Энэхүү нийтлэл нь 2019 оны 4-р сард Бизнес сэтгүүл дээр хэвлэгдсэн бөгөөд Практикал компанийн Гүйцэтгэх захирал О.Гантөмөр нь ажлаа хүлээлгэж өгсөн болно.
Хөгшин болсон барилгачин тэтгэвэртээ гарахыг хүсч, эзэндээ “ Бие маань дийлэхээ болилоо. Одоо тэтгэвэртээ гарч, амармаар байна” хэмээв. Эзэн нь “Тань шиг сайн ажилтнаа явуулахад харамсалтай байна” гээд сүүлчийн удаа нэг байшин барьж өгөхийг хичээнгүйлэн түүнээс хүслээ. Барилгачин “За” гэсэн ч тааруу материалаар ур хийц муутай байшин барив. Тэрбээр үнэхээр сэтгэлээсээ хандаагүй бөгөөд, “барьж өгсөн” гэсэн нэр зүүгээд хурдхан амрахыг л хүсч байлаа. Ингээд барьж дуусаад байшинг даргадаа хүлээлгэн өгөв. Харин дарга нь байшингийн түлхүүрийг барилгачны гарт атгуулаад “Энэ бол таны байшин. Миний танд өгч буй бэлэг” гэв. Барилгачин шоконд орж, “Ямар ичмээр юм бэ? Надад өгөхийг нь мэдсэн бол эхнээс нь сайн байшин барих байж” гэж гаслав…. Энэ сургамжит түүхийг “нүүр номондоо” 2014 онд бичиж байсан 24 настай О.Гантөмөр тухайн үед Практикал Даатгал компанид шинэ ажилтнаар ороод удаагүй байлаа. Харин одоо тэрбээр 30 настай ба тус компанийн гүйцэтгэх захирал. Нэг үеийн олон нөхөд нь даатгалын салбарыг жижиг хэмээн голж өөр салбар руу хөрвөж мөн үүсгэн байгуулагчийн синдромд хөтлөгдөн мөрөө хөөцгөөхөд тэрбээр тэвчээр заан үлдэж, тууштай, санаачлагатай зүтгэвэл ажилтнаар эхэлсэн ч удирдлага хүртэл дэвшиж болдгийг харуулах бодит жишээ болоод байна.
БИ ХӨДӨӨНИЙХ
Танил тал, зоосны нүхээр хэмжих нь түгээмэлжсэн хотын амьдралд 2007 онд 18 настайдаа хөл тавьсан нь түүний Улаанбаатартай танилцсан анхны удаа байв. Уудам тал, утаагүй тэнгэр, морин дэл дээрээс энэ ертөнцийг баримжаалж, сум, аймаг, айл саахалтынхнаараа хүмүүсийн ааш аягийг төсөөлж ирсэн түүний хувьд Улаанбаатар нэг бодлын сэтгэл хөдлөм, нөгөө талаас сэтгэл түгшим шинэ ертөнц байж. Багаас тоо бодож, толгойгоо сэргээж өссөн түүний хувьд мэргэжлээ сонгохдоо “тоогоо л бодож амьдарна даа” гэхээс биш тодорхой чиг баримжаатай байсангүй. Тухайн үед банкинд ажилладаг хамаатны ахынхаа “Хэмжиж чадвал удирдаж чадна. Тиймээс статистикийн чиглэлийг сонго” хэмээх зөвлөгөөг даган, 1500 километрийн тэртээх Увс аймгийн Тэс сумаас МУИС-д хөл тавьжээ. Аймагтаа тэсийнхэн хэмээн дуудуулдаг байсан бол нийслэлд ирээд увсынхан хэмээн авгайлуулдаг болов. Нэрээ хэлэхэд нь “Ямар сонин ярьдаг юм бэ, дахиад хэлдээ” гэх мэтээр нутгийн аялгыг зарим нь ойлгохгүй байх цаашлаад зарим нь “явуулж” харьцах хандлагатайг анзаарав.
