Та бизнесээ өргөжүүлэн томруулах эсвэл энэ чигээрээ амьжиргаагаа залгуулаад  тогтвортой байхын алийг нь ч сонгосон эцсийн дүнд амжилттай бизнесийг цогцлоох нь чухал. Дэлхийн топ энтрепренерүүд амжилтад хүрэх замдаа олон сорилт, бэрхшээлүүдийг давсны эцэст одоогийн өндөрлөгт хүрсэн байдаг. Иймд бизнесээ бүтээх замналд тань урам зориг өгөх дэлхийн топ энтрепренерүүдийн зөвлөгөөг хүргэж байна. 

Питер Тиль

Хэрэглэгчийн асуудлыг шийдэх хамгийн сайн шийдлийг л санал болгохгүй бол ямар ч шинэ технологийг сонирхохгүй. Хэрэв та жижиг зах зээлийг онцгой шийдлээр монопольчилж чадахгүй бол ширүүн өрсөлдөөнд гацах болно.”

Цахиурын хөндийн хамгийн амжилттай энтрепренер, хөрөнгө оруулагчдын нэг тэрбээр хэрхэн бизнесээ эхлүүлж, амжилттай өсгөхийг сайн мэднэ. Та ямар ч бизнес эрхэлдэг байсан танай бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэгчийн бодит асуудлыг шийддэх ёстой. Түүний хэлснээр таны юу бүтээх нь хэрэглэгчид чухал биш, тэдний амьдралыг хөнгөвчлөхийн тулд бусдаас илүү юу санал болгож байна вэ гэдэг л чухал. Бусдаас илүү байж чадахгүй бол тэдэнтэй үнээрээ өрсөлдөхөөс өөр аргагүйд хүрнэ. Харин энэ нь эцэстээ таны бизнесийг хойш нь татах болно.  

Стив Жобс 

“Дизайн гэж сонин үг. Хүмүүс дизайныг харагдах байдал гэж боддог. Гэвч мэдээж гүн рүү харвал дизайн бол ажиллах зарчмын асуудал юм.”

“Apple”-ийг тодорхойл гэвэл “дизайн сайтай” гэх хүн цөөнгүй. Энэ ч үнэн. Гэхдээ тус компанийн бүтээгдэхүүний гол үзүүлэлт зөвхөн үзэмж байсан бол тэд өнөөгийн өндөрлөгт хэзээ ч хүрэхгүй байсан. Apple-ийн бүтээгдэхүүнүүд өрсөлдөгчдөөсөө илүү сайн ажилладагт гол учир бий. “Та юу ч хийсэн хэрэглэгчийн мэдрэмжид тулгуурласан, таатай л байх хэрэгтэй. Тэгж байж бусдаас ялгарна” гэсэн түүний зөвлөгөөг та ч бизнестээ баримтлаарай.

Жек Ма

“Цэлмэг байгаа дээр дээврээ засаж ав гэсэн зарчмыг би баримталдаг. Компанийг сайн явж байхад нь өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Харин асуудалтай үед илүү үйлдэл хийхээс зайлсхийж, болгоомжлох нь зөв. Шуурга эхлэхэд дээврээ засахаар гарвал та сүйрэх болно.”

Ихэнх жижиг, дунд бизнесүүд сайн үедээ тайван зогсож байгаад асуудал гарахад сандарч яаруу шийдэл гаргадаг. Яг үүний эсрэгээр ажиллахыг Алибабаг үүсгэн байгуулагч Жэк Ма зөвлөдөг. Бизнесээ сайжруулж, алдаа дутагдлаа засахын тулд шуурга болохыг хүлээх хэрэггүй. Таны санаа амарч, тав тухын бүсэд орж эхлэх тэр үед л зах зээлийн өөрчлөлтөд бэлдэх шинэчлэлийн ажлыг эхлүүлэх нь зөв. 

Марк Андриссен 

“Өдгөө та өөрийн дуу хоолойгоо гэртээ сууж байгаад дэлхий нийтэд хүргэх боломжтой болсон. Энэ чиг хандлага надад их таалагддаг.”

