Подкаст хэлбэрээр сонсохыг хүсвэл энд дараарай.
Жижиг болон дунд хэмжээний бизнесүүдийн хувьд бүхий л үйл ажиллагаа нь тухайн бизнес эзэмшигчээс шууд хамаарах нь элбэг. Хэдийгээр бизнесийн чиглэлээр заавал боловсрол эзэмших шаардлагагүй боловчиг бизнесийн чухал функцүүд, зарим нэр томъёо, ойлголтуудыг энгийн хэлбэрээр ойлгож үр ашигтай хэрэглээндээ оруулах нь чухал шаардлагатай юм.
Үлгэр оршвой… Нэгэн өвгөн гурван хүүтэй юмсанжээ. Тэд өсөж томроод мэдлэг боловсрол эзэмшиж тус тусын ажил амьдралаа хөөсөн байна. Нэг өдөр өвгөн гурван хүүгээ гэртээ цуглуулаад хэлжээ: “Аав нь насаараа та гурвынхаа сайн сайхны төлөө амьдарсан. Бие дааж бизнес эрхлэхэд эрсдэл үүрэх, самбаачлах зайлшгүй шаардлагатай болдог. Би гэр бүлээ эрсдэлд оруулахаас айж насаараа бусдын бизнест гүйцэтгэх удирдлагын түвшинд ажиллаж ирлээ. Одоо шинээр бизнес эрхлэхэд нас, чадал минь үлдсэнгүй. Та гурав минь бие биенээ нөхөөд гэр бүлийн бизнесээ эхлүүлээч. Би бизнесийн стратеги, менежментийг хэрхэн зохистой бий болгож хэрэгжүүлэх, хүний нөөцийн тохиромжтой бодлого баримтлах, ямар алдаануудаас хэрхэн сэргийлэх гэх мэт олон жилийн турш хуримтлуулсан мэдлэг, туршлагаараа та гуравтаа зөвлөе” гэжээ. Өвгөн бол бизнесийн МЕНТОР юм.
Маркетингийн мэргэжилтэй том хүү хэлжээ: “Надад удаан бодсон гайхалтай санаа байна. Зах зээл дахь энэхүү хангагдаагүй эрэлтийг шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж хангаад өөрсдөө өндөр ашиг олох боломж байна. ХЭРЭГЛЭГЧИД юу хүсэж буйг маркетингийн судалгаагаар нарийн тодорхойлсон байгаа бөгөөд одоо ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ олох, шаардлагатай ХҮНИЙ НӨӨЦ бүрдүүлэх хэрэгтэй. Мөн төрөл бүрийн СТРАТЕГИЙН ТҮНШ олох, гэрээ байгуулах тал дээр надад хэдэн хувилбар бий” гэв. Том хүү бол бизнесийн онцгой санааг эхлэн гаргадаг, эхлүүлдэг, бүх холбоосыг зурагладаг, алсын хараатай ЭНТРЕПРЕНЕР юм.
Инженер мэргэжилтэй дунд хүү хэлжээ: “Ахын энэ санаа надад маш их таалагдаж байна. Би шаардлагатай түүхий эдийг олж, үйлдвэрийн тоног төхөөрөмжийг судалж, суурилуулж, ажиллагаанд оруулж, шинэ бүтээгдэхүүний хөгжүүлэлт болон туршилтыг гардан удирдаж чадна гэж бодож байна”. Дунд хүү бол санааг бодит болгодог МЭРГЭЖИЛТЭН юм.
Менежментийн мэргэжилтэй бага хүү хэлжээ: “Энэ бизнесийн санаа амжилттай хэрэгжинэ гэдэгт миний ч бас дотоод итгэл үнэмшил төрж байна. Би эхний бүтээгдэхүүн гаргахаас эхлээд л өдөр тутмын ажлуудыг хариуцаж бидний гаргасан АЛСЫН ХАРАА, ЗОРИЛТУУД, СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ-нд нийцэж буй эсэхэд ХЯНАЛТ-ыг хэрэгжүүлэн удирдаж чадна”. Бага хүү бол өдөр тутмын үйл ажиллагааг манлайлах МЕНЕЖЕР юм.
Ингээд гурван хүү санаа нийлэн хуримтлуулсан мөнгөө хувь нийлүүлэн анхны ГАРААНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ-аа босгоод амжилттай ажиллаж, гар нийлэн бизнесээ босгон амар сайхандаа жаргасан юм гэдэг.
Үлгэрийн сургамж: Бизнесийн амжилтанд ЭНТРЕПРЕНЕР, МЭРГЭЖИЛТЭН, МЕНЕЖЕР гэсэн үндсэн 3 төрлийн хүмүүс бүгд нэг дор хэрэгтэй байдаг. Нэг хүн гурван ур чадварт бүгдэд нь сайн байх нь маш ховор зүйл юм. Хүн сайндаа л хоёр ур чадварт нь төгс байж чадах бөгөөд нэг хүний цагийн боломж болон ажиллах эрч хүч мэдээжийн хэрэг тодорхой хязгаартай. БИЗНЕС бол энэ талаасаа багийн спорттой төстэй. Ганцаараа бол хичнээн гоц авъяастай, өндөр ур чадвартай байгаад хожил авч чадахгүй, багийн бусад гишүүдийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй болно. “Ганц мод гал болохгүй, Ганц хүн айл болохгүй” хэмээн өвөг дээдэс маань сургажээ.
