Бизнес хийж болох гайхалтай санаа хайж байна уу? Доорх санаанууд танд 2021 онд бизнесээ эхлүүлэх эсвэл бизнесээ амжилттай хөгжүүлэхэд туслах болно.

2021 оны хамгийн шилдэг жижиг бизнесийн санаануудын дийлэнх нь онлайн бизнес байна. Та дараах бизнесийн санаануудаас өөрийн хүсэл сонирхол, мэдлэгт тохируулан сонгож болох юм. Харин бизнесээ эхлэхээсээ өмнө таны хангаж, нийлүүлж чадах зүйлд эрэлт хэрэгцээ хэр их байгаа эсэхийг тодорхойлоорой.

Та магадгүй бизнес эхлүүлэхийг хүсэж байгаа боловч өөрийн санаагаа хөгжүүлэхэд бэрхшээлтэй тулгарч байгаа байх. Хэрэв та энтрепренер болохыг хүсэж байгаа бол таны хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол бизнесийн гайхалтай санаатай байх юм. Харин үүнийг хийхэд танд багахан урам зориг байхад л хангалттай бөгөөд хамгийн гол нь цаашид өргөжин тэлэх боломжтой санаанаас бүх зүйл эхлэдэг.  

Хэрэв та 2021 онд бизнесээ эхлүүлэхээр төлөвлөж байгаа бол нийгмийн шинэ дэг журмыг тооцож үзэх нь чухал. Ковид-19 цар тахал хүмүүсийн хэрэглэдэг бүтээгдэхүүн, үйлчилгээнд маш их өөрчлөлтийг авчирлаа. Жижиглэн худалдааны бизнес эсвэл зоогийн газрын үйлчилгээ эрхлэх нь магадгүй өмнө нь сайхан санаа байсан байх. Энэ удаад тэгвэл уламжлалт бизнесүүдээс илүүтэй, хүмүүсийн амьжиргааг хэрхэн дэмжиж болох талаар бодоод үзээрэй.

 Доорх 21 бизнесийн жагсаалт нь танд 2021 оноос хойш амжилттай байх бизнесүүдийн санааг олоход туслана.

  1. Зөвлөх

Хэрэв та бизнес, нийгмийн сүлжээ, маркетинг, хүний нөөц, манлайлал, харилцаа холбоо гэх мэт чиглэлээр мэргэшсэн мэдлэг, хүсэл сонирхолтой бол зөвлөхийн бизнес эхлүүлэх нь ашигтай сонголт байх болно. Та өөрөө зөвлөхөөр ажиллаж эхлээд, яваандаа нэмж бизнес зөвлөхүүдийг ажилд авч, өөрийн бизнесийн санаагаа өргөжүүлж болох юм.

  1. Онлайн борлуулалт

Хувцас болон бусад бараа бүтээгдэхүүн зарах сонирхолтой хүмүүс онлайн борлуулалтын бизнес эхлүүлэх боломжтой. Загварын чиг хандлагын талаар мэдрэмжтэй, судалгаа хийх гэх мэтчилэн энэ төрлийн бизнесийг эхлүүлэхэд цаг хугацаа их зарцуулах шаардлагатай тул бизнесээ өөрийн одоо хийж буй ажлынхаа хажуугаар эхлүүлээд, яваандаа үүнийгээ өөрийн үндсэн бизнес болгож бүтэн цагаар төвлөрч болно. Та Poshmark, Mercari зэрэг энэ төрлийн онлайн дэлгүүрийн вэбсайтуудыг ашиглаж борлуулалт хийн, дараа нь өөрийн борлуулалтын вэбсайттай болох боломжтой.

  1. Онлайнаар багшлах

Энтрепренерүүдийн хувьд өөрийн хөрөнгөөр бизнесээ эхлүүлэхэд хамгийн тохиромжтой салбар бол сүүлийн үед хамгийн их эрэлт, хэрэгцээтэй байгаа онлайн боловсрол юм. Хэрэв энэ таны бизнесийн санаа гэж үзэж байгаа бол, та өөрийн сайн мэдэх сэдвээр, хаана байгаагаасаа үл хамааран хичээл заах боломжтой. Хэрэв танд ямар нэгэн нарийн мэргэшсэн мэргэжил байхгүй бол онлайнаар хилийн чанадад суралцаж буй оюутнуудад англи хэл заах сонголт бий.

