Монголын бизнесийн орчинд энэ талбарт хүчин зүтгэж буй хүмүүс тааруу үнэлгээ өгдөг. Харин сүүлийн жилүүдэд дэд бүтэц, технологийн орчин хамгийн эерэг өөрчлөлттэй байгаа. Судалгааны байгууллагуудын дүгнэж буйгаар 2017 оны байдалтай харьцуулахад өдгөө бизнесийн орчинд бага зэрэг сайжирсан дүр зураг ажиглагдаж буй бөгөөд энэ талаарх бизнес эрхлэгчдийн байр суурийг хүргэж байна. 

Монголын бизнесийн орчинг сайжруулахын тулд бизнесийн зээлийн хүүг бууруулах, зээлийн нөхцөлийг сайжруулах нь нэн шаардлагатай гэдэгт бизнес эрхлэгчид санал нэгддэг. Үүнийг МҮХАҮТ-ын “Бизнесийн орчин 2020” судалгааны дүн нотлож буй. Тодруулбал, тус судалгаанд оролцсон 4000 гаруй бизнес эрхлэгчийн 79.7 хувь нь зээлийн асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй гэжээ. Мөн татварын таатай орчинг бүрдүүлэх, хууль эрх зүйн орчинг сайжруулах нь чухал. Ялангуяа, үндэсний үйлдвэрлэлийг татварын бодлогоор дэмжих, авилга, хүнд суртлыг бууруулах зэрэг арга хэмжээг авч байж бизнесийн орчин сайжирна гэж дүгнэж байна.

Төрийн алба авилгад хамгийн их өртөмтгий хэвээр байгаа төдийгүй Азийн сангийн судалгаанаас үзвэл уул уурхайн салбар дахь нөхцөл байдал сүүлийн жилүүдэд муудаж байна. Харин авилгад хамгийн бага өртөмтгий салбараар эрчим хүч, дулаан болон усан хангамжийн салбарыг онцолжээ.

Бизнесийн орчинг сайжруулахад нэн тэргүүн хэрэгжүүлбэл зохих арга хэмжээ: /МҮХАҮТ/

Бизнесийн орчинг сайжруулахад нэн тэргүүнд хэрэгжүүлбэл зохих арга хэмжээ: /МҮХАҮТ/

Салбараар нь авч үзвэл худалдаа, үйлчилгээ, боловсруулах үйлдвэр, газар тариалан, мэдээлэл технологи, аялал жуулчлалын салбарын бизнесийн орчныг сайжруулахын тулд нэн тэргүүнд зээлийн хүүг бууруулж, зээлийн нөхцөлийг сайжруулах хэрэгтэй гэж үзэж байна. Харин уул уурхай, барилга, логистикийн салбарт бизнес эрхлэгчид татварын таатай орчинг бүрдүүлэхийг тэргүүнд авах арга хэмжээ байх ёстой хэмжээн онцолжээ. Тэгвэл хөдөө аж ахуйн салбар дахь бизнесийнхэн нэн тэргүүнд хууль эрх зүйн орчинг сайжруулах шаардлагатай гэж байгаа.

Нөгөө талаас томоохон групп компаниудын удирдагчид макро төвшинд бодлогын өөрчлөлтүүд хийж байж бизнесийн орчныг сайжруулна гэж үзэж байна. Ялангуяа, гадаадын хөрөнгө оруулагчид, тэдний итгэлийг эргэн татахгүй бол эдийн засгийн томоохон боломжуудыг алдсаар буйг анхааруулав.

