0

Эзэндээ ээлтэй эрх цагаан ишиг ээлээ үзүүлж монголчууд бид ноолуураа дахин боловсруулж олон улсад экспортлохоос гадна дотооддоо төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадаж буйг уншигч та бид андахгүй. Гэвч малаас гарч буй бусад түүхий эдээ “хаан ширхэгт” шиг эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй байгаа нь харамсалтай. Ялангуяа, малчны хотонд хөглөрөн үнэгүйдээд буй хонины ноос, хогийн цэг рүү чулуудахад хүрсэн нэхий зэрэг бусад түүхий эдээ эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэйг амтай болгон хэлдэг ч ажил болж буй нь хуруу дарам. 

Саяхан олон нийтийн сүлжээгээр “Монголд хонины ноосоор даавуу үйлдвэрлэж байна” гэж шуугиж эхэлсэн нь сэтгүүлч миний сонирхлыг татаж, даавуу үйлдвэрлэж буй үйлдвэртэй танилцаж, уншигчиддаа хуваалцахаар хэрэг шулуудсан нь энэ. 

Улсын хэмжээнд жилдээ 25 мянган тонн хонины ноос авдаг ч үүнийхээ 20-30 хувийг л утас болгон ашигладаг гэх тооцоо бий. Монголчууд хонины ноосыг “төмөр” утас хэмээн нэрийдэж хивс үйлдвэрлэхэд ашигладаг. Харин өнөөдөр энэ “төмөр” утсаар даавуу нэхэж байна. 

Хан-Уул дүүрэг дэх “Мишээл экспо” төвийн хажууханд байрлах “Вlue Sky Кашимер” гэх томоо цагаан барилга руу явж орлоо. Үүдэнд угтагч эмэгтэй олон хавтастай бичиг баримт дэлгэн түүн рүүгээ нухацтай ширтэн суух агаад намайг орж ирснийг анзаараагүй бололтой. “Сайн байна уу, би танай үйлдвэртэй танилцахаар ирсэн сурвалжлагч байна аа” гэж хэлэхэд “Таныг хоёр давхарт хүлээж байгаа” гэлээ. Үйлдвэрийн байр гэхэд цэвэрхэн, бас тохилог орчин угтлаа. Ямар нэгэн сайд, дарга ирэх гэж байгаа мэт маш цэгцтэй, цэмцгэр өрөөнд орох нь тэр. Ер нь энэ үйлдвэр тэр чигтээ ийм. “Ханбогд кашимер” ХХК-ийн үйлдвэрлэл хариуцсан захирал Д.Нямтунгалаг, “Blue Sky кашимер” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч И.Дариймаа нар үйлдвэрлэлийн хэсэг рүү дагуулан оров. 

“Blue Sky кашимер” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч И.Дариймаа

“Могол ноос” ХХК 2012 оноос бүдүүн ноосыг ашиглан нарийн номерын буюу 52/20-ын утас хийн, “Blue Sky кашимер” ХХК-ийнхан тус утсаар даавуу үйлдвэрлэж байгаа нь энэ. Мөн тэд торомны ноос, сарлагын хөөврөөр ч даавуу хийж байна. Гол түүхий эд ноос, ноолуурыг “Ханбогд кашимер” ХХК угааж боловсруулан нийлүүлдэг. Товчхондоо тэд самнаж бэлтгэсэн ноос, ноолуурыг будан ээрмэл утас хийн, утсаараа нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Ийнхүү нэг даавуу, драп эвсэл нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд 1000-аад хүний хөдөлмөр шингэж буйг үйлдвэртэй танилцах явцад дуулгалаа.

Нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд 35 дамжлага, утас, түүхий эд бэлтгэн эцсийн бүтээгдэхүүн бэлэн болоход үйлдвэрлэлийн 50 гаруй дамжлага дамждаг. Эхлээд дизайнер зургийг нь гаргаж, нэхэх явцад орох утасны хэмжээ, өнгө зэргийн тооцоог гаргана. Үүний дараа хөндлөн болон суурь утсыг нь ороож, нэхмэлийн зургаан машин дээрээ цэнэглэж тавин нэхмэл бүтээгдэхүүн, даавууг нэхдэг байна.

“Blue Sky кашимер” ХХК-ийн үйлдвэрийн байр 2008 онд Английн “Blue Sky holding” компанийн хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан. Орчин үеийн бүрэн автомат өндөр хүчин чадалтай Германы Stoll, Sheller, Японы Shima Seiki, Английн Бентли, Jon Laurie, Италийн Somet зэрэг брэндийн тоног төхөөрөмжөөр тоногложээ. 