  1. Онлайнаар нягтлан бодохын үйлчилгээ үзүүлэх

Боловсрол, технологи хоёр нь өнөөдөр нягтлан бодохын үйлчилгээг онлайнаар үзүүлэх боломжийг олгож байна. Хэрэв та санхүү, нягтлан бодохын мэргэжилтэй, эрх чөлөөтэй, бие даан өөрийн бизнесийг явуулах хүсэлтэй байдаг бол орчин үеийн технологи танд онлайнаар нягтлан бодох үйлчилгээг бусад компаниудад үзүүлэх боломжыг олгож байна.

  1. Эмнэлгийн хүргэлтийн үйлчилгээ

Хэрэв та найдвартай тээврийн хэрэгсэлтэй, цагийн менежмент сайтай хүн бол өөрийн гэсэн хүргэлтийн үйлчилгээг бий болгох талаар бодож үзээрэй. Тэр тусмаа эмнэлгийн хүргэлт, шуудангийн үйлчилгээ. Гэхдээ жолооч хүний хувьд та лабораторийн дээж, жороор олгох эм, тоног төхөөрөмжийг тээвэрлэх тул хариуцлагатай байх ёстой. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ өргөжин тэлж буй энэ цаг үед, эмнэлгийн хүргэлтийн үйлчилгээ бол хамгийн тогтвортой ажлын байр байх болно. Та хүргэлтийг өөрөө хийж эсвэл, жолооч хөлслөх байдлаар бизнесээ явуулж болно.

  1. Апп хөгжүүлэгч

Хэрэв та технологийн мэргэжилтэй бол магадгүй апп хөгжүүлэгчийн карьерыг анхааралдаа авах нь зүйтэй. Ухаалаг утас өдөр тутмын хэрэглээ болсон өнөө үед гар утасны аппликэйшний эрэлт, хэрэгцээ их болсон. Мөн виртуал, бодит программ хангамжийг сүүлийн үед хүмүүс их сонирхох болсон учраас VR апп хөгжүүлэгчийн эрэлт, хэрэгцээ их бий шүү.

  1. Яриа буулгах үйлчилгээ

Хэрэв та сайн сонсголтой, хурдан шивдэг бол яриа буулгах үйлчилгээ нь таныг гэрээсээ, уян хатан цагийн хуваарьтай ажиллах боломжийг бүрдүүлэх гайхалтай бизнесийн санаа юм. Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж буй байгууллагууд дуу хоолой таних технологийг өргөнөөр ашиглах болсон энэ үед эрүүл мэндийн чиглэлийн яриа буулгах үйлчилгээний хэрэгцээ шаардлага их байна. Хэрэв та бүхнийг нэгэн зэрэг эхлүүлэхийг хүсэхгүй, эсвэл өдрийн ажилтай байдаг бол өөрийн боломжид тохируулан яриа буулгах захиалга авч болно. Харин энэ бизнесийг өргөжүүлэхийн тулд үнээ нэмэх, эсвэл мэргэшсэн сертификаттай яриа буулгагч болох, эсвэл цөөн хэдэн салбараар мэргэшиж болно.

  1. Мэргэжлийн зохион байгуулагч

Танд урам зориг өгөх бизнесийн санаа хайж байна уу? Тэгвэл Мари Кондотой адил мэргэжлийн зохион байгуулагчид хүмүүст зохион байгуулалттай, эмх цэгцтэй амьдрахад нь тусладаг. Материализмын энэ эрин үед маш олон хүн орчин тойрноо аль болох цомхон байлгаж, эд хөрөнгөндөө захирагдах биш эд хөрөнгөө захирахыг илүүд үзэж байна. Минимализмыг өнөөдөр хүн бүр мэдэх болсон. Гэхдээ хүмүүст удаан хугацаанд эзэмшиж, хадгалж ирсэн зүйлээсээ салахад хэцүү байдаг. Мэргэжлийн зохион байгуулагч байх нь үйлчлүүлэгчдэд хүнд ачаагаа хаях, эд зүйлсээс хараат байдлаасаа салахад тусладаг.

Хэрэв та орчин тойрноо цэгцлэх, тав тутхай байлгах дуртай, маш өндөр зохион байгуулалттай хүн бол энэ тал дээр бусдад ч гэсэн зөвлөж, тус хүргэж болно. Энэ төрлийн бизнесээ өргөжүүлэхийн тулд та үйлчлүүлэгчдээсээ гэртээ өөрчлөлт хийхээс өмнөх ба дараах зургуудыг нь авч, эдгээр зургуудыг өөрийн сошиал сувгаар цацаж, загвар болгон ашиглаж, илүү олон үйлчлүүлэгчдийг татах боломжтой.

