Covid-19Маркетинг

Ковидын үеийн маркетингийн дэлхийн чиг хандлага

0

Монголын маркетингийн холбоо, MMCG компани хамтран зохион байгуулсан “Covid marketing online forum 2020” хурлаас тоймлон хүргэж байна. 

Цар тахлын нөлөөгөөр дэлхий дахины ажил, амьдралын хэв маяг өөрчлөгдөж, үүнээс үүдэн маркетингийн арга барил, чиг хандлагад томоохон өөрчлөлт бий болсныг олон улсын байгууллагуудын судалгаа илтгэж байна. Нөгөөтэйгүүр, улс орнууд дахь дижитал шилжилтийг хурдасгах гол хүч нь хүн биш, цар тахал гэх мэт сонирхолтой дүгнэлтүүд хийж буй. Gartner-ийн судалгаагаар Гүйцэтгэх захирал, ТУЗ-ын гишүүдийн 39 хувь бизнес моделио өөрчлөх хэрэгтэй гэж үзэж байна. Тийм учраас маркетерүүд илүү санаачлага гаргах шаардлага үүсээд байна.

Энэ цаг үеэс цааш маркетерүүд уламжлалт маркетингийн арга барилаар явахад хүндрэлтэй болох нь. Хуучин бүтээлч сэтгэлгээ давамгайлдаг байсан бол одоо дижитал, аналитик сэтгэлгээнд тулгуурлавал зохилтой. Түүнчлэн маркетингийн бизнесийн загваруудаа өөрчлөх шаардлага үүсээд байна. Үүний цаад шалтгаан нь эдийн засгийн хүндрэл, түүнээс үүдэлтэй бизнесүүдийн орлого саарч буй явдал юм. Улс орнуудын эдийн засагт тулгарч буй гол асуудал нь тээвэрлэлт, ханган нийлүүлэлт. Нийт эдийн засаг үүнээс хамаарч багасч буйг бөгөөд салбарынхан хорио цээрээс улбаатай дээрх асуудалд анхаарч ажиллаж байна. Нөгөө талаас эрэлтийн асуудал тулгарч буй.

Дэлхий даяар хэрэглээ багасч, түүхий эдийн үнэ буурч байгаа тул хэрэглэгчийн төлөвт дүгнэлт хийх шаардлага бий болсон. Товчхондоо, зах зээл өөрчлөгдөж буй энэ үед өөрчлөлттэй нүүр тулахаас өөр арга үгүй. Цар тахалтай дасан зохицож амьдарч буй амьдралын шинэ хэв маягт хүмүүс дасан зохицож улмаар хэрэглээ өмнөх байдалдаа орохгүйгээр өөрчлөгдсөнийг судлаачид тэмдэглэжээ.

Хэрэглэгчид худалдан авалтаа хумиж байна.

McKinsey, Deloitte тэргүүтэй дэлхийн томоохон 10 гаруй зөвлөх үйлчилгээний байгууллагын тайлангаас нэгтгэж харахад хэрэглэгчийн зан төлөвийн өөрчлөлт хамгийн том өөрчлөлт болж байна. McKinsey-н судалгаагаар АНУ-ын хэрэглэгчдийн 40 хувь нь зардлаа ердийн хэмжээнээс танаж, цаашид зайлшгүй хэрэгцээт зүйлсийг худалдаж авах хандлагатай байгаа юм. Дэлхий дахины тансаг хэрэглээний зах зээл энэ онд 23 хувиар буурч 281 тэрбум ам.доллараас 217 тэрбум ам.доллар болсон нь дээрх дүгнэлтийг нотолж буй. Харин ганцхан Хятадын зах зээлийн тансаг хэрэглээ өсчээ. Үүнийг судлаачид дэлхийн даяар явж брэндийн худалдан авалт хийх нь орон нутаг руугаа шилжсэнтэй холбоотой гэж үзжээ.

Харин Энэтхэг улсын хэрэглэгчид дунд явуулсан судалгаагаар тодорхойгүй байдлаас болж хэрэглэгчдийн 76 хувь нь худалдан авалтаас хэмнэлт хийж, хуримтлал үүсгэх хандлагатай байна.

Дэлхий нийтээрээ эрүүл хооллолт, гэрийн хэрэглээг анхаардаг болжээ. Тухайлбал, АНУ-ын хэрэглэгчдийн 60 хувь нь гэртээ хооллохыг чухалчилж, чанар, эрүүл ахуйг эрхэмлэж байна. Эндээс цаашид эрүүл, органик, чанартай бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэх хандлагатай буйг судлаачид онцолжээ.

