Хариуцлагатай, өөрийгөө дайчилж чаддаг, бусдад биш өөртөө найддаг хүн зээлээ хугацаандаа төлөх магадлал өндөр байна. Үүнийг “Оптимал Эн Макс” компанийн Финтек хэрэглэгчийн сэтгэлзүй ба зан төлөвийн судалгаа илтгэж байгаа бөгөөд тус судалгаанд цахим зээлийн аппликейшн ашиглан зээл авдаг 10615 хүнийг хамруулжээ. Судалгаанд оролцогчдын сарын орлого 420 мянгаас 1.5 сая төгрөг. Харин ажил эрхлэлтийн хувьд тэдний 39 хувь нь гүйцэтгэх албан тушаалтан, 35 хувь нь үйлчилгээний чиглэлээр ажилладаг, 15 хувь нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүс байна.

Финтек хэрэглэгчдийн дунд хадгаламж бол чухал гэх хандлага өндөр байгаа ч үүнд хичээл зүтгэл дорвитой гаргахгүй байгааг тэдний сарын төгсгөлд мөнгөгүй болдог байдлаас нь харж болно. Судалгаанд оролцогчдын 65 хувь нь өөрийн үрэлгэн байдлаа засах оролдлого хийдэг ч энэ нь амар биш гэх хариултыг өгчээ. Үүнээс харилцагчдын мөнгө хадгалах дадал, санхүүгээ удирдах хэвшил, үрэлгэн байдлаа засах үйлдэлд үр дүнтэй аргачлал хэрэгтэйг харуулж байна хэмээн судалгааны багийнхан дүгнэжээ.

Хугацаа хэтрүүлдэггүй харилцагчийн 80 хувь нь хэлсэндээ хүрдэг, хариуцлагаа бүрэн ухамсарладаг байна. Тиймдээ ч тэдний асуудал тулгарахад сэтгэл хөдлөлөө хянаж шийдвэрлэхийг эрмэлзэх байдал нь хугацаа хэтэрдэг харилцагчдыг бодвол 2-3 дахин их буйг судалгаанд онцолжээ. Мөн энэ төрлийн хүмүүс мөнгө ихтэй байхыг зорихоос илүүтэй мөнгийг ухаалгаар удирдан зохицуулахыг эрмэлздэг аж. Хугацаа хэтрүүлдэг харилцагчдын 60 хувь нь мөнгөгүй бол сайхан амьдрахгүй гэх хандлагатай боловч мөнгөө хадгалах дадал хариуцлагатай зээлдэгчээс 2 дахин бага байна. Эндээс тэд мөнгөтэй болохыг хүсдэг ч тодорхой алхам хийж гүйцэтгэдэггүй болох нь харагдаж буй.

Зээлээ хугацаандаа төлдөг хүмүүс хариуцлага алдахаас айдаг бол хугацаанаас хоцорч төлдөг хэрэглэгчид ялагдах нь давамгай зонхилж байна. Гэвч тэднийг найдвартай зээлдэгчтэй харьцуулахад өөрийгөө зорилгодоо хүрч чадсан гэж дүгнэдэг нь 20 хувиар илүү байгаа юм. Тэд өөрийгөө хэтрүүлэн үнэлдэг хэдий ч дотооддоо өөрийгөө хүлээн зөвшөөрөх байдал учир дутагдалтай байна. Мөн эдгээр хүмүүс бусдад ямар санагдах, тэд өөрийнх нь тухай хэрхэн бодох талаар хариуцлагатай зээлдэгчээс 2 дахин их санаа зовдог аж.

