Цар тахлын улмаас үүссэн нөхцөл бизнес эрхлэгчдэд хүндээр тусаж, зарим компани үйл ажиллагаагаа бүрмөсөн зогсооход хүргээд буй. АНУ-ын үйл ажиллагаагаа зогсоосон компаниудын 60 хувь буюу 97 мянга гаруй нь дахин сэргэхгүйгээр үүд хаалгаа барьсан тухай Yelp компани мэдээлжээ. Бизнесээ босгохын тулд бүх зүйлээ зориулчихаад нэг вирусээс болж үйл ажиллагаа нь түр зогсож, сүүлдээ бүрмөсөн зогсоно гээд бодоод үз дээ. 

Энэ он бидэнд юу авчрахыг хэн ч мэдэхгүй. Гэхдээ бизнес эрхлэгч та иймэрхүү эрсдэлээс бизнесээ хамгаалж, төлөвлөх хэрэгтэй. 

Өдөр ирэх тусам үйлчлүүлэгчдийн худалдан авалт хийх процессийг хялбаршуулах шинэ шийдлүүд бий болсоор байна. Хэрэв таны бизнес хэрэглэгчдийн амьдралыг хялбаршуулах ямар нэг шинэ шийдлийг санал болгож чадахгүй бол та чадаж байгаа компаниудад үйлчлүүлэгчдээ алдах болно. “Манлайлагчийг дагалдагчаас ялгадаг зүйл бол инноваци” гэж Стив Жобс хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, салбартаа манлайлахын тулд шинэчлэл хийж байх хэрэгтэй бөгөөд үүнд маркетинг, хүргэлт, хэрэглэгчээ авч үлдэх арга зэрэг олон асуудал хамааралтай.

Шинэ онд та шинэ сорилтуудтай тулгарах нь маргаангүй бөгөөд 2021 онд бизнесээ авч үлдэхэд тань туслах дараах 4 зөвлөгөө хүргэж байна. 

1. Хэрэглэгчиддээ мартагдаж болохгүй

Ямар ч бизнесийн хувьд маркетинг хамгийн чухал хүчин зүйл байдаг. Хэрэглэгчдийнхээ хараанд өртөж, өөрсдийгөө үргэлж сануулж байсан бизнесүүд 2020 оныг давж чадсан. Хөл хорио 2021 онд үргэлжилбэл таны бизнес хэвийн ажиллах боломжгүйд хүрч, ашиг тань тэр хэмжээгээр буурна гэсэн үг. Тэглээ гээд маркетингаа зогсоож болохгүй, харин маркетингийн төсөвөө бууруулах хэрэгтэй. 

Маркетинг бол таны хэрэглэгчдийнхээ хэрэгцээг ойлгох, тэдэнд боловсрол олгох буюу ойлголт өгөх, шинэ хэрэглэгчдийг татаж, тантай үргэлжлүүлэн ажиллахад нь түлхэц болох хэрэгсэл билээ. Маркетингийн арга хэрэгслүүд шууд борлуулалт болохгүй байж мэдэх ч тогтмол хийснээр борлуулалт өсөх нь дамжиггүй. 

Ойрын хэдэн жилд та сошиал медиатай сайн найзлах хэрэгтэй. Дэлхийн нийт хүн амын 50 хувь буюу ойролцоогоор гурван тэрбум гаруй хүн сошиал медиа ашигладаг болохыг судалгаагаар тогтоожээ. 

Хэрэглэгчийнхээ хараанд өртөх боломжийг олгодог талбар бол сошиал медиа. Нөлөөлөгчдийг ашиглах эсвэл төлбөртэй сурталчилгаа явуулахын аль нь ч байсан хэрэглэгчдийнхээ анхааралд өртөж, ой тоонд нь байх зарчмыг л баримтлах нь чухал. 

2. Чадварлаг хүний нөөц бүрдүүл

Амжилттай бизнесийн үндэс бол сайн ажилтнууд. Бизнесээ өрсөлдөх чадвартай байлгахын тулд чадварлаг хүний нөөцтэй байх хэрэгтэй. Сайн ажилтангүйгээр та хэрэглэгчиддээ сайн үйлчилгээ үзүүлж чадахгүй. 

