Business.mn сэтгүүлийн экспертүүд хямралын үед ямар бодлого, арга хэмжээ хэрэгжүүлэх талаар ийн зөвлөж байна. 

Бизнес моделийн шинэчлэл хийх хэрэгтэй болж байна

Стратегийн зөвлөх, манлайллын хөтөч Ц.Оюунжаргал

Карантин дуусахаар хуучин нөхцөл байдал эргээд сэргэнэ гэж бодож байгаа бизнес эрхлэгчид, компанийн захирлууд байгаа бол энэхүү ташаа ойлголтоо маш хурдан таягдан хаяарай. Учир нь нэг талаас нийгмийн харилцаа, хэрэглэгчдийн зан төлөв хурдацтай өөрчлөгдөж байна. Үүнтэй зэрэгцээд хамгийн мэдрэмжтэй, хурдтай ажилладаг компаниудын бизнес модель нь хамгийн бага өртгөөр илүү үнэ цэнийг үйлчлүүлэгчиддээ санал болгох загвар руу шилжиж байгаа нь эргэлт буцалтгүй үзэгдэл юм.   

Өмнөх санхүүгийн хямралтай харьцуулахад энэ хямрал нь халдварт өвчнөөс үүдэлтэй нийгмийн эрүүл мэндийн хямрал учир хүмүүс гадуур явалгүй гэртээ байнга шахуу байх шаардлагатай болж байгаагаараа онцлог. Өөрөөр хэлбэл ихэнх хэрэглэгч онлайн орчинд урд өмнөхөөс илүү цаг хугацааг өнгөрөөж байгаа учир бизнесүүд онлайн орчин дахь үзэгдэцээ хэд дахин өсгөх хэрэгтэй болж байна. 

Хямралын үеийн санхүүгийн төлөвлөгөөг Сайн, Дунд, Муу гэсэн хувилбараар боловсруул

sanhuuch.mn -ийг үүсгэн байгуулагч, санхүүгийн зөвлөх Ч.Мөнхбадрах

  • Орлого зардал, худалдан авалт, төлбөр тооцооны өгөгдлийг гурван хувилбартайгаар урьдчилан бэлтгэх;
  • Бизнес бүрэн зогсох, мөнгөний дутагдалд орохоос зайлсхийх. Ямар ч систем бүрэн зогсоод хөдлөх, “шааригдаж” байгаад цааш хурдлах нь ашиглах нөөцийн хувьд маш их ялгаатай.
  • Хямрал дуусах, бизнесийн салбар хэвийн болох үед санхүүжүүлэгч банктайгаа сайн харилцаатай байх нь чухал. Иймд ямар ч хувилбарын үед зээлийн хүүгээ төлж байхаар тооц.
  • Төлбөр түргэн гүйцэтгэх чадвараа 1 – ээс дээш барь. Энгийнээр тайлбарлавал, богино хугацаанд төлөх ёстой өр төлбөрөөс дутуугүй хэмжээнд бэлэн мөнгөний нөөцтэй бай. Өөрөөр хэлбэл, хамгийн муу хувилбараар санхүүгээ төлөвлөсөн ч гэсэн бэлэн мөнгөний үлдэгдэл 0-ээс дээш байх ёстой. 

ТТГЧ = (Эргэлтийн хөрөнгө – Бараа материал) / (Богино хугацаат өр төлбөр)

Харилцагч талуудтай байнгын холбоотой бай

Эрнст энд Янг Монголиа

Бизнесээ шинэчлэх, мөн харилцагч, ажилтан, ханган нийлүүлэгч, зээлдүүлэгч, хөрөнгө оруулагч, захиргааны байгууллагын дэмжлэг авч байхын тулд тодорхой, ил тод, цагаа олсон харилцаа холбоо нэн чухал.

– Харилцагч: Бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээнд нөлөөлсөн бол энэ тухай харилцагч нартаа мэдээлэх ёстой. Ханган нийлүүлэлт эсвэл үйлдвэрлэл тасалдсаны улмаас гэрээний үүргээ биелүүлж чадахгүй бол цаг хугацааны асуудлыг дахин авч үзэх эсвэл гэрээнд заасан давагдашгүй хүчин зүйлийн заалтыг ашиглах шаардлага гарна. Иймэрхүү идэвхтэй ажиллагаа нь хүнд шийтгэл эсвэл худалдан авагчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүлээх хариуцлагыг хөнгөрүүлэх боломж олгоно.

Ажилтнууд: Ажилтнуудын хувьд байнгын холбоотой байх нь сэрэмжлэх болон бизнесийн хэвийн ажиллагааны үеийн сэтгэл зүйн тэнцвэрийг хангахад чиглэнэ.

