АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн санхүүжилттэй, Хөгжлийн Шийдэл ТББ-ийн хэрэгжүүлж буй “Бизнесийн Тогтвортой Хөгжлийг Сайжруулах, Ил Тод Байдлыг Нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөрийн хүрээнд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан цар тахлын хүнд хэцүү үед бизнесээ амжилттай удирдан яваа  хөдөлмөрч дөрвөн эмэгтэйн амжилтын түүхийг цуврал болгон толилуулж байна.

Бурамхан. Энэ бол энгийн нэг чихэр биш. Энэ бол үнэ цэн, хайр, аз жаргал. Тэр ийнхүү тодорхойлсон. Харин би Бурамханг хариуцлага, хүндлэл, урлаг, хичээл зүтгэл гэж тодорхойлно. Ийн нэрийдэж байгаагийн учир нь Бурамханг бий болгосон, өлгийдөн авсан, өсөж өндийлгөж буй А.Солонгоогийн хамгийн ихээр анхаарал хандуулж буй зүйлс нь энэ мэт санагдсан хэрэг.

2016 он. Цайдам трейд ХХК-ийн захирал А.Солонго гурав дахь хүүхдээ төрүүлснийхээ дараа жирэмсний амралттай байх хугацаандаа Бурамхан гараар хийсэн чихрийг хийх эхлэлийг тавьж байжээ. Түүний дотор импортыг орлох, экспортод гаргах бүтээгдэхүүн үйлдвэрлэх юмсан гэсэн мөрөөдөл байсаар ирсэн тул судалгаа хийж эхэлжээ. Монголд айл, албан байгууллагын ширээн дээр тавагтай чихэр байдаг ч бүгд л гаднын бас дэлгүүрийн лангуу дүүрэн гадаад чихэр байгааг анзаар чихэр хийх талаар судалж эхэлсэн байна.

Тэрбээр “Австрали руу холбогдоод гар аргаар хийдэг чихрийн технологид суралцсан. Багагүй, амаргүй цаг хугацааг зарцуулсан. Ингээд л нэг өдөр туршилт хийхээр шийдсэн. Нөхөр, хүүхдүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан ч зөрсөөр байгаад нэг өрөөгөө суллаад чихрээ хийж эхэлсэн.” хэмээн бизнесээ хэрхэн эхэлсэн талаараа хуваалцсан.

Нэлээд хугацаанд гадаадад суралцсан тэрбээр эх орондоо ирээд газар тариалангийн салбараас эхлээд олон том төсөл дээр ажиллажээ. Тухайлбал, Чихрийн манжингаас сахар гаргаж авах туршилтын төсөл, хамгийн сүүлд Шинэ нисэх онгоцны буудлын төслийн менежерээр ажиллаж байгаад жирэмсний амралтаа авсан байна.

Эргээд ажилдаа орох боломж байсан ч чин сэтгэлээсээ зорих юм бол эцсийг нь үздэг зан нь өнөөдөр Бурамхандаа үнэнч үлдэх шалтгаан нь болсныг хэлж байлаа.

Жилд 70 тэрбум төгрөгийн чихэр импортоор орж ирдэг.

Тэрбээр “Бид бүтээгдэхүүнээ чихрийн урлаг тал руу нь хөгжүүлж байна. Чихэр дээр төрөл бүрийн үг, компанийн лого гээд бүх сэдвээр текстийг нь бичих боломжтой. Гараар чин сэтгэлээсээ урладаг. Маш олон бүтэлгүйтэж, маш олныг хогийн саванд хийсээр өнөөдөртэй золгосон. Бидний үйлдвэрлэж буй чихэр бол зөвхөн амттан биш. Үнэ цэн, хайр, аз жаргал тэнд бий. Савыг нь хараад ямар хөөрхөн юм бэ гээд чихэр дээрх бичгийг хараад хөөх гэж дуу алдаад амтлаад гоё амтыг нь мэдрээсэй гэж хүсэж хийдэг. Хийх арга нь маш сонирхолтой. Чихэрний мастерууд бүгд ажилдаа дурлачихсан. Ийм дүрс хийнэ, ийм үг бичнэ гээд л ярина, бүр зүүдэлнэ. Гайхамшигтай сайхан үнэр, амттайгаас гадна өөртөө ингэж дурлуулч чаддаг бүтээгдэхүүн” хэмээн өөрийн бүтээгдэхүүнийг хэрхэн бүтдэг талаар тайлбарласан.

Хүүхдүүддээ зориулж бүтээгдэхүүнээ хийдэг тул элдэв хоргүй тул өөрийн хүүхдүүдэд дуртайяа, зоригтойгоор өгдөг гэдгээ онцолж байлаа.

