Хоршооны хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлагчдын нэг, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн

Хоршооллыг дэмжиж татварын ялгаатай, хөнгөлөлттэй бодлого барина

УИХ-аас Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлав. Шинэчилсэн найруулгад дараах өөрчлөлтүүд оржээ. Үүнд:

  • Анхан шатны хоршоог 9-өөс дээш иргэн байгуулах, дундын хоршоог хоршоо, хуулийн этгээд хамтран байгуулах, Хоршоод холбоо байгуулах, Нэгдсэн хоршооллын холбоо байх зэрэг асуудал тусгагдсан. Ингэснээр хоршооны гишүүдийн тоог тодорхой болгож, хоршоод хоршиж үйл ажиллагаа явуулах, суралцах, хамтран хөгжих боломж бүрдэнэ.
  • Хоршооны өөрийн хөрөнгийг тодорхой болгож, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулахаар заасан. Ингэснээр хоршоо эдийн засгийн харилцаанд идэвхтэй оролцох, эд хөрөнгийн эрхээ хэрэгжүүлэх, банкнаас зээл авах зэрэг олон боломж бүрдэнэ.
  • Хоршоо гишүүддээ ашиг хувиарлах зохицуулалтгүй байсныг өөрчилж, гишүүддээ ашиг хувиарладаг байхаар тусгасан. Ингэснээр хоршооны гишүүд хоршооны үйл ажиллагаанд илүү идэвхтэй оролцоно. Хоршооны гишүүнийг сургалтад заавал хамруулах, хоршоодод үйл ажиллагаагаа явуулахад туслах сургалтыг мэргэжлийн холбоод, Нэгдсэн холбоо зохион байгуулах гэх мэтчилэн дэмжих чиглэлийн зохицуулалтууд орсон.
  • Хоршоод компани, аж ахуйн нэгжтэй адил хэмжээгээр орлогын татвар төлж байгаа нь хоршоог хөгжүүлэхэд бас нэг саад болж байсан. Хоршооллыг дэмжих зорилгоор татварын ялгаатай, хөнгөлөлттэй бодлого барина.
  • Хоршооны эрхлэх үйл ажиллагааны хүрээг нэмэгдүүлсэн. Хуулиар хориглоогүй, дүрмэндээ заасан бүх л үйл ажиллагааг эрхлэх боломжтой болсон.
  • Хоршоо, хоршооны гишүүдийг эрсдэлээс хамгаалах зорилгоор Хоршоонд хөрөнгө оруулалт хийх, Хоршооны хөгжлийн сан, Болзошгүй эрсдэлийн санд хөрөнгө төвлөрүүлэх, зарцуулах зэрэг нарийвчилсан зохицуулалтууд тусгагдсан.
  • Хоршооны эрх, үүрэг, хоршооны гишүүний эрх, үүргийг нарийвчлан зааж, мөн төр ямар чиг үүрэгтэй оролцохыг тодорхой болгосон. Бүх гишүүдийн хурал, хяналтын зөвлөлийн хурал гэх мэт хоршооны үйл ажиллагаа болон удирдлагатай холбоотой процессын үйл ажиллагааг мөн нарийвчлан зохицуулсан.

Зээлийн батлан даалтын шийдвэр гаргах явцыг хөнгөлнө

Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Н.Мандуул Ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээлийн батлан даалтын талаар мэдээлэв.

  1. Хамрагдсан ААН-ийн тооны талаар: Батлан даалтыг гаргахдаа тухайн зээл олгох банк, санхүүгийн байгууллагын дүгнэлтэд үндэслэнэ гэж заасан тул арилжааны банкнаас зээл олгох шийдвэр гараагүй байхад ЗБДС-ийн зүгээс бие даан судалгаа хийх боломжгүй аж. Тавдугаар сарын 6-ны байдлаар Зээлийн батлан даалтын сангийн мэдээллээр нийт 51 зээлийн 7.1 тэрбум төгрөгийн батлан даалтын шийдвэр гарч, банкууддаа хүргүүлсэн байна. Эдгээрээс 12 зээлдэгчид батлан даалт хийгдэж арилжааны банкаар дамжин зээлдэгчдээ хүрсэн байна.
  2. ЗБДС-аас зээлийн материалд судалгаа хийх цаг хугацааны талаар: Зарим тохиргоо хийж, банкнаас ЗБДС руу хүргүүлэх материалыг цөөлөх, хялбар болгох, батлан даалтыг багцлах хэлбэрээр шийдвэрлэх арга хэмжээ авсан. Ингэснээр, батлан даалтын шийдвэр гаргах процесс хөнгөрөх юм.
  3. Зээлийн зориулалтын талаар: Зээлээ авсан иргэд гар дээрээ мөнгөө авч чадахгүй байна, банк өмнөөс нь шилжүүлэг хийж байна, зөвхөн ажлын байр хадгалах, цалин, түрээсэнд өгөх бол өгнө гээд хязгаарлачихаар зээлийн үр дүн, зарцуулалт зээлдэгчийн өөрийнх нь мэдэлгүйгээр хуваарилагдаж байгаад иргэд аж ахуйн нэгж бухимдалтай байгаа талаар мэдээлэл байна.

Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолын хавсралтаар батлан хэрэгжүүлж байгаа төлөвлөгөөнд тусгагдсан ажлын байрыг дэмжих зээл нь иргэд аж ахуйн нэгжийн эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх зориулалтаар олгогдож байна. Тус зээлийг зориулалтын дагуу ашиглуулах, ажлын байрыг дэмжих үр дүнг сайжруулах үүднээс банкууд зээлдэгчийн зээлийн хүсэлтэд зээлийн зарцуулалтын төлөвлөгөө, холбогдох гэрээний дагуу шилжүүлдэг. Энэ нь зээлийн эрсдэлийг бууруулах, зээлийг зориулалтын дагуу зарцуулах, зарцуулалтыг хянах боломжийг бүрдүүлдэг.

Засгийн газрын зүгээс санаачилга гарган, энэхүү зээлийн зориулалтыг өргөсгөх, өөрөөр хэлбэл эргэлтийн хөрөнгө гэдэгт цалин, НДШ-ийн хуримтлагдсан өглөг, түргэн элэгдэх үндсэн хөрөнгө, сэлбэг хэрэгсэл, бараа материал зэргийг багтаах талаар шийдвэр гаргаад байна.

  1. Орон нутагт зээлийн мөнгө дууссан эсэх талаар: Ажлын байр дэмжих зээлийг банкуудын эзэмшиж байгаа Төв банкны үнэт цаасны хувь хэмжээгээр олгох зээлийн дээд хэмжээг банк бүр дээр тогтоосон. Энэ хүрээнд арилжааны банкууд өөрийн салбар нэгжүүд рүүгээ хуваарилалт хийсэн бөгөөд энэ нь банкны өөрийн дотоод үйл ажиллагааны асуудал юм.

Хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс Монгол банкны зүгээс арилжааны банкуудад хуваарилж өгсөн энэхүү түвшинг өсгөж байгаа бөгөөд эх үүсвэр дууссан гэдэг асуудал цаашид үүсэх ёсгүй. Дашрамд дурдахад, ажлын байрыг дэмжих зээл нь арилжааны банкуудын өөрийн эх үүсвэрийг ашиглаж буй схем бөгөөд Засгийн газар, Монгол банкны зүгээс ямар нэгэн эх үүсвэр хуваарилаагүй гэдгийг олон нийт ойлгох хэрэгтэй.

Чимэгэ Апп Монголоо төлөөлөн Цахиурын хөндийг зорино

“Startup World Cup” хэмээх дэлхийн хамгийн том технологийн гарааны бизнес шалгаруулах тэмцээнийг энэ жил Монголд анх удаа Pegasus Tech Ventures-тэй хамтран Exponential Partners, MCS Investment, Gund Investment гэх мэт үндэсний томоохон хөрөнгө оруулалтын сангуудын төлөөлөл амжилттай зохион байгууллаа.

Эхний 10-т шалгарсан багууд Монголын аварга шалгаруулах тэмцээнд цахимаар өрсөлдөж ЧИМЭГЭ Апп тэргүүн байранд шалгарч 11 дүгээр сард Silicon Valley-н Сан Франциско хотод Монгол улсаа төлөөлөн дэлхийн дэвжээнд өрсөлдөх эрхийг гардан авлаа. Мөн MCS Investment группийн 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын шагналын эзэн болжээ.

Чимэгэ нь Монгол, Казак, Киргиз гэх мэт нөөц багатай хэлнүүдийн яриаг бичвэр, бичвэрийг ярианд хөрвүүлэгч дэлхийн анхны технологи юм. Тус технологийг ашиглан бүх төрлийн электрон хэрэгслийг хүний хэлсэн тушаалаар удирдах боломжтой болох аж.

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Бизнес сэтгүүл

Л.Болормаа: Эргэлт хийх шаардлагатай цаг үеийг эмэгтэй манлайлагчид илүү удирдаж чаддаг

Өмнөх нийтлэл

E-Mongolia төв: Хүнд суртлыг арилгана

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.