Монголын говь олон “эрдэнэс” агуулдаг нь нэгэнт тодорхой болжээ. Тэдгээрээс одоогоор хамгийн том нь мэдээж “Оюу толгой”. Харин тус уурхайн дараа орох боломжтой нэгэн төсөл дуншиж буй нь Шивээ Энержи цогцолбор төсөл юм. Эл төслийн нэгжийн захирал Ш.Доржрагчаатай ярилцлаа.

-Шивээ энержи бол мега төсөл. Хөрөнгө оруулалтын хэмжээ нь бараг Оюу толгойтой дүйцнэ. Та эл том төслийн талаар манай уншигчдад тодорхой танилцуулна уу?
-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар 2015 онд БНХАУ-д төрийн айлчлал хийсэн.

Тус айлчлалын хүрээнд Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэсэн эрчим хүчний цогцолбор барих төслийн ТЭЗҮ-ийн судалгааны ажлыг хамтран гүйцэтгэх тухай Эрчим хүчний яам, БНХАУ-ын Үндэсний цахилгаан дамжуулах сүлжээ (Стэйд Грийд) корпорац хооронд гэрээ байгуулснаар манай төслийн судалгааны ажил эхэлсэн юм.

Төслийн хүрээнд хийсэн урьдчилсан судалгаагаар Шивээ овоогийн уурхайг түшиглэн 5280 Мвт-ын цахилгаан станц барьж, үйлдвэрлэсэн эрчим хүчээ БНХАУ-ын эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нийлүүлэх 660 КВ-ын тогтмол гүйдлийн цахилгаан дамжуулах шугам барих, жилд 20 сая тонн хүртэлх хүрэн нүүрс олборлох уурхайг бүтээн байгуулах бөгөөд нийт 7,1 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэхээр төлөвлөж байна.

Цахилгаан станцын тухайд одоо ашиглагдаж байгаа дэлхийн хамгийн том нүүрсээр галладаг цахилгаан станцтай (Тайвань улсын Тайчунгийн цахилгаан станц) ойролцоо суурилагдсан хүчин чадалтай болох юм. Цахилгаан дамжуулах шугамын урт нь 1200 гаруй км байх бөгөөд дамжуулах шугамаар БНХАУ-ын Тяньжины цахилгаан сүлжээнд холбогдоно.

Товчхондоо дүгнэж хэлэхэд Монгол Улс эрчим хүч импортлогч бус экспортлогч болоход хамгийн их хувь нэмэр оруулах төсөл юм.

-Танай төслийн баг сүүлийн нэг жилийн хугацаанд ямар ажлууд хийж гүйцэтгэв? Ойрын хугацаанд ямар чухал ажлууд хүлээгдэж байна вэ?
-Төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх үүднээс Эрчим хүчний сайдын тушаалаар Шивээ-Овоогийн нүүрсний орд газрыг түшиглэн уурхай, цахилгаан станц, хэт өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам барьж, цахилгаан эрчим хүч экспортлох цогц төслийн Техник, эдийн засгийн үндэслэлийг хүлээн авч, судлан танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг бүх талын төлөөллийг оролцуулан 22 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.

Түүнчлэн “Стэйд грийд” корпорацаас мэргэжилтнүүд урьж ажиллуулахаар төлөвлөж байгаа ч коронавирусийн цар тахлын улмаас хойшлогдож байна.

-Тус төслийн хамтрагч, гол гүйцэтгэгч “Стэйт Грийд” корпорацын талаар танил­цуулна уу?
-“Стэйт Грийд” бол БНХАУ-ын газар нутгийн 88 хувийг эрчим хүчний сүлжээгээр хангадаг, 1.1 тэрбум хэрэглэгчдэд үйлчилгээгээ хүргэдэг, жилд 363,1 тэрбум ам.долларын орлоготой ажилладаг, 609.2 тэрбум ам.долларын өөрийн хөрөнгөтэй дэлхийн хамгийн том эрчим хүчний корпорац юм. Мөн зөвхөн Хятад улсдаа төдийгүй олон улсад эрчим хүчний чиглэлээр хөрөнгө оруулалт хийдэг. Тухайлбал, Филиппин улсын цахилгаан дамжуулах сүлжээний 40 хувь, Португал улсын 25 хувь, Италийн 30 хувь, ГДС-ий 30 хувийг тус тус эзэмшиж байна.

