Шимтгэл төлөгчдөө өгөөжгүй

Тэтгэврийн даатгалын шимтгэл төлөгч гэдэг нь нэрийн данс эзэмшиж ирээдүйд өөрийгөө хамгаалж хуримтлал үүсгэж байгаа бүх хүн бүрийг хэлнэ. Мөн түүнийг ажиллуулсныхаа төлөө цалингийн сангаасаа төлж буй ажил олгогч нар юм. Мөн чанартаа банкны хадгаламжийн данс эзэмшиж байгаатай адилхан ч одоогийн хуулиар яг хадгаламж эзэмшигчтэй адилтгах эрх эдлэхгүй байгаа.

Уг нь нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэж, нэрийн дансанд их мөнгө хуримтлагдах тусам сайн байх ёстой ч өнөөдөр эсрэгээрээ татвар нэмж буйтай адил эсэргүүцдэг. Учир нь хуримталсан мөнгөнийхөө үр өгөөжийг даатгуулагч эргээд яаж хүртэх вэ гэдэг дээр шудрага бус тогтолцоо үйлчилдэг.

Монгол Улсад 1.1 сая хүн ажил хөдөлмөр эрхэлж НДШ төлдөг. Үүний тал орчим нь эрэгтэйчүүд. Хоёр эрэгтэй хүн тутмын нэг нь, дөрвөн эмэгтэй хүн тутмын нэг нь 30-40 жил хуримтлуулсан даатгалынхаа үр өгөөжийг авч чадалгүй нас бардаг.

Тэтгэврийг өвлүүлдэггүй

Өнөөдөр манай улсад даатгуулагч тэтгэвэрт гараад удалгүй нас барахад үлдсэн хуримтлалыг нь ар гэрт нь өгдөггүй мөртлөө тэтгэврийн зээлтэй байсан бол үр хүүхэд нь төлдөг хууль үйлчилж байна.

Нийгмийн даатгалын эв хамтын тогтолцоотой улс орон олон байдаг. Гэхдээ Монгол Улсад сүүлийн 30 жил хэрэгжиж ирсэн туршлагаас харахад ийм байдлаар явах үнэхээр боломжгүй, олон тогтолцоотой тэтгэврийн даатгалын системд шилжих хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой болсон. Энэ шилжилтийг хийнэ гэдгээ 2015 онд УИХ-аас зарлаад, бодлогоо баталчихсан мөртлөө өнөө болтол хийхгүй л байна.

Шимтгэл төлөөгүй маш олон хүн тэтгэвэр авдаг болсон

Төрийн албан хаагчдаас гадна нэрийн дансанд шимтгэл төлөөгүй маш олон хүний тэтгэврийн зардлыг төр өөр дээрээ авсан. 1990-2000 онд тодорхой хөдөлмөр эрхлээгүй 600 мянган хүн 70 000 төгрөгөөр 1-10 жилээ нөхөн төлсөнд тооцуулж тэтгэвэр авахаар болсноор Тэтгэврийн сангийн ачаалал эрс нэмэгдсэн. Ийм нөхцөлд олон хүн одоо төлөхгүй явж байгаад 10 жилийн дараа цөөхөн хэдэн төгрөгөөр нөхөөд төлчихье гэж бодно.

Өөрөөр хэлбэл, Засгийн газар Тэтгэврийн сан алдагдалтай ажиллана гэдгийг мэдсээр байж шимтгэл төлөөгүй олон хүнд тэтгэвэр олгохоор болсон нь цэвэр улс төрийн популист шийдвэр.

Тэтгэвэр өвлүүлэх нь зүгээр нэг мөнгө өгөхөөс илүү нийгэм эдийн, засгийн түлхүүр асуудал, ядууралтай тэмцэх маш үр дүнтэй арга болно.

Тэтгэврийн сангийн хөрөнгийг ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс удирддаг

Тэтгэврийн сангийн мөнгө бол улсын мөнгө биш, хүмүүсийн хуримтлал. Улс төржсөн шийдвэрүүдийн нөлөөгөөр Тэтгэврийн сангийн алдагдал улам нэмэгдэж, шударгаар даатгалаа төлдөг хэсэгтээ очих ачааллыг улам нэмсэн.

Тэтгэврийн сангийн хувьд төсвийн нэг бүрэлдэхүүн хэсэг байдлаар батлагддаг бөгөөд ХНХЯ, Сангийн яам, ХЗДХ-ийн яамны гурван төлөөлөл, даатгуулагчийн тал буюу Үйлдвэрчний эвлэлийн нэг төлөөлөл (2012 оноос өмнө гурван төлөөлөлтэй байсан), ажил олгогчдыг төлөөлж гурван хүн багтсан Үндэсний зөвлөл ажилладаг.

Тэтгэврийн даатгалын сан хоёр их наяд төгрөгтэй. Улсын төсвийн 20 орчим хувьтай тэнцэх энэ их мөнгийг тойрсон ашиг сонирхлын зөрчил маш их. Энэ мөнгийг ямар банканд хэдэн хувийн хүүтэй байршуулах вэ, хэнд яаж олгох вэ зэрэг маш том эрх мэдэл Үндэсний зөвлөлд байдаг. Гэвч Үндэсний зөвлөлийг нэг нэгэнтэйгээ холбоотой, ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс удирддаг. Зөвлөлийн гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулна гэж ярьдаг ч сонгох болохоор цаагуураа нэг нэгнээ лоббидоод явчихдаг. Үндэсний зөвлөлийн гишүүн даргынхаа зөвшөөрөлгүйгээр олон нийт, хэвлэл мэдээлэлд хандаж мэдээлэл өгөх, бие даан ажиллах хориотой.

Нэг үгээр, Даатгалын сангийн ажил нь даатгуулагчдаасаа нууц байна. Капитал банканд нийгмийн даатгалын сангийн мөнгийг хадгалуулаад алдсан нь ийм шалтгаантай.

Хуулийн цоорхойг ашиглаж тэтгэврээ өндрөөр тогтоолгодог

Хуулийн цоорхойг ашиглаад маш олон хүн тэтгэврээ маш өндөр тогтоолгодог нь илэрсэн. Ингэхдээ сүүлийн таван жилд өндөр цалин авдаг байсан мэт хуурамчаар мэдүүлж, эсвэл хуурамч компани дээр нийгмийн даатгал төлдөг. Дараа нь эхний ганц, хоёр жилдээ төлсөн бүх шимтгэлээ эргүүлээд олоод авчихдаг.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Г. Даваадорж

Бизнесийн ёс зүй ба комплаенс (№104)

Өмнөх нийтлэл

Ковидтой тэмцэх хуулийн хугацааг сунгана

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.