Хар бага наснаасаа л Лаура Мей Мартин бүх зүйлийг үр бүтээмжтэй хийх гэж хичээдэг хүүхэд байлаа. Эгчтэйгээ хамт жигнэмэг хийхдээ хүртэл бүх орцоо үйлдвэрийн шугам шиг дарааллаар нь хийхийг бодож олж байв. Аажимдаа түүний хувьд үр бүтээмжтэй ажиллах нь хөгжилтэй тоглоом болж хувирсан юм. Мартин одоо Гүүглийн ажилтнуудын хувь хүний чадварын сургалтын багшаар 15 хүнийг ахалж ажилладаг бөгөөд ажилтнууд нийт ажлынхаа цагийн 20 хувийг ажлаас гадуурх төсөл дээр ажиллаж болох дүрмийг зохиосон. Тэрбээр хэдийн бүтээмжээ сайжруулах өөрийн гэсэн онолоо боловсруулж байгаа юм. Ингээд түүний онолоос та бүхэнд хуваалцаж байна.
- Бүтээмжтэй өдрийн тодорхойлолт
Ихэнх хүн гаргасан жагсаалтан дээрх бүх ажлаа хийж дуусгасан өдрийг л бүтээмжтэй гэж боддог. Гэвч Мартины хувьд энэ бүхэн өөр юм. Учир нь тэрбээр нетфликс үзье гэж бодож байсан бол нетфликс үзэж өнгөрөөсөн өдрийг ч бүтээмжтэйд тооцдог. Учир нь бүтээмжтэй байх талаарх түүний уриа бол “Юу хийхийг хүсч байгаагаа мэддэг бөгөөд түүнийг хийхийг зорьж, эцэст нь хүссэн зүйлээ хийх” юм. Гүүглийн эксперт Мартин хэрэв та үр хүүхдүүдтэйгээ хамт цагийг өнгөрөөхийг хүсч байгаа бол түүнийгээ хуваарь дээрээ бичих хэрэгтэйг зөвлөж байна.
2. Хоосон цаг гаргах
Та дэлгүүрт дугаарлахаас эхлээд өдрийн дундуур гардаг завтай цагтаа и-мейлээ шалгаж, сошиал медиа ордог уу? Хэрэв тийм бол та том боломжоо алдаж байна гэсэн үг. Учир нь ямарваа нэг тодорхой ажил хийгээгүй эдгээр үед хүнд хамгийн шилдэг санаанууд төрдөг. Заримдаа шүршүүрт орж эсвэл алхаж явахад өмнө нь бодож байгаагүй шинэ санаанууд хүмүүст гэнэт л орж ирдэг. Сэтгэл судлаачид энэхүү үзэгдлийг судалж үзээд хүн амарч байхдаа ажиллаж байх үеийнхээ баригдмал сэтгэлгээнээс гарч асуудлыг шинэ өнцгөөс олж хардгийг олж тогтоосон байна.
3. Цагийн хуваарьтаа тааруулж бусад ажлаа төлөвлө, эсрэгээр нь биш.
Мартин бол Даниэл Пинкийн “Хэзээ: Цагийн төгс тохирооны шинжлэх ухааны нууцууд” номын фен. Энэхүү номонд хүн өдрийн ямар цагт ажиллаж байгаагаас хамаараад бүтээмж нь өөр байдаг тухай гардаг. Хүн болгон тодорхой хэдэн ангилалд хуваагддаг бөгөөд зарим нь шөнө, оройн цагаар илүү бүтээмжтэй байдаг бол бусад нь өглөө эрт сэргэг ажилладаг. Тэрбээр энэ номыг уншихаасаа өмнө ч өөрийгөө өглөө эрт хамгийн бүтээмжтэй ажилладгаа анзаарсан байлаа. Түүний хамгийн бүтээмжтэй ажилладаг “Оргил цаг” өглөөний долоон цагаас эхэлдэг бөгөөд энэ үедээ тэрбээр и-мейлээ шалгах зэргээр утсаа оролдолгүй нам суудаг аж. Тиймээс та өөрийнхөө бүтээмжтэй ажилладаг цагаа тодорхойлвол бусад ажлаа энэхүү цагаасаа зөрүүлж төлөвлөх хэрэгтэйг тэрбээр зөвлөж байна.