Google компани хамгийн шилдэг санаа, шийдлүүдийг дэвшүүлдэг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тэдэнд инноваци нэвтрүүлэх “нууц жор” гэх зүйл байхгүй ч аливаа санааг системтэйгээр боловсруулж, аажмаар сайжруулах арга бий. Та ч үүнийг бизнестээ хэрэгжүүлэх боломжтой. 

Оюуны зураглалаа сайжруулахуй

Brainstroming буюу оюуны зураглал гаргах нь нэг төрлийн процесс тул хүн бүр өөрийн арга барилаа сайжруулах боломжтой. Процессийн давуу тал нь үүнд суралцаж, зааж, бусадтай хуваалцаж болдог. Ихэнх хүн оюуны зураглал гаргах процессийг ямар ч хамаагүй санаа дэвшүүлэх замбараагүй үйл явц гэж төсөөлдөг. Санаагаа чөлөөтэй уралдуулах нь инновацийн үндэс суурь болдог гэдэгтэй Google-чүүд санал нийлдэг ч тодорхой бүтэц зохион байгуулалтгүйгээр тухайн санаа хэрэгжих боломжгүй гэж үздэг байна.  

Google компанийнхан оюуны зураглал гаргах арга барилаа гурван зарчимд хураангуйлан тайлбарласан бөгөөд үүнийг компаниуд хэмжээ, салбар чиглэлээсээ үл хамааран үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх боломжтой.

1. Хэрэглэгчээ таних

Том асуудлыг шийдэхийн тулд юун түрүүнд асуудлыг нь шийдэж өгч буй хэрэглэгчдээ анхаарлаа хандуулах хэрэгтэй. Ингэж чадвал дараа дараагийн алхмууд тодорхой болно. Google-ийнхан гадуур явж хүмүүстэй ярилцаж хэрэглэгчдийнхээ түүх, сэтгэл хөдлөл, санааг цуглуулдаг аж. Тэднийг сонсож, ажиглаж, ойлгохыг хичээдэг. Хэрэглэгчдийнхээ хэрэгцээг мэдэхийн тулд тэднийг ойлгох нь чухал. 

Тус компанийн ажилд зориулсан аппликейшн хөгжүүлэлтийн удирдлагын багт ажиллаж байсан Вероник Лафарг Канад, Бразил, Энэтхэг зэрэг улсаар явж хэрэглэгчидтэйгээ уулзжээ. Тэдэнтэй уулзаж ярилцах явцдаа тэрбээр хүмүүсийн хувьд “уян хатайн байдал” гэдэг ойлголт ялгаатай болохыг ойлгосон байна. Канадад ажил, кофе шоп эсвэл гэрээсээ шуурхай холбогдож ажиллах боломжийг уян хатан байдал гэж ойлгодог бол ихэнх цагаа гэрээс ажилдаа явахад зарцуулдаг бразилчуудын хувьд энэ нь сайн интерфэйс, дуу хоолойгоор төхөөрөмжөө удирдах боломж гэж үзэж байв. Харин зарим газар сүлжээнд холбогдох нь асуудалтай байдаг энэтхэгчүүдийн хувьд оффлайн ажиллах боломж нь уян хатан байдлын илэрхийлэл ажээ. 

Хэрэв хэрэглэгчидтэйгээ уулзаж, ярилцаагүй бол үүнийг мэдэх боломжгүй. Санаагаа уралдуулахдаа хэрэглэгчээ орхигдуулах нь олон компаниудын гаргадаг алдаа юм. 

2. 10 дахин томоор сэтгэ

Санаагаа уралдуулж, оюуны зураглал гаргахад шаардлагатай мэдээллээ цуглуулсан бол одоо бодож эхэлнэ. Гэхдээ зүгээр нэг бодож бус 10 дахин томоор сэтгэх хэрэгтэй. 10 дахин томоор сэтгэх нь бизнесийн ертөнцөд хэдийн танил болсон ойлголт бөгөөд Google-ийн инновацийн суурь болдог билээ. Энэ нь аливаа зүйлийг 10 хувиар сайжруулахын оронд 10 дахин сайжруулах хичээх хэрэгтэй гэсэн энгийн санаа юм. Үүний нэг жишээ бол агаарын бөмбөлгийн тусламжтайгаар иргэдийг интернетээр хангах “Project Loon” төсөл билээ. Илүү олон хүнийг интернетээр хангах урт хугацааны, энгийн шийдэл бол илүү их шилэн кабель татах бол 10 дахин томоор сэтгэснээр хөдөө орон нутаг, алслагдмал суурины оршин суугчдыг интернетэд холбох агаарын бөмбөлгийн сүлжээ байгуулах байсан юм. 