Энэ үйлдвэр 115 мянган ширхэг сүлжмэл, 350-650 мянган уртааш метр нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Мөн 250 мянган тонн самнасан  ноолуур будаж, 30 мянган кг ээрмэл утас үйлдвэрлэх хүчин чадалтай цогц үйлдвэр. Тэд самнасан ноолуур худалдан авч ээрмэл утас хийн сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Нэхмэл ороолт, шааль, хөнжил, ноолууран нэхмэл даавуу болон бүх төрлийн сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд бүтээгдэхүүнийхээ 80 орчим хувийг экспортолдог болжээ. 

Одоогоор тус үйлдвэрт 150 хүн ажиллаж байна. Бүрэн хүчин чадлаараа ажиллавал нийт 400 хүнийг ажлыг байраар хангах боломжтой томоохон үйлдвэр. Нэхмэлийн 36 төрлийн тоног төхөөрөмжтэй. Нэг төхөөрөмж дээр нэг л хүн ажиллах ёстой байдаг аж. Харин биднийг танилцах үед нэхмэлийн гурван машины дунд нэг эмэгтэй дамжин ажиллаж яваа харагдав. Үйлдвэрт ажиллах хүчин олдохгүй байгаа бөгөөд тэд ихэнх ажилчдаа өөрсдөө сургаж авсан нь энэ гэлээ. Ингэхдээ амжиргааны доод түвшингээр цалинжуулж дунджаар гурван сарын хугацаанд сургадаг аж. Хүмүүс төдийлэн амжиргааны доод түвшингээр удаан хугацаанд ажиллах сонирхолгүй байдаг тул нэг сар болгоод үндсэн ажилтнаар цалинжуулдаг байна. 

“Blue Sky кашимер” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч И.Дариймаа “Бид энэ оны долдугаар сарын нэгнээс эхлээд тавин хувийн хүчин чадлаараа ажиллаж байна. Бүрэн хүчин чадлаараа ажиллах сонирхол байгаа ч одоогийн ажилчид маань сунаж ажлаад ядардаг. Ажиллах хүчин байхгүй учир хүссэн хүсээгүй ийм байдлаар ажиллаж байна” хэмээв. 

Нэг төхөөрөмж дээр нэг л хүн ажиллах ёстой. Харин ажиллах хүчингүй тул нэхмэлийн гурван машины дунд нэг эмэгтэй дамжин ажиллаж байна.

Мэргэжилтэй боловсон хүчин үгүй, үйлдвэрлэлийн шатыг цогцоор нь сурсан хүн үгүй тул тэд сургаж авч байна. Мэргэжлийн бус хүн авч ажиллуулахад наад зах нь машин, тоног төхөөрөмжтэй зөв харьцахгүйн улмаас бэртэж гэмтэх зэрэг хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлын хүндрэл гардаг. Нөгөө талаас, үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд сүүлийн үеийн автомат учир эвдрэл гэмтэл гарах үед мэргэжлийн хүн олдохгүй зэрэг хүндрэл гардаг аж. 

Монгол Улс жилдээ 2.5 сая метр даавууг сурагчын дүрэмт хувцас, ажлын хувцас зэрэг ахуйн хэрэглээнд хэрэглэдэг гэх статистик бий. Гэвч даавууны дээрх хэрэгцээгээ зуун хувь импортын даавуугаар нөхдөг. Товчхондоо, оёдлын үйлдвэрүүд импортоос хамааралтай болчихсон гэхэд хилсдэхгүй. Угтаа мал аж ахуйн орон. Нөгөө талаас, эдийн засгийн таатай орчин бүрдээгүй тул үнээс хамаарч импортын даавууг түлхүү хэрэглэж байна. Дээрх шат дамжлагаар өнөөдрийн байдлаар нэг метр хонины ноосон даавууг 35-40 мянган төгрөгийн өртөгтэйгөөр үйлдвэрлэж байгааг тэд хэлсэн. Гэтэл урд хөршөөс орж ирж буй даавуу нэг метр нь 3500-8000 төгрөг, Солонгос, Турк даавуу 10-30 мянган төгрөгийн үнэтэй байна. 

