Бизнесийн гараагаа эхэлж буй энтрепренерүүд зохих хэмжээний мэдлэг чадвартай байдаг ч бизнесийн ертөнцийн бодит байдлыг төдийлөн мэддэггүй бөгөөд хар ухаан дутдаг. 

Өөрийн бизнесээ эхлүүлэхийн өмнө өөр нэг гарааны бизнес эсвэл компанид ажиллах нь ажил хэрхэн явагддагийг мэдэх сайн арга юм. Учир нь хамгийн сайн их сургууль ч танд туршлагаараа олж авах мэдлэгийг олгож чадахгүй. Мөн тухайн салбартаа туршлагагүй байж бизнес хийж их мөнгө олно гэвэл хэзээ ч бүтэхгүй. 

Бизнес эрхлэх нь тийм ч хэцүү биш бөгөөд бизнесийн суурь ойлгот, ерөнхий зарчмуудыг их сургуульд мэдээж заадаг. Гэвч амьдрал дээр гарч байж л сурдаг бизнесийн туршлага гэж бий.

1. Бизнесийг та эхлүүлж, баг өсгөдөг

Үндсэн шийдлээ боловсруулж хүмүүст хүргэхийн зэрэгцээ борлуулалт, идэвхжүүлэлт, бизнесээ өргөжүүлэх ажлыг хийхэд таны цаг хэзээ ч хүрэлцэхгүй. Багаа зөв бүрдүүлж, хөгжүүлэх нь зөв хүмүүсийг ажилд авах, санал бодлоо чөлөөтэй хуваалцах, чадварлагаар манлайлах зэргийг багтаасан хүнд ажил юм. 

Уолл Стритийн хөрөнгө оруулалтын нэгэн компаниас ажлын гараагаа эхэлсэн нь бизнесийн зүй тогтнол, бодит байдлыг ойлгоход нь их тус болсныг Амазон компанийг үүсгэн байгуулагч Жеф Безос хүртэл хүлээн зөвшөөрдөг.

2. Оюуны өмч бол өрсөлдөх чадварын баталгаа

Таны сэдсэн зүйл хэний ч санаанд оромгүй туйлын шинэлэг тул патент, зохиогчийн эрхийн тухай одоохондоо санаа зовоод хэрэггүй гэж бодож магадгүй. Гэвч санаагаа эртхэн хамгаалахгүй бол өрсөлдөгчид тань нүд ирмэхийн зуур хуулбарласан байх вий. Мөн хэрэв та оюуны өмчийн хангалттай бааз үүсгээгүй бол хөрөнгө оруулагчид танд мөнгө өгөхгүй.

Энэ тухайгаа яриад байдаггүй ч Элон Маск зөвхөн Тесла компанийнхаа нэр дээр 350 патент эзэмшдэг. Тэрбээр энэ олон патентаа цахилгаан машины салбарт тэргүүлэгч болохын зэрэгцээ зах зээлээ хурдан өргөжүүлэхэдээ ашигласан байдаг.

3. Стратегийн төлөвлөлт бол хөрөнгө оруулалт

Төлөвлөгөө гаргах нь жилийн эхэнд нэг удаа хийдэг үзэгдлийн шинжтэй зүйл биш тогтмол хийдэг ажил байх ёстой. Юмс өдөр бүр өөрчлөгдөж байдаг бөгөөд дараагийн алхмаа хийхийн тулд та хүчин чармайлт гаргаж, цаг хугацаа зарцуулах шаардлагатай. Өрсөлдөөнд амьд үлдэхийн тулд үргэлж шинэчлэгдэж байх хэрэгтэй.

4. Хамгийн сайн шийдэлд ч маркетинг хэрэгтэй

Мэдээллийн урсгалд дарагдсан интернетийн орчинд хэрэглэгч таныг бус та хэрэглэгчээ олох ёстой. Олныг шуугиулсан видео, ам дамжсан яриагаар бий болсон анхны хэрэглэгчид бизнесийн тань өсөлтийг хадгалж чадахгүй. Иймд нийгмийн сүлжээ, вэбсайт зэрэг сурталчилгааны төрөл бүрийн платформыг ашигла.

Олон залуу энтрепренер “Бид энийг хийчих л юм бол үйлчлүүлэгчид аяндаа хүрээд ирнэ” гэдэг үгийг маркетингийн төлөвлөгөөний оронд хөрөнгө оруулагчдад “танилцуулдаг”. Гэвч маркетингийн төлөвлөгөөгүй компанийг хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн хэн нь ч тоодоггүй.

5. Өрсөлдөгчөө бүү бас

Таны санал болгож буй шийдэл, санаатай өрсөлдөх шийдэл байхгүй байна гэдэг сайн зүйл биш. Өрсөлдөгч үгүй бол зах зээл үгүй гэсэн үг. Иймд таны санал болгож буй зүйл хэрхэн ялгарч, бусдаас түрүүнд алхахын тулд юу төлөвлөсөн бэ гэдэг тань чухал. 

Бизнес эхлүүлэхийн тулд шинэлэг шийдлийг санал болгох хэрэгтэй нь үнэн ч амжилттай бизнес болоход энэ хангалтгүй. Үүний тулд танаас манлайлал, төлөвлөлт, үйл ажиллагаа явуулах, өсөлтийг бий болгох зэрэг олон чадвар шаардагдана. Харин эдгээрийн ихэнхд нь номноос бус туршлагаар суралцдаг. 

Хэрэв та бизнесийн хар ухааныг эрт сурвал дараа нь бага зовно. Зөвлөх болон менторуудтай харилцаа тогтоосон эсвэл ямар нэг компанид ажилласан туршлага танд өөрийнхөө замыг хөөх цагт заавал хэрэг болно. 

Хичээл зүтгэлийнхээ үр шимийг хүртэж суух нь сураагүйгээ нөхөхөд амьдралаа зориулснаас дээр биз дээ?

Эх сурвалж: inc.com

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Б.Мишээл

Ковидын үеийн маркетингийн дэлхийн чиг хандлага

Өмнөх нийтлэл

Компаниуд бүсээ улам чангална

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like