Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Лхагвадоржтой хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа. 

-Монгол-Сингапурын эдийн засгийн харилцаа ямар түвшинд хөгжиж байна?

Монгол, Сингапур хоёулаа жижиг улс. Газарзүйн байрлалын хувьд алслагдмал. Гэхдээ орчин үед зайнаас харилцаж, бүхий л талаар хамтын ажиллагаа, бизнесийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой. Хамтын ажиллагааг салбаруудаар нь харвал, уул уурхай, аялал жуулчлал, боловсрол, үл хөдлөхийн чиглэлд түлхүү үйл ажиллагаа өрнөж байна. Сингапурын хөрөнгө оруулагчид Монголд тансаг зэрэглэлийн барилга барьсан. Мөн Сингапурын архитектурын компаниуд ажиллаж байна. 

Боловсролын чиглэлээр хэдий үнэтэй ч, чанартай учраас олон монгол Сингапурын сургуулиудад ирж сурч байна. Монголд Сингапур сургууль байгуулагдсан гэж дуулсан. Сингапурын хүүхдийн цэцэрлэгийн франчайз эрхүүд ч байдаг. Мөн эрчим хүч, ложистик, дэд бүтцийн төслүүдийг Сингапурын тал сонирхдог. Уул уурхай эрсдэлтэй ч зөв ажиллаж чадвал ашиг нь өндөр байдаг учраас Сингапурын компаниуд сонирхдог. Дунд зэргийн ЖДҮ, бизнесүүд хоол хүнс, гэр ахуйн бараа нийлүүлж байна. Бизнесийн харилцаа жилээс жилд сайжирч, хөгжиж байна. Хоёр талын харилцан зорчих иргэдийн тоо Ковид-19-өөс өмнө их нэмэгдэж байсан. 

Хоёр улсын хооронд 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй харилцан зорчих тохиролцоотой. 2017, 2018 онд нийт 7200 орчим монгол иргэн Сингапур улсад зорчсон бол 4800 сингапур манай улсад зорчжээ. Сингапурт байнга оршин суугч 250 орчим иргэн бий. Монголчуудын хувьд ихэвчлэн аялал жуулчлал эсвэл эмнэлэгт эмчлүүлэх зорилгоор зорчдог. Харин сингапурчуудын хувьд аялал жуулчлалын зорилгоор Монгол Улсыг зорьдог. 

Яг худалдаа, эдийн засгийн үзүүлэлтийг харвал маш хангалтгүй түвшинд бий. 2019 оны байдлаар Монгол Улсын экспорт 154.5 сая ам.доллар, импорт 22.2 сая ам.доллар байсан. Гэхдээ 2016- 2020 оны хооронд гадаад худалдааны хэмжээ тав дахин өсөн нэмэгдэж, 2019 оноос хойш худалдааны хэмжээ гурав дахин өссөн. Энэ нь хоёр талын харилцааг хөгжүүлэх чиглэлд бидний хэрэгжүүлж ирсэн ажлуудын үр дүн болов уу гэж бодож байна. Тухайлбал, 2015 онд намайг Элчин сайдаар томилогдож ирээд, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тэмдэглэх үеэр Сингапур, Монголын бизнес форумыг анх зохион байгуулж байлаа. Үүнээс хойш жил бүр бизнес уулзалтуудыг тодорхой хэмжээнд зохион байгуулж ирсэн.

– Сингапур улсыг өөрийн өнцгөөс тодорхойлно уу 

Сингапур өндөр хөгжилтэй улс. Гэхдээ миний нүдээр хурдтай хөгжиж байгаа гэдэг нь ДНБ нь жилд хэдэн хувиар өсөж байгаа нь биш, харин дэлхийн хамгийн сүүлийн үеийн хөгжлийг хурдтай тусгаж авч буйг хэлж байна. Сингапур 2020 онд анхны дижитал банкны лицензийг олголоо. Улс байгуулагдсаны 50 жилийн ойгоо тэмдэглэх үеэр “Ухаалаг улс” болох зорилт тавиад Ерөнхий сайдынхаа дэргэд Ухаалаг эдийн засгийн хороог байгуулж байсан. Ирэх 50 жилийн амжилт, хөгжлийн төлөвлөгөөгөө одооноос боловсруулж, хэрэгжүүлж байна. 