Хөл хорио тогтоосны улмаас зайнаас үйлчлэх үйлчилгээ эрс нэмэгдэж байгаа бөгөөд АНУ-д теле эмнэлгийн үйлчилгээ гурав дахин өсөж, онлайн фитнессын зах зээл ковид-19 эхлэх үеэс 50 хувиар өсөөд байна. Бүх зүйл буцаад хэвэндээ орсон ч үргэлжлүүлэн онлайн худалдан авалт хийнэ гэж хэрэглэгчдийн 40.1 хувь хариулжээ. Gartner-ийн судалгаагаар 2020 онд дэлхийн брэндүүд зөвхөн E-commerce сурталчилгаанд 59 ам.доллар зарцуулаад байна. Энэ нь огцом өсөлт гэдгийг тэд онцолжээ.

Брэндийн хамгийн чухал шалгуур нь нийгмийн хариуцлага болж хувирлаа.

Цар тахлын нөлөөгөөр нийгэм, соёлын өөрчлөлт бий болж байна. Хэдийгээр буцаж хэвэндээ орсон ч хэрэгчдийг 73 хувь нь гэрээс гадуурх үйл ажиллагаанд буцаад оролцоно гэдэгт итгэлтэй бус байна гэв. Зөвхөн ковид гэлтгүй сүүлийн жилүүдэд хэрэглэгчдийн хандлагын өөрчлөлт бий болж, брэндүүд бусдын төлөө байдлыг эрхэмлэх ёстой болж байна. Брэндийн хамгийн чухал шалгуур нь нийгмийн хариуцлагатай байдал боллоо. Тиймээс брэндингийн бизнес эрхлэгчид илүү хариуцлагатай байж хүмүүст илүүтэй анхаарах шаардлага үүсч байна. Тухайлбал, Америкийн хэрэглэгчдийн 90 хувь нь брэндүүд хүнлэг, бусдын төлөө байх ёстой гэж үзэж буй бол 86 хувь нь эмпати буюу үнэнч байдалд чухал гэж үзжээ. Цаашид бизнесүүд нийгмийн хариуцлагадаа одоогийнхоос илүүтэй анхаарах хэрэгтэйг хэрэглэгчид сануулжээ. Их Британи, ХБНГУ-ын хэрэглэгчдийн 88 хувь нь компаниуд байгалийн бохирдлыг бууруулахад анхаарах хэрэгтэй гэж үзэж буй. Ийнхүү хэрэглэгчид өөрчлөгдөхийн хэрээр маркетингийн салбар өөрчлөгдөж байна.

Gartner-ийн таамаглалаар 2023 онд байгууллагуудын 25 хувь нь маркетинг, борлуулалт, хэрэглэгчийн туршлагыг 1 функцид нэгтгэнэ. Үүнийг дагаад наад зах нь маркетерүүд сэтгэлгээний хандлагаа өөрчлөх болж байна. Энэ салбарт гарч буй том өөрчлөлтийн хөдөлгөгч хүч нь технологийн өөрчлөлт болж буйг судлаачид онцолж буй. Товчхондоо, дижитал болсноор хэрэглэгчийн мэдээлэл цуглуулах боломж нэмэгдэж байна. Хэрэглэгчдийн 80 хувь нь тухайн брэнд хүн бүрд хүрсэн маркетинг хөгжүүлэлт хийнэ гэвэл хувийн мэдээллээ хуваалцахад бэлэн гэж хариулжээ. Худалдан авагчдын 86 хувь нь өөрт нь тусгайлсан бүтээгдэхүүн үйлчилгээнд их мөнгө зарцуулна гэсэн байгаа юм.

Цар тахлын нөлөөгөөр дэлхийн зар сурталчилгааны зах зээл 63 тэрбум ам.доллараар бууралт үзүүлжээ. Гэсэн ч дижитал маркетингид илүүтэй анхаарал хандуулж байна. Deloitte-гийн судалгаагаар дижитал маркетингийн төсөв 2020 оны хоёрдугаар сарын байдлаар өмнөх улиралтай харьцуулахад 18 хувиар өссөн. Уламжлалт маркетингийн зах зээл 22,6 хувиар буурах төлөвтэй байна. Маркетингийн мэргэжилтнүүдийн 55 хувь нь уулзалт эвентүүдийг виртуал хэлбэрээр хийж буй нь шинэ арга барил хэдийнээ бий болж эхэлснийг илтгэж байгаа юм. Дэлхийн чатботын зах зээл 2018 онд 1.17 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байсан бол 2026 он гэхэд 10.08 тэрбум доллар хүрэх хүлээлттэй байна.

Дараагийн нийтлэлд Монголын маркетингийн чиг хандлагын талаар өгүүлнэ.

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Г.Орхон

HR уудын ажлын ачааллыг хэрхэн бууруулах вэ?

Өмнөх нийтлэл

Их сургуульд заадаггүй бизнесийн 5 зөвлөгөө

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.