“Могул Сервис энд Саппорт” компани нь Microsoft болон Canon брэндийн албан ёсны түнш билээ. Технологийн компани гэдэг утгаараа байгууллагуудын  технологийн үнэ цэнтэй туслах нь байж зөв алхмыг зөв цагт, үр дүнтэй хийх тал дээр анхаарч ажилладаг. 

Z үеийнхэн толгойг нь илүү ажиллуулах, уран санаа гаргах, бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлэхэд дуртай байдаг. Нөгөөтэйгүүр хүн хийж байгаа зүйлдээ дуртай байвал үр дүн сайн байдаг нь олон судалгаагаар нотлогдсон. Үүнтэй уялдуулан тэд ажилтнуудынхаа үр дүнг хэрхэн сайжруулах талаар судлахад хүссэн үедээ ажлаа хийж үр дүн гаргах нь чухал байсан аж. Нэг ёсондоо ажлын одоогийн горимыг эвдэх хэрэгтэй гэж үзжээ. Ажлын цагт баригдах, ажилдаа хоцорч ирснээс бий болох стресс нь ажилтны тухайн өдрийн бүтээмжийг унагадаг байна. Тиймээс энэ арга барилыг халж, уян хатан цагийн системээр зохицуулах ажлын шинэ нөхцлийг бий болгожээ.

“Могул Сервис энд Саппорт” компанийнхан эхлээд борлуулалтын ажилтнуудаа гэрээс ажиллуулжээ. Тэд өглөө уулзалтуудаа хийдэг, хэрэглэгчидтэйгээ цагаа тохирч тохирсон цагтаа үр дүнгээ өгдөг тул заавал оффис дээр ирж, эсвэл цагт баригдах шаардлагагүй байсан тул үр дүнг томоор нь харж нэвтрүүлснийг тус компанийн гүйцэтгэх захирал Б.Жавхлан онцолсон юм. 

Мэдээж удирдлагын хувьд ажилтнуудаа гэрээс ажиллуулах талаар анх сонсоход эсэргүүцэх хандлага гарсан байна. Угтаа энэ нь байгууллага бүрд л байдаг зүйл. “Могул Сервис энд Саппорт” компани ажилтнуудаа 2020 оны хоёрдугаар сараас эхлэн гэрээс ажиллах боломж гаргаж өгчээ. Гэрээс ажиллах болон оффис дээр ажиллах өдрийг зааж, тухайн үед юу хийх ёстойг нь тодорхой дүрмээр гаргаж бодлого хэрэгжүүлсэн байна. 

Байгууллагын хуралд ажилтан бүр камераа өгдөг байх нь тухайн хүн хуралд бэлтгэлтэй байгааг илэрхийлэх бөгөөд үүнийг ойлгох хэмжээнд соёлыг бий болгох нь чухал гэж үзэж байна. 

Харин өнөөгийн нөхцөлд хүссэн хүсээгүй гэрээс ажиллах шаардлагатай нүүр тулаад буй. Өмнө нь уян хатан байдлаар ажиллахад ажилчид laptop-той байх, технологийн хувьд байнга онлайн байх, онлайнд байгаа хүмүүс оффис дээр буй мэт хэрхэн хамтарч ажиллах гэх гурван зүйлийг чухалчилж үзжээ. Улмаар эдгээр асуудлыг шийдээд байсан тул хөл хорионы үед зуун хувь гэрээсээ ажиллахад хүндрэл гараагүй гэв. Компанийн ажилтан бүр өмнө нь хэрэгжүүлж байсан туршлагаа үргэлжүүлж ажил цахимаар хэвийн явж байгаа аж.  

Дээрх зүйлс гэрээсээ ажиллах боломжийг бүрдүүлж өгч байгаа ч хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд байгууллагын тодорхой соёлыг бий болгох хэрэгтэй болж буй. Хүний нөөцийн бодлогын хүрээнд онлайн байх, утасруу нь залгахад авдаг байх, онлайн чатуудад хариу өгдөг байх гэх мэтээр тодорхой зөвлөмжүүдийг ажилтнууддаа гаргаж өгсөн байна. Үүнд гэрээс ажиллахад өөрийн гэсэн тухтай орчинг бүрдүүлж өгөх, тухайн орчинд ажиллах өөрийн гэсэн дүрмийг бий болгох хэрэгтэйг ч зөвлөжээ. Түүнчлэн байгууллагын хуралд ажилтан бүр камераа өгдөг байх тэргүүтэй соёлыг бий болгожээ. Тэдний үзэж буйгаар камерыг нээх нь тухайн хүн хуралд бэлтгэлтэй байгааг илэрхийлэх бөгөөд үүнийг ойлгох хэмжээнд соёлыг бий болгох нь чухал гэж үзэж байна. 

Тус компани онлайн орчин дахь ажлын бүтээмж дэмждэг түүлүүд хэрэглэдэг. Microsoft-ийн teams програм тэдний хувьд өглөө сэрээд унтах хүртлээ хэрэглэдэг багаж болсон. Эл программ менежер хүн болгонд байх ёстой багажны нэг болжээ. Ингэснээр тэд хоорондын харилцаа холбоогоо шийдэж, хамт олон бүтээлчээр ажиллах, бусад системүүдийг оруулж ирэх боломжтой болсон.

