Дижитал Хархорум академийн үүсгэн байгуулагч Д.Энхбат

“Монгол хүн гэж яг хэн юм бэ?” хүн төрөлхтний 6000 жилийн бичмэл түүх, монголчууд түүхийн тавцанд гарч ирсэн 3000 жилийн туршид бид яаж яваад өнөөгийн Монгол бий болчихов оо? Хятад, Оросуудаар юугаараа ялгаатай юм бэ? Өдий хүртэл тэсч үлдсэн бидний байгаль-газар зүй, улс төр, нийгэм, соёлын шалтгаанууд юу вэ? Үүнийгээ бид мэдэж байгаа юм уу? “Бид яг юу хүсээд байгаа юм бэ?” Зүгээр л ингээд бужигнаад байх уу? 30, 100 жилийн дараа яг юу хүсээд байгаа юм бэ? Монголын элитүүд, ард түмэн үүнийгээ мэдэж байна уу?

Дэлхийн долоон тэрбум хүний дунд хаана нь байх юм? Орос, хятадуудаас юу авч, юугаа өгөх юм? Дэлхийн оюуны санд юу өгч, юу авах юм? Эдгээрийгээ мэдэхгүй, үнэт зүйлгүй байна гэдэг чинь аяллаар бол луужингүй байна гэсэн үг. Луужингүй хүн гялалзсан юм болгон руу гүйж очдог. Аялж явж байснаа айлын найртай таараад тэндээ согтоод унтчихаж байгаатай адил.

Ардчиллын замаар бид 30 жил явж ирлээ. Одоо нэг зог тусаад харах цаг болсон. Нэг мэдэхэд Японыг, нөгөө харахад Америкийг дуурайгаад, энд тэндээс өөр дээрээ юм наагаад байж болохгүй шүү дээ. Үнэхээр юу хүсч буйгаа мэдэж байвал Орос, Япон, Америкаас сурах зүйл маш их. Гэхдээ мэдэхгүй байж өөртөө юм наагаад байвал чимсэн гацуур шиг болно. Өнөөгийн бидний хямрал оюун санааны хямрал. Үнэт зүйлгүй болохоор хулгай, худал, ёс суртахаангүй байдал газар авдаг. 

Баян орон шиг хэрэглээтэй байхын тулд тэдэн шиг бүтээмжтэй ажиллах хэрэгтэй.

.

Бид бушуухан л Герман шиг, Япон шиг амьдрах гэж яардаг. Гэтэл тэд чинь маш удаан явж байж өнөөдрийн цэгт хүрсэн. Бас маш их гашуун туршлагатай. Германчууд Гитлерийг дагаад юу болов? Япончууд дайнд ороод юу болов? Монголчууд ийм замыг туулаагүй ч өөрийнхөө үндсийг хайх цаг болсон. Яарах ямар ч шаардлагагүй.

Хөгжингүй орнуудтай өөрсдийгөө харьцуулаад, тэдний хэрэглээг гүйцэх гээд байгаа нь бидний “синдром”. Өөр хүн дуурайгаад Ланд машин, хаус авч болно. Гэхдээ тэр хүн шигээ бүтээмжтэй, мэдлэгтэй биш бол удахгүй дампуурна. Өөрөөр хэлбэл, бид үндсийг нь биш, үр дүнг нь дуурайгаад байна. Япон, солонгос, германчууд биднээс хэд дахин илүү хөдөлмөрлөдөг, уншдаг, бүтээдэг. 10 мянган төгрөгтэй хүний хэрэглээг 1000 төгрөгтэй хүн дуурайвал яах уу? Дуурайж болно. Гэхдээ Германыг дуурайхын тулд герман хүн шиг бүтээмжтэй ажиллах хэрэгтэй. Ингэж чадвал хүссэн хүсээгүй тийм түвшинд амьдардаг болно. Хавар ямар үр тарина, намар тийм л ургац авна. Төмсний үр суулгачихаад сарнай ургана гэж хүлээж болохгүй. Муу ажиллачихаад Герман шиг амьдрах боломжгүй.

Бид дэлхийн хамгийн хүйтэн, жилийн дундаж температур нь -1 градус, хамгийн хуурай уур амьсгалтай нөхцөлд дэлхийн хамгийн том таван гүрний нэгийг байгуулж явсан хүмүүсийн үр хойч. Яагаад? Яагаад гэвэл монголчууд дэлхийн түвшинд ажиллаж чадсан үед хүчтэй байдаг. Харин Цагаан хэрэм, Сибирь хоёрын дунд мартагдахаараа бид сөнөх аюулд ордог.

