MARS-V төсөл залуучууд төдийгүй ахмад үеийнхний сонирхлыг татаж, гадна дотны зөвлөхүүд, эрдэмтэн судлаачдыг эгнээндээ нэгтгэсэн дэлхийд гарах үндэсний том төсөл болоод байна. Уг төслийн эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлсийн талаар төслийн ахлах зөвлөх Д.Болортой ярилцлаа. 

– Марс төсөлд нэгдсэн түүхээсээ хуваалцаач

 MARS-V төсөлд нэгдэх болсон үндсэн шалтгаан бол төслийн санаачлагч С.Эрдэнэболд бид хоёрын нөхөрлөл, итгэл, хүндлэлтэй холбоотой юм. 2011 онд, Мобиком Корпорацийнхаа 15 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд С.Эрдэнэболдын санаачилсан эрдэмтэн, зохиолч Жак Уэтерфордын “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан”/Gengis Khan and the Making of the Modern World/ номыг орчуулж цаасан болон аудио ном болгон хэвлүүлэх, хөгжмийн нэрт зохиолч Төрийн шагналт, УГЗ С.Баатарсүхийн “Монголын Нууц Товчоо” симфони, “Алтан ураг” бэсрэг симфони дуурийг тоглуулж бичлэг хийлгэн Алтан фондод үлдээн Монголынхоо түүх, соёлын хөгжилд хувь нэмэрээ оруулах төслүүдийг хамтран амжилттай хэрэгжүүлсэнээр бидний нөхөрлөл хамтын ажиллагаа эхэлж, цар хүрээгээ тэлсээр байна. Харвардын Их сургуульд явахдаа тэрээр,“Дүү нь сургуулиа төгсч ирээд Монгол улсын хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах томоохон төсөл санаачилж, ахтайгаа хамтран ажиллана” гэж хэлсэнийгээ ч хэрэrүүлж байна. 

2019.01.21-нд Эрдэнэболд надтай уулзаж MARS-V төслийн санаагаа ярьсан нь орчлон ертөнцийн үүсэл, сансар судлал, технологийн чиглэлээр сонирхон судалдаг хувь хүн миний сонирхол болон манай улс Олон улсын эдийн засгийн интеграцид нэгдэн оролцож байж хөгжинө гэсэн үзэл бодолтой  нийцсэн болохоор шууд дэмжиж, хамтарч ажиллахаар болсон юм.

– Та бол том компаниуд удирдаж, компанийн менежмент судалдаг хүн. Марс төслийн баг нь алсын хараа, засаглал, үнэт зүйлсийн хувьд яг юу нь таны сонирхлыг татсан бэ? Таны өмнө удирдаж байсан, ажиллаж байсан төслүүдээс юугаараа онцлогтой байна вэ?  

Бидний амьдарч буй энэ цаг үе урьд өмнө нь хэзээ ч байгаагүй ер бусын хурдтай хөгжиж, өөрчлөгдөж шинэ боломжуудыг бий болгон шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн шинэ салбаруудыг үүсгэж байгаа хэдий ч байгаль орчны бохирдол,ус, хүнс, бусад нөөцийн хомсдол зэрэг асуудлууд хурцадсан. Ингэснээр цаашид хүн төрөлхтөн хомс нөөцөд дасан зохицож, эх дэлхийн нөөцөө гамнах, хэмнэх, хүнд нөхцлийг тэсч туулах, даван гарах дадал зуршилд суралцах, сансар судлал, сансрын аялал жуулчлалыг хөгжүүлэх, ойр гаригуудын нөөцийг ашиглах шаардлага үүсч байна. 

Эко хөгжүүлэлт бүхий MARS-V төсөл нь  Монгол улсынхаа геофизик, геополитик, хууль эрх зүй, өв соёлын давуу боломжоо ашиглан Дэлхий нийтийн сансрын тэмүүлэл, Марсыг эзэмших өрсөлдөөнд тулгуурлан сансрын аялал жуулчлалын “шинэ зах зээлд” олон улсын хамтын ажиллагааны салшгүй нэгэн оролцогч болж, улсынхаа төдийгүй Дэлхийн түвшинд шинжлэх ухаан, технологи, эдийн засаг, амьдралын зөв хэвшилд хувь нэмрээ оруулах Зорилго, Үнэт зүйлс нь миний сонирхлыг татдаг. 

