Хүн төрөлхтөн дижитал эринд хөл тавьж үүнийг дагаад бүхий л салбар өөрчлөлт, шинэчлэлт өрнүүлэх шаардлагатай тулж, их бага хэмжээгээр бүгд л эл шилжилтийг хийж эхэлсэн билээ. Харин цар тахлын улмаас өөрчлөлт шинэчлэлийн энэхүү үйл явц улам хурдтай өрнөж эхлэв. Өмнө нь аажуу тайвнаар хийж болно хэмээн алгуурлан суух боломж байсан бол өдгөө нийгэмд өрнөж буй өөрчлөлттэй хөл нийлүүлэн алхахаас өөр сонголт бидэнд үлдсэнгүй. 

Аливаа өөрчлөлт, шинэчлэлийг өрнүүлэхэд эсэргүүцэл, үгүйсгэлтэй тулдаг нь бичигдээгүй хууль билээ. Зөв цагт нь тохирсон менежментийг хэрэгжүүлж чадвал эсэргүүцлийг итгэл болгож, зорьсондоо хүрэх бүрэн боломжтой. Мэдлэгийн менежмент, цагийн менежмент болон хувь хүний менежмент өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй. 

Мэдлэгийн менежмент 

Өөрчлөлтийн үед хүмүүс ажлыг хуучин арга барилаараа хийх боломжгүй болдог бөгөөд шинэ арга барилд нь суралцаагүйн улмаас эсэргүүцэл бий болдог. Энэ тохиолдолд тэдэнд ойлгуулах, шаардлагатай сургалтад хамруулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлнэ. Мэдлэг бол өөрчлөлтөд хүргэх зэвсэг юм.

Цагийн менежмент 

Цагийн менежмент нь зорилготой шууд холбоотой. Эхлээд том зорилго буюу чухал ажлуудаа, дараа нь түүнд хүрэх зорилтуудаа гэх зэргээр эрэмблэх хэрэгтэй. Урт хугацааны зорилгыг том чулуу, дунд хугацааныхыг жижиг чулуу, ойрынхыг элстэй зүйрлэе. Шилэн дотор тэднийг ямар дарааллаар хийхээс бүгд багтах эсэх нь шийдэгдэнэ. Хэрэв эхлээд элсээ хийчихвэл хэдэн чулуунууд бүгд орохгүй. Харин эсрээгээрээ томоос жижиг рүү нь явбал бүгд эвээ олоод багтах боломжтой. Үүнтэй адилаар эцсийн үр дүнд хүрэхэд нөлөөлөх чухал ажлууддаа анхаарч, илүү их цагийг зарцуулж сурах хэрэгтэй.

Хувь хүний менежмент 

Баг хамт олноороо манлайллын сургалт авахад багаараа манлайлагч болдоггүйг бид сайн мэднэ. Учир нь багаараа өөрчлөгдөхийн тулд хүн бүрийн оролцоо, хүчин чармайлт чухал үүрэгтэй. Өөрчлөлт хийхийг хүсэж байгаа бол бусадтай хамтрах хэрэгтэй. Өөрт буй нөөц бололцоогоо өөр нэгнийхтэй хавсарвал хамтын хүчээр илүү үр дүнд хүрнэ. 

Өөрчлөлтийн үед хэвийн үеийнхээс 5-10 дахин илүү хүчин чармайлт гаргах шаардлагатай тулна. Ачаалал нэмэгдэхийн хэрээр стрессдэх, ядарч туйлдах асуудал бишгүй л тохиодох тул ачаалал даах чадвартай, эрүүл байх нь чухал. Мөн дээр дурдсанчлан эсэргүүцэл, үгүйсгэлтэй тулгарах нь зайлшгүй тул сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. 

Эцэст нь өөрийгөө удирдах чадвар буюу зорилготой байх хэрэгтэй. Таныг хөдөлгөх зорилго үгүй бол таны мэдлэг чадвар, холбоо сүлбээтэй байх нь чухал биш. Таны гаргаж буй хүчин чармайлтыг утга учиртай болгож буй зүйл бол зорилго билээ. 

Өөрчлөгдөж буй нийгэмд өөрчлөгдөхгүй байх нь хоцрогдол юм.

Байгууллагадаа өөрчлөлтийг өрнүүлэхэд анхаарах зүйлс, хэрэгжүүлэх арга тактикуудыг энэ долоо хоногийн “Бизнес цэнэг” вэбинарын үеэр Менежментийн үндэсний зөвлөх Ц.Өнөржаргал танилцууллаа. “Өөрчлөлтийн менежментийг үр дүнтэй хэрэгжүүлэх аргууд” сэдвээр зохион байгуулсан энэхүү вэбинарыг бүрэн эхээр нь үзэхийг хүсвэл энд дарна уу.

Хархорум Дижитал Академи, Business.mn сэтгүүлээс Мягмар гараг бүр зохион байгуулдаг “Бизнес цэнэг” вэбинарт ирэх долоо хоногт GSMi институтын захирал, стратегийн зөвлөх Ц.Оюунжаргал оролцож “Ажайл удирдлагын зарчмаар бизнесээ сайжруулах нь” сэдвээр хичээл орно. 

Энэхүү вэбинарыг угтаж хийсэн подкастыг эндээс сонсож хичээлийн тухай мэдээлэл аваарай. 

Дараагийн вэбинарт бүртгүүлэх холбоос: academy.karakorum.digital

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (2 votes, average: 3.50 out of 5)
Loading...
Б.Мишээл
Business.mn Сэтгүүлч

Ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 2 дахин өсч, орлого нь буурчээ

Өмнөх нийтлэл

Судалгаа: Ажилтнууд байгууллагаас хүсдэг 9 зүйл

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.