Аливаа санааг илүү тодорхой илэрхийлэх үр дүнтэй арга бол зургаан үгэнд багтаах юм.

Багаараа цуглаж санаагаа хэлэлцэхээс өмнө хүн бүрийг санаагаа тэмдэглэж ирсэн байх ёстой. 10 дахин томоор сэтгэх нь сайхан сонсогддог боловч яг хэрхэн хэрэгжүүлэхийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Иймд хүн бүр өөрийн тэмдэглэсэн санаатайгаа эргэн цуглахад дараах зарчмуудыг баримтлаарай: 

    • Бие биенийхээ санааг хөгжүүлэхэд туслах. Аливаа санааг, тэр тусмаа анхны хувилбарыг, үгүйсгэхэд амархан байдаг тул дэвшүүлж буй санаа бүрийг аль болох дэмжихийг хичээх хэрэгтэй.
    • Маш олон санаа дэвшүүлэх. Эхний үед тоо чанараас илүү чухал байдаг тул санал бүрийг хүлээн авах хэрэгтэй. Сайн санал, санаачлага олон санаанаас гарч ирдэг. 
    • Гарчиглах. Аливаа санааг тодорхой илэрхийлэх үр дүнтэй арга бол зургаан үгэнд багтаах юм. Үүний тулд дэвшүүлж буй санаагаа сэтгүүлийн нүүрэн дээрх гарчиг эсвэл ямар нэг сонирхолтой нийтлэлийн гарчиг байсан бол ямар байхыг төсөөл.
    • Зураглах. Аливаа санааг үгээр бус зургаар илэрхийлэх нь илүү оновчтой болгож, буруугаар ойлгогдохоос сэргийлдэг.
    • Томоор сэтгэ. Зоримог, “ичгүүр сонжуургүй” санааг дэвшүүлэх нь 10 дахин томоор сэтгэхийн үндэс юм. Google-ийн иноваци, бүтээлч санаа хариуцсан захирал асан Фредерик Пфердтийн хэлдгээр “Багахан галзуурах бол гайхамшигтай зүйл” билээ. 
  • Шүүмжлэлээ хойш нь тавь. Хүмүүс санаагаа уралдуулж байхад шүүмжлэхээс зайлсхий. Эхний дүрмийн дагуу тухайн санааг хөгжүүлэх боломжийг олго. 

3. Анхны хувилбараа гаргах

Санаагаа олсон бол одоо хэрэгжүүлж эхэлнэ. Санаагаа хэлэлцсэний дараа ихэнх хүмүүс дахин уулзаж, цааш нь хөгжүүлэхээр тохироод тардаг нь тэдний гаргадаг түгээмэл алдаа юм. Ямааны мах халуун дээрээ гэдэг шиг ярианаас яриа руу шилжсэн тойрог болголгүй шууд ажилдаа орох хэрэгтэй. 

Google-чүүд санаагаа олсны дараа шууд анхны хувилбар буюу нооргоо гаргадаг. Энэ нь төгс байх албагүй бөгөөд тулгамдаж буй асуудлыг шийдэхүйц, ирээдүйтэй санагдаж буй санаа, таамаглалаа туршиж үзэж байна гэсэн үг .

Ажил хэрэг болох үед анхны хувилбар тохиромжгүй байж болно. Гэхдээ санаагаа нүдээр харж, гарт баригдахуйц болгож байж юу нь болж, юу нь болохгүй байгааг мэдэх боломжтой. 

Эх сурвалж: fastcompany.com

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Б.Мишээл
Business.mn Сэтгүүлч

Вэбсайтаа хэрхэн үр дүнтэй маркетинг, борлуулатын суваг болгох вэ?

Өмнөх нийтлэл

“Могул Сервис энд Саппорт” компанийнхан гэрээсээ ингэж ажиллаж байна

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.