Feedback буюу санал, шүүмж өгч мөн авч чаддаг байх нь байгууллагыг амжилтад хүргэх чухал хүчин зүйлсийн нэг билээ. Санал, шүүмжийг бид бусдад харамгүй өгдөг ч хүлээж авахдаа хэр сайн бэ? 

Компанийнх нь санал шүүмж авч өгөх соёл карьерын амжилтад нь эергээр нөлөөлсөн тухай Гранд Серкл Корпорацийн Бизнесийн үйл ажиллагаа хариуцсан Дэд Ерөнхийлөгч О.Мөнхзаяа онцолсон юм. Түүний ажилладаг компани нь дэлхийн 85 улсад америк жуулчдыг аялуулдаг, сүүлийн хорин жилийн турш энэ салбарыг тэргүүлж яваа компани юм. Тус компанийн хувьд багаар ажиллахын чухал бүрэлдэхүүн хэсэг нь санал шүүмжийг тогтмол солилцох соёл билээ. Тэд жижиг, том ямар ч ажил байсан үргэлж санал бодлоо солилцож, албан тушаал харгалзалгүй санал шүүмжийг хүлээн авах замаар үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулдаг байна. Бусдын санал, шүүмжийг сонсохын ач холбогдлыг О.Мөнхзаяа өөрт тохиолдсон нэгэн жишээгээр тайлбарласан юм. 

Япон дахь аяллын ахлагч нартаа бүтэн өдрийн сургалт явуулж байхдаа тэрбээр өөрийнхөө хамгийн сайнаар л явуулж байна гэж бодож байв. Гэсэн ч сургалт эхэлснээс хоёр цагийн дараа тэрбээр тэднээс санал сэтгэгдлийг нь асуужээ. Тэдний ихэнх нь настай хүмүүс байдаг учраас гурван өнгийн тодруулагчаар бичих нь уншихад төвөгтэй байгааг хэлсэн байна. Гол санаагаа тодруулж өөр өнгөөр бичвэл тэдэнд илүү хүрнэ гэж бодсон ч бодит байдал дээр эсрэгээрээ байжээ. Хэрэв өөрийгөө болж байна, чадаж байна гэж бодоод асуугаагүй бол эцсийн үр дүнд сургалт үр өгөөж муутай болж өндөрлөх байв. Энэ нөхцөлд тэрбээр компанийнхаа соёлын дагуу сургалт эхлэхээс өмнө тэднээс нээлттэй байж, асуудал гарсан тохиолдолд санаа зоволгүй хэлэхийг хүссэн байна. Ингэснээр хоёр тал сэтгэл хангалуун үлдэж, үр өгөөжтэй сургалт явуулах эцсийн зорилгодоо хүрч чаджээ. 

Хэрэв компанийн соёлд нь санал шүүмж солилцох тухай суулгаж өгөөгүй байсан бол бусадтайгаа ойлголцож тэдэнд яг юу хэрэгтэй байгааг, өөрийнх нь юу болохгүй байгааг мэдэж, улмаар хөгжиж дэвших боломж бүрдэхгүй байв. Иймд та ч гэсэн хамт олонтойгоо ойлголцож, илүү үр дүнтэй ажиллахын тулд санал шүүмж солилцох соёлыг байгууллагадаа хэвшүүлээрэй.

Удирдах түвшний ажилтнууд удирдагчийн хувьд хөгжин дэвшихийн тулд дараах 4 асуултыг асуух боломжтой:

  1. Багийн удирдагчийн хувьд миний сайн хийж байгаа, цааш нь үргэлжлүүлээсэй гэж хүсэж байгаа зүйл юу вэ? 
  2. Хийх ёстой ажил дээрээ орхигдуулж байгаа, илүү сайжруулах зүйл минь юу вэ? 
  3. Миний хийх ёстой боловч огт хийхгүй байгаа зүйлийг хэлж өгнө үү?
  4. Та бүхний цаг, хүчийг дэмий үрж буй миний зогсоох хэрэгтэй арга барил, зан чанар юу вэ? 

Эдгээр асуултыг зөвхөн өөрийн удирдлага дор ажиллаж буй хүмүүс гэлтгүй хамтран ажиллаж буй бүхий л хүмүүсээсээ дор хаяж улиралд нэг удаа асууж байх хэрэгтэй. Бусдын танд хэлж буй санал шүүмж нь таны өсөлт хөгжил, ур чадварт оруулж буй үнэтэй хувь нэмэр юм. 

Байгууллагадаа зөв соёлыг хэрхэн төлөвшүүлэх тухай подкастаар ярьсан бусад сонирхолтой асуудлыг энд дарж сонсоно уу.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Б.Мишээл
Business.mn Сэтгүүлч

С.Эрдэнэбат: Тэтгэврийг өвлүүлдэг болвол ядуурал буурна

Өмнөх нийтлэл

Смарт амьдрал буюу өөрийгөө бүтээх зам (№80)

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.