О.Гантөмөрт ч хотынхны яриа эхэндээ ойлгомжгүй санагддаг байж. Энэ мэт соёлын шокноос үүдэн сургуульдаа ирээд эхний хоёр сар ангийнхантайгаа бараг харилцаагүй ба үүний оронд ажиглалт хийхийг илүүд үзжээ. Түүний ийм ажигч, олон талаас нь шинжилж үздэг байдал нь санхүүгийн тэр дундаа даатгалын салбартай холбогдсон гол шалтгаан ч байж мэдэх. Компьютер бараг хэрэглэж үзээгүй, гадаад хэлний анхан шатны мэдлэггүй шахам байсан хөдөөний залуу хотод орж ирснээс ердөө 10 жилийн дараа олон улсын түншүүдтэйгээ төвөггүй ойлголцож, даатгалын салбарыг хот хөдөөгүүр цахимжуулах ажилд түүчээлэн оролцож байна. Түүний аливааг хурдан сурдаг чадвар нь математикаас гадна оройдоо лаа дуустал, зундаа гэрийн сүүдэр үдшийн бүрийтэй залгатал ном уншиж өссөнтэй нь холбоотой. Монгол ахуйтайгаа ойр өссөн нь түүний хувьд давуу тал болж, хөдөөг хөгжлөөс хоцроохгүй байхад мэдрэмжтэй ажиллах суурь болж байгаа гэж тэрбээр үздэг. “Би чинь хөдөөний хүн, Увсынх. Угаасаа аялгатай ярьж байгаа биз” хэмээн хээв нэг хэлж инээх нь хотжиж буй хөдөөнийхөн, ялангуяа залуусын бараг илэрхийлдэггүй хандлага.
Практикал компанийн Гүйцэтгэх захирал О.Гантөмөр
“ДААТГАЛЫН БИЗНЕСЭЭР ДАМЖУУЛЖ МОНГОЛЧУУДАД ТУЛГАРЧ БУЙ ЭРСДЭЛҮҮДЭД ШИЙДЭЛ ОЛОХ, ШИЙДЭХЭД ТУСЛАХ НЬ МИНИЙ ЭНЭ САЛБАРТ, КОМПАНИД БАЙГААГИЙН ГОЛ ЗОРИЛГО”
Гадаадад сургууль төгсөөгүй, компанидаа ажиллаад удаагүй ердөө 26 настай залуу Практикал Даатгал компанийн захирал болон дэвшихэд сэрдэх, басах хүн бишгүй байв. Даатгалын компани гэдэг бол олон нийтийн хөрөнгийг татан төвлөрүүлж, эрсдэлийг даатгадаг адармаатай бизнес. Танилаар биш зараар ажилд авч, татаасаар биш чадвараар нь дэвшүүлдэг компанийн хувьд нэг талаас засаглалынхаа мөн чанарыг харуулж буй хэрэг. Практикал даатгал байгуулагдаад 15 жил болж байгаа бөгөөд үүний талаас илүү хугацаанд нь О.Гантөмөр тус компанийн эд эс байж иржээ. Өдгөө тус компанийн нийт хөрөнгө 16 тэрбум төгрөгт хүрч салбарынхаа тэргүүлэгчдийн нэг болж, их наядаар хэмжигдэх эрсдэлийг өөр дээрээ даах чадвартай болоод байна. Мөн cалбартаа ISO чанарын стандарт 9001:2015 -ийг нэвтрүүлсэн цөөн даатгалын компаниудын нэг. Хэдий салбарын хэмжээнд хоёр ч компани хувьцаагаа гаргаж, байгууллагын зах зээлд хүч түрсэн ч Практикал даатгал компанийн өрсөлдөх чадварт энэ нь нөлөөлөөгүй бөгөөд харилцагчдын тоо тогтмол өссөн хэвээр байна. Түүнийг ажлаа авч байх үетэй харьцуулахад даатгалын компанийн голлох үзүүлэлтүүд болох компанийн нийт багц, хураамжийн орлого ба харилцагчдийн тоо хоёр дахин өссөн байна.
