Компьютер доторхи шоргоолж

Интернэт нь анх Монголд бий болохдоо харилцаа холбооны хэрэгсэл, бизнес гэхээсээ илүү судалгааны ажил байв. 1980-аад онд Монгол Улс тэргүүлэх таван чиглэлийн дотор шинжлэх ухаан технологийг багтааж мэргэжилтнүүдийг тусгайлан бэлдэж байсан юм. Тийм мэргэжилтнүүдийн нэг нь Датаком компанийн Д.Энхбат байсан. 

ЗХУ-д системийн инженерээр бакалавр, эдийн засгийн удирдлагын математик загварчлал сэдвээр эрдмийн зэрэг хамгаалж, Энэтхэгт программ хангамжийн сэдвээр мэргэжил дээшлүүлсэн тэрбээр Статистикийн төв газрын тооцоолон бодох төвд программист, Удирдлагын автоматжуулсан системийн Хүрээлэнд лабораторийн эрхлэгчээр ажиллаж мэдээллийн технологит дурласан хүн. 

Статистикийн төв хороонд ажиллаж байхад нь хүн амын бүртгэлийн ажилд хэрэглэх компьютер гээч юм иржээ. Тэр компьютер нь биеийн тамирын заал шиг талбай эзэлдэг, диск унших төхөөрөмж нь бичгийн ширээ шиг том, дуу чимээ ихтэй байв. Ийм компьютер дээр ажиллаж буй хүн дунд нь гүйж яваа шоргоолж шиг л харагддаг байв.

Д.Энхбат нь инженер, энтрепренер хүний хувьд ажилладаг талбар нь гэвэл математик загварчлал, оптимал шийдэл олох хүн-машины буюу программын систем, интернэт, сансрын холбоо, программ хангамж, системийн судалгаа хөгжүүлэлт зэрэг юм.

Мэйлтэй хүмүүсийн тусгай уулзалт

Нэг хэсэг Үндэсний хөгжлийн дэд сайдын албан тушаал хашиж байгаад 1994 онд ажлаа өгчээ. Ийнхүү төрийн албанаас буусны дараа ажиллаж байсан хүрээлэн нь хэдийнэ татан буугдаж, улс орны төсөв технологи манатай болсон байсан учраас бизнесийн зам мөр хөөхөөс аргагүй болжээ.

Анхнаасаа эрдмийн мөр хөөсөн болохоор ганзагын наймаанд явахын оронд компьютерын чиглэлээр ажиллаж байсан 10 гаруй хүнтэй хамтарч компани байгуулахаар шийдсэн байна. 16-уулаа нийлж 4000 ам.доллар гаргаж, тэрийг нь Д.Энхбат халааслаад Москваг зорьжээ. Тэнд очиход Оросын шинжлэх ухааны хүрээлэнгүүд бас л хямралд орчихсон, цалингаа тавьж чадахгүй хэмжээнд байсан учир тэдний зарим технологийн патентыг нь Д.Энхбат боломжийн үнээр худалдан авсан байна. 

Датаком компанийн бий болсон түүх энэ. Тухайн үед “Наадах чинь амьдралд ямар ч хэрэгцээгүй эрдмийн ажил” гэж хэлэх хүн цөөнгүй байсан ч Д.Энхбат хийж буй ажлынхаа ирээдүйд итгэлтэй байв. 

Эхэндээ банкны мэдээллийн сүлжээ байдлаар ажиллаж байгаад аяндаа интернэт сүлжээ рүү шилжсэн байна. Анхны электрон захидал /и-мэйл/ туршиж, анхны и-мэйл хэрэглэгчээ урьж авчрахад нөгөөх нь “Би тэгээд хэн рүү бичих юм бэ?” гэж асууж байв. Түүнээс гадна и-мэйлтэй хүмүүсийн уулзалтыг тусгайлан зохион байгуулж байсан нь өнөөдөр бодоход хачирхалтай санагдана.

Үхлийн зээл

Монголд байсан гадаадын бүх байгууллагын гадаад руу холбогдох суваг нь Датаком болов. Сансрын холбоогоор Америк руу ганцхан минут ярихад 5 ам.долларын үнэтэй байлаа. Гэтэл Датакомынхон сансрын сүлжээнд бүтэн 24 цагаар шугам авч, 5 ам.долларын төлбөр аваад 50 ам.долларын зардал гаргах үе байсан нь одоо бодоход бараг санаанд багтамгүй зүйл. 

1994 оны өвөл жижүүр нь “Тантай нэг гадаад хүн уулзах гээд доор ирчихсэн байна” гэхэд нь цонхоор хартал Америкийн далбаатай элчингийн машин зогсож байв. Тэр өдрөөс хойш АНУ-ын Элчин сайд Доналд Жонсон, Д.Энхбат хоёрын ажил хэргийн нөхөрлөл эхэлжээ. Хүү нь Америктаа интернэтийн чиглэлд ажилладаг байсан учир Датаком компанийнхны өдөр шөнөгүй зүтгэн хийж буй ажлын ач холбогдлыг сайтар ойлгож, эцэстээ байн байн компани дээр нь ирж ажлыг нь сонирхоно. Одоогийн таван яамны орчим байрлаж байсан Датакомын гадаа Америкийн элчингийн машин ирэх болгонд Сангийн яамны Ч.Улаан сайд их гайхдаг байжээ. 