Бизнесийн бүх салбарт тэгш боломжыг олгох хэрэгтэй

“Монполимет” группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан:

-Топ 100 аж ахуйн нэгжийн жагсаалтаас Монголд ямар салбарынхан илүү амжилттай явж байгааг харж болно. Миний харж буйгаар ихэвчлэн төрийн өмчит байгууллага, банкууд, уул уурхай зэрэг өндөр ашигтай байдаг салбарууд байгаа юм. Угтаа бусад салбарт тэгш боломж олгох хэрэгтэй. АНУ, Солонгос, Сингапур улсын хөгжлийг харахад хувийн хэвшлээ яг бодитоор дэмжиж, төр оролцохгүйгээр хөгжүүлж чадсан. Хувийн хэвшлүүд нь чөлөөт эдийн засагт чөлөөтэй хөгжиж чадсан байна. Тэднийг хөл дээрээ бостол нь туслан бүх салбараа хөгжүүлсэн. Өнөөдөр НАСА-гийн хөлөг онгоцнуудыг хувийн том компани үйлдвэрлэх гэж байна. Тесла, Самсунг өнөөдөр юу хийж байна вэ. Хөгжиж буй орнуудыг харахаар хувийн хэвшлийнх нь хөгжил дэх төрийн бодлого нь өрсөлдөх бус, аль болох яаж дэмжих, хэрхэн гаргаж ирэх вэ гэдэгт чиглэдэг. Төрийн бодлого зөв байж, хувийн хэвшлийнхэн бодит дэмжлэг аваад явж чадвал хөл дээрээ босчих юм байгаа юм.

Нөгөө талд улсын төсвийн 80 хувийг хувийн салбарынхны топ 100 бүрдүүлж байна. Үр өгөөжийг нь харьцуулахаар яг тэр хэмжээгээр дэмжлэг авч чадахгүй байна. Тэр нь эсвэл харилцан адилгүй байдаг. Монгол Улсад нэг номерт хууль тогтоомжоо сайжруулах хэрэгтэй. Тэгэхээр яалтачгүй улс төр орчхоод байгаа болохоор бид нэг алхам урагшлах гээд хоёр алхам хойшилчхоод байна. Энэ нь надад харамсалтай бөгөөд цаг алдаад байгаа мэт санагддаг.

Хөрөнгө оруулагчдаа татах үрийг тарих хэрэгтэй

“Премиум” группийн ТУЗ-ийн дарга А.Ганхуяг:

-Макро орчныг сайжруулах ёстой. Дотроо жижиг салбарын асуудлаа мянга яриад бизнесийн орчин сайжрахгүй. Монгол Улсын хувьд нэн тэргүүнд шаардлагатай байгаа зүйлүүд нь том мега төслүүдийг улс төрийн оролцоогүйгээр явуулах ёстой. Оюутолгой, Таван толгой, Төмөр зам, Цахилгаан станцуудын төслийг бид өөрсдийн мөнгөөрөө хэзээ ч явуулж чадахгүй учир гаднын хөрөнгө оруулалтуудыг татаж, урт хугацааны тогтвортой гэрээ хийж, хуулийн дагуу бүх зүйлсээ цэгцлэх хэрэгтэй. Ингэж макро эдийн засгийн орчноо цэгцлэхгүй бол бидэнд боломж гарахгүй. Сүүлийн 10 жилийн хугацаанд манай улсын макро эдийн засгийн нөхцөл байдал огцом унасан. Хөрөнгө оруулагчид биднээс зугтаж гараад явсан. Миний мэдэхийн нэлээд олон хөрөнгө оруулагч дахиж монгол гэдэг нэрийг сонсохыг ч хүсэхгүй байгаа. Тийм учраас энэ нэр хүндийг буцааж авахад алдахаасаа хэд дахин илүү чармайлт гаргах шаардлагатай болно. Алдсан хугацаатайгаа харьцуулбал хэд дахин илүү хугацаа шаардагдана.

