Гэрэл зургийн эх сурвалж: MPA

Засгийн газар МҮХАҮТ хамтран 2020 оны Монгол Улсын ТОП 100 ААН –ийг танилцууллаа. Энэ удаагийн жагсаалт нь цар тахлын гүнзгий нөлөөлөлд орсон эдийн засаг, бизнесийн орчныг илтгэж байгаагаараа онцлог. Ингээд 2020 оны ТОП-100 гаас анзаарч болох таван  чиг хандлагыг сонирхуулъя.

“Айргийн тав” сүүлийн дөрвөн жил өөрчлөгдөөгүй

Монгол Улсын эдийн засаг уул уурхайд түшиглэсэн гэдгийг энэ жагсаалт дахин нэг батлав. Эхний тавд орсон компанийн дөрөв нь уул уурхайнх. Эндээс Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ зургаан жил дараалан нэгд, ЭТТ ХК дөрвөн жил дараалан хоёрт, Оюу Толгой ХХК дөрвөн жил дараалан гуравт, Энержи Ресурс ХХК мөн дөрвөн жил дараалан тавд оржээ.

Жагсаалтад байгаа уул уурхайн бусад компанийн үзүүлэлт ч олон байраар ахисан ахисан байна. Тэр дундаас Таван толгой түлш ХХК даруй 50 байраар урагшилж, төлсөн татварын дүн нэмэгдсэн нь Засгийн газраас хэрэгжүүлсэн агаарын бохирдолттой тэмцэх арга хэмжээний үр дүн юм.

Банкууд давгүй

Уул уурхайн дараа санхүүгийн салбар орж байна. ХААН банк сүүлийн жилүүдэд дөрөвдүгээр байрт байгаа бол ХХБ, Голомт банк эхний 10-т, Төрийн банк эхний 15-д тогтмол эрэмбэлэгджээ. Зарим том банк өмнөх жилээс таван байраар урагшилсныг харахад цар тахал санхүүгийн салбарт сөрөг нөлөөлөөгүй, харин цар тахлын эсрэг Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, эдийн засагт нийлүүлж байгаа мөнгө нь банкуудад эерэгээр тусжээ.

Газрын тосны импортлогчдод хүнд үе иржээ

Монголын газрын тосны компаниудын ихэнх нь олон байраар ухарсан байна. Тухайлбал, Шунхлай ХХК болон Тес Петролиум ХХК тус бүр 18 байраар, Сод Монгол групп ХХК 20 байраар, Магнай Трейд ХХК 25 байраар, Петростар ХХК бүр 33 байраар өмнөх жилээс ухарчээ. Эдгээр үзүүлэлт нь цар тахалтай холбоотой хот доторхи болон хот хоорондын хөл хорио нь бизнесийн салбарт тээвэрлэлтийн хэрэгцээг эрс бууруулсан, мөн хувь хүмүүс авто машин унах нь багассаныг илтгэж байна. Мөн цар тахлаас үүдэж дээрх таван компани борлуулалтын орлогоороо ТОП-100 жагсаалтад 8-16 байраар ухарсан байна.

Гэхдээ Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай, газрын тос олборлогч Петро Чайна Дачин тамсаг ХХК 33 байраар урагшилж, 2019 онд хөрөнгийн хэмжээгээр 88-т орж байсан бол 2020 онд 3-т орж огцом нэмэгджээ. Хэдийгээр баталгаатай мэдээлэл алга байгаа ч татвар, борлуулалт, ашгийн хувьд өмнөх жилээс онцын өөрчлөлт байхгүй байхад хөрөнгийн хэмжээ эрс өссөн нь Хятадын Засгийн газраас томоохон хөрөнгө оруулалт хийсэнтэй холбоотой болов уу гэсэн таамаг дэвшүүлэхээр байна.

Түүнээс гадна Монгол Улс газрын тосны хувьд олборлогч болох нь хичнээн чухлыг цар тахал дахин харууллаа.

