Өндөр технологийн Intel компанийн гүйцэтгэх захирал асан Энди Грөүв “High Output Management” номондоо менежер хүн юу хийх ёстой тухай дараах байдлаар товчхон томьёолжээ:

Менежерийн ажлын гүйцэтгэл = түүний удирдлага доорх байгууллагын гүйцэтгэл + нөлөөнд багтах байгууллагуудын гүйцэтгэл.

Менежер хүний мэргэжлийн мэдлэг, ур чадвар нь хэзээ байгууллагадаа үнэ цэнэтэй байх вэ гэвэл тэрбээр мэдлэг, чадвараа ашиглан ажилтнуудынхаа бүтээмжийг нэмэгдүүлж, потенциалаа гаргахад нь хөшүүрэг болсон цагт байдаг тухай тус номонд тэмдэглэжээ. (Энди Грөүв Intel-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаанд компанийн зах зээлийн үнэлгээ 4 тэрбум ам.доллараас 197 тэрбум ам.доллар болтлоо буюу 4500 хувиар өссөн байдаг.)

Тэгэхээр нийт байгууллагын гүйцэтгэл нь менежерийн гаргасан шийдвэрийн чанараас хэрхэн хамаарахыг дээр дурдсан энгийн томьёоноос харж болно.

Дракер Форум 2020-д юу яригдав?

Орчин үеийн менежментийн эцэг гэгддэг Петр Дракерийн нэрэмжит Дракер институтээс жил бүр лидерүүд болон менежерүүдэд зориулан зохион байгуулагддаг “Глобал Петр Дракер Форум” энэ оны 10 сард Австрийн Вена хотноо 12 дах удаагаа болж өнгөрчээ.

Тус форумын гол зорилго нь хүн төрөлхтөний нүүр тулгарах асуудлууд жил ирэх тусам ярвигтай болохын хэрээр манлайлагч, менежерүүд олон мэргэжлийн салбарын мэдлэгийг хэрхэн зөв менежмент хийж, хэцүү нөхцөл байдлаас хэрхэн өсөлт, хөгжил рүү биднийг чиглүүлэх тухай хэлэлцэхэд оршино.

Энэ жилийн форум COVID-19 цар тахлын үед менежерүүд яаран шийдвэр гаргахын өмнө асуудлын мөн чанараа хэрхэн ойлгох, асуудал менежерээс ямар мэдлэг, чадвар шаардах тухай суурь ухагдахуунуудыг онцгойлон хөнджээ.

Мэдээж хүн төгс биш бөгөөд бүхнийг мэдэх боломжгүй учир алдаа гарах нь ойлгомжтой. Олон төрлийн асуудлууд ижил төрлийн мэдлэг бус өөр өөр салбарын мэдлэгийг шингээсэн шийдвэрийг шаардах нь бий.

Дата анализ дээр үндэслэн гаргах ёстой байсан шийдвэр олны уур амьсгалыг даган гарсан бол ямар үр дүн гарах бол?

Аливаа албан байгууллагын цаашдын ирээдүй, үнэт зүйл, ёс зүй дээр тулгуурлан гарах ёстой байсан шийдвэр дан ганц менежерийн итгэл үнэмшилд үндэслэн гарвал байгаа онох болов уу?

Эдгээр асуултыг эртний Грекийн философич Аристотель “Никомаховын ёс зүй” номондоо хөндсөн байдаг ба форумын үеэр энэ тухай юу яригдсаныг дор өгүүлье.

Аристотель нь асуудлуудыг гурван категорид хуваасан ба тус бүрийн асуудал өөр өөр салбарын мэдлэг шаардлагатай талаар дурджээ. “Techne” гэдгээр тэр юм бүтээдэг, үйлдвэрлэдэг практик салбарын мэдлэгийг хэлсэн аж. “Episteme” нь физик, одон орон, биологи, математик гэх мэт шинжлэх ухааны мэдлэг. “Phronesis” нь ёс зүй, үнэт зүйл, стратегийн шинж чанартай асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх тухай категори. Улс орон, албан байгууллага, аж ахуйн нэгжийн бодлого, стратеги энэ ангилалд багтана.

Аристотель асуудлыг ийн анх категоричлон ялгасан нь аливаа асуудалд тогтсон аргачлалтайгаар, тодорхой зарчмын дагуу хандаж, шийдэл олох мэргэжлийн үйл ажиллагааны суурийг тавьжээ.

Шинэ апп, вэбсайт, систем хөгжүүлж байгаа эсвэл барилга барьж байгаа бол “techne” ангилалд орно. Огторгуйн үүсэл, хөгжлийн талаар судалж байгаа бол “episteme” салбар. Харин улс орон эсвэл албан байгууллага, компанийн төсвийг хэрхэн хуваарилах талаар бодлого боловсруулж байгаа бол “phronesis” категорид багтах аж.

Аристотель яагаад энэ гурван төрлийн мэдлэгийг онцолсон бэ гэхээр эдгээр нь асуудлыг өөр өөр шийдэх арга барил, дадлыг шаарддаг учраас тэр аж.

Харин орчин үеийн томоохон хувийн болон төрийн албан байгууллагын менежер эдгээр гурван төрлийн асуудалтай өдөр бүр тулгарах ба асуудлын шийдэлд таарсан салбарын мэдлэгийг ашиглах шаардлага үүснэ. Өөрөөр хэлбэл, аливаа асуудал нь аль төрлийн мэдлэгийг шаардах салбар вэ гэдгийг гадарлах наад захын мэдлэгтэй байх хэрэгтэй гэсэн үг.

Үйлдвэрлэлийн процессоо сайжруулах асуудал нь олон боломжтой сонголтоос оновчтойг нь сонгох “еpisteme” мэдлэгийг шаардана. Үүний дараа ямар технологийг сонгож, хэрхэн ажиллуулах вэ гэдэгт “techne” мэдлэг хэрэгтэй. Харин тухайн технологио худалдаж авах санхүүгийн эх үүсвэрээ хэрхэх вэ гэдэг асуултад “phronesis” хариулт өгнө.

Ялангуяа цар тахлын онцгой үе салбар, байгууллагын хэмжээ үл хамааран менежерүүд, лидерүүдийг онцгой нөхцөл байдал дунд ярвигтай шийдвэрүүд гаргахыг шаардаж байна.

Гагцхүү асуудлыг аль категорид багтахыг зөв тодорхойлж, оновчтой шийдлийг ямар мэргэжлийн салбар гаргах боломжтойг ойлгож, ажлаа зөв хуваарилж чадсан нөхцөлд түүний удирдлага доорх байгууллага болон хүмүүс үр бүтээлтэй ажиллах боломжтой. Гарсан үр дүн хуруу чичилсэн, хэн нэгнийг буруутгасан өнгө аястай байвал анхнаасаа асуудлыг буруу таньж, буруу шийдвэр гаргасаныг илтгэх биз.

Цар тахлын үеэр төрийн байгууллагуудын менежерийн гаргах шийдвэр нь хүний амь, эрүүл мэнд, эдийн засагт асар их нөлөөтэй учир мэргэжлийн диагноз, дата анализ, бусдын мэдлэг туршлагад үндэслэн, хамтын шийдвэр гаргавал болзошгүй алдааг багасгах боломжтойг Дракер Форумын үеэр онцолжээ.

Автор: Б. Мөнхбат

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 4.00 out of 5)
Loading...
Бизнес сэтгүүл

“Төгс компани бүтээх нууц” номын тухай (№ 66)

Previous article

Багануур: Шинэчлэл хийх стратегиуд

Next article

1 Comment

  1. Сайн мэдээлэл байна

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like