Арван зургаан жилийн өмнө хоёр туслах ажилтан, хоёр багаж, 50 мянган төгрөгтэй Дельта компани улсын бүртгэлд бүртгэгдэж байлаа. Харин өнөөдөр засвар, угсралт, сантехник, салхивчийн гэх мэт барилга дагнасан 17 бүрэлдэхүүн компанитай, барилгын талбар дээр 2000 орчим ажилтан гаргадаг нүсэр бүтэцтэй болоод байна. Үүнийг бүтээсэн нь барилгын салбарын содон дүрүүд, Дельтагийн хоёр Эрдэнэ, гэр бүлийн Ц.Эрдэнэбат, Ж.Эрдэнэчимэг нар юм. Залуу гэр бүл, ахмад настнуудад “түрээслүүлэх” замаар орон сууцтай болгож болох юм байна гэсэн сэтгэлгээ, аргачлалын өөрчлөлтийг хийсэн нь Дельтагийнхан. Санаачлаад зогсохгүй Буянт ухаа I, II төслийн бүтээн байгуулалтанд оролцсон юм. Гэр хорооллыг өөрчлөх үзэл баримтлал барьж, Сервис центр төслийг зохиогчид нь мөн л тэд. Энэ бүгд Монгол хүний амьдралд өөрчлөлт авчрах том шинэчлэлтийн нэг болов. Түүнчлэн Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал, Crystal town, Park Villa, Park Side, Sky Garden, Эмиралд резиденс, Мобикомын Монгол улсын хамгийн анхны дата центр зэрэг томоохон байгууламж, бүтээн байгуулалтууд тэднийх юм. Тэд Москвад оюутан байхдаа танилцаж, гэр бүл болцгоосон. Хоёул барилгын инженерээр суралцсан.
Эрдэнэбат сургуулиа түрүүлж төгсч ирээд нутагтаа ахлах инженерээр ажиллаж байгаад гэргий Эрдэнэчимэгийг төгсч ирмэгц Улаанбаатарт шилжин суурьших болов. Эндээс л тэдний гялалзсан амжилтын шинэ хуудас эхэлжээ. Эрдэнэбат Улаанбаатарт ирсэн шөнөө эхнэр, хүүхдүүдээ унтсан хойно хайрцаг тамхи бэлдэж байгаад дөрвөн хуудас цаас өмнөө тавив. Маргааш нь хоолтой байх хэрэгтэй учраас хийж болох бүх л ажлыг жагсаан тэндээ бичив. Төв шуудангийн хажууд тамхи ширхэглэхээс эхлүүлээд, Борнуураас ногоо зөөж, зах дээр зарах гээд л хийж болох 100 гаруй ажлыг сийрүүллээ. Шөнө дундаа орж байхад эдгээр саналаа дээрээс нь дахин нягтлан, дарж эхлэв. Ямар ч байсан инженер хүн учраас тамхи ширхэглэж, ногоо зарахгүй. Танил талгүй учраас төрийн байгууллагад ажилд орно гэдэг бүтэхгүй гээд л хасаж гарав. Эцэст нь үлдсэнийг нь дахиж цэвэр цаасан дээр хуулж бичлээ. 20 ажил үлдсэнээс бүгдэд нь барилга гэдэг үг орсон байсныг сая л анзаарав. Амьдрал мэргэжил хоёр нь салшгүй холбоотой гэдгийг ойлгосон хэрэг. Тухайн үед хэний ч танихгүй инженерийг “Инженер”-ээр ажилд авдаггүй байв.
Иймд хамгийн эхний хувилбарын дагуу барилгын компанид хамгийн хахир хатуу гэсэн инженер дор юу ч хамаагүй хийж, зүтгэхээр шийджээ. Гол ажил авч явдаг инженерүүд ийм төрлийн хүмүүс байдгийг тэр мэдэх тул тэднээс л юм сурч, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлье гэдэгт бат зогсов. Тэр нь Монгол Улсын зөвлөх инженер н.Бэхбат, Ч.Шуушингаа, н.Багаа нар байв. Эрдэнэбат тэднээс суралцан гурван жил ажилласан юм. Учир нь тэрбээр томоохон барилгын инженерүүдтэй ажиллаж, алсдаа өөрийн гэсэн орон зайг үүсгэх, тэр орон зайгаа ашиглан хүнд, хэцүү гэсэн инженерийн шийдэлтэй барилгын ажлуудыг авч хэрэгжүүлэх том зорилгыг өвөртөлсөн юм. Энэ бол барилгын гүйцэтгэгч компаниудыг гүйцэх цорын ганц арга байлаа. Хожим нь энэ үзэл санаа Дельтагийн суурь зарчим болжээ. Одоогоос арван зургаан жилийн өмнө Дельта-г байгуулахдаа тэдний хамгийн анхны ажил нь IV цахилгаан станцын төсөлд Багаа инженерийн “Сигма констракшн”-тай хамтарч оролцсоноор анхныхаа санасан зорилгодоо шууд л хүрч эхэлсэн байдаг. Дельта констракшнийн Ерөнхий захирал нь Эрдэнэчимэг (Чимгээ), Ерөнхий зөвлөхөөр нь Эрдэнэбат ажилладаг. Савнаас хальсныг нь Эрдэнэбат, Дельтагийн доторхи асуудлыг Чимгээ шийдэх байдлаар ажил явагдана.