Анхны хөрөнгө оруулалтаа том машинаа зарж жижиг болгосон, аавынхаа эзэмшдэг газар, байрыг барьцаалсан гээд л мөнгө хуримтлуулаагүй хүний хувьд хэцүүхэн эхэлж байсан түүний хувьд дөрвөн жилийг ардаа үдэж, даваа гүвээ туулсан ч тэр өнөөдрийн амжилтандаа ханах болоогүй. Тиймээс ч үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр ЖДҮХС-ийн зээл хөөцөлдөж эхэлжээ. Эхний удаад 2019 онд эхний шалгаруулалтуудыг амжилттай давсан ч ярилцлагын шатнаас хасагдсан байна. 2020 онд дахин шалгаруулалтад оролцож, 100 сая төгрөгийн зээл авч чаджээ.

Энэ талаараа тэрбээр хэлэхдээ “Ярилцлагын шатандаа унаснаа эргээд бодож байхад төслөө 5 минутад хэрхэн үр дүнтэй танилцуулах вэ гэдэг дээр алдсан шиг байгаа юм. Харин 2020 онд Хөгжлийн шийдэл ТББ-ын Бэст хөтөлбөрийн олон сургалтад суугаад энэ талаар суралцаж, олгогдсон богино хугацаанд маш үр дүнтэй яриаг хийж “Браво” гэдэг үгийг хамгийн өндөр оноотой авч, зээл авсан. Зээл авч, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж олдсон нь Бэст хөтөлбөрийн, сургалтын ач тус шүү дээ л гэж тухайн үед бодогдож байсан” хэмээн ярьж байв.

Хоёр жилийн өмнө 11 ЖДҮ эрхлэгч хамтран өөрсдийн дуу хоолойг хүргэхээр хоршоо байгуулсан бөгөөд үүсгэн байгуулагчдын нэг байсан түүнд Хөгжлийн шийдэл ТББ-тай “танилцах” боломж олджээ. Тэрбээр ЖДҮХС-аас авсан 100 сая төгрөгийн зээлээ үйлдвэрлэлээ өргөтгөхөөр тоног төхөөрөмж авах, хүчин чадлаа нэмэгдүүлэхэд ашиглах юм. Үр дүн хараахан гараагүй байгаа ч энэхүү зээлээр бизнесээ дахин нэг шатаар ахиулахаар зорьж байгаа юм.

Чихэр дээр төрөл бүрийн үг, компанийн лого гээд бүх сэдвээр текстийг нь бичих боломжтой. Гараар чин сэтгэлээсээ урладаг.

Цар тахлын хүндрэлийг тойрч гарсан ААН энэ үед тун ховор. Цаг бусын гэнэтийн эрдлээс үүдэн борлуулалтын орлого нь 70 хувь буурсан хэдий ч орон тооны цомхотгол хийсэнгүй, үйлдвэрлэлээ зогсоосонгүй хэмээн тэрбээр сэтгэл өег хэлж байлаа. Харин хөл хорионы хугацаанд гэртээ байж өөрийгөө хөгжүүлэх, борлуулалтаа өсгөх, онлайн худалдааг судлах гэх мэтээр өнгөрөөсөн бөгөөд “Хэцүү цаг үе өнгөрсөн ч ямар ч байсан тэсэж үлдлээ. ЖДҮХС-ийн зээлд хамрагдаж чадлаа. Оны өмнө шинэ бүтээгдэхүүн гаргасан, төлөвлөж байгаа ажлууд их байна. Цаашлаад эмийн ургамалтай, эрүүл мэндийн чихэр гээд бүтээгдэхүүний санаа их олон байна” хэмээн урам зориг дүүрэн хэлж байсан юм.

Монголын эдийн засаг, чихрийн зах зээлийг судалбал жилд 70 тэрбум төгрөгийн чихэр импортоор орж ирдэг. Үүний тодорхой хувийг, 10-20 хувьд нь өөрийн бүтээгдэхүүнийг байлгахаар ажиллаж буй тэрбээр хүн бүрийн хувьд хэцүү цаг үе байгаа ч үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэр бол монголын ирээдүй гэж боддог тул энэ тал дээр анхаарал хандуулах нь зүйтэйг онцолж байв. Гурван хүүхдийн ээж, эзэгтэй, Бурамхан хайр шингээсэн чихрийг гар аргаар үйлдвэрлэж, чихрийн импортыг багасгахаар урам зориг дүүрэн ажиллаж байна.

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

Амьдралынхаа 24 жилийг оёдлын салбарт зориулж буй Н.Оюунцэцэг

Previous article

Хархорум Дижитал Академийн тухай (№ 79)

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like