И.Дариймаа “Дотооддоо оёдлын үйлдвэрүүдээ монгол даавуугаар хангая гэхээр өртөг дээрээ очоод уначихаж байна. Даавууг зузаан, нимгэн гээд хүссэнээрээ үйлдвэрлэж болно. Орон нутгаас ирсэн оёдлын салбарынхан ирж сонирхоод үнэхээр биширдэг ч манай даавууг худалдаж авахад үнэтэй байна гээд буцдаг” гэж ярилаа. Үйлдвэрлэгчдийн зүгээс үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаад 360 мянган уртааш метр даавуу үйлдвэрлэвэл одоогийн өртөг буурах боломжтойг учирлав. Учир нь одоо ашиглаж буй том тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын зардал өндөр гардаг. “Нэг толгой даавуу орсон ч 10 толгой даавуу хийсэн ч энэ нүсэр машины мотор ажиллана” гэж тайлбарлалаа. Нөгөө талаас үнэ дагаж чанар гэдэг утгаар энэ өндөр үнийг хүлээн зөвшөөрч болохоо нуусангүй. Сүүлийн үед дэлхийн хувцас судлаачид хүний хувцас амьсгалдаг байхыг чухалчилж буй. Импортын даавууны дийлэнх нь полистер ихтэй байдаг гэв. “Wool гэж бичигтэй хэдий ч маш бага хувь нь буюу 2-10 хувь хонины ноос байдаг.  Аливаа даавууг шатааж үзэхэд полистер утас нь умайж эхэлдэг. Харин хонины ноосон эко даавуу шууд л шатчихдаг” хэмээн И.Дариймаа ярилаа. 

Цар тахлыг хэрхэн гэтлэв

Кластерыг монголд маш сайн хөгжүүлэх ёстойг үйлдвэрлэлийн бизнес эрхлэгчид дуу нэгтэйгээр ярих болсон. Кластераар ажиллаж байж оёдлын салбарын импортын хараат байдлыг бут цохиж чадах бөгөөд тэд кластераар ажиллах сонирхол, зорилготой буйгаа манай сэтгүүлээр дамжуулан илэрхийлэхийг хүссэн. 

Blue sky кашимерынхан “Ханбогд кашимер” ХХК-тай долдугаар сарын нэгнээс менежментээр хамтарч ажиллаж эхэлснээр 50 хувийн ч хүчин чадлаараа ажиллаж чадахгүй, хүндхэн байдалд ороод байсан энэ үйлдвэрт маш том дэмжлэг болжээ. 60 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай ийм том үйлдвэр сул зогсоно гэдэг тун харамсалтай. Учир нь нэг тоног төхөөрөмж нь багаар бодоход 60-аад сая төгрөг. Ноолуур өөрөө маш их хөрөнгө шаардсан том бизнес. Харин үйлдвэрүүд ийнхүү хамтарч дутуугаа нөхөснөөр аль аль талдаа ажилчид нь цалингаа цагтаа аваад явж байна.  И.Дариймаа “Би ижил төстэй үйлдвэрүүдээ өрсөлдөгч гэхээсээ илүүтэй хамтрагч гэж хардаг. Үйлдвэр маань ч анх тэр зорилгоор байгуулагдсан. Анхнаасаа самнах анхан шатны үйлдвэр байгуулж болох байсан. Тийм учраас түнш хэмээн гэж харж хамтарч ажиллах зорилго тавьж явна” хэмээв. Түүний хувьд салбартаа 33 жил ажиллаж байгаа бөгөөд тус үйлдвэрт ажиллаад 10 орчим жил болжээ. 

Тус үйлдвэр бүтээгдэхүүнээ Англи, Герман, Итали, Орос, Япон, Солонгос руу экспортолдог. Эдгээр улсын түншүүд сүлжмэл утас, нэхмэл ороолт, шааль, хөнжил түлхүү худалдан авдаг аж. Мөн ижил төстэй үйлдвэрүүдийн ээрмэл утас хийн, зарим брэндийн драп, даавууг үйлдвэрлэх зэргээр дотоодын 15 компанитай хамтарч ажиллаж байна. Гадны орнуудаас сонирхолтой худалдан авалт багагүй хийдэг бөгөөд Арабын нэг баян эр Blue Sky кашимерт зуун хувь ноолууран зуун ширхэг бүтээлэг захиалан хийлгүүлж байсан удаатай. Чухам үүнийг юунд хэрэглэснийг нь хожим сонирхоход уралдааны мориндоо нөмрүүлэх гэж хийлгэсэн байж. Хэрэглэгчийн таашаалд тухайн бүтээгдэхүүн нийцвэл хүн юунд ч зориулж худалдаж авч болохыг эндээс харж болох. 