Зөвхөн ур чадвартай баг, хамт олон бүрдүүлснээр төгс компани болохгүй. Бидэнд оновчтой БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, бизнесийн хүрдийг зогсолтгүй эргүүлэх БИЗНЕСИЙН СИСТЕМ зайлшгүй хэрэгтэй. Компанийн нөөцүүдийг үр бүтээлтэй ашиглахын тулд компанийн үйл ажиллагааг тодорхой функцүүдэд хувааж хуваарилдаг. Эдгээр функцүүд бол нэгэн гэр бүлийн гишүүд шиг бөгөөд бие биедээ тусалж, санаа тавьж, хамтран ажиллаж байж л тухайн айл аз жаргалтай амьдарна. Дараах жишээнд бизнесийн байгууллагын гол функцүүдийг өвөө, эмээ, аав, ээж, хоёр охин, хоёр хүүтэй айл буюу 8 ам бүлтэй нэгэн гэр бүлийн жишээгээр тайлбарлалаа. Одоо тус гэр бүлийн гишүүдийг нэг нэгээр нь танилцуулъя.
ӨВӨӨ буюу СТРАТЕГИ:
Аливаа юмсыг том дүр зургаар нь хардаг, сэтгэл хөдлөлөөс илүү алсын хараа, баримтлах зарчимаа нэн тэргүүнд тавьдаг гэр бүлийн гишүүн бол ӨВӨӨ билээ.
СТРАТЕГИ-ийн талаар олон төрлийн тодорхойлолтууд бий. Энгийнээр зүйрлэж хэлбэл стратеги бол автомашины голын толь шиг байдаг. Компанийн залуурч буюу удирдагч та машинаа урагш жолоодох явцдаа үе үе голын толиндоо харж нөхцөл байдлыг хяналтандаа байгаа эсэхэд итгэлтэй болж байдаг. Мөн зорчигчдоо буюу байгууллагынхаа ажиллагсдыг хэр тав тухтай, зөв зохистой зорчиж буйг хянаж байдаг хэмээн хэлж болно.
СТРАТЕГИ бүхий байгууллага АМЖИЛТ-нд хүрэх алхмуудыг дараах байдлаар тодорхойлов:
- ЭРХЭМ ЗОРИЛГО, ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТЛАХ ЗАРЧМУУД буюу оршин тогтнох утга учир, “сүнс”-ийг зөв тодорхойлох.
- Гадаад болон дотоод орчны СУДАЛГАА-гаа нухацтай, бодитоор, өргөн цар хүрээнд хийж богино болон урт хугацааны ЗОРИЛТУУД-ыг бий болгох.
- Бизнесийн хамгийн чухал орц болох ХҮНИЙ НӨӨЦ-өө дээрх 2 алхамдаа нийцэж байхаар сонгон шалгаруулж хөлслөх. Ялангуяа байгууллагын ДОТООД СОЁЛ-ыг бүрдүүлэгчид буюу шийдвэр гаргах, удирдах түвшний ажилтнууддаа онцгойлон анхаарах. Ямар бизнес хийх биш, ямар хүний нөөц бий болгох нь орчин үед илүү чухал болсон.
- ЗОРИЛТУУД-даа хүрэхэд ямар богино болон урт хугацааны СТРАТЕГИ сонгохоо шийдэх. Стратеги бол хүслийн жагсаалт биш юм. Дээрх алхмуудад дурдсан ойлголтуудад тохирох хамгийн оновчтой бодит үйлдлийн шийдвэр билээ.
- Байгууллагын БҮТЭЦ-ийг оновчтой болгох, ажилтан бүрийн АЖИЛ ҮҮРГИЙН ХУВААРЬ-ийг маш нягт нарийн, давхцалгүй, ойлгомжтой болгох.
- Сонгосон стратегиа хэрэгжүүлэхийн тулд тодорхой ТАКТИК-уудаас бүрдсэн маш нямбай бэлтгэсэн ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ гарах ёстой. Бодит төлөвлөлт бол ажлын хагас юм.
- СТРАТЕГИЙН ХЯНАЛТ-ыг тодорхой давтамжтайгаар тогтмол хийх, шаардлагатай бол тэр үедээ стратегидаа зохих өөрчлөлтийг оруулж байх.
Байгууллагаа хөгжүүлэх, үйл ажиллагаагаа тэлэх ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ буюу МӨНГӨ нь хаана байгаа юм бэ? гэсэн асуулт урган гарна. Дээрх алхмуудыг зөв хийсэн, баримтжуулсан байхад санхүүгийн асуудлыг бүтээхэд харьцангуй хялбар болно.
ЭМЭЭ буюу ХҮНИЙ НӨӨЦ
Гэр бүлийн бүх гишүүдээ хайрлан энэрч, тэдэнд туслах, тэднийг өсөж дэгжихэд нь дэмжих сэтгэлтэй хүн бол ЭМЭЭ билээ.