Ханган нийлүүлэгч: Ковид-19 дэгдэлтийн үеэр бараа, үйлчилгээ нийлүүлэх боломж болон үйл ажиллагаагаа сэргээх төлөвлөгөөнийх нь талаар ханган нийлүүлэгчдээс байнгын мэдээлэл авч байх шаардлагатай. Ингэснээр нийлүүлэлтийн өөр сувгийг түргэн хугацаанд олох боломжтой болно.

-Зээлдүүлэгч, хөрөнгө оруулагч: Хугацаа тулсан өрийг тодорхойлох, зээлийн гэрээний нөхцлөө зөрчихөөс сэргийлэх үүднээс зээлийн гэрээний ерөнхий нөхцлүүдийг хянах хэрэгтэй. Ингэж хянаснаар одоогийн нөхцөлд шаардлагатай өөрчлөлт оруулах эсвэл гэрээг дахин санхүүжүүлэх талаар зээлдүүлэгч нартай идэвхитэй ярилцах боломжтой болох давхар давуу талтай юм.

Засгийн газар, захиргааны байгууллага: Эрсдэлийн талаар компаниуд хуулийн болон эрсдлийн удирдлагын багуудтай зөвлөлдөх шаардлагатай.

Цар тахлын үед бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг эргэлзэлгүй шууд эхлүүл

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи компанийн Судалгаа, хөгжил хариуцсан захирал Ч.Даваасүрэн

Хэрэглэгчдийнхээ санаа сэтгэлийг бүрэн ойлгож, дэмжсэн зүйлсийг хийж, тэдний зүрх сэтгэл дэх топ брэндийн байр суурийг олж авах хэрэгтэй. Хэрэглэгчдийн зан төлөв огцом өөрчлөгдсөн учраас тэд шинэ зүйл туршихад бэлэн байгаа, тиймээс бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн ажлаа эргэлзэлгүй шууд эхлүүл. Ингэж чадсан бизнес амьд үлдэж чадна гэж дэлхий даяар 90 улсад салбартай 18,130 ажилтантай, дэлхийн №3 IPSOS компани зөвлөж байна. Тэд дэлхийн санхүү, эдийн засгийн хэд хэдэн хямралыг харилцагчдадаа тусалж хамт даван гарсан байдаг.

Цар тахал биднийг олон зүйлийг эргэж бодоход хүргэж байна. Бизнесүүд илүү нийгэм, олон нийтийн асуудлыг шийдвэрлэх бизнесийн загварт шилжих боллоо. Ийм бизнесийн загварыг хэрэглэгчид дэмжиж, үүнийг дагаад ашиг орлого нь нэмэгдэж байна. Маркетингийн стратеги ч үүнийг дагаж өөрчлөгдөж байна. Мөнгө, орлого гэдэг байдлаар харах бус зүрх сэтгэлтэй хүн гэдэг утгаар хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ тодорхойлж, маркетингийн үйл ажиллагаандаа энэ байдлаар хандах болсон.

Цар тахлын хямрал аутсорсингийн бизнес хийхэд таатай

Бизнесийн зөвлөх Б.Билгүүнжав

Хувиараа аутсорсингийн бизнес эрхлэхээр шийдвэрлэсэн танд эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал илүү боломжууд авчирч магадгүй. Томоохон байгууллагууд үүдээ хааж, хүний нөөцийн цомхотгол хийж байгаа үед зах зээлд өндөр ур чадвартай ажиллах хүч нэмэгдэж байгаа. Ямар ч амжилттай бизнесийн хамгийн чухал хүчин зүйл болох чадвартай хүний нөөцийн олдоц өнөө үед харьцангуй таатай байгаа гэсэн үг. 

Хэрэв та санхүү бүртгэлийн мэргэжилтэй, үүндээ мэргэшсэн бол нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ, хууль эрх зүйгээр мэргэшсэн бол мэргэжлийн хуулийн үйлчилгээ, автомашины засварчин бол байгууллага бүтэн цагийн засварчин байлгаснаас автомашинуудынхаа засвар, үйлчилгээг таниар гүйцэтгүүлж болно. Ямар чиглэлийн бизнес эрхлэх нь таны ур чадвар, мэргэшил, туршлагаас бүрэн хамаарна. Аутсорсинг нь хувь хүний ур чадвар дээр түшиглэсэн бизнес тул Та өөрийн партнер, хамтран зүтгэгчээ сонгохдоо ухаалаг хандаж, ментортойгоо сайтар зөвлөлдөхийг хүсье.

Цар тахлын нөхцөлд сэдэлжүүлэлтийн орчинг яаж хадгалах вэ?