Материаллаг, худалдаа наймааны гэхээс илүү хоёр талын хооронд санхүүгийн зах зээл, финтекийн чиглэлээр идэвхтэй ажиллах боломж гарч ирээд байна.

Сингапур боловсрол, хүн амын эрүүл мэнд, шинжлэх ухааны судалгаа шинжилгээнд маш их анхаарал хандуулж, хөрөнгө зарж байна. Ялангуяа, бага насны хүүхдийн боловсрол, хүн амын эрүүл мэндэд их ач холбогдол өгдөг. Хөгжилтэй орнуудад тулгамдсан асуудал болоод буй чихрийн шижин, хөдөлгөөний дутагдлаас үүссэн өвчлөлүүдэд анхаарч, тусгай бодлого хэрэгжүүлж байна. 

Сингапурын Ерөнхий сайдын ажлын албаны харъяа Үндэсний судалгааны сан байдаг. Уг байгууллага жилийн 10 тэрбум сингапур долларын төсөвтэй бөгөөд боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах зэрэг бүх салбарт шинжилгээ судалгаа хийж, эргээд энэ бүхэн нь амьдралд хэрхэн хэрэгжиж буйд хяналт тавьдаг. 

– Монголчууд Сингапурын хөрөнгө оруулалт, бизнесийг татахын тулд юу хийх хэрэгтэй вэ? 

2019 оны байдлаар манай хоёр орны ГШХО-ын хэмжээ 184.3 сая ам.доллар, нийт хөрөнгө оруулалтын 74.6 хувь нь уул уурхайн салбарт, 19.2 хувь нь худалдаа, нийтийн хоолны чиглэлд байна. Монголыг Сингапурын бизнес эрхлэгчид их сонирхдог. Аль ч салбарт хөрөнгө оруулах боломжтой, потенциалтай гэж хардаг. Гэхдээ хөрөнгө оруулагчдын болгоомжилдог зүйл нь хууль, эрх зүйн тогтворгүй байдал. Хэдийгээр манайх татвар бага гэх зэргээр хөрөнгө оруулагчдад танилцуулж, сурталчилдаг ч, улс төрийн шийдвэр байнга өөрчлөгддөг. 

Мэдээж том хэмжээний хөрөнгө оруулагчид өргөн хүрээтэй судалгаа хийнэ. Банкууд, Засгийн газар олон улсад бонд гаргахаар явахад Сингапур зайлшгүй багтдаг орнуудын нэг. Манай төр, засгийн төлөөлөл Сингапурын хөрөнгө оруулалтын банканд тоон мэдээлэл, тайлангаа өгдөг. Ингээд өөрсдөө нэмж судалгаа хийж хөрөнгө оруулагчдадаа танилцуулдаг. Энэ бүх мэдээллийг хараад, танилцсан бизнес эрхлэгчид эргээд надтай уулзахдаа Монголбанкны төлөөлөл ирээд явсан тухай хэлдэг. Гэтэл Элчин сайд, ЭСЯ нь энэ тухай мэдээгүй, ямар ч мэдээлэлгүй байдаг. Ялангуяа, Монголбанк, Сангийн яамнаас Элчин Сайдын Яамтайгаа хамтарч ажиллах талд ихээхэн учир дутагдалтай. Элчин сайдын яам хоёр орны хооронд гүүр болж ажиллах ёстой. Гэтэл бид иймэрхүү мэдээллээс хоцорсон байхаар зөв мэдээлэл өгч, харилцах боломжгүй нөхцөл байдал үүсдэг. 