“Удирдагч хүн гэдэг удирддаггүй байх ёстой. Би удирдаж байна гэж ойлгодог хүн удирдагч биш. Удирдагч хүн гэж “зохицуулагч” л байх ганцхан чанартай. Тэр олон хүнийг удирдана гэвэл бүтэшгүй” гэж тэд ярив. Дельтагийн бусдаас ялгарах өөр нэгэн онцлог нь ажилтнууд нь хэзээ ч өөр компанид ордоггүй. Учир нь тэд өрсөлдөхүйц цалин, хангамжтайн дээр Дельтад таван жил амжилттай ажилласны дараа дотроо компани байгуулах эрхтэй болдог. Дельтад орж ирсэн ажлыг хамтарч, гэрээлж хийх боломжтой. Энэ замаар тэдний бүрэлдэхүүнээс гарсан 47 компани бий. Хөдөлмөрийн зах зээл нэн орчин үеийн чөлөөт харилцаа руу орсон. Тогтмол цалингаар ажилладаг үе хоцрогдож буй. Барилгын салбарын тухайд нийлээд “бригад” болж, ажлыг гэрээлж авдаг хэлбэрт шилжсэн. Үүнийг дагаад нэгдэж байгаа тэдгээр хүмүүсийн хариуцлага сайжирч, цалин хангамж нь орон тооны ажилтныхаас илүү өндөр болсон. Солонгос, Хятадад ч ийм загвараар барилгын ажил явагддаг. Дельтагийнхан энэ өөрчлөлтөнд дасан зохицож, хүний нөөцдөө төдийгүй материал хангамж, технологийн бодлогодоо өөрчлөлт оруулан, цалин хөлс, үнэ бүрдэлтийн аргаас суралцах болж байгаа аж.
Хоёр Эрдэнэ үргэлж шинийг эрэлхийлдэг. Ярилцах гэсэн бүхэнтэй нээлттэй харилцдаг, энгийн хүмүүс. Эрдэнэбат “Залуучууд надаас ихийг суралцдаг гэж ярьдаг ч, үнэндээ би тэднээс илүү ихийг сурдаг. Тэд миний мэдэхгүй олон зүйлийг мэддэг. Цааш ихийг хийх хүсэл тэмүүллийг өгдөг. Өмсөх хувцасныхаа стилийг хүртэл харж байна шүү дээ” гээд инээнэ. Эрдэнэбат “Ямар нэгэн болохгүй зүйл байсан бол дэлхий хөгжихгүй байх байсан. Бүтэхгүй, болохгүй зүйл гэж байхгүй. Бүтээж чадаж байна уу, үгүй юу гэдэг л асуудал” гээд цааш “Бизнес эрхлэгчдийн хамгийн том алдаа нь алдахгүй гэсэн сэтгэлгээ. Алдчих вий гэж суувал бизнесийн хүн биш. Мөрөөдлөө урдаа тээгээд өөрийгөө цэнэглэдэг хүн байхад, бэрхшээлээ өмнөө овоолчихдог хүмүүс бас байна. Бэрхшээлээ бус мөрөөдлөө урдаа тээдэг байгаасай. Харин хөгшин хүн цагийн аясаар гал нь унтраад хаширладаг. Ийм болохгүйн тулд би хичээж, залуучуудаасаа суралцаж явна” гэлээ. Тэд өөрсдөө залуу байхдаа борви бохис хийлгүй барилгын талбар дээр өнжин, өөрсдийгөө умартан зүтгэж байв.
Чемоданаа үүрээд, хүүхдүүдээ дагуулан умгар түрээсийн байранд амьдарч байсан үе ч бий. Тухайн үед туршлага дутсанаас цэвдэгтэй хөрсөн дээр барилга бариад, өрөнд орсон нь тэдэнд мартагдашгүй хатуу сургамж болон үлджээ. Улаанбаатарт ирээд арай гэж 30 хувийн урьдчилгаа төлж авсан хоёр өрөө байр, унаж байсан Jeep машинаа зарж цалингаа тавин, бусад өрөө дундалж байв. Энэ их өрнөөс өндийж чадах уу л гэж бодож байсан гэдэг. Гэсэн ч хоёр жилийн дотор багагүй ашигтай ажиллаж, өрөө бүрэн төлж барагдуулж байжээ. Тэрбээр эхнэртээ “Анх Скайтелийн утас аваад яаж баярлаж байснаа битгий мартаарай” гэж хааяахан хэлдэг. Гэтэл тэр өөрөө нэг хэсэг 300 ам.долларын хослол биш л бол өмсдөггүй байлаа. Эхнэр нь Лексус 570 авч өгөөд гараашинд нь хийчихээд байхад хүртэл гурав хоногийн дараа л харж байв. Яагаад тэгж байснаа ердөө ойлгодоггүй.
“Эд хөрөнгө гэдэг утга чанараа алддаг. Ямар үеэ бид дурсах ёстой вэ гэдгээ мэддэг байх ёстой” гэж ярьж байв. Өдгөө хүү Цахиур нь гүйцэтгэгч захирлаар, охин Номин нь технологи, санхүүгийн асуудлыг нь хариуцан ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, Дельта констракшн дээр компаниа хүүхдүүддээ шилжүүлэх процесс явагдаж байгаа аж. Эрдэнэбат “Би 47 настай аавынхаа хийгээгүй зүйлд хүрсэн бол миний хүү 30 насандаа надаас илүү гарсан. Үүнээс илүү магтах зүйл бага байгаа ч энэ насан дээрээ ааваасаа хальж гарна гэдэг миний хувьд маш том жаргал” гээд хүүхдүүддээ өөрсдийн туулсан шиг ачааны хүндийг үүрүүлэхийг хүсэхгүй байгаа тухайгаа ярьсан юм. Хүүхдүүддээ “Дэлхийн бүх өмч, хөрөнгө эзэмшдэг хүн өөрсдөө зөвхөн “хувьцаа эзэмшигч” хэлбэрт шилжих болсон. Та нар минь ч компаниа хөгжүүлж, энэ замнал руу яваарай” хэмээн захьдаг аж.