MARS-V төсөл нь бидний өмнө хэрэгжүүлж байсан технологи, үйлчилгээ, нийгмийн хариуцлагын төслүүдээс хамрах хүрээ, нөөц, хэрэгжүүлэх хугацаа, оролцогч талууд, төсөв, бүтээгдэхүүн, үр нөлөөгөөрөө их онцлог ялгаатай, шинэлэг ч төслийн удирдлагын үндсэн зарчмуудын дагуу хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна.

Төслийн Эрхэм зорилго, Алсын хараагаа бид дараах байдлаар тодорхойлсон:

Эрхэм зорилго: “Бид Хүн төрөлхтний МАРС гарагийг эзэмших хүсэл тэмүүллийн холбоос байна” 

Алсын хараа: “Монголын говьд, Марс гараг руу явах нисэгчдийг бэлтгэх Марс гарагтай хамгийн дөхүү мэдрэмжийг мэдрүүлэх бэлтгэлийн бааз, сансрын технологийг хөгжүүлэх чөлөөт бүс, өндөр технологийн дагуул хотыг байгуулна”

Бидний Үнэт зүйлс бол: Нэг санаа, нэг зорилготой чадварлаг Хүний нөөц. Байгаль орчиндоо дасан зохицох, хүнд шалгуурыг даван туулах чадвартай Өв соёл. Манай улсын геофизик, геополитик, хууль эрх зүйн Давуу талууд. Төр, Хувийн хэвшил, Олон улсын байгууллагуудын Зарчимч Түншлэл юм.

– Энэ бол монголчуудыг дэлхийн тавцанд гаргах төсөл гэсэн таны итгэл үнэмшил чухам юун дээр үндэслэж байна вэ?

Олон улсын хэмжээний оролцоотой том төслийн хувьд Төрийн болон дотоод, гадаадын мэргэжлийн байгууллагуудын  дэмжлэг хамгаас чухал байдаг болохоор манай залуус MARS-V төслөө сансрын технологийн тэргүүлэгч гүрний холбогдох байгууллагуудад танилцуулж тэднээс дэмжлэг авахад их анхаарч ажилласан.

Тухайлбал, төслөө Японы Сансрын агентлаг(JAXA), ОХУ-ын Сансрын байгууллага (Roscosmos) болон Шинжлэх ухааны академи, Бүгд Hайрамдах Энэтхэг Улсын Сансрын байгуулага (ISRO), Европын Холбооны сансрын агентлаг (ESA), АНУ-ын Сансрын байгууллага (NASA) тус тус танилцуулж дэмжигдсэн бөгөөд Монгол Улсын Шинжлэх Ухааны академи, салбар хүрээлэнгүүдэд тус тус танилцуулан дэмжлэг авч хамтын ажиллагаагаа эхлүүлээд байна. 

Түүнчлэн, MARS-V төслийг санаачлагч Монголын сансрын судлагаа, хөгжүүлэлтийн төв /MARSA/ нь марс судлалын төв болсон NASA-гийн салбар бүтцүүд болох Олон улсын марс судлалын ажлын хэсэг /IMEWG/, Марс судлалын хөтөлбөр зохицуулалтын ажлын хэсэгт  /MEPAG/ тус тус гишүүнээр элсэж төслийн үндэслэлд шинжлэх ухааны дэмжлэг авч хамтран ажиллаж байгаа болон энэхүү төслийн эерэг үр нөлөө зөвхөн Монгол Улсад бус Дэлхийн түвшинд хамаатай болохоор төсөлдөө итгэл үнэмшилтэй байдаг юм. 

Дэлхийд үүсээд байгаа асуудлуудыг шийдэх инновацийн шилдэг төслүүдийг шалгаруулах “AI Showbiz” Олон Улсын шалгаруулалтанд MARS-V төслөөрөө оролцож шилдэг 10 төслийн нэгээр шалгарсан.

– Монголчуудын сансар судлалын уламжлалын талаар та цухас дурдаж байсан. Энэ шинжлэх ухааны салбарт монголчууд ямар үүрэг гүйцэтгэж ирсэн, цаашид ямар үүрэг гүйцэтгэж болох талаар таны бодол? 

Монголчууд бидний нүүдэлчин өвөг дээдэс нэн эртнээс огторгуй тэнгэрийг дээдэлж нар сарыг шүтээнээ болгож  ирсэний ул мөр болох  хад, чулуун дээрхи онги дүрсүүд олон байдаг бөгөөд 

Монголын Эзэнт гүрний үеэс од эрхсийг сонирхож одон орны судалгааг хийж, Мөнх хааны зарлигаар 1256 онд Иранд “Одон орны төв”, Хубилай хааны зарлигаар 1271 онд Юань гүрэнд “Одон орны удирдах төв”, Үлэгбэхи хаан 1417-1420 онд Самаркандад Одон орны хүрээлэн, улмаар 1428 онд Одон орны оргилыг байгуулж байсан түүхтэй бөгөөд одот тэнгэрийг шинжүүлэн цаг агаарын байдал болон  ган, зуд зэрэг байгалийн гамшгаас  ургац алдах, мал сүрэг хорогдох эсэхийг тандан мэддэг байжээ. 