Оготнын нүхэнд хэдэн хүн хоорондоо өрсөлдөж байгаа мэтээр явсаар байвал бизнесийн орчныг сайжруулахгүй. Үүнийг нэлээд томоор харж тухайлбал, гадаадын шууд хөрөнгө оруулалтуудыг татах байдлаар сайжруулна. Байгалийн баялгийн зөв ашиглалт гэдэг рүү нэн түрүүнд хөрөнгө оруулалтуудыг хийх хэрэгтэй болох байх. Үүнийг хийхийн тулд дэд бүтцийн хөрөнгө оруулалтууд хийгдэнэ. Ингэж байж ашигт малтмалаа боловсруулж, тээвэрлэх, өрсөлдөх чадвартай болно гэсэн үг. Сүүлийн хэдэн жил бидний өрсөлдөх чадвар огцом унаснаас болж Хятадын коксжих нүүрсний асар том зах зээл Оросуудын гарт орсон. Тэгэхээр биднийг дотроо муудалцсаар байтал өрсөлдөгч улс орнууд геополитик хийсээр байгаад өрсөлдөөний маш том давуу талуудыг өөрсдөдөө олоод авсан. Одоо бол Монголын түүхий эдийг Хятадын зах зээл рүү гаргах нь маш том асуудал болоод байна. Энэ мэтээр улс төрийн золиос, тоглолтууд их хэмжээгээр явсан тул хөрөнгө оруулагчдыг татаж оруулах асар хэцүү. Гэсэн ч оруулахаас өөр аргагүй. Үрийг нь тарих хэрэгтэй.

Цэвэр өрсөлдөөн, шударга ёс үгүйлэгдэж байна

“Наран Трейд” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Удвал:

-Бизнесийн орчин шударга, бүгдэд ижил нөхцөлтэй байх ёстой. Гэтэл өнөөдөр тийм биш байна. Бизнесүүд аль болох шударгаар явахыг хичээж байхад төрийн хамааралтай, тэнд ажилладаг хүмүүсийн компаниуд давуу байдлыг авч, хувийн хэвшлийнхний өмнүүр орж байна. Шударгаар бизнес эрхлэх маш гоё. Бизнесийнхэн нэгнийгээ дэмжиж, улсад татваруудаа төлж төсвийг бүрдүүлээд зогсохгүй эрэлт хэрэгцээгээрээ бие биеэ дэмжээд хөгжил дэвшлийг бий болгодог. Монголын бизнесийн орчинд шударга өрсөлдөөн гэж алга. Учир нь бүхэл бүтэн банкны хэдэн зуун тэрбум төгрөгийг угааж, хууль хүчний хамгаалалт доор төрд ажиллаж байгаа хүмүүстэй өрсөлдөх боломжгүй. Өнөөдөр шударгаар бизнес хийж байгаа нь дампуурч, хулгайн бизнес нь цэцэглэж байна. Тиймээс бизнесийн орчныг сайруулах тулд эхлээд шударга ёс тогтох ёстой. Шударга бус байдал зөвхөн бизнест биш улс нийтийн бүх төвшинд сөрөг нөлөөллөө үзүүлж байна. Сүүлийн үед залуус баялаг бүтээж ажиллах гэхээс илүү амар хялбар мөнгө олох гэж зүтгэдэг болсон. Саяхан болсон төрийн албаны сонгон шалгаруулалтад 13 мянган хүн шалгалт өгч байхад хувийн хэвшилд ажил оръё гэсэн 13 хүн ч алга. Хөдөлмөр эрхлэх залуучуудын сэтгэхүйд хүртэл нөлөөлж байна.

 

Сайтын нийтлэлүүдийн талаар үнэтэй санал бодлоо бидэнтэй info@business.mn хаягаар хуваалцахыг хүсье.

Business.mn-ий Facebook, Twitter, LinkedIn, Instagram дахь хуудсыг дагаарай. 

Мөн манай сэтгүүлийг W+ платформаас уншаарай

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Г.Орхон

Ажлын байрыг дэмжих зээлийг авахад ямар хүндрэл тулгарч байна вэ?

Previous article

Сансар: Өчигдрийн зөгнөл өнөөдрийн зах зээл

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like