Зээлийн эрсдэл үүсэх магадлал өндөр хэрэглэгч ирээдүйгээ бодож зардлаа хэмнэх, төсөв гарган түүнийгээ дагах чадвар сул байна. Нэг үгээр, хариуцлагагүй харилцагчид нь санхүүгийн шийдвэр гаргалтад туршлага бага, төсвөө дагадаггүй, санхүүгийн асуудлаас зугтах хандлагатай байна. Тухайлбал, найдвартай 10 зээлдэгч тутмын 5 нь ирээдүйн төлөө өнөөдрийн зардлаа хэмнэж, төсвөө дагадаг байхад, хугацаа хэтрэлттэй 10 харилцагч тутмын 3 нь л зардлаа хэмнэж буй. Түүнчлэн хугацаа хэтрүүлдэг харилцагчдын эргэн тойронд найдваргүй зээлдэгч олон байх магадлалтай буюу хэн нэгэнд мөнгө зээлээд алдаж байсан түүхтэй байдаг аж. Хариуцлагагүй 10 зээлдэгч тутмын 4 нь санхүүгийн бэрхшээлийг хүлээн авах сэтгэлийн тэнхээ сул байгаа бөгөөд энэ нь найдвартай харилцагчаас 2 дахин их үзүүлэлт юм. Тиймээс зээлээ хугацаандаа төлдөггүй зээлдэгчид өөрт тохиолдсон санхүүгийн асуудлыг шийдвэрлэхээс зайлсхийх, зугтах хандлага өндөр байдаг байна.

Финтек хэрэглэгчид сэтгэл хөдлөлөө ойлгох чадвар сул байна

Финтек хэрэглэгчид нь өөрийн сэтгэл хөдлөлийг таних, ойлгох чадвар сул боловч сэтгэл хөдлөлөө хянах, удирдахад илүү анхаарал хандуулдаг. Тодруулбал, хэрэглэгчдийн 90 хувь нь ачаалалтай үед анхаарлаа төвлөрүүлж чаддаг. Харин ердөө 20 хувь нь ачаалалтай үед энгийн үеэс өөр зан авиртай болдог гэдгээ анзаарч мэддэг байна. Энэ нь өөрийн сэтгэл хөдлөлөө ойлгох чадвар сул байгаагийн илрэл бөгөөд урт хугацаандаа сэтгэл зүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг дагуулдаг хэмээн судалгааны багынхан дүгнэжээ. Цаашлаад 10 финтек хэрэглэгч тутмын 6 нь харилцааны ур чадвараа өндрөөр үнэлдэг. Харин 10 хүн тутмын 5 нь үүнийгээ үйлдэл болгон хэрэгжүүлдэг.

Цахим зээлийн платформ хэрэглэгчид шийдвэр гаргахдаа өөрийн үзэл болон туршлагадаа үндэслэдэг гэжээ. 10 хэрэглэгч тутмын 5 нь шийдвэр гаргахдаа өөрийн үзэл бодолд тулгуурладаг. Мөн 10 хүн тутмын 6 нь өөрийн бодол, байгаа мэдээллээ хангалттай гэж боддог буюу нэмэлтээр мэдлэг мэдээлэл эрж хайдаггүй аж. Энэ нь тэдний өөрийгөө аливаа зүйлийн учрыг олох чадвар өндөр гэж дүгнэж буй хандлагатай нь холбоотой байж болох юм. Өөртөө хэт итгэлтэй байх нь цаашид суралцах, бусдын үзэл бодлыг өөрийнхтэй нэг төвшинд авч үзэх зэрэг шийдвэр гаргахад шаардлагатай зөв хандлагуудыг үгүй хийх талтай.

Финтек хэрэглэгчид мэдлэг боловсролоос илүү, хариуцлагыг чухалчилдаг нь тус судалгааны үр дүн харуулжээ. Тэд бусдад тусалдаг боловч эргээд хариу авах хүсэлтэй байна. Тодруулбал, хэрэглэгчдийн 30 хувь нь авах хандлагатай, 11 хувь нь өгөх хандлагатай, үлдсэн 59 хувь өгөх хандлагатай ч хариу тус авах хүсэлтэй хүмүүс байна. Өгөх хандлагын хүрээнд бусдад зориулдаг гол зүйл нь тэдний цаг хугацаа байдаг гэжээ.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (2 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Г.Орхон

Та яагаад татвар төлөх хэрэгтэй вэ

Previous article

Монгол залуучууд мөнгөөр биш мөрөөдлөөр дутаж байна

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like