  1. Цэвэрлэгээ хийх үйлчилгээ

Хэрэв та цэвэрлэгээ хийх дуртай бол үүнийгээ хялбархан бизнес болгож болно. Цөөн хэдэн ажилчидтай, цэвэрлэгээ хийх багаж, хэрэгсэл, тээврийн хэрэгсэлтэй болоод айл өрхүүд, орон сууц, түрээсийн байр зэргийг цэвэрлэх үйлчилгээг санал болгоорой. Цэвэрлэгээ хийх үйлчилгээ нь танаас харьцангуй бага зардал гаргах бөгөөд сайн төлөвлөгөө, хичээл зүтгэл, маркетинг сайтай байх хэрэгтэй. Хэрэв та өөрийн цэвэрлэгээний үйлчилгээг бусдаас ялгахыг хүсэж байгаа бол шалны өнгөлгөө хийх, нэмэлт төлбөртэй байрны гадна талын өнгөлгөө, угаалга хийх зэрэг үйлчилгээнүүдийг үзүүлж болно.

  1. Чөлөөт бичигч

Хэрэв та бичих авъяастай, маркетингийн бага зэргийн мэдлэгтэй бол өөрийгөө чөлөөт бичигч болгон хөрвүүлэх боломжтой. Та блог, вэб контент, хэвлэлийн мэдээ зэргийг бичиж хангалттай олон компаниудаас хөлс авах болно. Чөлөөт бичигч бол хэрэгжүүлж болох бизнесийн гайхалтай санаа. Та интернэтэд холбогдсон л бол үүнийг хийх боломжтой гэсэн үг. Та гэрээсээ эсвэл аяллаар явж байхдаа хүртэл энэ ажлыг хийж болно. Хэрэв таны ажилд сэтгэл хангалуун байдаг, хангалттай өргөн хүрээтэй харилцагчдын сүлжээг бий болгосон тохиолдолд та үүнийг өөрийн бүтэн цагийн ажил болгох боломжтой.

  1. Гэрээр асаргаа үзүүлэх үйлчилгээ

Та тусламж, үйлчилгээний чиглэлийн суурь мэдлэгтэй бол гэрээр асаргаа шаардлагатай өндөр настнуудад ихээхэн тус дэм хүргэх болно. Энэ бол цаашид ихээхэн өргөжин тэлэх үйлчилгээ юм. Насжилтын Үндэсний Институтийн гаргасан судалгаагаар, 2010-2050 оны хугацаанд 85-аас дээш насны хүн амын тоо дэлхий даяар 351 хувиар өсөх төлөвтэй байна. Өндөр настнуудад туслахад та заавал анагаахын чиглэлээр мэргэшсэн байх шаардлагагүй. Дийлэнх өндөр настнуудад гэртээ засвар хийхээс эхлээд, олон талын туслалцаа хэрэг болдог. Магадгүй тэд гэрээсээ эмнэлэг рүү шилжихэд, өөр тийшээ явахад эд зүйлсээ баглаж тээвэрлэхээс эхлээд олон талын тусламж хэрэгтэй байдаг болохыг бас бодож үзээрэй.

  1. Орчуулгын үйлчилгээ

IBISWorld-оос гаргасан судалгаагаар, 2020 онд орчуулгын үйлчилгээ бусад салбаруудтай адил уналтад оржээ. Гэвч 2021 онд эргэн сэргэх аж. Интернэт нь энтрепренерүүдэд англи хэл дээрх зах зээлд гарах боломжийг нээж өгсөн учраас орчуулгын үйлчилгээ эрэлттэй байх нь гайхмаар зүйл биш юм. Энэ хандлага нь олон хэл мэддэг хүмүүст баримт бичгийг орчуулах, вэбсайтын мэдээллийг бусад зах зээлд ашиглах хэл рүү орчуулах гэх мэт үйлчилгээнүүдийг гаргаж ирэх боломжийг бүрдүүлж байгаа юм.