Аливаа байгууллагад хамгийн чухал бөгөөд удирдахад хамгийн ярвигтай нөөц бол ХҮНИЙ НӨӨЦ юм, тиймээс тэр нөөцийг оновчтой удирдах нь мөн маш чухал ач холбогдолтой болж таарна. ХҮНИЙ НӨӨЦ-ийн менежментийг хэрэгжүүлэх алхмуудыг хамгийн энгийнээр тодорхойлбол:
- Өөриймсөг сэтгэлтэй, бүтээлч сэтгэлгээтэй, суралцах чадавхи сайтай, дотоод санаачлага сайтай, багаар ажиллах чадвартай хүнийг сонгон шалгаруулж ажилд авах. Мэргэжлийн диплом, ажлын туршлага бол орчин үед 2-р шатны шалгуурууд болж эхэлжээ.
- “Зөв хүнийг Зөв ажилд” буюу бүтээмж болон сэтгэл ханамжыг зэрэг өндөр байлгахуйц албан тушаалд томилон ажиллуулах.
- Байгууллага болон Ажилтны ХҮЛЭЭЛТ-ийг харилцан тов тодорхой болгож, огтолцол дээр нь хөдөлмөрийн гэрээг хийх. Хөдөлмөрийн гэрээнд ажлын байрны тодорхойлолт, шийдвэр гаргах хүрээ, эрх үүргийн нарийвчилсан хуваарилалтыг заавал хавсаргах.
- ЦАЛИН ХӨЛС, УРАМШУУЛАЛ, КАРЬЕР өсөх боломж зэргийг ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭ-тэй нягт уялдуулах.
- Хүн төрөлхтөн зөвхөн сүүлийн 100 гаруй жилийн туршид л ажлын тодорхой цагийн хуваарьт системчлэгдсэн тул ялангуяа офисын ажилтнуудын АЖЛЫН ЦАГ-ийг уян хатан байлгах арга замыг эрэлхийлэх нь зүйтэй. Технологийн хөгжлөөс улбаатайгаар “DIGITAL NOMAD” буюу алсын зайнаас ажилладаг хүний нөөц дэлхийн тренд болж буй тул офисын ажлын 8 цагт уях нь улам бүр утгагүй болж байна.
- Судалгаагаар нэг хүн нэг доор 8-10 цагаан захтануудыг үр дүнтэй удирдах боломжтой гэж үздэг. Монголын зарим захирлууд бүх ажилтнуудаа хүртээмжтэй удирдах гээд зүдэрч байгаа харагддаг. Түүний оронд менежерүүддээ эрх мэдэл, хариуцлагыг нь хуваарилж ТОМИЛГОО хийх ёстой юм. Монголчууд эрт үед 10-тын зохион байгуулалтын систем хэрэгжүүлж байсан нь менежментийн агуу амжилт байжээ.
- “Загас толгойноосоо эхлэн өтдөг” хэмээх хэлц үг КОМПАНИЙН СОЁЛ гэдэг ойлголттой нягт уялдаатай юм шиг. Ажилтнуудаа баримтлах зарчим, дотоод журмаа мөрдөхгүй байна гэж гомдоллохоос өмнө компанийн удирдлага өөрөө үлгэрлэх, ажил хэргээ явуулах арга барилаа бусаддаа биечлэн харуулах, хамт олноо сэдэлжүүлэх зэргийг анхаарах нь зүйтэй. Ажил хэрэг бужигнасан, эрүүл ухаан ноёлсон соёлтой байх уу, хов жив, ажил цалгардуулалт газар авсан байгууллага байх уу нь гэдэг нь дээд удирдлагаас шууд хамааралтай юм.
Хүний нөөцийн тал дээр эдгээрийг зөв хэрэгжүүлснээр байгууллага ОРГАНИК ХӨГЖИЛ-д хүрэх үндэс суурь нь тавигдана.
Apple, Google, Netflix гэх мэт дэлхийн шилдэг компаниуд шинээр ажилтан авахдаа 4 жилийн дээд боловсрол шаардахаа больж эхэлсэн байна. Apple-ийн Гүйцэтгэх захирал Тим Күүк саявтархан нэгэн ярилцлагадаа өнгөрсөн жил шинээр ажилд авсан хүмүүсийн тал нь дээд боловсролгүй байсныг дурьджээ. Зах зээлийн төрөлжилт гүнзгийрч, хиймэл оюун ухааны хөгжил эрчимжиж, зарим ажил улам бүр автоматчилагдаж буй орчин үед мэргэжлийн, техник ур чадварууд буюу “ХАТУУ УР ЧАДВАРУУД” (hard skills) шаардах нь багасч хувь хүний ажилдаа хандах хандлага болон мэргэжлийн этик, тогтсон морал, нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх ур чадвар, дасан зохицох, түргэн суралцах, мөн харилцааны ур чадварууд буюу “ЗӨӨЛӨН УР ЧАДВАРУУД” (soft skills) илүү чухал болж ирлээ. Дэлхийн тэргүүлэх компаниудад үүссэн энэхүү тренд яваандаа тухайн салбартаа жишиг болох гэнэ.
