Аливаа бизнесийн хөгжлийн үе шатыг эхлэл, өсөлт, тогтворжилтын гэх гурван үед хувааж үздэг. Бизнесийн эхлэл тавигдаж байх үед захирал ихэвчлэн бүх ажилд гар бие оролцох шаардлагатай байдаг бол өсөлтийн үед бизнесийн эзэн удирдлагын багтаа эрх мэдлээ бага багаар шилжүүлж эхэлдэг. Харин тогтворжилтын үед захирал бизнесээсээ хөндийрч томоохон өөрчлөлт, шинэчлэлтийн ажилд гол анхаарлаа хандуулж, гүйцэтгэх захирлыг дасгалжуулах зэрэг ажил руу шилждэг. 

Монголын ихэнх жижиг, дунд бизнес өсөлтийнхөө үе шатанд явж байгаа бөгөөд энэ үед хүссэн хүсээгүй бизнесээ эхэлсэн арга барилаа өөрчлөх шаардлагатай нүүр тулдаг. Өсөлтийн үед байгууллагын соёл бүрэлдэж эхэлдэг тул энэ үед бизнесээ системчилж, улмаар өсөлтөө эрчимжүүлэхэд анхаарч ажиллах нь зүйтэй. 

Ихэнх бизнес эрхлэгч зөвхөн гадаад өсөлт буюу сайн маркетинг, борлуулалтад төвлөрч бизнесийн дотоод өсөлтийг орхигдуулдаг. Дотоод өсөлтөд тогтвортой үйл ажиллагаа, гүйцэтгэл, үр ашиг зэрэг хүчин зүйлс багтах бөгөөд эдгээрийг анхаарахгүй бол бодит өсөлт бий болохгүй. Бизнесийн дотоод үйл ажиллагаа алдаатай, стандартгүй, тогтворгүй бол бий болсон гадаад өсөлтөө хангаж чаддаггүй. 

Дотоод өсөлтгүй гадаад өсөлт түр зуурынх байдаг.  

Тэгвэл дотоод өсөлтийг хэрхэн бий болгох вэ? Бизнесээ системчлэх нь дотоод өсөлтийн суурь хүчин зүйлсийн нэг юм. Ингэснээр удирдлагаас хамаарал багатай, тогтвортой үйл ажиллагаа бий болдог. Өөр нэгэн чухал хүчин зүйл бол төвлөрөл буюу хамгийн чухал ажилдаа хүчээ төвлөрүүлэх явдал юм. Үүн дээр нэмээд гар нийлсэн удирдлагын багтай бол дотоод өсөлт бий болох нөхцөл бүрддэг. 

Захирлаас хамааралгүй ажилладаг систем бүрэлдэж эхэлсэн эсэхийг мэдэх энгийн арга бол та ажлынхаа хэдэн цагийг өдөр тутмын үйл ажиллагаанд, хэдийг нь өсөлт хөгжил, шинэчлэлийн ажилд зарцуулж байна вэ гэдэг асуултад хариулах юм. Мэдээж өдөр тутмын ажлаасаа хөндийрч чаддаггүй бол бизнес тань танаас хамааралтай хэвээр байна гэсэн үг. Харин ихэнх цагаа өөрчлөлт, шинэчлэлийн томоохон ажилд зарцуулж байвал систем бүрэлдсэн байна гэж үзнэ. 

Өдөр тутмын ажлыг бусдаар хийлгэхдээ захирлууд дараах гурван төрлийн аль нэгд багтдаг. Та аль төрөлд нь хамаарах вэ? 

Do буюу удирдлага ажилтантай хамт хийх эсвэл өмнөөс нь хийх

Decide буюу удирдлага шийдэж ажилтан хийх 

Delegate буюу ажилтан өөрөө шийдэж ажлаа хийх

Захирал эрх мэдлээ сэтгэл амар шилжүүлж, өдөр тутмын ажлаас хөндийрөхөд саад болдог хэд хэдэн хүчин зүйл бий. Үйл ажиллагаа нарийн төвөгтэй, ойлгоход хэцүү, ажлыг хийх тогтсон стандарт, арга замгүй, хариуцлага тодорхойгүй, үр дүнтэй хяналтгүй байх зэрэг нь компанийн үйл ажиллагааг удирдлагаас шууд хамааралтай болгодог. 

Систем бүрэлдсэн үед захирал энэхүү систем дотор бус гадна нь ажиллах нөхцөл бүрэлддэг. Өөрөөр хэлбэл, захирлын ажлыг жүжгийн найруулагчийнхтай зүйрлэж болно. Захирал зохиолоо бичих буюу статегиа гаргана, жүжигчид буюу боловсон хүчнээ сонгон шалгаруулна, жүжиг буюу үйл ажиллагаагаа найруулж, хянаж, сайжруулаад явна гэсэн үг. 

Бизнесийн системийг бүрдүүлэх эдгээр болон бусад арга барилын тухай энэ долоо хоногийн “Бизнес цэнэг” вэбинарын үеэр Гүйцэтгэлийн Төгөлдөршил ХХК-ийн үүсгэн байгуулагч Г.Өлзийбуян танилцууллаа. “Захирлаас хамаарал багатай бизнесийг бий болгох нь” сэдвээр зохион байгуулсан энэхүү вэбинарыг үзэж илүү нарийн мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Хархорум Дижитал Академи, Business.mn сэтгүүлээс Мягмар гараг бүр зохион байгуулдаг “Бизнес цэнэг” вэбинарт ирэх долоо хоногт Обзерв Консалтинг ЗҮБ-ын үүсгэн байгуулагч Д.Отгонбат оролцож ”Бизнесийг процессоор удирдахуй” сэдвээр хичээл орно. Энэхүү вэбинарыг угтаж хийсэн подкастыг эндээс сонсож хичээлийн тухай мэдээлэл аваарай. 

Дараагийн вэбинарт бүртгүүлэх холбоос: https://academy.karakorum.digital/pages/webinars

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (2 votes, average: 4.50 out of 5)
Loading...
Б.Мишээл
Business.mn Сэтгүүлч

Махны нийлүүлэлт тогтмол биш учраас ресторанууд махаа гадаадаас авдаг

Өмнөх нийтлэл

Нийгмийн инновац: Хаана асуудал байна, тэнд шийдэл үргэлж хэрэгтэй болдог

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.