  1. Дижитал маркетинг

Өдөр ирэх тусам бид интернэтийн ач холбогдлыг улам илүү ойлгож, мэдэрч байна. Интернэтийн эмх замбараагүй орчинд бизнесүүд зорилтот зах зээлдээ маркетингаа хүргэхэд улам хэцүү болсоор байна. Дижитал маркетингийн үйлчилгээ нь үргэлж л эрэлт хэрэгцээтэй байсаар ирсэн. Жижиг, дунд хэмжээтэй компаниуд зардлаа хэмнэх үүднээс хувь хүмүүст хандахыг илүүд үзэх болно. Хэрэв та контент маркетинг, веб хөгжүүлэлт, нийгмийн сүлжээний менежментийн мэдлэгтэй бол гэрээсээ, эрх чөлөөтэй ажиллах бизнесийн боломж байна.

Дижитал маркетинг бол брэндийн ач холбогдолтой хэсгүүдийн нэг. Тиймээс үйлчлүүлэгчдийн маркетингийн стратегийг боловсруулахдаа хариу үйлдэл үзүүлэх хувилбарыг хөгжүүлэх нь чухал юм. Нийгмийн сүлжээний менежмент гэдэг бол зөвхөн пост оруулахаас гадна комментуудыг уншиж, мессежэнд хариу өгөхийг хэлнэ. Хэрэв та стратеги боловсруулж, төлөвлөгөө хэрэгжүүлэх дуртай бол дижитал маркетинг хийх нь яг танд тохирсон бизнес.

  1. Явуулын хоолны үйлчилгээ

Битүү газар хоол идэх боломж хязгаарлагдмал болсон энэ цаг үед явуулын ачааны машинтай хоолны үйлчилгээ үзүүлбэл амжилт олж мэднэ. Өөрийн хамгийн сайн хийж чадах хоолыг хийгээд замд гарч, өлссөн үйлчлүүлэгчдийг өөртөө татаж болох юм. Явуулын хоолны үйлчилгээ нь түүхий санаа мэт санагдаж болох ч, энэ чиглэлийн үйлчилгээ ихээхэн өргөжин тэлж буйг сануулъя. Ачааны машины нэмэлт зардал, засвар үйлчилгээг эс тооцвол энэ нь зоогийн газар ажиллуулахаас зардал багатай, илүү сонирхолтой байх болно.

  1. Зүлэг, ногоо арчлах

Зүлэг, ногооны арчилгаа хийх бизнес нь хэдэн үйлчлүүлэгч, хэр том ажлын байр байгаагаас шалтгаалан зарим үндсэн тоног төхөөрөмж, чиргүүл зэрэг шаардлагатай. Та энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг жижиг компаниас дээд зэрэглэлийн үйлчилгээ үзүүлдэг цэцэрлэгжүүлэлт хийдэг том компани болгон өргөжүүлэн, хөгжүүлж болно. Хэрэв та гадаа ажиллах дуртай, гоёмсог ландшафт байгуулахыг хүсдэг бол энэ яг танд зориулсан бизнесийн санаа.

  1. Машинаа хуваалцаж ашиглах

Хэрэв өөрийн гэсэн хувийн бизнес эхлүүлэхэд эргэлзээтэй, эрсдэлтэй санагдаж байвал та өөрийн машиныг бусадтай хуваалцаж унан, орлого олох боломжтой. Нэг машиныг бусадтай хамтран ашиглах боломжийг олгодог Uber, Lyft зэрэг аппликэйшн нь жолооч нарт орлогоо нэмэгдүүлэхээс гадна, хүрэх газар хүртлээ найрсаг яриа хөөрөө үүсгэх боломжийг олгож байна. Машинаа ийнхүү бусадтай хуваалцан ашиглаж буй жолооч нарын хувьд нүсэр том ложистикийн сүлжээгүйгээр бие даан өөрийн жижиг бизнесийг эрхлэх боломжийг олгож байгаа юм. Хэрэв бусад бизнесийн санаанууд танд илүү их хүчин чармайлт, хөрөнгө санхүү гаргах шаардлагыг үүсгэж байгаа бол та машинаа хуваалцаж унах энэхүү санааг гаргаж энтрепренерүүдийн ертөнцөд хөл тавиарай.