Тэрбээр 2014 онд бизнес хөгжлийн газрын захирал болохдоо программ хангамжийн дэд бүтцээ сайжруулах ажлаа эхлүүлсэн бөгөөд гүйцэтгэх захирал болсон хойноо үүнийгээ эрчимжүүлснээр өдгөө хэлбэрээ олж, өдөр тутмын үйл ажиллагааны нэг хэсэг болжээ. “Даатгалын бизнесээр дамжуулж монголчуудад тулгарч буй эрсдэлүүдэд шийдэл олох, шийдэхэд туслах нь миний энэ салбарт, компанид байгаагийн гол зорилго” хэмээн О.Гантөмөр хэлж байна. Практикал даатгал компани жилдээ хот хөдөө нийлсэн 5000-6000 даатгалын тохиолдлыг шийдвэрлэж дөрөв шахам тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгодог. 2016 онд О.Гантөмөрийг орон нутгийн бүх салбарыг дамнан ажиллах гурван сарын хугацаатай томилолтоор явуулжээ. Харин тэрбээр эргэж ирэхэд удирдах зөвлөлөөс түүнийг гүйцэтгэх захирлаар томилсон нь цаг үеийн хувьд тохироо бүрдсэн мэт хэрэг болов. Ялангуяа, Монгол шиг том газар нутагтай, алслагдмал суурин газруудтай улсад нааш цааш явах зардал, цагийг хэмнэх үүднээс цахим шилжилт нэн чухлыг тэрбээр онцолж бодлогоо чиглүүлж байна. Дэлхий даяар компаниудын хувьд дижитал орчинд харилцагчаа таньж, холбогдох нь гол сорилт болж буй.
Мэдээлэл технологийн дэд бүтцийг төр хувийн хэвшилтэйгээ хамтраад сайжруулах нь зах зээлийн цаг үеийн шаардлага болчихоод байгаа. Тиймээс тус компанийн зүгээс цахим борлуулалтыг илүү түлхэж, улс орон даяар өөрсдөө биечлэн даатгалын бүтээгдэхүүнээ зараад явдагаа цахимжуулж, энгийн хэрэглээ болсон гар утсаар дамжуулан шийдэх хөгжүүлэлтийг хийж буй. Тухайлбал, одоогоор утасны аппликейшнээр дамжуулан даатгалын сайн дурын бүтээгдэхүүнүүийг авах боломжтой байгаа. Харин бүгдийг авч болохгүй байгаа нь хууль эрх зүйн хүрээнд зарим саад байгаатай холбоотой. Гэвч үүнийг зөвхөн цаг хугацааны л асуудал бөгөөд удахгүй бүгд боломжтой болно гэдэгт О.Гантөмөр захирал итгэж байна.
Ингэвэл түүний хөгжлийн потенциалийг хөдөөгөөс олж харж байгаа нь бодитоор биелж эхэлнэ. Хөдөө орон нутгийг орхигдуулалгүй, ирээдүй гэж хардагийн нэг жишээ нь орон даяар ерөнхий боловсролын сургуулиудтай хамтарч, хүүхдүүдийг эрсдэлээс хамгаалахад чиглэсэн ашгийн бус зорилготой бүтээгдэхүүн гаргасан нь юм. Хөвсгөлийн нэг сургууль гэхэд эцэг эхийнх нь зөвшөөрөлтэйгээр 3000 хүүхэд даатгалд хамруулжээ. Түүний хэлж байгаагаар хүүхэд бүх юмыг туршиж үздэг адтай байдаг учир эрсдэл багатайд тооцогддоггүй аж. Гэхдээ ирээдүйн харилцагч гэдэг утгаар ашиг харахаас илүүтэй хүүхдэд тулгарч болох эрсдэлүүдийг шийдэж явснаар хөрөнгө оруулалт болох учиртайг тэрбээр олж харжээ.