Монгол хүний нэг чухал онцлог бол хямралын үед хурдан сэтгэдэг. Бидний давуу чанар хямралын үеэр илэрдэг. Солонгост галын аюулаас монгол хүн хүүхэд аварсан тухай мэдээ гарсан. Яагаад гэвэл байгальтайгаа зохицон амьдраад сурчихсан ген бидэнд бий. Хэрэв бид шаардлагатай боловсрол, ур чадварыг эзэмшчихвэл бусад нь бидний давуу тал болж, дэлхийд өрсөлдөж чадна. Нэг үгээр би монгол хүнийг амиа авч явах маш өндөр чадвартай ХХI зууны хүн гэж хардаг. Дэлхийн долоон тэрбум хүний дунд хаана нь байх вэ гэдэг дээр хэдэн жишээ татъя.

Жишээ 1

Өнөөдөр ч бас дэлхийд бидний ямар хэрэгцээ байна гэдгийг олж харах л хэрэгтэй. Хятад гэсэн дэлхийн эдийн засгийн тэн хагас нь бидэнтэй хил залгаа оршдог. Хятадын нэг биологийн эрдэмтэн надад Хятадад 300 мянган гэр бүл үнэ харгалзахгүйгээр эрүүл хүнс хэрэглэдэг гэж хэлсэн. Сайн хүнс л бол шууд авна. Монгол 40 сая малтай байхад энэ яриа болсон. Тэр хүн 40 сая мал нь байгальд дураараа бэлчиж байдаг тийм улс дэлхийд байхгүй, танай малын зөвхөн цуснаас 20 гаруй төрлийн биологийн идэвхит бодис гардаг, тэр нь Хятадын хүнсний үйлдвэрт олдошгүй түүхий эд гэж хэлж байсан. Монголчууд тэр 300 мянган гэр бүлд зориулаад маш цэвэр, маш үнэтэй, маш нарийн бүтээгдэхүүн хийгээд худалдахад ямар ч асуудалгүй, яагаад гэвэл өрсөлдөх орон байхгүй. Тэгэхээр биологийн үйлдвэрлэл хөгжүүлнэ гэвэл бид их сургууль, лаборатори, стандарт, технологи гээд олон зүйл хөгжүүлнэ. Ингээд ирэхээр бидний давуу тал материалжиж эхэлнэ.

Монголын зэрлэг шахуу мал аж ахуйг ХХI зууны хамгийн орчин хэрэглээтэй хамгийн орчин үеийн технологиор холбож болно.

Өнөөдөр бид мэдлэг, чадварыг хаанаас ч худалдаж авч болно. Израйлаас эрдэмтэн авчраад ажиллуулж болно. Дэлхийн хамгийн сайн юм зардаг хүнээр Хятадад заруулж болно. Өөрөөр хэлбэл, мэдлэг, ур чадвар дэлхий дээр байгаа бэлэн бараа. Гэтэл нэг том асуудал бий: Бид яг юу хүсч буйгаа, хэнийг авчраад юу хийлгэхээ мэдэж байгаа юм уу? Энийгээ мэдэж байвал хийж чадна. Хятадуудаас мөнгөө урьдчилаад авч ч болно.

Өөрөөр хэлбэл, өөр хэнд ч байхгүй давуу талаа бусдын хэрэгцээтэй холбох тухай ярьж байна. Бүр тодруулбал, Монголын зэрлэг шахуу мал аж ахуйг ХХI зууны хамгийн орчин хэрэглээтэй хамгийн орчин үеийн технологиор холбож болно.

Жишээ 2

Таван жилийн өмнө Щвейцарын хэсэг бизнесмэн Монголд ирсэн юм. Монголд хэрхэн бизнес хөгжүүлэх вэ, тэрэнд щвейцарчууд яаж оролцож, тусалж болох вэ гэдэг асуудал яригдсан юм. Монголд ажилладаг хоёр, гурван америк компанийн захирлыг монголчууд юугаараа ялгаатай вэ, Хятад, Япон, Солонгост биш, Монголд оффис нээх нь юугаараа давуу вэ гэж тэднээс асуусан. Бээжинд ажиллаж байсан америк захирал ингэж ярьсан: “Би Бээжинд байхдаа олон улстай харьцахын тулд дөрвөн туслах ажиллуулж байсан. Тус бүрдээ өөр хэлтэй. Харин Монголд ганцхан туслахтай. Тэр бол дөрвөн хэлтэй, бүх ажилд тусалдаг, миний баруун гар. Таван хятад хүн хийж буйг нэг монгол хийж чадна. Хэрэв техникийн чиглэлээр Монголд Солонгос, Япон, Хятадыг хариуцсан оффис байгуулвал монгол хүн гурвуулантай нь хэл амаа олж чадна. Хятад хүн тэгж чадахгүй” гэж хэлж байсан.