Зөв хүнийг ажилд авахаас гадна ажилтнуудаа чадавхжуулж, сэтгэл ханамжтай байлгах нь чухал. Ингэхийн тулд тэднийг ойлгож, ажиллахад таатай, эрүүл орчныг бий болгож, ажил үүргээ гүйцэтгэхэд нь дэмжлэг болох зорилт дэвшүүлэх хэрэгтэй. 

Ажлын орчныг хэрхэн эерэг болгох вэ? Хүмүүс өөрийг нь сонсоход дуртай байдаг. Иймд та хүмүүстээ тодорхой асуудлаар санал бодлоо илэрхийлэх боломжийг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Үүнийг долоо хоног тутмын хурал дээрээ хэрэгжүүлэх боломжтой. Ингэснээр ажилтнуудын бүтээмж нэмэгдэж, цаашлаад бизнест эергээр нөлөөлнө. 

3. Санхүү ба төсөв

Бизнесээ хөгжүүлэх, зарим үйл ажиллагааг хөнгөвчлөхөд мөнгө зайлшгүй шаардлагатай учир санхүүгээ төлөвлөх нь туйлын чухал. Төсвөө төлөвлөх нь бизнесийнхээ зураглалыг гаргаж байна гэсэн үг бөгөөд эсрэгээрээ төсөв үгүй бол та бизнесээ эрсдэлд оруулж байна гэж ойлгох хэрэгтэй. 

“Бизнес том, жижиг байх нь хамаагүй, компанийнхаа санхүүг тогтвортой байлгахын тулд төсөвөө төлөвлөх ёстой. Төсвийг орхигдуулах нь хожим өөртөө асуудал бий болгож байна гэсэн үг юм. Жижиг бизнесийн хувьд гол зүйлдээ анхаарлаа хандуулахад нь төсөв чухал үүрэгтэй байдаг” хэмээн судлаач Райли Панко нэгэн нийтлэлдээ дурджээ. 

Төсвөө төлөвлөх нь танай компанийн маркетинг, худалдан авалт, ажилтнуудын цалин хөлс зэрэг бүхий л үйл ажиллагаа хэвийн явагдахад чухал нөлөөтэй. Та богино болон урт хугацааны бүхий л зардлаа урьдчилан тооцоолох хэрэгтэй. Үүний тулд компанийн орлого, зарлагыг бүртгэх нягтлантай эсвэл энэ үүргийг гүйцэтгэх хүнтэй байх шаардлагатай.

4. Бүх зүйлд бэлэн бай

Таны бизнесийн дасан зохицох чадвар хэр сайн бэ? 2020 онд ийм зүйл тохиолдоно гэж хэн ч мэдээгүй. Гэвч нөхцөл байдал нэгэнт ийм болсон тул бид дасан зохицохоос өөр аргагүй байдалд орсон билээ. Ажил амьдралын хэв маягаа өөрчлөх шаардлага тулгарахад бүгд zoom хурал, онлайн хичээл, зайгаа барих зэрэгт дасан зохицож эхэлсэн. 

2021 онд юу болохыг хэлж мэдэхгүй ч ямар ч нөхцөлд дасан зохицох чадвар зайлшгүй шаардлагатай гэдэг нь нэгэнт тодорхой болжээ. Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэх арга барил, маркетинг, хэрэглэгчтэйгээ харьцах хэв маяг гээд аль нь ч байсан та зах зээлд бий болж буй өөрчлөлтөд дасан зохицож, бүтээлчээр “довтолж” сурах хэрэгтэй.

Эх сурвалж: entrepreneur.com

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 3.00 out of 5)
Loading...
Б.Мишээл
Business.mn Сэтгүүлч

Аялал жуулчлал: Хэзээ жуулчны сезон нээхээ тодорхой болгох хэрэгтэй байна

Өмнөх нийтлэл

Ажилтныг хэрхэн көүчлэх вэ? (№69)

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.