АШГИЙН ИХ НЬ ТАНЬД, АЧААНЫ ХҮНД НЬ МАНЬД
Өнгөрсөн зун хөдөө аялж явсан гэр бүлийн хоёр зам тээврийн осолд орж мөнх бусыг үзэх үед үлдсэн ганц охин дээр нь ипотекийн 8 хувийн зээл нь бууж иржээ. Харин зээлийн журмынхаа дагуу эд хөрөнгө, амь насны даатгалтай байсан учир Практикал даатгалаас зээлийг барагдуулж охиныг гэртэй нь үлдээжээ. Хэдий ээж аавыг нь орлохгүй ч үлдэж хоцорсных нь нуруунд санхүүгийн хүнд ачаа болох байсан хүндрэлийг даатгалын ачаар арилгасан бодит жишээ гэдгийг О.Гантөмөр захирал хэллээ. Тэрбээр өөр дээрээ л гэхэд автомашин, амь нас, эрүүл мэнд, орон сууцтай холбогдсон 5 даатгалтай. Даатгалыг татвар шиг ойлгодог байсан иргэд автомашинтай холбоотой албан журмын даатгал хэрэгжсэнээс хойш осол гарлаа гэхэд зам дээр гарч ирээд хэрэлдэж зодолдохын оронд даатгалаа дуудчихдаг болсон. Албажуулсан ч гэсэн энэ төрлийн даатгал иргэдэд даатгалын ач холбогдлыг ойлгоход том түлхэц болж буйг салбарынхан хэлдэг. Үүнийг дагаад зөвхөн автомашинтай холбоотой даатгалын худалдан авалт нэмэгдээд байгаа бус бусад төрлийн даатгал ч эрчээ авч байна. Өнгөрсөн жилийн даатгалын салбарынхны статистикийг харахад 20-30 хувийн өсөлт үзүүлсэн компаниуд дийлэнхийг эзэлж байна.
Жолоочийн даатгалаар л гэхэд компаниуд өнгөрсөн жил 16 тэрбум гаруй төгрөгийг нөхөн төлбөрт өгсөн бол хэрэгжиж эхэлснээс хойших нийт нөхөн төлбөрийг харвал 85 тэрбум төгрөг. Энэ нь учирсан эрсдэлийг иргэд нийтээрээ үүрэлцэж чадаж байгааг харуулж байгаа. Гэхдээ “Даатгалын тогтолцоо бол эрсдэлийг хуваалцаж байгаа болохоос хүнийг хариуцлагаас мулталдаг тогтолцоо биш” хэмээн О.Гантөмөр захирал хэлж байна. Кинонд гардаг шиг даатгалын зохиомол нөхцөл үүсгэж, нөхөн төлбөр завших гэсэн хүмүүсийг илрүүлж, шүүх хяналтын байгууллагад шилжүүлдэг тухай түүний яриаг сонсоход даатгалын бизнес эрхлэгчээс олон хөрвөх чадвар шаарддагийг мэдэж болох. Өнгөрсөн жил л гэхэд Практикал болон өөр нэг даатгалын компанид машиныхаа хохирлыг барагдуулах нэрийдлээр нөхөн төлбөрийн бичиг баримт давхардуулан бүрдүүлж өгсөн хэрэг гарчээ. Нөгөө талаас олон байгууллага, хувь хүний хөрөнгийг даатгачихсан учир урьдчилсан сэргийлэх арга хэмжээг даатгуулагчтайгаа хамтран авахын тулд цаг уурчаас дутахааргүй цаг агаарыг шинждэг болсон байдаг. Хувь хүний эрүүл мэнд, амь насыг даатгах гэж байгаа бол сэтгэлзүйчийн хэмжээнд тэр хүнийг судалсан байх хэрэгтэй болдог.
