Женнифер Фицжеральд бол “Policygenius” компанийг хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал. Гэвч 2013 онд анх байгуулагдахдаа компани нь “KnowItOwl” нэртэй байв. Түүний компани харилцагчдадаа даатгалын зөв бодлого тодорхойлоход нь тусалдаг учир тэрбээр мэргэн ухаан, заавар зөвлөмжийг тусгасан нэр олохыг хүсжээ. “Бид knowit-all гэдэг үгээр тоглож, тун ухаалаг нэр сонгочихлоо гэж бодсон. Ингээд хөрөнгө оруулагчидтай уулзаж, анхны хэрэглэгч нартайгаа харилцаж, худалдан авагч болон даатгалын компанийн хамтрагчидтай ярилцаж эхлэхэд бид нэрээ байнга давтан хэлэх, үсэглэх, тайлбарлах шаардлагатай болсон. Тун удалгүй нэрэнд маань асуудал байна гэдэгтэй бид санал нэгдсэн” хэмээн тэрбээр дурслаа. Энэ бол түгээмэл асуудал.
Компани үүсгэн байгуулагчдын хувьд анхны тун чухал шийдвэрийн нэг нь нэр олох бөгөөд дийлэнх нь буруу сонголт хийдэг. “Best Buy” анх “Sound of Music”, “Nike” нь “Blue Ribbon Sports”, “Google” харин “BackRub” нэртэй байв. Хэтэрхий явцуу, хэт ерөнхий, буруу зүйлийг санагдуулсан гэх мэт тус тусын сул талтай нэрс. Харин “KnowItOwl” нь хэт ухаалаг нэр байв. Тэгвэл компанид нэр хэрхэн өгөх ёстой вэ? Ж.Фитцжеральд багагүй судалгаа хийсний эцэст дараах аргачлалыг олжээ.
Алхам 1: Том компанийн нэр судлах Ж.Фитцжеральд таван хүнтэй багийнхандаа зориулж Google Doc дээр файл үүсгээд тэдний бүтээлч байдлыг өдөөхийн тулд удаах хэдэн долоо хоногт нь нийлмэл үгний санаа (жишээ нь, microcomputer болон software үгний нийлбэр Microsoft), тоо орсон нэрний (жишээ нь, Lot18) санаа ирүүлэхийг хүсэж байв.
Алхам 2: Брайнсторминг Тэрбээр нэгэн бямба гарагт брэндинг, маркетингийн салбарт ажилладаг найзуудаа урьж багийнхантайгаа хамт пицца идэж, шар айраг ууцгаажээ. Түүний нэрлэснээр энэ бол “багийн бүтэцтэй брайнсторминг” юм. Тэрбээр бизнестэй нь холбоотой ямар нэг үг, тухайлбал хамгаалалт гэсэн үг сонгоход бусад нь 10 минутын дотор хамгаалалттай холбоотой 10 нэр бичих ёстой байлаа. Дараа нь өөрийн зохиосон нэрний жагсаалтаа хоорондоо солилцож, нөгөө хүний нэрнээс сэдэвлэсэн долоон нэр зохионо. Тэд энэ аргаа хэд хэдэн удаа давтжээ.
Алхам 3: Хэрэггүйг нь хас Google Doc болон брайнсторминг ашигласны үр дүнд тэд нэрний хэдэн зуун хувилбартай болсноор үе шаттайгаар хасах ажлаа эхлүүлэв. Эхлээд “Энэ нэрийг Уолл Стрит Жорналын сэтгүүлчид хэлж байгаагаар төсөөлж чадах уу” гэж асуув. Ингэснээр маш олон нэр хасагдав. Дараа нь өрсөлдөгчдийнх нь нэртэй ижил, санамсаргүйгээр буруу ойлгогдох эрсдэлтэй (Pen Island гэх мэт) болон домайн нэр авч болохооргүй нэрсийг хасчээ.
Алхам 4: Өнгөөр дүгнэж болно Үлдсэн нэрнүүдийг товчлол (богино байх тусмаа сайн),
илэрхийлэл (компанийг илэрхийлж чадах эсэх), хайгдах байдал (хайлт хийх үед гарч ирэхээр онцгой нэр мөн үү) зэрэг төрөл бүрийн шалгуур дээр үндэслэн дүгнэв. Шалгуур бүрийг улаан, шар, ногооноор тэмдэглэжээ. “Policygenius” гэдэг нэр тухайлбал, товч байдлаараа шар өнгө авсан байна. Харин хэт олон улаан авбал хасагдана.
Алхам 5: Хүмүүсийн ой санамжийг шалгах Хүмүүс танай нэрийг санах уу? Сонсоод нэрийг чинь үсэглэн хэлж чадаж байна уу? Үүнийг шалгаж үзэхийн тулд тэд шалгарч үлдсэн нэрийг хүнээр хэлүүлж, уг аудио бичлэгээ Soundcloud-д байрлуулаад 2000 ам.доллар төлснөөр 1000 хүнээс санал авах эрхтэй болжээ. Мөн тэд тухайн нэртэй холбоотой сэтгэл хөдлөлөө бичиж ирүүлэхийг санал асуулгад оролцогчдоос хүссэн агаад энэ нь “гомдоох эсвэл огт төсөөлөөгүй сэтгэл хөдлөлийг бий болгохоос сэргийлэх” зорилготой байв. Энэ бүхний эцэст “Policygenius” компани нэрээ олжээ. Эдүгээ тус компани 130 ажилтантай, үйлчилгээ болон контентоор дамжуулж сая орчим хүнд даатгалын тохирох төрлөө сонгоход нь тусалж байна. n
Хэрэгтэй л юм