ААВ буюу МАРКЕТИНГ
Өрхийн тэргүүн буюу ААВ хүн тухайн айл өрхийн амьжиргааг хэрхэн авч явах талаар стратегийн болон тактикын олон шийдвэрүүдийг гаргах, гэр бүлийн бусад гишүүдийг хооронд нь холбох гол хүн билээ.
МАРКЕТИНГ бол товчхондоо бизнес үүсэн бий болох үндсэн суурь функц билээ. Зах зээлийн өрсөлдөөнт орчны зарчмаар аливаа бизнес нь ЭРЭЛТ ба НИЙЛҮҮЛЭЛТ хоёроос тогтдог гэвэл Маркетингын ухаан нь эрэлт талыг тодорхойлж, үүнээсээ улбаалан нийлүүлэлт талыг хэлбэржүүлж байдаг. Шувууны хос далавчийг эрэлт болон нийлүүлэлт гэж төсөөлбөл эдгээр далавчнууд зэрэг бөгөөд жигд хөдөлж байж л шувуу маань хөөрөн нисэж чадах билээ. Тиймээс өрсөлдөөнт орчны бизнесийн хувьд МАРКЕТИНГ нь хамгийн багадаа л 50% заримдаа 80%-90% хүртэл ач холбогдолтой байх нь бий. Монголын бизнесийн орчинд нэг нийтлэг алдаа байдаг нь өөрийн таамгаар үүсгэсэн бүтээгдэхүүндээ зориулж хэрэглэгч хайгаад үүнийгээ зар сурталчилгаагаар бий болгох гээд байдаг, харин эсрэгээр нь судалгаа шинжилгээнд суурилан хэрэглэгчиддээ зориулсан бүтээгдэхүүн бий болгох хэрэгтэй юм. Зах зээл буюу бодит эрэлт нь ямар ч бүтээгдэхүүн үйлчилгээнд зүй ёсны тохирох дүнг нь тэр дор нь тавьдаг ба эрэлт хэрэгцээнд тулгуурласан, судалгаа шинжилгээ хөгжүүлэлтээс үүссэн бүтээгдэхүүнд хэт их зар сурталчилгаа хэрэггүй билээ.
Маркетингтай холбоотой дараах ойлголтуудыг зарим мэргэжлийн хүмүүс хүртэл андуу ташаа ойлгож, тайлбарлах нь олон бөгөөд хамгийн энгийн жишээгээр тайлбарласныг үзнэ үү:
Хэрэв хотод цирк тоглох гэж байхад та “Хагас сайнд циркийн тоглолттой” гэсэн самбар гудамжинд тавибал энэ нь ЗАР СУРТАЛЧИЛГАА болно. Хэрэв та тус самбараа зааны нуруун дээр тавиад хот дундуур явбал энэ нь ИДЭВХЖҮҮЛЭЛТ болно. Хэрэв тэр заан хотын даргын офисын өмнөх цэцгэн дундуур туучаад үүнийг нь сонин дээр бичвэл энэ нь ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ болно. Хэрэв хотын даргыг энэ үйл явдалд инээлгэж чадвал энэ нь ПИ-АР болно. Хэрэв хотын иргэд циркэд ирэхэд та тэнд олон тооны хоолны, тоглоомын цэгүүд байгуулаад хүмүүс худалдан авалт хийж байвал энэ нь БОРЛУУЛАЛТ болно. (тасалбараар хязгаарлагдахгүй) Хэрэв Та дээрх бүх зүйлсийг төлөвлөж, хэрэгжүүлж чадсан бол энэ нь МАРКЕТИНГ болно.
Аливаа бизнесийн байгууллага бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ ЗАХ ЗЭЭЛ-д хэрхэн оновчтой хүргэх вэ? гэсэн асуултанд тулж очдог. Тус асуултанд МАРКЕТИНГИЙН ХОЛЬЦ хариулт өгөх ба доорх хоорондоо уялдаа холбоо бүхий сонголтуудаас хамгийн оновчтой хувилбарыг сонгосон байдлыг МАРКЕТИНГИЙН СТРАТЕГИ, санаачилж хэрэгжүүлдэг хүнийг МАРКЕТЕР гэдэг.
Хорин жилийн өмнө бол Маркетингийн хольцыг 4Р гэж заалгаж байлаа, сүүлийн үед дэлхий дахинд 7P гэж яригддаг болсон, миний хувьд бол бүүр 14P байж ч болохоор юм шиг санагддаг:
-
- Products/Services (БҮТЭЭГДЭХҮҮН/ҮЙЛЧИЛГЭЭ): Худалдан авагч юу хүсч байна? Бид ямар ашиг тустай, ямар бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд санал болгож чадах вэ? гэсэн асуултуудад хариулдаг. Үүнд технологи, чанар, өнгө үзэмж, имиж, брэндинг гэх мэт зүйлсийг авч үзнэ. Үүн дээр нэмээд “Тэд юуг хүсч болох вэ?” гэсэн шинэ хандлага гарч ирсэний тод жишээ нь Apple компани юм.