Бизнесийн ажил хэргийн түвшинд бол манайхан хүний итгэлийг хүлээж, найдвартай, урт хугацааны түнш байж чадахаа харуулах хэрэгтэй. Хөрөнгө оруулаад зорьж ирсэн хүнийг хөрөнгө оруулалтын бодлого дээрээ хүнд байдалд оруулж, хувиа зараад гарах зэргээр ёс зүйгүй авирлаж байгаа нь тухайн ганц нэг хүнд ашигтай, завшчихсан мэт байгаа боловч, цаана нь улсын нэр хүнд, маш том эрх ашиг хохирч үлддэгийг анхаарах нь чухал юм. 

– Сингапурын зах зээлд Монголын технологийн чиглэлийн компаниуд ямар боломж байна вэ? 

-Манай чадварлаг олон залуус Сингапур гэлтгүй Зүүн Азид гарч бизнес хийхээр зорьж, тэмүүлж байна. Зарим нь старт-апын өрсөлдөөн ихтэй зах зээлийг судлаад, суралцаж байна. Зарим нь аль хэдийнэ учраа олоод компаниа энд байгуулчихсан явна. “Анд Глобал” компани Сингапурт бүртгүүлээд, финтекийн салбарт зоригтой өрсөлдөхөөр орж ирээд байна. Сингапурын олон мянган жижиг компаниудын нэгд тооцогдож байгаа боловч энэ улсыг түшиглээд монгол компаниуд олон улсын зах зээлд гарах эхлэл тавигдлаа. Манай компаниуд зөв хамтрагчаа олж, эцэж цуцалгүй суралцаж, зүтгэж чадвал бага гэлтгүй үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Сингапурт болдог старт-апуудын уралдаан, тэмцээнд түрүүлж, Монголоо таниулан гарч ирж байгаа залуучуудаа хараад их бахархаж байсан. 

Бид Сингапурын олон улсын худалдааны туршлагыг ашиглаад, өөрийн орны чанартай, уламжлалт бүтээгдэхүүнийг дэлхийн брэнд болгох чиглэлд хамтран ажиллаж болно.

Элчин сайдын яамны зүгээс монгол компаниудаа, олон улсын бизнесүүдтэй холбох ажлуудыг хийж ирсэн. Цаашид ч байнга дэмжиж ажиллах болно. Сингапур чөлөөт зах зээлтэй, Засгийн газар нь мэдээллийн технологи, финтекийн чиглэлд ихээхэн дэмжлэг үзүүлдэг учраас боломж олон бий. Гол нь хэл, соёл, бизнесийн соёлд суралцахад анхаарах хэрэгтэй. Материаллаг, худалдаа наймааны гэхээс илүү хоёр талын хооронд санхүүгийн зах зээл, финтекийн чиглэлээр идэвхтэй ажиллах боломж гарч ирээд байна. 

-Хоёр улс цаашид бие биенээ нөхөж, хамтарч ажиллах ямар орон зай, боломж байна вэ? 

-Сингапур технологийг маш хурдан нэвтрүүлж, жижиг гэлтгүй, нарийн зүйлсийг үйлдвэрлэж чаддаг. Харин Монгол Улсад түүхий эд, залуу боловсон хүчин байна. Бид Сингапурын олон улсын худалдааны туршлагыг ашиглаад, өөрийн орны чанартай, уламжлалт бүтээгдэхүүнийг дэлхийн брэнд болгох чиглэлд хамтран ажиллаж болно. Арьс шир, ХАА-н түүхий эдээ боловсруулаад, тууштай бизнес эрхлэх хэрэгтэй байна. Нэг, хоёр жил туршиж үзээд болохгүй нь гээд орхиод байвал удаан оршин тогнож чадахгүй. Монгол Улс түүхий эд нийлүүлэгч биш, аж үйлдвэрийн том зах зээл болоосой гэж хүсэж байна.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 4.00 out of 5)
Loading...
Бизнес сэтгүүл

Гэрү: Уран бүтээлчдийн их зах зээлд гарах хаалга

Өмнөх нийтлэл

Өөрчлөлтийн менежментийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь (№91)

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like