Хавар болж байгаа энэ үед О.Гантөмөр захирал ба түүний багийн хувьд галын аюултай түлхүү нүүр тулдаг бол зун болохоор үер, өвөл бол зуд байдаг. Гэхдээ энэ бүхнээс сэргийлэх арга хэмжээг авахад л даатгагчийн мэргэшсэн байдал тод илэрдэг. “Эрсдэл үүсэхийг хүлээгээд суух нь тэнэглэл” гэж тэрбээр товч тодорхойлов. Даатгагчид мэргэжлийн талаас тус зөвлөгөөнүүдийг өгч хамтран сургалт семинар зохион байгуулж эрсдэлийг тохиохгүй байх талаас хийж болох бүхий л арга хэмжээг авч ажилладаг. Аливаа аж ахуй нэгж болзошгүй эрсдлээ даатгуулсан эсэхээс үл хамааран эрсдэлийг тооцоолж, урдчилан сэргийлэх арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудаас авч хэрэгжүүлж занших нь зөвхөн олон улсын эсвэл мөнгөтэй байгууллагын хийдэг үйлдэл байх ёсгүй. Наад зах нь аж ахуй нэгжүүдийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрэм журмыг мөрдөж байгаа байдал, цаашлаад ISO стандартыг хэрэгжүүлдэг эсэх, мөн хариу арга хэмжээ авах төлөвлөгөө, тухайн объект, хөрөнгийн байршил, ирж очих замын нөхцөл, байгууллагын соёл, хүмүүсийнх нь ур чадварын түвшин гээд олон хүчин зүйлсийг харгалздаг. Бүх төрлийн стандарт алдагдчихсан үед даатгуулагч, даатгагч талдаа аль, алиндаа эрсдэл өндөр болох нь мэдээжийн хэрэг юм.
ДААТГАЛЫН ТОГТОЛЦОО БОЛ ЭРСДЭЛИЙГ ХУВААЛЦАЖ БАЙГАА БОЛОХООС ХҮНИЙГ ХАРИУЦЛАГААС МУЛТАЛДАГ ТОГТОЛЦОО БИШ
Эрсдэл тохиосны дараа биш урьдчилж сэргийлэх нь бизнес эрхлэгчдийн хувьд сэтгэл санаа,цаг, хөрөнгөөрөө хохирохгүй байх сонголт гэдэг нь О.Гантөмөр захирлын ярианаас илэрхий байв. Практикал даатгал компанийн мэдээлэл дээр суурилаад харвал нэгдүгээрт автомашинтай холбоотой даатгал нэн эрэлттэй байдаг бол дараагаар нь эрүүл мэндийн даатгал болон хөрөнгийн даатгал орж ирдэг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд О.Гантөмөр захирал багаа эрүүл мэндийн даатгалын сегмент рүү түлхүү чиглүүлж, ажиллаж байгаа бөгөөд “Энх-Ирээдүй” хэмээх брэнд бүтээгдэхүүн гаргажээ. Энэ нь сараар нь баримжаалбал, нэг хүн ойролцоогоор 40-60 мянган төгрөг төлөөд жилийн 35 сая хүртэлх хамгаалалт бүхий даатгалын үйлчилгээ авах боломж. Манай улс зүрх судас, хорт хавдар гэх мэт өвчлөлөөр дэлхийд тэргүүлэгч болчихоод байгаа. Эрүүл мэндийн даатгал нь зөвхөн өвдчихсөний дараа зардлаа хуваах тухай асуудал биш. Даатгагчийн зүгээс даатгуулагчийн эрүүл мэндэд анхаарал хандуулж, эрсдэлээ бууруулах үүднээс тодорхой шинжилгээнүүдийг жилдээ нэг удаа гэх мэтээр давтамжтайгаар өгөхийг шаарддаг. Энэ нь хожуу шатанд аливаа хүнд өвчнүүдийг илрүүлэхээс сэргийлэх талтай. Монгол дахь олон улсын байгууллагууд л ажилтнуудаа гэр бүлтэй нь эрүүл мэндийн даатгалд хамруулах нь түгээмэл байж ирж.
