. Тэд нар ингэх нь буруу, огтоос шаардлагагүй гэдгийг ойлгоосой гэж би хүсдэг. Компанийн хэмжээг дэгсдүүлж ярих нь асуудлын зөвхөн нэг хэсэг юм. Энд намтраа баяжуулах асуудал мөн яригдах ёстой юм. Хэн нэгний харилцагчийн жагсаалт дээр Hewlett-Packard байгааг та хараад юу гэж бодох вэ? Тэр хүнийг үнэхээр НР-д ажиллаж байсан гэж та дүгнэх үү? Гудамжны адагт байгаа НР-ийн борлуулагчид жижгэвтэр ажил хийж өгсөн байвал яах вэ? “Boeing” компанитай хамтран ажилладаг гэж хэлсэн энтрепренертэй би нэг удаа уулзсан юм.
Би гайхаж “Үнэн гэж үү” хэмээн лавласан. Гэтэл түүний компани “Boeing”-ийн нэг захирлын хувийн блогийг үүсгэхэд тусалсан байв. Би түүнээс “Boeing”-ийг яагаад харилцагчаа гэж хэлэх болов хэмээн лавлахад ингэх нь боломжит бусад харилцагч нарын итгэлийг олоход тусална гэж хариулсан. Хэрэв түүнийг “Boeing”-той хамтран ажилласан гэдгийг мэдвэл ажил өгөх магадлал нэмэгдэх аж. Тэр юу ярьж буйгаа өөрөө ч ойлгож байгаа гэдэгт би эргэлзсэн. Худал хэлж хүний итгэлийг олно гэж байх уу? Ийм “бодит байдал” таныг хол явуулахгүй. Хэрэв та баригдвал харилцагчаа алдах нь гарцаагүй. Түүнээс гадна 1990-ээд оны дундуур намайг “Spinfree”-г “удирдаж” байснаас хойш бизнесийн соёл ихээхэн өөрчлөгдсөн. Жижиг компани төдийгүй хувь хүмүүсийг урьд урьдынхаас илүүтэй хүндлэх болов. Гал тогоондоо, лаптоп дээр iPhone-д зориулсан супер апп бүтээсэн программистын түүх таны сонирхлыг татахгүй гэж үү?
Өөрийн хүчээр юм бүтээх чадалтай энтрепренерийг бишрэхгүй хэн байх билээ. Жижгийн давуу тал гэж бий. Том компаниуд хүртэл жижиг байсан ч болоосой гэж хүсдэг. Дэлхийн томоохон корпорациуд өөрсдийгөө хурдтай, уян хатан, харилцагч төвтэй гэх зэрэг голдуу энтрепренерүүдийг тодорхойлдог үг хэллэгээр компанийн гарт өгөх хүн тийм ч олон биш. Гэхдээ компанийг хэмжээгээр нь дүгнэдэг харилцагчид бол таны хүсэх харилцагч биш юм. Старт-ап үүсгэн байгуулагчид том брэндийн төлөө ажиллахыг мөрөөддөг ч ихэнхдээ өчүүхэн бага ажил л олддог. Үүний оронд өөрийн компанитай хэмжээгээр ойролцоо, ижил санаа бодолтой харилцагчийг олж хамтдаа хөгж. Та хавьгүй сонирхолтой, илүү сорилттой ажил хийх болно гэдгийг би амлаж байна. Багавтар хэмжээгээ хүлээн зөвшөөрөхийн өөр нэг давуу тал бол харилцагч чинь хэнтэй ажиллаж буйгаа үргэлж мэднэ.
Тэд байж болох хамгийн нарийвчилсан, хувийн үйлчилгээ авна гэдгээ мэдэж авна. Ямар нэг компанитай ажиллаж байсан маш олон хүн гол харилцдаг хүн нь өөр ажилд шилжихийн зовлонг үзсэн байдаг. Харин тантай бизнес хийж байгаа тохиолдолд ийм зүйл болохгүй. Та өөрөө бизнес. Харилцагч тантай эхнээс нь дуустал хамт ажиллана. Энэ бол том давуу тал. Тухайн үед үүнийг мэдсэн ч болоосой гэж би хүсдэг. Жижиг байх нь айх, ичих зүйл огт биш. Жижиг байх гайхалтай. Жижиг байх нь эрх чөлөө юм. Жижиг байх нь боломж. Үүндээ баярла. Бүү нуу. Илэн далангүй, шулуун шударга, ойлгомжтой байх нь бизнест үргэлж үр шимээ өгдөг. Тиймээс санаа зовох хэрэггүй, битгий жүжиглэ. Ил тод, шударга байж, жижиг байдалдаа баяс. Энэ үнэхээр таны давуу тал юм шүү.
Basecamp (хуучнаар 37 Signals)-ийн хамтран үүсгэгч Жэйсон Фраяд