Тэгэхээр энэ давуу талыг технологи болгон хувиргаж болно. Давуу талаа бүтээгдэхүүн болгохын тулд яс дүрэмтэй, байнга түүгээрээ ажилладаг, ямар ч Дорж, Дулмаа сураад хийж болдог, гэхдээ монгол хүний онцлогийг агуулсан шийдлүүдийг гаргаж болно. Гурван хүний онцлогийг судлаад нэг хүнд зааж болно. Үүнийгээ тодорхой дүрэм, стандарт, технологид оруулаад мэргэжилтэн бэлддэг бүтээгдэхүүн болгож болно.

Таван хятад хүн хийж буйг нэг монгол хийж чадна.

Энэ бүхний үр хөврөл энд тэнд байгаа. Гагцхүү бид орчин үеийн бизнес, маркетинг, стратеги, шинжлэх ухааны нүдээр бүтээгдэхүүн болгон хувиргах хэрэгтэй. Бүтээлч сэтгэдэг хүмүүс бүтээгдэхүүн байж болдог. Нэг япон хүн “Та нар хүүхдүүдээ япон хүүхэд шиг болгох гээд оролдоод байдаг, харин бид хүүхдүүдээ монгол шиг болгох гээд байдаг” гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, япон хүүхэд багаасаа хэтэрхий хамааралтай байхаар зарим зах зээл дээр тохирдоггүй.

Монголчууд өөрт байгаа давуу талаа шинжлэх ухаанжуулаагүй, системчлээгүй, бүтээгдэхүүн болгож чадаагүйд л учир байгаа. Орчин үеийн арга барил, технологийг өөрсдийн давуу чанарууд дээр нэмж өгөх хэрэгтэй.

Жишээ 3

Бээжин хотод дэлхийн 2000 том компани бий. Тэдний зарим нь Монголд загас барих гэж ирдэг. Ийм компанийн нэг захирал “Манай компаниас надтай хамт Монголд ирэх гээд хүмүүс оочерлодог” гэж ярьж байсан. Яагаад гэвэл Бээжинд салхинд гарчих газар бараг байдаггүй. “Бээжинд бол бид гэр бүлээ цоожилчихсон байдаг. Харин Монголд цаг хагас нисээд ирэхэд маш том орон зай, хээр талд ирж болдог. Тийм болохоор Монгол яагаад Бээжин гэдэг дэлхийн том оффисын арын том цэцэрлэгт хүрээлэн байж болохгүй юм бэ?” гэж тэр ярьж байсан. Тэр том компаниудын кампусыг Монголд бариад, тэд ирээд хурал, арга хэмжээгээ зохиог. Энэ чинь Бээжингээс ердөө Тэньжин орох зай. Том захирлууд хувийн онгоцоороо визгүй нисч ирчихээд буцаад явчихдаг байж болно.

Бид яагаад энийг хийж чадахгүй байна вэ? Яагаад гэвэл байшин барихдаа бид зөвхөн Улаанбаатарынхаа хэдэд зориулж барьдаг. Хэрэв тэр 2000 компанид зориулж барьвал шал өөр шаардлага яригдана. Тэгэхээр бид зорилгоо зөв олоод харчихвал шал өөр юм хийж болно.

Энэ бүхнээс харахад бидэнд зорилго алга, зорилгоо тодорхойлох алсын хараа алга, нэг үгээр бидэнд мөрөөдөл дутаж байна. Түүнээс Монгол монгол хүнээр дутаагүй. Хэдий хэцүү байгаа ч бид Буриад, Өвөрмонгол биш. Бид хүссэнээ хийх эрх чөлөөтэй. Харамсалтай нь тэр эрх чөлөөгөө авлигаар дүүргэчихээд, өөрсдөдөө зовлон үүсгэчихээд байна. Бид одоо байгаа нэг төгрөгөө булаацалдаад байгаа болохоос тэрийгээ яаж 10 болгох тухай огт ярихгүй байна.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
EB

Хүний нөөцөө системтэйгээр удирдах нь (№84)

Өмнөх нийтлэл

Цахим сургалтыг чанарын хяналтыг хэрхэн хийх вэ? 

Дараагийн нийтлэл

1 Сэтгэгдэл

  1. таны Системийн онол гэдэг хичээлийг хэдэн жилийн өмнөөс үзэж ойлгох гэж амьдралдаа ашиглах болсон ….сонгуулиар ч их дэмжсэн …Амжилт!

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.