Харин сүүлийн жилүүдэд бусад салбарын компаниуд ч ажилтнуудаа иймэрхүү эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалд хамруулах нь нэмэгдэж байгаа гэнэ. Практикал даатгалын шинээр зах зээлд нэвтрүүлсэн эрүүл мэндийн даатгалын хувьд хураамж нь харьцангуй доогуур атлаа даатгуулагч өөрийнхөө эрсдэлийг бууруулаад зогсохгүй гэр бүлийнхээ эрүүл мэндийг давхар даатгаж буйгаараа бусдаас давуу аж. Гэхдээ уул уурхайн салбар энэ тал дээр түүчээлж, илүү жин дарж явдаг. Тухайлбал, Оюутолгойн туслан гүйцэтгэгчид энэ төрлийн даатгалыг авах нь нэмэгдэж байна гэж О.Гантөмөр хэллээ. Харин түүний дараагийн зорилт бол иргэдийг эрүүл мэндийн даатгалыг сайн дураараа авдаг болгоход урамшуулж, түлхэж ажиллах. Мөн даатгалын гэрээ гэдэг албан журмынх л биш бол харилцан тохиролцож болох тохиролцоо гэдгийг тэрбээр хүмүүст ойлгуулахыг хүсдэг. Учир нь гэрээний нөхцөлтэй гүйцэт танилцаагүйгээс үүдэн үл ойлголцол үүсч хулгайч дээрэмчин гэж дуудалцах дээрээ тулдаг. Даатгалын салбарыг хэт жижиг мөртлөө олон тоглогчтой, тэгээд томоохон эрсдэлүүдээ гаднын акулуудад шилжүүлдэг гэх нь бий. Олон тоглогчийн ачаар, бас гайгаар тус зах зээлд үнэ, хүн, эрсдэлийн үнэлгээний өрсөлдөөн ширүүн байдаг.
Ямар сайндаа сүүлдээ үнэгүй даатгах хэмжээнд хүрч, бага үнээр өндөр эрсдэл авдаг “би чадначууд” олшроод ирэхээр зах зээлийн мэргэшсэн байдал сулрах эрсдэлд орж байна гэж О.Гантөмөр захирал хэлэх мөртлөө нөгөө талаас маш олон ажлыг хийхээр төлөвлөж байгаагаа урамтай ярьж сууна. Даахгүй нохой булуу хураана гэдэг шиг удирдаж чадахгүй, араас нь босч ирэхгүй эрсдэлээ дааж, азаа үзнэ гэдэг засаглал муугийн шинж. Эрсдэл дааж байж өөрийгөө эрсдэлд оруулах нь ялангуяа даатгалын компанийн хувьд амиа хорлолт. Тиймээс уул уурхай, томоохон төслүүдийн даатгал яриад ирэхээр эрсдэлээ бусад компанитайгаа хувааж үүрэх, цаашлаад гаднын жинтэй даатгалын компаниудад шилжүүлж давхар даатгуулах хэрэг гардаг. Хамтрах ажлууд дээрээ салбарынхан нэгдэж чаддагийн нэг жишээ нь өнгөрсөн жил дөрвөн том даатгалын компани нийлээд гаднын компани авчихдаг байсан 240 гаруй тэрбум төгрөгийн эрсдэлийг даатгаж үлдээсэн тухай О.Гантөмөр захирал ярилаа. Монголдоо даатгаж чадахгүй хэмжээний томоохон эрсдэлүүдийн бараг бүгдийг нь гаднын компани руу шилжүүлдэг байсан бол өдгөө даатгалын салбар хүчирхэгжихийн хэрээр дотооддоо даатгаж үлдээх нь нэмэгдэж буй. Үүнийг улам ахиулж, салбарын чадавхаа сайжруулахад тэр дараагийн 10 жилээ зориулна.