(Business.mn сэтгүүлийн 2018 оны 4 дүгээр сарын дугаараас)
Үйлчлүүлэгчид ид бужигнадаг үеэр Отгоо рестораныхаа тэйкний хажууд уйлж байлаа. Оюунаа гаднаас орж ирэн, найзыгаа хараад ихэд гайхав.
-Яасан бэ? Хэн миний хөөрхөнөөг гомдоосон бэ гэж Оюунааг асуухад
-Маш хэцүү байна аа. Ер нь ресторан ажиллуулахаа болих уу гэж Отгоо яг л ээждээ гомдоллож байгаа мэт мэлмэртлээ уйлан хэлэв.
Харин Оюунаа
-Битгий уйл, миний хөөрхөн өө. Бүгдээрээ үзүүлээд өгнө өө гээд найздаа урам өгч босгоод ресторандаа буй үйлчлүүлэгчиддээ инээмсэглэсээр үйлчилж эхлэв.
Энэ бол 20 настай дэггүй, “галзуу”, дэгжин таван найз охидын анхны бизнесийн анхны шантрал байлаа. Чимэдээ, Оюунаа, Лхагваа, Одноо, Отгоо нар 2008 онд нэгэн үйлчилгээний байгууллагад хамт ажилладаг байхдаа танилцаж тэдний нөхөрлөл эхэлжээ. Тэдний анхны бизнесийн төсөл болох хятад хоолны ресторан нь 600 м/кв хэмжээтэй, дээд давхарт нь зочид буудал байрладаг байлаа. Нэг удаагийн хоолны цагаар 100 гаруй үйлчлүүлэгч орж ирнэ. Тэд ресторанаа нээхдээ Хятад улсаас мэргэжлийн тогоочид авчирсан. Ингэхийн тулд олон бичиг баримт бүрдүүлэх шаардлагатайг мэдээгүйн улмаас тогоочдынхоо гадаад паспортод “хар тамга” хүртэл даруулж байжээ. Анхны бизнесээ энэ мэтээр хэцүүхэн эхэлж байсан ч таван найз өдгөө ресторан, гоо сайхны салон гэх мэт үйлчилгээний есөн салбартай, 100 гаруй ажилчидтай “Их Ажуруг” компани болж өргөжжээ.
“Найзгүй болъё гэвэл найздаа мөнгө зээл” гэдэг шиг найзууд хамтдаа үүсгэн байгуулсан бизнес ихэнх тохиолдолд ямар нэгэн асуудлаас болж дампуурдаг, тэр тусмаа эмэгтэйчүүд ихтэй газар хов жив, маргаан татардаггүй гэсэн ойлголт хүчтэй. Гэтэл хоёр биш таван эмэгтэй хамтраад бизнесийн 10 жилийн түүх бүтээжээ.
ТЭД ҮҮНИЙГ ЯАЖ ХИЙВ?
Ажил албаны болон хувийн харилцааны тухай
Тэд найз гээд бие биесээ дөвийлгөсөн эсхүл үл тоосон хандлага гаргадаггүй. Өөрөөр хэлбэл, эдгээр эмэгтэйчүүд өөрсдийгөө, ажилчдаа, гэр бүлийнхнээ гээд бүгдийг нь “хөөрхөн өө” гэж дуудна. Ингэснээр тухайн харилцаанд тодорхой хэмжээний хүндлэл, итгэлцэл үүсдэг байна. Энэ тухай тэд хэлэхдээ “Манай компанид дарга, цэргийн харилцаа гэж байдаггүй. Хурал хийхдээ хамтдаа бүгдийг хийнэ, үзүүлээд өгнө өө гэсэн хандлагатай байдаг. Бид тав захирал нь учраас заавал бид шийднэ гэсэн дүрэм байхгүй. Хэрвээ манай ажилчдаас шинэ санаа гараад, тэр нь байгууллагад хэрэгжвэл түүнээсээ ашгаа хүртэх боломжтой” гэв. Тэдний нөхөрлөл болон бизнесийн түүх нь нэг цэгээс, тэг хөрөнгөөс эхэлсэн учраас энэхүү дотно харилцаа нь өнөөдрийг хүртэл таван эмэгтэйг зангидаж, тодорхой хэмжээний амжилт гаргахад нь нөлөөлжээ.