Ажилтнууд teams дээрээ дотоодод ашигладаг бусад процессын автоматжуулалтыг хийсэн байна. Жишээлбэл, төлбөр хүсэх системийн хувд Microsoft share point, Microsoft power automate зэргийг ашиглаж буй.  Эдгээр нь энгийн мэт боловч цаг хугацааг маш их хэмнэдэг. Өөрөөр хэлбэл, хүмүүсээс явж гарын үсэг цуглуулах цаасан ажлыг цахим хэлбэрт оруулчихаж байгаа гэсэн үг. Тухайн процессыг автоматжуулснаараа түүнийг хөгжүүлээд явах боломжтой болдог байна.

Цаашлаад бичиг явсан эсэхийг, холбогдох албан тушаалтнуудаас ямар шийдвэр гарсныг удирдлага шууд хянах боломжтой болжээ. Мөн ажилтнуудын энэ жилийн зорилго, түүнд хүрэхийн тулд хийх ажлууд, тэдгээр нь цаг хугацаандаа дууссан эсэхийг харж болохоос гадна эрсдэлийн менежментийн системийг автоматжуулаад байна. Эдгээр нь Office 365-ын багцуудаас хамаараад бүгдэн дээр нь share point,  teams нь багцтай ирдэг.  Том гэлтгүй бүхий л бизнесийн байгууллагууд үүнийг ашиглаж, ажилтан болон хэлтсийн бүтээмжтэй хамааралтай зүйлсийг оруулаад явж болохыг тэд онцолсон. 

Гүйцэтгэлийг үнэлэх аргачлал

Байгууллагууд ажилтнуудынхаа ажлын гүйцэтгэлийг үнэлэхийн тулд нэн тэргүүнд үйл ажиллагаа, бизнесээ хэрхэн авч явдаг дээрээ тодорхой өөрчлөлтийг хийх хэрэгтэй болдог. Удирдлага сэтгэхүйн хувьд өөрчлөгдөх шаардлагатай зүйлс ч бий. Ажилтны хувьд үр дүн гаргасан бол үр дүнгээ менежертээ тайлагнах хэрэгтэй. Үүнийг нэхэх биш нөгөө хүн нь өгдөг байх зарчмыг барьдаг байна. Тухайн хүн өдөртөө өгөхгүй ч байж болно. Тэр байтугай тухайн ажилтан зарим өдөр юу ч хиймээргүй санагддаг байхыг хүлээн зөвшөөрье гэдэг аж. Энэ нь тодорхой хэмжээний итгэлцэх шинэ арга барилыг бий болгож байгааг “Могул Сервис энд Саппорт” компанийн гүйцэтгэх захирал Б.Жавхлан цохон тэмдэглэв. 

Ажилтан би ийм юм хийчихлээ гэж өгөх, менежер өгөөчээ гэж нэхэх хоёрын хооронд асар том ялгаа бий гэж үзжээ. Бүх ажилтныхаа өдөрт хийж буй ажлыг dashboard хэлбэрээр тайлангаар хардаг. Хэлтсүүд нь хэр их ажил хийж, ямар үр дүн гарсан, нэгж дээрээ юу юу хийсэн гэх мэтээр хүмүүсийн өгсөн тайланг нийлүүлж хардаг байх нь чухал аж. Ингэснээр удирдлага богино хугацаанд шийдвэр гаргах боломж бүрдэнэ. 

Ажилтан зарим өдөр юу ч хиймээргүй санагддаг байхыг хүлээн зөвшөөрч эхэлсэн нь тодорхой хэмжээний итгэлцэх шинэ арга барилыг бий болгож байгааг онцолж буй.

Хөл хорионы нөхцөл байдал цаашид хэр удаан үргэжлэх нь тодорхойгүй энэ үед тус компанийн удирдлагын зүгээс бизнесийнхэнд байдлыг харзнаж хүлээхийн оронод ямар боломж буйг судалж ашиглахыг зөвлөж байна. Байгууллагууд үйл ажиллагаа, бизнесээ хэвийн авч явуулахад технологи чухал. Барууны орнуудад ийм хэв маяг хэдийнээ бий болчихоод буй. Монголын хувьд эргээд байдал хэвийн болсон ч иргэд төдийгүй, аж ахуйн нэгжүүд өмнөх арга барилаар явахгүй нь тодорхой болж байна. Тиймээс компаниуд наад зах нь Microsoft системийн боломжуудыг ашиглаад гэрээсээ ажиллаж болохыг зөвлөлөө. 

Цахим шилжилтэд орох уу, үгүй юу гэхийн оронд шууд эхлэх хэрэгтэй. Учир нь үүнийг хүссэн хүсээгүй нийгэм, цаг үе шаардаж байна. Технологид суурилсан шийдвэр гаргаж, улмаар технологийн өгөөжийг харахгүй бол хэтэрхий оройтож буйг ч сануулж байна. Угтаа бизнесийнхний үйл ажиллагаа явж байж эдийн засаг тогтвортой байна. Хэвийн явуулах арга замууд бий бөгөөд эдгээрт ач холбогдол өгөх шаардлагатайг Б.Жавхлан онцоллоо. Нэг үгээр, үр дүн, бүтээмжид тулгуурлан алсын зайнаас ажиллах нь бизнесийн шинэ арга барил, соёл болоод байна.  Гэрээсээ ажиллаж буй компаниудын хувьд цар тахал гарснаас хойш цахим халдалт ихсэж байгааг дуулгаж байгаа бөгөөд үүнд хувь хүн, ажилтны цахим мэдлэг, түүнд хандах хандлага чухал гэдгийг тэд онцолж байна. 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (3 votes, average: 3.67 out of 5)
Loading...
Бизнес сэтгүүл

Хэрхэн Google-чүүд шиг сэтгэх вэ?

Өмнөх нийтлэл

Утсаар зөв харилцах нь байгууллагын амжилтад шууд нөлөөлдөг

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.