Шатахууны хэрэгцээ багассан ч дата хэрэглээ өсчээ

2020 оны ТОП-100-д орсон үүрэн холбооны дөрвөн компани бүгд эрэмбэ ахисан үзүүлэлттэй байна. Тэр дундаа Юнител ХХК 16 байраар ахив. Ингэхдээ борлуулалтын хэмжээгээр 2019 онд хамгийн сүүлд буюу 100-д орж байсан бол энэ удаа 29 рүү үсэрч орж иржээ. Үүнийг цар тахлын үеэр хүмүүс гэрээсээ ажиллах болж, онлайн хэрэглээ эрс нэмэгдсэнээр тайлбарлаж болно. Тус компанийн охин компани болох IPTV, төрөл бүрийн интернет, дата үйлчилгээ эрхлэгч Юнивишн ХХК-ийн ерөнхий рейтинг 12 байраар урагшилж, борлуулалт талын үзүүлэлт нь ч сайжирчээ. Эндээс харахад цар тахал, хол хорионы нөлөөгөөр хүмүүсийн дата хэрэгцээ, төрөл бүрийн контентыг онлайнаар үзэх нь ихэссэн гэж дүгнэхээр байна.

Хүнсний салбар дээшилж, хөнгөн үйлдвэр доошилж, аялал жуулчлал, агаарын тээвэр навс унав

АПУ ХК, Номин Холдинг ХХК, Талх чихэр ХК, Скай Хайпермаркет ХХК, Жүр Үр ХХК, Таван богд фүүдс ХХК зэрэг хүнсний үйлдвэрлэл, сүлжээ компаниудын борлуулалтын орлого өсч, эрэмбэ ахижээ.

Харин аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаа зогссон нь хөнгөн үйлдвэрийн салбарт шууд нөлөөлж, борлуулалт нь унав. Үүний жишээ нь Говь ХК болж, 12 байраар ухарчээ. Аялал жуулчлал, түүнийг дагасан агаарын тээврийн уналтыг илтгэх гол компани нь МИАТ ТӨХК. 2019 оны ТОП-100-гаар борлуулалт, ашгаараа эхний 20-д, ерөнхий үзүүлэлтээр 26-д эрэмбэлэгдэж байсан тус компани 2020 оны жагсаалтаас бүр хасагдсан байна.

Татварын албанд Х тайлан ирүүлсэн ААН-үүдийг харахад ч агаарын тээвэр, аялал жуулчлал, үйлчилгээ, хөнгөн үйлдвэрийн компаниуд голлож байна.

Бусад үзүүлэлт

  • 2020 оны ТОП-100 аж ахуйн нэгжийн төлсөн татварын хэмжээ нь 4.2 их наяд төгрөг бөгөөд энэ нь татварын нийт орлогын 49 хувьтай тэнцэж байна.
  • Тэдний борлуулалтын орлогын хэмжээ нь 32.6 их наяд төгрөг буюу ДНБ-ний 88 хувьтай тэнцэнэ.
  • ТОП-100 компанийн эхний 10-т эрэмбэлэгдсэн компаниуд нь нийт ТОП-100 ААН-ийн улсад төлсөн татварын дүнгийн 51 хувь, нийт борлуулалтын орлогын дүнгийн 41 хувийг эзэлж байна.
  • Цар тахалтай ч 2020 оны ТОП 100 ААН ажилчдынхаа тоог өмнөх жилээс 2000 хүнээр нэмж, 91 мянгад хүргэжээ.
  • Татварын ерөнхий газрын 2020 оны тайлангаар 27.1 мянган ААН үйл ажиллагаагаа зогсоов. 132 мянган ААН татварын тайлан ирүүлсэнээс 98 мянга буюу 74.2 хувь нь Х тайлан ирүүлжээ.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Г. Даваадорж

Тэвчээр тасарлаа: ААН-үүд нээгдэхгүйгээр өрөө барагдуулах боломжгүй 

Өмнөх нийтлэл

TRADE MONGOLIA-2021: Худалдааны орчин, боомтын гацаа, цахим шилжилтийг хэлэлцэнэ

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like