Дэлгүүрээ нээгээд дөрвөн сар ажиллаад хөл хорионд оржээ

Энэ бол “Буудай” брэндийн үүсгэн байгуулагч Г.Бат-Оюун. Тэрбээр хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжлийг дэмжсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг бөгөөд бизнесээ албан ёсоор эхлүүлээд жил тойрч байна. Г.Бат-Оюун 1-5 насны гурван хүүхэдтэй залуу эзэгтэй. Гэрт буй тавилга, эд зүйлсээр дамжуулан хүүхдийн бие даах чадварыг хөгжүүлэх хэрэгтэйг олж мэдэн, хүүхдүүдийнхээ өрөөг тохижуулах явцад уг бизнесийн санаа анх төржээ. Тухайн үед хүүхдийн нас, өндөр, сонирхолд нийцүүлэн тохижуулахыг хичээсэн ч яг хайсан зүйлээ олж чадаагүй. Одоогийн зах зээлд нийлүүлээд буй хүүхдийн орны анхны загвараа хоёр том хүүхдэдээ зориулан хийж байв. Хүүхдүүд нь өөрсдийн ор, шүүгээ, номын булантай болсноос хойш түүний тусламжгүй ороо хурааж, тоглоомоо эмхэлж цэгцлэн бие даан сурч эхэлжээ. Үүнээс хойш хүүхдийг орчноор нь дамжуулан сургах аргыг /монтессори/ бага насны хүүхэдтэй бусад гэр бүл хэрэгжүүлээсэй гэдэг үүднээс “Буудай” брэндийг бий болгожээ. 

Хүүхэд өөрийгөө нээн илрүүлж, танин мэдэхэд монтессори арга зүйн гол зорилго чиглэдэг. Тиймээс хүүхдийн өрөө буюу тухайн хүүхдийг хүрээлж буй орчин дахь эдлэл хэрэгслүүд нь хүүхдийн сониуч занд тохирсон байхаас гадна аюулгүй байх шаардлагатай. Учир нь хүүхэд өөрөө бие даан сурахын тулд олон удаа янз янзаар туршиж үзнэ. Тэр үед хүүхдэд ямар нэгэн аюулд орж, бэртэхгүй байх шаардлагатай гэсэн үг. Нэг үгээр хүүхдэд бие даан өөрт шаардлагатай үйл хөдлөлийг  хийх, хөгжих боломж олгодог орчинг монтессори гэнэ. 

“Буудай” брэндийнхэн Орос болон Монголд ургадаг шилмүүст модны төрөл болох нарсаар тавилгаа үйлдвэрлэдэг. Мод нь байгаль эхийн нэгээхэн хэсэг гэдэг утгаар амьдарч буй орчны интерьерт амьд таатай орчныг бүрдүүлэхэд тусалдаг гэж тэд үздэг. Өвлийн хүйтэнд нэг өрөө байшингаас эхэлсэн “Буудай” брэндийнхэн өдгөө өөрийн үйлдвэр, агуулах төдийгүй шоу рүүмтэй болон өргөжөөд байна. Зах зээлд хөл тавиад удаагүй ч чамгүй амжилтыг үзүүлээд буй нь тус брэндийн философитой холбоотой гэж тэд дүгнэдэг. Бизнес болгон өөрийн амин сүнстэй байдаг гэж үздэг Г.Бат-Оюун “Арзайж, сэрвийсэн модыг хүүхэд унтах ор болтол нь зүсэж зүлгэнэ гэхээр маш их хайр, сэтгэлээ шингээж хийдэг. Тиймдээ ч хүмүүс тэр их сэтгэл, хандлагыг маань хараад мэдрээд байх шиг санагддаг” хэмээсэн.

Цар тахлаас үүдэн энэ оны төлөвлөгөөгөө гаргаж амжаагүй аж ахуйн нэгж цөөнгүй бий. Буудай брэндийнхэн төлөвлөгөөгөө ерөнхийд нь гарган, “lean start up”-ийн зарчмаар ажиллаж байна.

Цар тахлын энэ үед тэд нэрийн дэлгүүрээ дөнгөж нээгээд дөрөвхөн сарын дараа хөл хорионд оржээ. Гэсэн ч тэд онлайн худалдаа, сошиал хөгжүүлэлт, хүргэлтийн үйлчилгээ дээр анхаарч ажиллаж байна. Буудайгийн үндсэн чиглэл үйлдвэрлэл тул үйлдвэрлэлээ жигд байлгах, түүхий эдийн хомсдол үүсгэхгүй, эхний татсан материалаа зөв хадгалах гээд дотоод үйл ажиллагаа дээрээ түлхүү анхаарч байгаа. Г.Бат-Оюуны хэлснээр удаа дараа хөл хорио тогтоох нь жигд үйлдвэрлэл эрхлэхэд хүндрэл учруулж байгаа ч шинэ бизнес тул брэндинг, сурталчилгаа тэргүүтэй бусад чиглэлээ орхигдуулахгүй ажиллахыг хичээж буйгаа онцолсон.  

Монголчуудын хувьд уламжлалт аж амьдралаас хамаарч хүүхдийн өрөөг тохижуулах нь харьцангуй шинэ зүйл. Тиймээс зах зээлд бүтээгдэхүүнээ шууд тулгахаас илүүтэй цаад хэрэгцээ, давуу талаас эхлэн хэрэглэгчдээ сургах, мэдээллийг өгөх бодлого баримталж буй. 

Цар тахлаас үүдэн энэ оны төлөвлөгөөгөө гаргаж амжаагүй аж ахуйн нэгж цөөнгүй бий. Буудай брэндийнхэн энэ оны төлөвлөгөө ерөнхийд нь гаргаад байгаа ч зах зээл болон өрсөлдөгчөө судлан, харьцуулж дүн шинжилгээ хийх мэдээлэл хомс тул “lean start up”-ийн зарчмаар ажиллаж байна. Шинэлэг өнгө төрхөөр зах зээлд мэндлээд ойндоо хүрч буй “Буудай” брэндийнхэн оны өмнөхөн хөрөнгө оруулалт аваад амжжээ. Энэ цаг үед хөрөнгө оруулагчтайгаа бизнес төлөвлөгөөгөө зөвшилцөн чиглэл авч, үндсэн зорилгоо алдахгүй ажиллахыг хичээж байгаа гэлээ. 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Г.Орхон

Төгсөөгүй байхдаа ажлаа олдог сургууль

Өмнөх нийтлэл

Брэнд хөгжүүлэлтэд PR-г ашиглах нь (№90)

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.