Сургалт, зөвлөх үйлчилгээний NCS компанийн үүсгэн байгуулагч Д.Болор

Одоогоор цар тахлын улмаас  Дэлхийн эдийн засгийн өсөлт буурч зарим салбарын бизнес үндсэндээ зогсч олон мянган компаниуд дампуурснаас олон арван сая ажилтан ажилгүй болсоор байна. Манай улсын хувьд ч ялгаагүй жижиг, дунд олон компани хаалгаа барьж, том компаниуд ажлын байраа цомхотгон, тодорхойгүй хугацаагаар цалингүй чөлөө өгч, цалингаа бууруулж, шагнал урамшууллаа зогсоолоо. 

Бизнесийн орчны энэ таагүй хүнд нөхцөлд ажлын байраа цомхотгохгүй байх, бизнесээ зогсоохгүй байхын тулд сэдэлжүүлэлтийн орчинд юу хийх талаар өөрсдийн туршлагаас хуваалцвал:

  • Ойрын хугацааны зорилтоо энгийн ойлгомжтой тодорхойлон хямралын үеийн төлөвлөгөө боловсруулж ажилтнууддаа ойлгуулах
  • Ажилтнуудтайгаа нээлттэй харилцаж  санал, сэтгэгдлийг сайн сонсч, бүтээлч сэтгэлгээг илүү  хөгжүүлэх
  • Ажилтнууддаа нөхцөл байдлын талаархи мэдээллийг үнэн зөв, цаг тухайд нь өгөх
  • Ажлаа эрэмбэлж, үндсэн ажилдаа шаардлагатай хүч нөөцөө төвлөрүүлэх
  • Зардлын үзүүлэлт бүрээ нягталж хэмнэх, процессын сайжруулалт хийх
  • Цалин нэмэх, шагнал урамшуулал өгөхөө хойшлуулах
  • Хөнгөлөлт, халамжийн бодлогоо хянах
  • Ажилтнуудын ажлын цагийг багасгах, зайнаас ажиллуулах

Сорилтын үед захирал өөрийнхөө хөгжих цагийг хэзээ ч танаж болохгүй

“Обзерв Консалтинг” ЗҮБ-ийн Менежментийн зөвлөх Т.Пүрэвхатан

Цар тахал төдийгүй эдийн засгийн хүндрэл, цочролуудыг бизнесийнхэн сайнаар олж харвал эдгээр тохиолдлын дараа тунаж үлдсэн байгууллага томорч чаддаг. Мөн тухайн бизнес, байгууллага тогтвортой байх дархлаа суудаг. Яаж тэсэж, тогтож үлдэх вэ гэхээр ерөөсөө л борлуулалтаа харна. Манай борлуулалт, үйлчилгээний дүн яаж байгааг шинжлэх нь хамгийн чухал зүйл. Өнөөдрийн байдлаар бидэнтэй харилцаж буй зарим байгууллагын борлуулалт бүр хоёр дахин өсч байна. Гэтэл нөгөө талд зарим бизнес эрхлэгч үүнд бэлтгэлгүй байсан учир шууд үйлдвэрлэх боломжгүй гээд бууж өгч байна. Өнөөдөр танай бизнесийн борлуулалт унаад байвал энэ нь таны үнэхээр бодох ёстой асуудал. Тэр уналт, борлуулалт муудаад буйн цаад шалтгааныг нь олох хэрэгтэй. Хэрэглэгчийн худалдан авалт унасан гэдэг үгээр хааж болохгүй. Үнэхээр танай хэрэглэгчийн худалдан авалт муудсан уу, эсвэл орлох бүтээгдэхүүн байна уу, хэрэглэгчийн худалдан авах зан үйл өөрчлөгдсөн үү гэдэг яг тэр нарийн шалтгааныг нь хайж олоорой. Шалтгаанаа үнэн зөвөөр хайж олсон тохиолдолд ажиллаж болж байгаа юм.

Үүнээс гадна бизнес эрхлэгчид байгууллагаа үнэхээр байгууллага болгоё гэж зорьж л байгаа бол өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Байгууллагын хөгжил тухайн удирдлагын хөгжлөөс шууд хамаардаг. Цар тахал, эдийн засгийн уналт зэрэг сорилтын энэ үед захирал өөрийнхөө сурч боловсрох хөгжих цагийг хэзээ ч танаж болохгүй. Энэ цагийг хасах юм бол танай бизнес бүр хүндрэлтэй байдалд орно.

 

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

Б.Нямцэрэн: Бид анхнаасаа л бүрэн дижитал төлөвт ажиллаж ирсэн

Өмнөх нийтлэл

ОУХБ: Ажлын байр, орлогыг дэмжсэн бодлогыг үргэлжлүүлэх шаардлагатай

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.