ТАСАМ ТББ/Тархан суурьшсан Монголчууд/-аас 2020 онд туурвисан “Монголын Эзэнт  гүрний  ШИНЖЛЭХ УХААНЫ ТӨВ, ОДОН ОРГИЛУУД”  ботид  эрдэм мэдлэгийг эрхэмлэн дээдэлдэг Мөнх, Хубилай, Газан,Үлэгбэхи хаадууд Монголын Эзэнт гүрний дөрвөн их улсын нийслэлүүд, томоохон хотуудад шинжлэх ухааны төв, одон орны оргилууд байгуулж шинжлэх ухаан өөрийн хувь нэмрийг оруулж байсныг баримт сэлт, тууриудын зургаар үзүүлсэн байдаг.

20-р зууны дунд үеэс орчин үеийн Монгол улсад Сансар судлалын үйл ажиллагаа эхэлж 1957 онд ШУА-ийн Одон Орон,Геофизикийн Судалгааны Хүрээлэнгийн дэргэдэх Одон орон судлах төв, 1970 онд Сансрын холбооны Орбит станц, 1971 онд Ус цаг уур, байгаль орчин, байгалийн нөөцийг сансраас тандан судлах ажил эхэлж, 1981.03.22-нд Ж.Гүррагчаа 7хоног 20 цаг 42 минут сансарт нисч Монгол Улс иргэнээ сансарт нисгэсэн 10 дахь орон болсноос хойш тус салбарын хөгжилд дорвитой ахиц гараагүй явж иржээ. 

MARS-V төслийг санаачлагч Монголын сансрын судалгаа, хөгжүүлэлтийн төв /MARSA/ нь: 

-Нөхөн сэргэшгүйгээр доройтож буй дэлхийгээ хайрлан хамгаалах зорилгыг хүмүүст мэдрүүлэх

-Хомс орчинд, аливаа нөөцийг хамгийн төсөр түвшинд ашиглах дадалд сургах

-Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал зэргээс үүдэх ирээдүйн сорилтын өмнө сэтгэл зүй, бие бялдрын тэнцвэртэй туршлагад суурилсан мэдлэг олгох

-Марс гарагийн төсөөтэй орчинд ажиллах, амьдрах, тухайн орчныг загварчлан мэдрүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлэх 

-Хүн төрөлхтөнд хэрэгтэй, Монгол Улсад үр өгөөжтэй, шинжлэх ухаанд суурилсан, ирээдүйд чиглэсэн, өрсөлдөх чадвараа ахиулсан, иргэдээ чадавхижуулсан, залуу үеэ түшсэн хөгжлийн боломжийг энэ төсөл бүх талуудад санал болгох 

-Хөрөнгө оруулалтын орчинг шинэчилж, тогтвортой хөгжлийн боломжийг бодит ажил хэрэг болгох чиг үүргээр ажиллана.

MARS-V төсөл нь ямар нэгэн байгаль экологи, хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх туршилт хийхийг эрс татгазлах бөгөөд төсөл хэрэгжих шат бүрт мэргэжлийн байгууллагын хяналт, судалгаа, олон нийтэд нээлттэй байх зарчмыг баримтална.

– Та төслийн залуучуудад юу зөвлөж, бас тэднээс юу сурч байна вэ?

Манай шинэ үеийн залуус зөв хандлагатай, амьдралын зорилготой түүндээ итгэл үнэмшилтэй, боловсрол мэдлэгтэй, хариуцлагатай, дэлхийд өрсөлдөх чадвартай  байгаасай гэж бодож явдаг. Энэ бодол минь манай төсөл дээр бодит байдал болж байгаад хувь хүний хувьд баярлаж, төслийн залуусаараа бахархаж явдаг. Миний хувьд, залуустаа итгэл өгөх, зөв чиглүүлэх, сэдэлжүүлэх, эрсдэлээс хамгаалах, дэмжлэг үзүүлж зөвлөх чиг үүргээр ажилладаг.