  1. Үл хөдлөх хөрөнгийн зуучлагч

Маш олон хүний хувьд, орон сууцны зах зээлийг чиглүүлэх нь гайхалтай санагддаг. Үл хөдлөх хөрөнгийн зуучлагч нь хүмүүст өөрийн төсөвт тааруулан мөрөөдлийн байшингаа авахад тусладаг. Үл хөдлөх хөрөнгийн зуучлагчаар ажиллахын тулд цөөн хэдэн сарын сургалтад хамрагдсанаар төвөггүйхэн мэргэшиж болдог. Хэдий мэргэшсэн сертификаттай байсан ч, та хүмүүстэй харилцахдаа тааруу, сонирхолгүй бол энэ таны сонгох зам биш шүү.

  1. График дизайнер

Корпорациуд, жижиг бизнесүүд, хувиараа бизнес эрхлэгч хэн бүхэнд хараа булаам сурталчилгааны материал хэрэг болдог. Гэвч хүн бүрт аливаа зүйлсийг гоё, сайхан харагдуулах билгийн нүд заяагаагүй байдаг. Хэрав танд уран сайхны мэдрэмж байдаг, контентыг хэрхэн таатай харагдах хэлбэрт оруулахаа мэддэг бол график дизайны бизнес эрхэлж болох юм.

  1. Фудволкон дээр хэвлэх бизнес

Хэрэв та урлагийн хурц тод мэдрэмжтэй, эсвэл хэн нэгний зургийг авч цулгуй фудволкон дээр хэвлэхийг хүсдэг, энэ төрлийн зүйлд сонирхолтой бол фудволкон дээр хэвлэх бизнес эхлүүлж болно. Та хэвлэх төхөөрөмж байршуулах багахан орон зай бий болгож, шаардлагатай хэрэгслүүдийг авснаар өөрийн жижиг бизнесийг эхлүүлэх боломжтой болно.

  1. Агуулах, хүргэлтийн үйлчилгээ

Компани бүр борлуулж буй бүтээгдэхүүнээ өөрийн байрандаа хадгалдаггүй. Бараа хадгалалт, хүргэлтийн үйлчилгээг онлайн худалдааны салбарт голдуу гуравдагч этгээд гүйцэтгэж, хэрэглэгчдэд хүргэдэг. Гуравдагч этгээд гэдэг нь бөөний худалдаа эрхлэгч, эсвэл агуулах, тээврийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг хэлдэг. Хэрэв та нэмэлт зардал, том зай талбайд санаа зовж байгаа бол агуулах, хүргэлтийн үйлчилгээг хэрхэн хялбар байдлаар явуулах аргыг бодож олох нь старт-апын гайхалтай санаа байх юм.

  1. Гэрийн тэжээвэр амьтан харах

АНУ-ын өрх айлуудын гуравны хоёр нь амьтан тэжээдэг. Харин хүмүүс гэрээсээ хэсэг хугацаагаар явах шаардлагатай болох үед тэдний хайртай амьтанг харах хэрэгцээ шаардлага үүсдэг. Гэрийн тэжээвэр амьтдыг харах таны жижиг бизнес гарцаагүй тэдгээр хүмүүсийн сэтгэлийг амрааж, амьдралд нь тулгарч буй асуудлыг шийдэх болно. Та мөн гэрийн тэжээвэр амьтдыг харангаа онлайн орчинд ажиллаж орлогын хоёр эх үүсвэртэй байх боломжтой.

Жижиг бизнесийн маш олон санаанууд байгаа ч 2021 оны хувьд хамгийн шилдэг санаанууд нь онлайнаар ажиллах байна гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Хамгийн амжилттай жижиг бизнесүүд юу вэ?

Вэбсайтын дизайн, дижитал маркетинг зэрэг жижиг бизнесүүд нь хамгийн эрэлттэй, ашиг олдог бизнес. Хүмүүс одоо гадуур явахаас илүү интернэт орчинд хэрхэн бизнес хийхийг суралцах болсон тул үйлчүүлэгч олж, тогтмол орлогын урсгалтай болох нь тийм ч хэцүү зүйл биш. Мөн хүн бүр л орон гэртэй болж, түүнийгээ цэвэрлэх хэрэгтэй байдал тул цэвэрлэгээ, үл хөдлөхийн бизнес амжилттай бизнесүүдийн тоонд орно.

Эхлүүлэхэд хамгийн тохиромжтой сайн бизнес юу байж болох вэ?