Цар тахлын нөлөөгөөр тус үйлдвэрийн гадны захиалга буурч үйлдвэрлэлийн тоо хэмжээ багасчээ. Гэхдээ тэд энэ цаг үед ашиг гэхээс илүүтэй ажилчдаа ажлын байртай байлгаж үйлдвэрлэлээ хэвийн ажиллуулахыг зорьж байна. Зарим тохиолдолд ашигтай ажиллаж байгаа боловч өртгөөсөө доогуур үнээр гэрээ хийх тохиолдол гарч, хаалгаа түгжээд явчихмаар ч үе байсныг тэд нуусангүй. 

Тус үйлдвэрийн хувьд цар тахлын үед төрөөс орлого нь 50 хувиас буурсан аж ахуйн нэгжийн ажилчдад 200 мянган төгрөг олгох дэмжлэгийг хүртэж чадаагүй. Учир нь 2020 оны дөрөвдүгээр сарыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад орлого нь 20 хувь буурсан байв. Гэхдээ Засгийн газраас татвар, нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлсөн нь маш том дэмжлэг болсон гэлээ.

 Монгол Улс жилдээ 2.5 сая метр даавууг сурагчын дүрэмт хувцас, ажлын хувцас зэрэг ахуйн хэрэглээнд хэрэглэдэг гэх статистик бий. Гэвч даавууны дээрх хэрэгцээгээ зуун хувь импортын даавуугаар нөхдөг.

Гэсэн ч үйлдвэрийн хувьд цар тахал том цохилт болсны нэг жишээг танд сонирхуулъя. Гадны орны захиалагчид нэг жилийн өмнө тухайн жилийн захиалгаа өгдөг бөгөөд тэд 2021 оны шинэ захиалгаа авчихсан байжээ. Ихээхэн хэмжээний захиалгат бүтээгдэхүүн бэлэн болоод агуулахдаа хураасан байхад нь цар тахал гарч багагүй гэрээ цуцлагдсан байна. Мэдээж тэд байнгын харилцагчдаасаа урьдчилгаа төлбөр аваагүй байж. Үйлдвэрийн тухайд нэгэнт гэрээ байхгүй тул цаашид яах вэ. Бизнес төлөвлөгөөндөө огцом өөрчлөлт оруулж, үйлдвэрээ шатлал бүрээр нь ээлжилж амраав. Эхлээд будах хэсгийн ажилчдаа, дараа нь ээрэх үйлдвэрлэлийнхнийг амраана. Бүр зогсоосон ч удаа бий аж. Харин сүлжмэлийн үйлдвэрт нь бага зэргийн захиалга байсан тул энэ хэсгийн цөөн ажилтан л ажилтай байжээ. Ийнхүү дөнгөн данган ажиллаж байхад нь “Ханбогд Кашимер”-ээс санал тавьж, менежментээр нэгджээ. Ханбогд кашимер ХХК-ийн үйлдвэрлэл хариуцсан захирал Д.Нямтунгалаг “Бид анхан шатны самнасан ноолуур, угааж самнаж байгаа. Харин ээрэх үйлдвэр дээрээ хамтарч ажиллах байгууллага хайж байгаад эднийхийг сонгосон. Тэд олон шалгуур үзүүлэлтийг хангасан. Ээрмэл утас болон нэхмэл даавуу үйлдвэрлэж буйгаар Монголдоо анхдагч гэдэг утгаараа тэднийг сонгосон. Эцсийн бүтээгдэхүүн чанартай гарна гэж үзсэн” гэж ярилаа. 

Blue sky кашимерынхан хамгийн их даавуу экспортолсон түүх бол 200 метр буюу 4 рулон тэмээний ноосон даавууг ОХУ-руу экспортолж байжээ. Одоогоор Герман, Солонгос, ОХУ-руу монгол даавууныхаа дээжийг явуулаад байна. Германы харилцагчиддаа нэлээд найдлага тавьж буй бөгөөд ОХУ-ын нэг компанитай кластераар ажиллах санал тавьжээ. Европын зах зээл ноолуур гэхээсээ илүүтэй өртөг багатай үйлдвэрлэл рүү орж хонины ноос, сарлаг, торомны ноос түлхүү сонирхох болжээ. Харин Монголд нэхмэлийг ороолт, шаль хэлбэрээр сонирхоод байгаа ч дэлхий нийт нэхмэл бүтээгдэхүүний эрин зуун болсон гэж үзэж буй. Тэд ойрын хугацаанд эдийн засгийн боломж бололцооноос хамаарч ээрмэлийн үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэхийн зорьж ажиллана гэв.

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (5 votes, average: 3.80 out of 5)
Loading...
Г.Орхон

Чадварлаг ажилтнуудыг татахын тулд уян хатан ажлын байр санал болгоорой

Previous article

Тод мөр

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like