Дэлхийн хамгийн том вэб стартапуудын удирдлагын багт ажиллаж байсан инженер, энтрепренер тэрбээр интернэт суурьтай технологи бий болсноор бизнесийн орчин хэрхэн өөрчлөгдөж буйг хамгийн ойроос ажигласан нэгэн билээ. Энэхүү үзэгдэл зөвхөн технологийн компаниуд болон томоохон бизнесүүдэд бус жижиг компаниудад ч нөлөөгөө үзүүлсэн. 

Өмнө нь жижиг бизнес эрхлэгчид сонин, сэтгүүлийн нүүрэнд гарахын төлөө тэмцдэг байсан бол өдгөө та хэрэглэгчтэйгээ шууд харилцаж, хүргэх гэсэн мессежээ өөрөө тодорхойлохоос гадна илүү өргөн цар хүрээг хамрах боломжтой болсон. Иймд сошиал медиа, блог, вэбсайт зэрэг үнэгүй эсвэл хямд хэрэгслүүдийн давуу талыг сайн ашиглах хэрэгтэй.

Жек Уэлч

“Сайн удирдагч алсын харааг бүтээж, гартаа оруулж, түүнийг хэрэгжүүлэхийн тулд бусдыгаа хөтөлж, цуцалтгүй зүтгэдэг.”

Жек Уэлч бол яг ч энтрепренер биш. Гэхдээ General Electric-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа тус компанийн орлогыг 4000 хувиар өсгөсөн нь түүний энтрепренер сэтгэлгээний гавъяа. 

Тодруулбал, тэрбээр хүнд сурталд автаж, удаашралд орсон тус компанийг шинэ боломжуудаар дүүрэн уян хатан компани болгох алсын хараатай байсан юм. Үзэл бодолд нь хүмүүс шүүмжлэлтэй хандаж байсан ч, түүний хандлага, алсын хараа нь бизнесийн бүхий л талбарт нэвт шингэж чадсан байдаг. Та ч өөрийн бизнестээ ингэж нөлөөлөх боломжтой. Хэн байхаа та өөрөө шийдэх бөгөөд үүнийгээ ажилтан бүрдээ хүргэж, бизнесийнхээ хөдөлгөгч хүчин байх хэрэгтэй. Таны бизнест өөр хэн ч танаас илүү анхаарал, халамж тавигүй тул урам зориг, тэмүүллийн эх үүсвэр байх үгүйгээ та л шийднэ.

Жэймс Алтушер

“Бизнес эрхлэгчид өдөрт 20 цаг ажиллах ёстой гэдэг үлгэрт бүү итгэ. Төвлөрч ажиллахын тулд та найман цагийн нойроо авсан байх ёстой.”

Эрсдэлийн сангийн менежер, энтрепренер, зохиолч түүнд энэ их ажлын хажуугаар бүтэн нойртой явах цаг гардаг нь сонирхолтой. Бүтэн нойр чухал гэдэг нь туйлын үнэн. Иймд та ч түүний адилаар сайн унтаж амарч байх хэрэгтэй. Ажилдаа хэт автсан үед энергийн ундаа, кофегоор аргалаад нойргүй яваад байхад хэцүү биш. 

Гэхдээ амжилттай бизнес бүтээхэд дан эрч хүч, хүсэл эрмэлзэл хангалтгүй. Тунгаан бодож, ухаалаг шийдвэр гаргах чадвартай байх нь чухал. Энэ мэтээр эрүүл мэндээ үл ойшоох нь төвлөрч, бүтээмжтэй ажиллахад саад болно.

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (2 votes, average: 4.50 out of 5)
Loading...
Б.Мишээл

Захирлаас хамаарал багатай бизнес бий болгох нь (№ 77)

Өмнөх нийтлэл

Ж.Болд: Бид өндөгний үйлдвэрлэлээ 35 сая ширхгээр нэмэгдүүлнэ

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like