Тэр үед АНУ нь Монголын маслын хомсдолыг багасгах зорилгоор хүнсний масло нийлүүлж, бий болсон орлогыг тусгай сангийн хэлбэрээр банканд байршуулдаг байв. Д.Энхбат компанидаа зээл авах гээд барьцаа хөрөнгө энэ тэр байхгүй учраас Элчин сайд Д.Жонсон түүнд туслан дээрх сангийн мөнгийг барьцаалан батлан даалт гаргаж ХОТШ банкнаас зээл гаргуулсан байна. Ингээд 50 мянган ам.долларын зээлийг сарын 4.8 хувь, жилд 60 орчим хувийн хүүтэй, дээд тал нь зургаан сарын хугацаатай авчээ. “Огт мэдэхгүй зүйлээ тийм өндөр зардалтайгаар, өөрсдөө бүх программаа бичээд, Америк Монголыг холбоод хийсэн гэхээр тэнэг гэж хэлж болмоор дэндүү зоригтой байж” хэмээн Д.Энхбат дурссан байдаг.

Датакомыг гаднаас нь харахад мөнгөтэй юм шиг харагдах ч цаанаа их өртэй байлаа. Тиймээс маш хурдтай ажиллаж, банкны зээлийг цаг тухайд нь төлөөд явахаас өөр аргагүй болж олсон мөнгөө зээл, зардалдаа зориулаад дуусна. Банкныхан заримдаа “Датаком мөнгөө өгөхөөр цалингаа тавина” гээд хүлээгээд суудаг байв. Ийм байдлаар компани эхний таван жилдээ огт мөнгө хийгээгүй өнгөрөөсөн байна.

Интернэт нэвтрүүллээ гэж шүүхэд өгөв

1996 оны нэгдүгээр сарын 17-ны өдрөөс Монгол улс 24 цагийн интернэтийн сүлжээнд холбогдсоноор интернэтэд холбогдсон Азийн 10 орны нэг болсон юм. Гэхдээ аливаа юмны эхлэлийг тавина гэдэг маш хэцүү. 1996 онд тун хүйтэн өвөл болж, шөнөдөө газрын антенн хөлдөж интернэт тасрах тохиолдол ч гарна. Интернэтээ тасалчихгүйн тулд Их дэлгүүрт байсан бүх үсний сэнсийг антеннаа тойруулан байрлуулан тогонд залгаад гадуур нь шуудайгаар боож хөлдөхөөс хамгаалах байдлаар өвлийг давсан удаа бий.

Монголд интернэт нэвтрүүлснээ зарлахаар яарч байх цагт тэр үеийн Засгийн газар Д.Энхбатыг төрийн зөвшөөрөлгүйгээр барууны технологи нэвтрүүлсэн, түүндээ Монголын аюулаас хамгаалах байгууллагад ч байхгүй сүүлийн үеийн сансрын холбоо ашиглаж, Монголын нууцыг гадагшаа задлах гэж байна гэсэн үндэслэлээр шүүхэд өгчээ. Гэвч үнэндээ Датаком холбооны сүлжээний бизнесийг эхлүүлснээр монголчууд дэлхийн хаана ч байсан мэдээлэл солилцох “цахим тусгаар тогтнол”-ыг олж авсан юм. 

Шүүхийн асуудал хаашаа ч эргэж магадгүй байсан учир Д.Энхбат Ерөнхийлөгчийн тамгын газрынханд хандаж, П.Очирбат Ерөнхийлөгчийг сайд нарынх нь хамт нээлтэндээ урьснаар эрх баригчид өргөдлөө буцаан авчээ.

Италийн мафи болох шахав

Гэсэн ч интернэтийг ойлгодоггүй байсан тэр цагт хөгтэй явдал цөөнгүй гарна. Гэнэт нэг өдөр шар сонинд “Д.Энхбат Италийн мафийн сүлжээг Монголд оруулж иржээ” гэсэн нийтлэл тавигдаж, түүнийгээ дэлхийг ороож шамшийлгасан наймаалжны зургаар чимж, өөрийнх нь зургийг зэрэгцүүлэн тавьсан байв. Гайхаад сонины эрхлэгч рүү нь залгахад нийтлэлийг бичсэн сэтгүүлчтэй нь уулзуулжээ. Тухайн үед зурагтаар гардаг байсан “Наймаалж” Италийн олон ангит киног тэр сэтгүүлч үздэг, комиссар Каттани мафийнхантай тэмцэж байгааг шимтэн хардаг байсан болохоор Д.Энхбатыг “Манай компани бол дэлхийг хэрсэн харилцаа холбооны сүлжээ” гэж рекламдахад нь мафийн сүлжээ юм байна гэж ойлгосон хэрэг.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 4.00 out of 5)
Loading...
Г. Даваадорж

Оюуны хүрээ: Тоглоомоор дамжуулж монгол агуулгыг өвлүүлнэ

Өмнөх нийтлэл

Байгууллагын соёл: Дэлхийд өрсөлдөх эхний алхам

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like