- Prices/Fees (ҮНЭ): Үнийн бодлого ямар байвал урт хугацаанд өрсөлдөөнд ялж, үр ашигтай ажиллах вэ? Зах зээлд анх нэвтрэх үнэ, Өсөлтийн үеийн үнэ, Сэтгэлзүйн үнэ, Өрмийг нь хамах үнэ гэх мэт нөхцөл байдлаас шалтгаалсан үнийн стратегиуд бий. Гол баримтлах зарчим нь таны тогтоосон үнийг хэрэглэгч төлснөөр түүндээ тохирсон үнэ цэнэ авч байх ёстой.
- Place/Access (БАЙРШУУЛАЛТ): Хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ ямар байршилд, ямар хэлбэрээр хэрхэн хүргэх, түгээх вэ? Таны бүтээгдэхүүн үйлчилгээ нь зорилтот худалдан авагчдад хамгийн ойр дөхүү, худалдан авахад хялбар байх ёстой. Уламжлалт байршуулалт дээр нэмэгдээд онлайн дэлгүүрийн байршуулалт, хүргэлтийн үйлчилгээг нэмж ярих хэрэгтэй.
- Promotion (ИДЭВХЖҮҮЛЭЛТ): Ямар арга хэрэгслээр хэрхэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ таниулж худалдан авалтыг идэвхжүүлэх вэ? Зар сурталчилгаа, онцгой санал, дагалдах бэлэг, бонус, сугалаа, танилцуулга брошур гэх мэт. Сайн чанартай, боломжийн үнэтэй мөртлөө огт идэвхжүүлэлт байхгүйгээр амжилтанд хүрэхгүй.
- Public Relations (ПиАр): Худалдан авалтын шийдвэрт өөрийн итгэдэг хүнээсээ сонссон эерэг дүгнэлт маш чухал нөлөөтэй байдаг. Тиймээс сүүлийн үед ялангуяа сошиал медиа ашиглан эерэг Пи-Арын давалгаа үүсгэх арга түгээмэл болсон.
- Physical Evidence (БИЕТ БАТАЛГАА): Бид бүтээгдэхүүн үйлчилгээтэйгээ яв цав тохирсон ямар орчин нөхцөл, имиж бүрдүүлж зарах вэ? Хүн харж байгаа орчноосоо танай компанийн зарж бүтээгдэхүүн, үйлчилгээнд итгэж, баталгаа олж байх ёстой.
- People (АЖИЛТНУУД): Манай компанийн ажилтнууд ямар ур чадвартай, ямар зан чанартай байх ёстой вэ? Чанартай бүтээгдэхүүнтэй, маш зөв бодлоготой компани байсан ч өөрийн дэлгүүртээ харилцааны соёлгүй, хүнд үйлчлэх этик эзэмшээгүй, борлуулалтын арга техникт суралцаагүй худалдагчтай бол найдваргүй. Мөн зөвхөн борлуулалтын биш бусад ажилтнууд ч дам хэлбэрээр борлуулалтыг хийж байх ёстой юм.
- Partners (ХАРИЛЦАГЧИД): Бид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хөгжүүлэхийн тулд ямар ямар стратегийн түншүүдтэй ямар зарчмын дагуу хамтран ажиллавал зохих вэ? Тэдэнд хэрхэн таалагдах вэ?
- Processes (ҮЕ ШАТУУД): Бид хэрэглэгчдэд хялбар, ээлтэй байхаар худалдаа, үйлчилгээнийхээ ямар арга ажиллагааг сайжруулах, стандартчилах ёстой вэ?
- Positioning (БАЙРШИЛТ): Хэрэглэгчдийн сэтгэл зүрхэнд манай бүтээгдэхүүн, үйлчилгээ ямар имижтэй, хэрхэн төсөөлөгдвөл зохилтой вэ?
- Productivity (БҮТЭЭМЖ): Бид борлуулалтын арга ажиллагаагаа ямар технологиор хэрхэн автоматжуулж олон хэрэглэгчдэд хүрэх вэ? Ингэснээр цаг, мөнгөө хэрхэн хэмнэж, дашрамд нь чанараа хадгалж чадах вэ?
- Packaging (САВ, БАГЛАА БООДОЛ): Ямар тохиромжтой сав баглаа боодолтой байвал бүтээгдэхүүн үйлчилгээгээ дэмжих вэ?
- Purchasing (ХУДАЛДАН АВАЛТ): Бидний бизнесийн худалдан авалтын бодлого, зохицуулалтууд нь бидний бүтээгдэхүүн, үйлчилгээний мөн чанартай хэрхэн уялдаж хэрэглэгчдэд ойлгогдох вэ? Сүүлийн жилүүдэд бизнес нь байгаль орчинд ээлтэй байх, нийгмийн хариуцлагатай байх, хүний эрхийг зөрчөөгүй байх зэрэг шалгуурууд дэлхий даяар хүчтэй тренд болж ирлээ.