Хэрэв та ачаалал багатай хэрнээ, ашигтай жижиг бизнес эхлүүлэхийг хүсэж байгаа бол дээр дурдсан жижиг бизнесүүдээс дийлэнх нь таныг амжилтад хөтлөнө гэж найдаж байна. Харин та өөрийн дуртай зүйлийг хийж, амьдралдаа хангалттай хэмжээний орлоготой байхыг хүсэж байгаа бол өөрийн ур чадварыг шаардсан бизнесийг эхлүүлж, ажил-амьдралын тэнцвэрээ хангах нь чухал. Энэ асуултад тохирсон маш олон бизнес байж болно. Харин яг танд аз жаргал, амжилт, тогтвортой байдлыг авчирч чадах жижиг бизнесийн санааг хамгийн сайн мэдэх хүн нь хэн нэгнээс илүү та өөрөө юм шүү.

Мөнгөгүйгээр өөрийн бизнесийг хэрхэн эхлүүлэх вэ?

Та жижиг бизнестэй болохын тулд заавал мөнгөтэй байх албагүй. Мөнгөгүйгээр өөрийн бизнесийг эхлүүлэхийн тулд одоогийн хийж буй ажлаасаа гаралгүйгээр, өөрийн олж буй багахан орлогоор жижиг бизнесээ эхлүүлэх юм. Дараа нь өөрийн бизнесийн төлөвлөгөөг хөгжүүлж, хэрэглэгчдийн суурь, зах зээл, тулгарч болох сорилтуудыг судалж, анализ хийх хэрэгтэй. Энэ бүхнийг төлөвлөснөөр та бизнестээ хэр их хэмжээний мөнгө шаардлагатай болохыг олж мэднэ. Үүний дараа шаардлагатай мөнгөө краудфандинг платформууд болон хөрөнгө оруулагчдаас босгох боломжтой. Харин зээл авах тухай эцсийн мөчид бодох хэрэгтэй гэдгийг зөвлөе.

Гэрээсээ хэрхэн жижиг бизнес эхлүүлэх вэ?

Гэрээсээ хийж болох бизнес бол хамгийн таатай, удирдан зохион байгуулах боломжтой жижиг бизнесийн санаа юм. Гэхдээ маш олон гайхалтай бизнесийн санаанууд нь гэрийн орчинд төдийлөн тохиромжтой биш байдаг. Тиймээс таны эрхлэх бизнес үнэхээр гэрээсээ хийж болох бизнес мөн үү, эсвэл аль нэг газарт очиж, биечлэн тусламж үзүүлэх хэрэг гарах уу гэдгийг сайтар тунгаан бодож үзээрэй. Гэрээсээ бизнес хийх гэж байгаа бол бизнес төлөвлөгөө, төсөвтөө онлайн бизнес хийхэд шаардлагатай компьютер, тохиромжтой ширээ, өндөр хурдны интернэт, албан хэрэгсэл, өөрийн бизнест зориулсан вэбсайт зэргийг оруулж, тооцож үзэх хэрэгтэй.

Бизнес эхлүүлэхэд ямар алхмуудыг хийх шаардлагатай вэ?

Бизнес эхлүүлнэ гэдэг бол маш их жил. Гэхдээ зөв арга хэрэгсэл, зааварчилгааны ачаар та цаг хугацааг дэмий үрэлгүйгээр команиа байгуулж болно. Хэдийгээр таны бизнес бусдаас өөр онцгой байх боловч, энтрепренерүүдийн хувьд бизнесээ эхлэхэд дараах хэдэн нийтлэг алхмуудыг хийх шаардлагатай байдаг.

– Өөрийн бизнесийн санаа, зорилтот хэрэглэгчдийг олж тогтоох

– Одоогийн зах зээлийг судлах

– Бизнесийн төлөвлөгөө гаргах

– Санхүүгээ үнэлж, шаардлагатай хөрөнгийг босгох

– Бизнесийн бүтцээ тодорхойлох

– Өөрийн бизнесийг албан ёсоор бүртгүүлэх

– Хэрэв шаардлагатай бол ажилчид хөлсөлж, өөрийн багийг бүрдүүл

– Өөрийн ханган нийлүүлэгчдийг олох

– Бизнесээ зах зээлд таниулж, сурталчилах

 

Эх сурвалж: businessnewsdaily.com

 

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (2 votes, average: 3.50 out of 5)
Loading...
Т.Сарангуа

2021 онд ингэж ажиллахыг зөвлөж байна

Previous article

Эко мөр буюу хоёр дэлхий хэрэгтэй болсон нь

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like

More in Covid-19