MARS-V төсөлд сайн дураараа нэгдсэн залууст төслийн том зорилго хувь хүнийх нь хүсэл мөрөөдөл зорилготой нь нийцсэн учир тэд хариуцсан ажилдаа дуртай, өндөр бүтээмжтэй, идэвх санаачлагатай, эрч хүчтэй, урам зоригтой ажилладаг. Төслийн хамрах хүрээ том учир олон салбар, мэргэжлийн чадварлаг залуусаасаа шинэ мэдээлэл, мэдлэгт суралцах зүйл байлгүй яахав. 

– Төслийн удирдлагын чадвар, нөөц бололцооны талаас монголчууд иймэрхүү том төслүүдийг хариуцаад явах боломжтой юу?

Төслийн хувьд зөв төвлөрөл, зөв баг бүрдсэн гэж үзэж байгаа. Төсөл шинэчилсэн бүтцийн дагуу одоогоор 11 багт хуваагдан, Баг бүр “Зөвлөх-Үндсэн багийн гишүүд-Сайн дурын ажилтнууд” гэсэн бүрэлдэхүүнтэй ажилладаг. Одоогоор, төслийн үндсэн багт 100 орчим залуус болон  дотоодын 5, гадаадын 9 зөвлөх ажиллаж 2200 гаруй сайн дурын дэмжигч залуус оролцдог.

2020 оны тавдугаар сард  манай төслийн залуусын мэдлэг, ур чадварыг сорьсон нэгэн чухал үйл явдал болж, Дэлхийд үүсээд байгаа асуудлуудыг шийдэх инновацийн шилдэг төслүүдийг шалгаруулах “AI Showbiz” Олон Улсын шалгаруулалтанд MARS-V төслөөрөө оролцож шилдэг 10 төслийн нэгээр шалгарсаныг энд дурьдахад таатай байна.

MARS-V төсөлд сайн дураараа нэгдсэн залууст төслийн том зорилго хувь хүнийх нь хүсэл мөрөөдөл зорилготой нь нийцсэн учир тэд хариуцсан ажилдаа дуртай, өндөр бүтээмжтэй, идэвх санаачлагатай, эрч хүчтэй, урам зоригтой ажилладаг.

Түүнчлэн, Монгол Улсын Их Хурлаар батлагдсан Алсын хараа-2050 хөтөлбөрт энэ төслийг хэрэгжүүлэх суурь зарчмуудыг тусгасан бөгөөд 2020-2024 он хүртэлх Засгийн газрын мөрийн хөтөлбөрт /заалт/ оруулсан. Төсөл хэрэгжүүлэх боломжтой газар нутгийн онцлог, говийн өвөрмөц чанар, эко системд үзүүлэх нөлөөлөл, ургамал, амьтан хийгээд нутгийн иргэдийн амьдралын хэв маягт хэрхэн нөлөөлөх судалгаануудыг хийсэн. Мөн палеонтологи, геологи, археологи, усны чиглэлээр судалгааны байгууллагуудтай хамтран ажиллахаар болж, сансар судлалын чиг үүргийн Олон улсын ажлын хэсгүүдтэй хамтран ажиллаж дэмжлэг авч байгаа болохоор бид төслөө хариуцаад явах боломжтой гэж үздэг.

– Та зөвлөх компани ажиллуулдаг. Олон жилийн туршлагатай, мэдлэгтэй хүний хувьд та цаашдаа Монголын бизнест, бизнесмэнүүдийн хөгжилд ямар хувь нэмэр оруулах зорилготой байгаа вэ? Энэ зорилго тань Марс төсөлтэй яаж холбогдож байна? 

Өнөөгийн Монгол улсын хөгжлийг сааруулж байгаа гол асуудал нь салбаруудын бодлого-зохицуулалт болон эдийн засгийн орчин тун хангалтгүй.  Төрийн болон хувийн хэвшлийн компаниудын “Засаглал”, “Удирдлагын ур чадвар” тааруу байгаатай холбоотой гэж би хувьдаа бодож явдаг. Энэ байдлыг сайжруулахад бид өөрсдийн зүгээс хувь нэмрээ оруулахын тулд сургалт, коуч, менторинг хийх хэлбэрээр олон компаниудтай ажиллаж мэдлэг, туршлагаа хуваалцаж байна. 

Марс төсөлд олон салбарын оролцоо, хамтын ажиллагаа шаардлагатай болохоор төсөл хэрэгжээд эхлэхээр холбогдож ажиллах боломжтой.

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

Өрсөлдөөнд үлдэх арга буюу хэрэглэгч төвтэй тогтолцоо

Previous article

Захирлаас хамаарал багатай бизнес бий болгох нь (№ 77)

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like