- Person (ХУВЬ ХҮН): Дижитал хувьсгалын нөлөөгөөр ямар нэг маркетингийн мэдэгдэл, борлуулалтын саналыг хувь хүнд нь зориулсан хэлбэрээр хүргэх явдлыг автоматжуулж хялбаршуулаад байна. Ингэхдээ тухайн хүний сонирхол, худалдан авалтын зан төлвийг түүний түүхэн өгөгдлийг нь ашиглан таамаглаж болно.
ЭЭЖ буюу САНХҮҮ
Айл өрхийн өдөр тутмын болон ирээдүйн амьжиргааг тооцоо судалгаа, шат дараатайгаар зорилгод чиглүүлэн залж, бүгдийг тэтгэн ивээж байдаг гишүүн бол гэр бүлийн гишүүн бүрт хамаатай, хүртээмжтэй хүрдэг хүн бол ЭЭЖ билээ.
Аливаа бизнест мөнгөөр шийдэгдэхгүй асуудал тун ховор бөгөөд САНХҮҮ бол хүнээр бол бие организмаар нь тасралтгүй эргэлдэх цусан хангамж юм. Орлого мөнгө өсөөд л байдаг, өр төлбөрийн дарамт хамт ихэсч байвал өрх бүлийн гишүүдийг тэтгэн тэжээж байдаг САНХҮҮ хэмээх бизнесийн үр дүнг бодит хөрсөнд буулгаж байдаг функцэд том асуудал тулгаржээ гэсэн үг. Юун түрүүнд бизнес эрхлэгч хүн САНХҮҮГИЙН ТАЙЛАН-гаа зөв уншдаг байхаас эхлэх ёстой. Санхүүгийн менежментийг буруу хийх нь олон шинэ соргог ирээдүйтэй бизнесүүд үүд хаалгаа барихад хүргэдэг. Эх үүсвэртээ тулгуурлаж зардлаа төсөвлөх, хөрөнгө оруулалтын хэрэгцээ, хэлбэрийг оновчтой тодорхойлох, өнөөгийн болон ирээдүйн санхүүгийн төлөв байдлыг бодитойгоор үнэлэх буюу мөнгөний жинхэнэ үнэ цэнийг гаргаж ирэх, эздийн өмч болон компанийн өмчийн зааг ялгаа зэрэг маш чухал асуудлууд энд яригдана.
ТОМ ХҮҮ буюу ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛ АЖИЛЛАГАА
ТОМ ХҮҮ бол хамгийн ажилсаг, биет үр дүнг бий болгодог гэр бүлийн маш чухал гишүүн бөлгөө. Шинэ технологийг зохистой хугацаанд нэвтрүүлэхээс гадна дижитал хувьсгал, хиймэл оюун ухаан эрчимтэй хөгжин буй үед зарим үйл ажиллагааны процессуудыг автоматжуулах нь маш чухлаар тавигдаад байна. Онлайн захиалга, автомат чатбот, орчуулгын программууд гэх мэт энгийн зүйлсийг нэвтрүүлснээр мөнгө хэмнэх, бүтээмжийг олон дахин нэмэгдүүлэх, хүнээс шалтгаалсан алдааг минимал байлгах гэх мэтчилэн давуу талууд үүснэ. Мөн зарим процессийг автоматжуулснаар түүнд зарцуулж байсан хүний нөөцийг бүтээгдэхүүн, хэрэглэгчид рүүгээ илүү төвлөрүүлж ажиллуулах боломжтой болж байна. “Технологи хөөж хөгж, үгүй бол зах зээлээс арчигд” гэсэн дүрэм дийлэнхи бизнесийн төрлүүдэд дэлхий даяар үйлчилж эхэллээ.
УДААХ ОХИН буюу ЗАХИРГАА, ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
Нягт нямбай УДААХ ОХИН бол гэрийн доторхи дүрмийг сахиулдаг, цэвэр цэмцгэр байдлыг хангадаг юм.
Захиргаа бол бизнесийн явагдах ерөнхий бүтэц зохион байгуулалтыг саадгүй явуулахыг хариуцдаг бол хууль эрх зүй нь компанийн бүх ажиллагаа нь тухайн улсын болон олон улсын хууль, дүрэм журмын дагуу байхыг хариуцна.
БАГА ХҮҮ буюу БОРЛУУЛАЛТ
БАГА ХҮҮ бол ААВ-ын үгнээс зөрдөггүй, сэргэлэн авхаалжтай, харилцааны ур чадвартай, сайхан хувцасласан, царайлаг залуу юм.