Компанийн эзэмшил буюу хувьцааны тухай
Найз бүсгүйчүүдийн хэн нь ч бизнесийн онолын болоод практикийн мэдлэггүй. Сэтгүүл зүй, аялал жуулчлал, хүнсний технологич гээд өөр өөр чиглэлийн мэргэжилтэй. Тиймээс өнгөрсөн 10 жилийн хугацаанд тэд бизнесийг “махчилан” хийж, өөрсдийнхөө хэмжээнд сурчээ. Бүсгүйчүүд нас залуу, “галзуу” араншинтайн дээр нүдээ аниад зориг гарган бизнес хийж эхэлсэн учраас олон бүтэлгүйтлийг даван туулав. Энэ нь тэдэнд юунаас ч шантрахгүй байх сэтгэлийн хат, оюуны дархлааг өгсөн. Гэхдээ бизнесийн арга ухаан, технологид суралцах нь аливаа асуудал шийдвэрлэх цаг хугацааг товчилдог гэдгийг тэд хожуу ч гэсэн ойлгов. Тиймээс найзууд энэ салбарт хичээнгүйлэн суралцаж байна. Суралцсанаараа өөрсдийнхөө алдаа дутагдлыг олж, эхнээс нь засч залруулж байна. Үүнээс хамгийн чухал нь, цаашид улам олон төсөл хэрэгжүүлж, өргөжин хөгжихийн тулд компанийн түүх бий болгох, компанийн засаглалыг эхнээсээ сайн төлөвшүүлэх хэрэгтэйг ухаарч таван найз 2017 онд компаниа байгуулав. Байгуулснаасаа хойш компанийн засаглалд, тодруулбал нэг, хоёр биш таван үүсгэн байгуулагч байгаа учраас хувьцаа эзэмших, ашгаа хуваах тал дээр илүү анхаарч ажиллаж байна. Өмнө нь тухайн салбараа хариуцсан хүн салбарынхаа ашиг орлогыг авдаг байсан. Харин одоо тэд ашиг орлогоо нэгтгэж, хүн бүр хөрөнгө оруулсан хэмжээгээрээ компанийнхаа хувьцааг эзэмшиж байна. Мөн компанитай болсон учраас ерөнхий захирал хэрэгтэй тул таван найз дуу нэгтэйгээр Отгоогоо ерөнхий захирлаар сонгов. Учир нь анх бизнес хийх санааг тэр гаргаж байсан. Түүнчлэн найзууд дундаа шинийг санаачлагч, бүх зүйл дээр түүчээ нь байж чаддаг байна. Нийтийн хоолны үйлчилгээний салбарын хатуу өрсөлдөөний нөхцөлд ажиллаж байгаа тэдэнд бусдын л адил асуудал тулгардаг. Тэдний Баянбүрд болон 3,4 дүгээр хороололд байрлах ресторануудаас нь илүү “Нарантуул” захад байрлах цайны газар үргэлж асуудал, бэрхшээл дагуулдаг. Учир нь өдөр бүр, цаг тутамд хяналт, шалгалт ирж, асуудал байхгүй ч гэсэн торгодог байна. Хамгийн их үйлчлүүлэгчидтэй, хамгийн ачаалалтай, хамгийн хариуцлага өндөртэй, бусдаас илүү хурдан, хянамгай ажиллах шаардлагатай салбар нь Нарантуулынх.
