Ноолуурын санхүүжилтыг олгох гэрээний загвар дээр ажиллаж байна

Өнгөрсөн долоо хоногт ноолуурын салбарын хөнгөлөлттэй зээлтэй холбоотой цахим хурал болж, Сангийн яам, ХХААХҮЯ, Монголбанк, Монгол Улсын Хөгжлийн банк, МҮХАҮТ-ын дэргэдэх Ноос, ноолуурын зөвлөлийн гишүүд, гол арилжааны банкуудын төлөөлөл оролцов.

Аль аль тал нь санхүүжилтыг нэн яаралтай олгох хэрэгтэй гэдэг дээр санал нэгдэв. Учир нь ноолуурын бэлтгэл аль хэдийнэ эхэлсэн ч зээлийг ямар шалгуураар олгохыг эцэслээгүй байна.

Засгийн газраас баталсан 10 их наядын цогц хөтөлбөрийн хүрээнд “Хөдөө аж ахуйг дэмжих” 500 тэрбум төгрөгийн зээлийн хөтөлбөр багтсанаас ноолуур бэлтгэлийн үед 200 тэрбумыг олгоно. Ингэхдээ самнахаас дээш гүн боловсруулалт хийх ААН-үүдэд олгоно.

ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдоржийн мэдээлснээр одоогоор ноолуурын санхүүжилтын олгох гэрээний загвар дээр ажиллаж байгаа аж.

“Үндэсний үйлдвэрлэл – Эх оронч худалдан авалт 2021”

Үндэсний үйлдвэрлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих, бараа бүтээгдэхүүнийг нь төрийн байгууллагад танилцуулах зорилгоор уг цахим үзэсгэлэнг 4 сарын 1-нээс 5 сарын 1-нд зохион байгуулж байна. Цахим үзэсгэлэнд https://www.expomongolia.org/ хаягаар бүртгүүлэн оролцоно. Дэлгэрэнгүй хөтөлбөрийг эндээс авах боломжтой. Мөн гар авлагатай энд танилцаарай.

Арга хэмжээний үеэр бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ танилцуулж, төрийн байгууллагуудтай шууд уулзалт хийж, сонирхсон чиглэлээрээ сургалт, мэдээлэл авч, оролцогчидтой утсаар болон цахимаар холбогдож болно. ХХААХҮЯ, ЖДҮ-ийн газар, МҮХАҮТ, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Экспорт олон улсын худалдааны төв ТББ зэрэг газрууд хамтран зохион байгуулж байна.

Энд үндэсний 227 үйлдвэрлэгчийн бараа, бүтээгдэхүүнийг салбар бүрээр нь ангилан байршуулсан байсан бол төрийн болон орон нутгийн өмчит 94 байгууллагын 2021 онд худалдан авах бараа, бүтээгдэхүүний нэр, тоо ширхэгийг үнийн дүнгийн хамт танилцуулсан байв.

4 дүгээр сарын 16-ны өдөр ТЕГ-аас ЖДҮ эрхлэгчид татвар төлөлтөн дээр юу анхаарах талаар, мөн АНОАТ, НӨАТ-ын тухай хууль, цахим төлбөрийн баримтын талаар дэлгэрэнгүй ярилаа. Түүнчлэн Дэлхийн банкнаас “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих арга хэмжээ”-ний тухай, ХНХЯ-наас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөтөлбөрийн тухай мэдээлэл хийж, төсөл, хөтөлбөрт яаж хамрагдахыг тайлбарлалаа.

Бүх илтгэлийн бичлэгийг эндээс нөхөн үзэж болох юм байна. 

Замын Үүд боомтоор нэвтрэх машины тоо нэмэгдэж байна

Монгол Улсад ковид 19 халдварын тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан Замын-Үүд автозамын боомтоос Эрээн рүү  нэвтрэх тээврийн хэрэгслийн нэг талын хөдөлгөөнийг 2021 оны гуравдугаар сарын 23-ны өдрөөс түр хугацаагаар зогсоогоод байсан билээ.

Хятадын тал гаалийн хяналтын бүсэд ажиллаж байгаа ажилтнуудаа вакцинжуулах, боомтын ариутгал халдваргүйжүүлэлтийн систем, хяналтыг сайжруулах зэрэг арга хэмжээ авч, хоёр талын хооронд цар тахлын тархалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлэл солилцох сувгийг нээснээр дөрөвдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн өдөрт 20 автомашин, мөн сарын 10-ны өдрөөс 50 автомашин, 15-ны өдрөөс 100 автомашиныг нэвтрүүлэх байдлаар тоог нэмэгдүүлэн ажиллаж байна.

Дээрх хугацаанд Монгол Улс руу нэвтрэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөн тасралтгүй явагдаж байсан. Одоо Эрээн боомтоос Монгол Улс руу чиглэсэн урсгал чөлөөтэй болж, Монгол Улсаас орж ирсэн тээврийн хэрэгсэлд аль болох түргэн хугацаанд ачилт хийж иргэд, аж ахуйн нэгжийн ачааг шуурхай тээвэрлэж эхэлснээр хэсэг хугацаанд нэмэгдээд байсан тээвэрлэлтийн үнэ ч буурах хандлага ажиглагдаж байна.

Цаашид халдвар хамгааллын дэглэмийг хоёр талдаа чанд сахиж, халдваргүйжүүлэх ажлын далайцыг  нэмэгдүүлэх замаар Замын-Үүд-Эрээн хооронд зорчих тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж, цар тахлын үед экспорт, импортыг хэвийн явуулахад БНХАУ-д суугаа ДТГ-ууд болон орон нутгийн зүгээс анхааран Хятадын талтай яриа хэлэлцээ хийж, хамтран ажиллаж байна.

Албаныханы мэдээлснээр 2021 оны 4-р сарын 14-ний байдлаар Замын Үүд боомтоор өдөрт дунджаар  100 ачааны машин БНХАУ-руу нэвтэрч, төмөр замаар өдөрт дунджаар 22 вагон хүнсний бүтээгдэхүүн, барилгын материал, бусад бараа бүтээгдэхүүн Монгол улсруу орж ирж байна. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хэдий ч хүнсний бүтээгдэхүүн болон бараа бүтээгдэхүүний импорт тасрахгүй орж байгааг Гаалийн байгууллага, хилийн боомтууд мэдээлж байна.

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

Таныг байхгүйд ч ажилладаг бизнесийг бүтээх нь

Өмнөх нийтлэл

Гэрү: Уран бүтээлчдийн их зах зээлд гарах хаалга

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.