Хичнээн сайн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ байлаа гээд хангалттай БОРЛУУЛАЛТ л байхгүй бол бизнесийн дампуурал нь ойлгомжтой зүйл. Бизнест мөнгөөр шийдэж болдоггүй асуудал ховор. Сайн идэвхжүүлэлт, сайн ажилтан, сайн технологийг мөнгөөр шийдэж болно. Харин тэр мөнгийг борлуулалт л танд авчирна. Борлуулалтыг богино хугацааны өсөлт, нэг удаагийн худалдан авалтаар хязгаарлан ойлгож огтхон ч болохгүй бөгөөд ХАРИЛЦАГЧИЙН МЕНЕЖМЕНТ (CRM) хэмээх дэд бүтцийг бий болгон нуугдмал нөөц бололцоонуудыг шавхаснаар хэд дахин өсгөх бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл бизнес эрхлэгч хүн хэрэглэгчийн насан туршийн үнэ цэнийг бий болгох ёстой. Мэдээллийн энэхүү асар их урсгал дунд ялгарах өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой КОНТЕНТ-ийг үйлдвэрлэж хэрэглэгч, харилцагч, худалдан авагчиддаа үнэ цэнэ бүхий мэдээлэл, боловсрол нь олгох явдал сүүлийн үед борлуулалтанд нөлөөлөх маш чухал тренд болж ирлээ. Хуучны арга барилаар борлуулалт хийх нь явуургүй гэдэг нь улам бүр батлагдсаар байна.
ХЭРЭГЛЭГЧИЙН ЗАН ТӨЛӨВ буюу СЭТГЭЛ СУДЛАЛ-ыг орхигдуулж огт болохгүй. Алибаба компанийн хувьцаа шиг найдвартай өсөлт үзүүлэх зүйл байхгүй хэмээн экспертүүд дуу нэгтэй байсан чинь тэд ашгийн төлөвлөгөөгөө 2 улирал дараалан бууруулсан байна. “Экспертүүд бол үзэгдэл болсны дараа яагаад өөрийнх нь таамагласнаар болоогүйг тайлбарладаг хүмүүс” гэсэн хошигнол бий. Мэдээж АНУ-тай хийж байгаа худалдааны дайн, Хятадын эдийн засгийн өсөлтийн бууралт (сонин ойлголт) зэрэг нөлөөлж байгаа, гэхдээ ерөнхийдөө Хятадын зах зээл дахь хэрэглэгчдийн зан төлөв өндөр хурдтайгаар өөрчлөгдөж байгаа нь суурь хүчин зүйл болов уу. “Юм үзээгүй баян” гэдэг шиг гэнэт мөнгөтэй болонгуут хүн хэрэггүй зүйлс ихээр худалдан авдаг. Харин яваандаа ухаалаг хэрэглээ рүү тэмүүлнэ. Бээжин хотод очих бүрт ард иргэдийнх нь зан байдал, соёл, эдэлж хэрэглэж байгаа зүйлсэд хурдацтай дэвшил гарч буй нь ажиглагддаг. Брэнд хөөх нь харьцангуй багасаж, аль болох өөрт тохирсон фэйшн өмсдөг болсон, iPhone гар утас тансаг биш энгийн хэрэглээ болсон зэргээр тоочвол олон жишээ дурьдаж болж байна. Эдийн засгийн бодит (!) өсөлт хэрхэн хэрэглэгчийн зан төлөв, сэтгэлгээнд нөлөөлж байгааг эндээс шууд харж болох юм. Энэ жишээг авсан шалтгаан нь “customer behavior” буюу ХЭРЭГЛЭГЧИЙН ЗАН ТӨЛӨВ-т гарч байгаа өөрчлөлт, трендийг маш анхааралтай ажиглаж байхгүй бол баталгаатай юм шиг санагдах бизнест хүртэл урт хугацаандаа томоохон ЭРСДЭЛ учрах нь баараггүй. Улаанбаатар хотод буй бүх боломжит эд барааг багтаасан “түрээсийн лангуу” хэмээх бизнес модельтой их дэлгүүрүүд баримтлах СТРАТЕГИ-даа ирээдүйн хэрэглэгчдийн зан төлвийг бодолцсон өөрчлөлтүүд хийхгүй л бол 10 жилийн дараа гэхэд бүгд дампуурна гэдэгт бүрэн итгэлтэй байна.
ХЭРЭГЛЭЭНИЙ СЭТГЭЛ СУДЛАЛ сүүлийн үед бизнесийн байгууллагуудын анхааралд ороод байна. Хэрэглэгчдийн сонголт өсч, өөрсдийн юу хүсч байгаагаа тодорхой илэрхийлдэг болсон өнөө үед хүн худалдан авалтын шийдвэр гаргахдаа сэтгэл хөдлөлийг илүү чухалчилна. Бизнес эрхлэгч нар сэтгэл судлал, сэтгэл хөдлөлийг судалж, бизнестээ ашигласнаар өөртөө том давуу тал үүсгэж чадна. СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙН ОЮУН УХААН бол бизнесийн удирдагчдад маш чухал бөгөөд өөрийнхөө болон ажиллагсадынхаа мөн хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл хөдлөлийг мэдрэх, сэдэлжүүлэн удирдах, харилцаандаа ашиглах ур чадваруудын цогц юм. Өөрөөр хэлбэл энэ нь зүрх болон тархины уулзах цэгийг олж харах онцгой мэдрэмж билээ. Мэдээлэл, соёлын солилцоо амар хялбар болсон өнөөгийн дэлхий ертөнцөд тухайн орон нутгийн хэрэглэгчийн зан төлөв дэлхийн дундаж нийтлэг хэв маяг руу тэмүүлэх хандлагатай болсон билээ. Сэтгэл судлалын шинжлэх ухааны харьцуулалтын онол зэргийг маркетинг, борлуулалтанд өргөнөөр ашигладаг.