Найзуудын бизнес нурдаг хамгийн түгээмэл шалтгаан буюу үнэт зүйл болон үзэл бодлын зөрүүтэй байдлын тухай
Таван найзын үнэт зүйл, алсын хараа, зорилго, мөрөөдөл нь нэг. Тодруулбал, тэд “Зөвхөн эмэгэйчүүдээрээ нэгдсэн групп компанитай болно” гэсэн дэврүүн мөрөөдөлтэй. Яагаад байж болохгүй гэж? Учир нь хүн төрөлхтний түүхэнд анх удаа эмэгтэйчүүд илүү бие даасан, баян чинээлэг болж байна. Үүнтэй холбоотой орчин үед “Womenomic” гэх нэр томьёо хүртэл үүссэн. Тиймээс найзуудын энэхүү зорилго бүтнэ гэдгийг тэдний туулсан зам, бичсэн түүхээс харж болно. Найз бүсгүйчүүд мөрөөдөлдөө хүрэхийн тулд бага багаар урагшилж байгаа бөгөөд тэдний үүсгэн байгуулсан компанийн ажилчдын 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд. Түүнчлэн тэд нэгнээ “хөөрхөн өө” гэж дууддаг. Хоорондоо яг л гэр бүл мэт дотно харьцдаг. Зарим компанийн удирдлага гэлтгүй ажилчид нь “би” төвтэй байдаг бол тэд үргэлж, ямар ч үед “манайхаан, эмэгтэйчүүд бид” гэж ярьдаг. Гэхдээ төгс, төгөлдөр зүйл байхгүйн болохоор тэдний хэн нэг нь алдаа дутагдал гаргах үед бие биенээ шүүмжилнэ. Шүүмжлэхдээ хэн нь хэндээ илүү нөлөөлж чаддагийг мэддэг болсон учраас амархан бөгөөд хурдан эв дүйгээ олдгоороо хоорондоо харилцаж, алдаагаа засдаг байна. Тухайн хүн ч гэсэн “хэрвээ энэ найз минь надад үг хэлж байвал би үнэхээр алдаагаа засах хэрэгтэй” гэдгээ ухаарч ойлгодог.
Ажил, амьдралдаа тодорхой хэмжээний амжилттай яваа ч тэд хүрээллийн хувьд хэт хумигдмал байдалтай болжээ. Зөвхөн онол, ажлын практикаар бизнес хийхийг сурна гэдэг өрөөсгөл ойлголт. Тиймээс найзууд хүрээллээ тэлж, бусдыг багтаа оруулж, зарим тохиолдолд ажилчдаасаа суралцдаг байна.
Монголын бизнес эрхлэгчдийн дунд “найзуудын бизнес хэрүүлээр дуусдаг” гэх бичигдээгүй хууль байдаг. Харин Чимэдээ, Оюунаа, Лхагваа, Одноо, Отгоо нар үнэхээр чин сэтгэлээсээ нөхөрлөж чадсан бол бизнес хийж болдогийг уншигч танд харуулж байгаа болов уу?
Тэдний бизнес 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл тогтвортой байгаагийн ганцхан нууц нь ердөө “нөхөрлөл” юм. Найзууд бие биенээ үргэлж нөхдөг. Тухайлбал Лхагваа, Отгоо хоёр сэтгэл хөдлөл ихтэй бол Чимэдээ, Оюунаа, Одноо гурав харьцангуй хашир, хүлээцтэй. Энэ тухай Оюунаа “Нурмайсан таван эмэгтэй байвал өдий зэрэгтэй болохгүй байсан. Харин ч Отгоо, Лхагваа хоёрын минь дэврүүн зан биднийг өнөөдөрт хүргэсэн” гэв. Харин Отгоо “Аливаа ажлыг ингээд л хийчихье гэж яаруу, сэтгэл хөдлөлөөрөө шийдэх гэхэд нөгөө гурван найзын минь хэлсэн үг, хандлага зэрэг нь үргэлж 80 хувь зөв байдаг” гэлээ.
Таван найз хамтарсны бас нэгэн давуу тал нь тэд хэзээ ч сэтгэл санаагаар унадаггүй. Үүний нууц нь нэгийн эсрэг дөрөв гэдэг зарчим. Хэрвээ нэг нь сэтгэл санаагаар унасан байвал тал талаас нь урам зориг өгөн “сэп” хийтэл босгоод л ирнэ. Энэ бүхэн нэг хүний туулах бэрхшээлийг тав дахин багасгаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нэг хүн бүтэн өдрийн турш таван ажил амжуулж байхад таван найз нэг цагт бүгдийг нь зэрэг амжуулах давуу талтай.
Бизнесийн түлхүүр нь болсон тэдний нөхөрлөл нэг мөрөөдөл, нэг зорилго дээр тогтож байна. Зөвхөн эмэгэйчүүдээрээ нэгдсэн групп компани байгуулна гэх мөрөөдөл эхлээд таван охидынх байсан бол одоо тэдний нөхөр, үр хүүхэд гээд таван гэр бүлийн, цаашлаад “Их Ажуруг” компанийн 100 гаруй ажилчдын мөрөөдөл болжээ.