-Аливаа мега төсөл амжилттай хэрэгжих эсэх нь санхүүжилтээс ихээхэн шалтгаалдаг. “Шивээ энержи” төслийн санхүүжилтийг хэрхэн шийдэх төлөвлөгөөтэй байна вэ?
-Төсөлд шаардлагатай санхүүжилт болох 7,1 тэрбум ам.долларын 20 хувийг “Стэйт Грийд” корпорац өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж, үлдсэн 80 хувийг БНХАУ-ын дотоодын хөрөнгө оруулалтын банкуудаар дамжуулан санхүүжүүлэхээр төлөвлөсөн.

-Эл мега төсөлд учирч болзошгүй ямар эрсдэл, саад бэрхшээл байж болох вэ?
-Мэдээж олон эрсдэл бэрхшээл тулгарч байна. Жишээлбэл, цар тахлаас шалтгаалж хоёр талын хооронд болох ёстой байсан уулзалт, судалгааны ажлууд цуцлагдлаа. Гэхдээ бид төслийг аль болох урагшлуулах үүднээс онлайнаар холбогдон ажлаа ярилцаад, харилцан ойлголцоод явж байна.

-Цахилгаан станцыг барих, тогтвортой үйл ажиллагаа явуулахад байгаль орчны, тэр дундаа усны асуудал ихээхэн хөндөгддөг. “Шивээ энержи” төсөл энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр ТЭЗҮ-дээ тусгасан бэ?
-Төслийн усан хангамжийг Хэрлэн голд тохируулгын босго байгуулах болон гол үертэй байх үед хиймэл нууранд хуримтлуулаад төслийн талбай руу 110 км-ийн урттай хоолой байгуулан татахаар төлөвлөж байна.

Төслийн ТЭЗҮ-ийг олон улсын стандартын дагуу гүйцэтгэж буй бөгөөд байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи ашиглахаар төлөвлөсөн. Хэрлэн голыг зөвхөн үерийн усаар төслийн усны хэрэгцээг хангах боломжтой байгаа нь байгаль орчинд сөрөг нөлөө багатай шийдэл юм. Түүнчлэн орон нутгийн иргэдийг цэвэр усаар давхар хангах бололцоо нээгдэнэ.

-Төсөл хэрэгжсэнээр Говьсүмбэр аймаг Налайхаас хоёр дахин том хот болно гэж төлөвлөж байгаа юм билээ. Энэ мэтчилэн тус төслийн Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлэх эерэг нөлөөг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Төслийн хүрээнд манай улсад их хэмжээний гадаадын хөрөнгө оруулалт орж ирнэ. Үйл ажиллагаа эхэлснээс хойш эхний таван жилд Монгол Улсын ДНБ-ийг жил бүр дөрөв орчим хувиар өсгөх боломжтой гэж үзсэн. Мөн төслийн үйл ажиллагааны үед 5,000 гаруй ажлын байр бий болох ба нийт ажилчдын ерээс дээш хувь нь монголчууд байх юм.

Бүтээн байгуулалтын үед 20 мянга гаруй ажилтан ажиллуулахаар төлөвлөж байна. Мөн нийт ажилчдын 30-аас дээш хувийг нарийн мэргэжлийн чиглэлээр дотоодын болон БНХАУ-ын их сургуулиудад сургахаар төлөвлөсөн. Ингэснээр тухайн аймаг, орон нутгийн ард иргэдийн боловсролын түвшин дээшлэх давхар ач холбогдолтой юм. Улсын төсөвт орд ашигласны татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, орон нутгийн татвар, ашигт малтмалын нөөц ашигласны татвар, агаарын бохирдлын татвар болон экспортын гэх мэт бусад татварыг төвлөрүүлнэ. Үйл ажиллагаа эхэлснээс хойш жилд хоёр тэрбум ам.долларын орлого олж, үүний тодорхой хувийг Монгол Улс хүртэх боломжтой.

Түүнчлэн илчлэг бага, чанар муутай хүрэн нүүрсийг эдийн засгийн эргэлтэд оруулан нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгож экспортыг төрөлжүүлэхийг зорьж байгаа нь нэг том давуу тал юм.
Цаашдаа дэлхийн жишиг болохуйц эрчим хүчний цахилгаан станц Чойр хотын дэргэд байгуулагдсанаар тус хотыг орчин үеийн болгон хөгжүүлж дэд бүтэц, эрүүл мэнд, боловсрол зэрэг салбарыг цогцоор нь хөгжүүлэхээр төлөвлөж  байна.

“Mongolian Economy” сэтгүүлийн 2020 оны 9-10-р сарын дугаараас

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

“Дэлхий дээрх Марс” олон улсын цахим хурлыг МҮОНТ-ээр шууд дамжуулна

Өмнөх нийтлэл

Д.Амар: Энэ зуун бол метан хийн эрин үе

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.