БАГА ОХИН буюу ИННОВАЦИ, СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭ
БАГА ОХИН бол хамгийн адтай бөгөөд үргэлж гайхшируулж байдаг хүүхэд билээ.
100 гаруй жилийн өмнөх хөрөнгийн зах зээл дээр хувьцаа нь борлогдож байсан бизнесүүдээс тоотой хэдээс бусад нь дампуурах, бутрах, өөр чиглэлд үйл ажиллагаа эрхлэх зэргээр өөрчлөгдсөн байдаг байна. Бизнесийн амьдралын мөчлөгийн дагуу тодорхой үе шатуудыг туулдаг, гэхдээ уналтын мөчлөгт байгаа бизнест ч гадаад, дотоод орчиндоо оновчтой маневр хийснээр дахин сэргэн мандах тохиолдол ч бий. Товчхондоо гэвэл ямарваа өөрчлөлт шинэчлэлт, инновацигүйгээр урт хугацаандаа бизнес оршин тогтнох боломжгүй юм.
1990-ээд оны интернет хувьсгалаас хойш дэлхийн бизнесийн бичигдээгүй хуулиудад огцом өөрчлөлтүүд хийгдсээр ирлээ, цаашид ч үргэлжилнэ. Бизнесийн ДИЖИТАЛ ОРЧИН улам бүр эрчээ авахын хэрээр бизнест ХУРД маш чухал болсон. Гадаад болон дотоод орчны нөхцөл байдал түргэн өөрчлөгдөж буй нөхцөлд ирээдүйн чиг хандлагад дасан зохицсон, хурд ихтэй жижиг бизнес нь салбарынхаа том бизнесийг залгих боломж нь бүрдээд байна. Нүүдэлчин өвгийн маань их байлдан дагуулалтын нууц нь бүх төрлийн хурд мөн шинэ арга тактикт нээлттэй байдал, тухайн нөхцөлдөө түргэн зохицож хариу үйлдэл үзүүлэх чадвар байсан гэдгийг бид мэднэ. Арван тавхан жилийн өмнө Nokia корпораци гар утасны зах зээл дээр ганцаараа ноёрхож байв. Тэд харин смарт гар утасны хөгжүүлэлтээ хойш нь тавьснаар дэлхийн трендээс маш хурдан хоцорч бизнесийн өрсөлдөөнд бүрэн утгаараа ялагдсаныг та бүхэн мэднэ. Дижитал технологийн эринд амжилт олж буй бизнесүүд түргэн хугацаанд үр дүнгээ өгөх ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТ-ийг оновчтой хэрэгжүүлж байгаагаараа илт ялгарч байна. Үүнтэй уялдаад бизнесийн зорилго бүрт шаардлагатай өөрчлөлтийг шуурхай удирдлагаар хангах төслийн менежментийн түр баг, бүтцийг оновчтой бий болгох нь маш чухал юм.
ТӨГСГӨЛИЙН ҮГ:
Өөрөө бүх зүйлд оролцож, бүгдийг хийх гээд стресст орсон бизнес эрхлэгчийг “бар унасан хүн”-тэй зүйрлэх нь бий. Хөндлөнгөөс харахад хүчтэй амьтан дээр мордоод давхиж яваа сүрлэг хүн мэт харагдана. Гэтэл үнэн хэрэгтээ бизнес эрхлэгч маань оюун санаа, бие цогцосын хувьд ядарч туйлдан барныхаа нуруун дээр арай ядан тогтон зүдэргээтэй аялалыг хийж байдаг. Ялагдагч харагдахгүйн тулд барнаасаа бууж болдоггүй, нөгөөтэйгүүр газар буувал барандаа өөрөө идүүлэх аюултай. Өөрөөр хэлбэл ийм төрлийн бизнес эрхлэгч ажилдаа нэг бүрчлэн биеэр оролцохгүй л бол бизнес нь дампуурах эрсдэлд орох нь элбэг. Үүний шийдэл нь бол танаас хамаарал харьцангуй багатай бизнестээ тохирсон БИЗНЕСИЙН СИСТЕМ-ийг бий болгох буюу дээр дурьдсан гол зүйлсийг зөв хийхээс бүх зүйл хамаарна. Эцсийн бүлэгт та тус бизнесийг хийснээрээ аз жаргалтай амьдрах зорилготой биз дээ? Бизнес хангалттай хэмжээнд бойжих үед та системээ хэдийнэ бий болгосон байвал өөрийгөө олон цагийн хүчир хөдөлмөрөөс чөлөөлж аз жаргалтай амьдрах нөхцлөө бүрдүүлж чадна. Энэхүү яг таны бизнест тохирсон систем тийм амар хялбараар бий болохгүй, олон төрлийн уналт босолтоос бүрдэх нь зүй ёсны буй заа.
Таны БИЗНЕС-т өндөр амжилт хүсэн ерөөе!
wow dajgui shuu