12 жил хэлэлцсэний эцэст Хөдөлмөрийн хуулийг шинэчлэн батлав. 2009 оноос хойш 3 Парламент, 5 Засгийн газар дамжсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын өнөөдрийн чуулганаар /2021.07.02/ баталлаа. Хуулийг 2022 оны 01 сарын 01-нээс дагаж мөрдөх юм. Энэ хуулийг нийт 22 жилийн дараа шинэчлэн баталж байна.

Хуулийн гол зорилт:  

  • Хөдөлмөрийн зах зээлд хөрвөх чадвартай боловсон хүчин бэлтгэх,
  • Ажилтан, ажил олгогч, нийгмийн түншлэлүүдийн зохистой харилцааг бий болгох,
  • Манай улсын хөдөлмөрийн зах зээлийг олон улсын хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлагатай уялдуулж тал талын зохистой харилцааг бүрдүүлсэн цогц хууль юм.

Уг хуульд хөдөлмөрийн зах зээлд шинээр бий болж буй чиг хандлагуудыг тусгаж, ингэхдээ МҮХАҮТ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны  гурван талын санал, байр суурийг тэгш тусгах, зохистой харьцааг бий болгох хамтын ажиллагаа нь  хууль эцэслэн батлагдахад чухал нөлөө үзүүлсэн гэж хууль санаачлагчид үзэж байна.

Хуулийн Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

“Хууль батлагдсанаар Монгол Улсад хөдөлмөрийн харилцаа шинэ шатанд гарна. Одоо зургаан сарын хугацаанд Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтарч хуулийг таниулах, сурталчлах ажлыг зохион байгуулна. Эдгээр том байгууллагууд Засгийн газартайгаа хамтарч зүйл заалт бүрээр нь зөвшилцөж баталж байгаа хууль”.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

“Энэ хууль ажилтны эрх ашгийг хамгаалахын зэрэгцээ ажил олгогчийн эрх ашгийг ч хамгаалдаг. Ийм хууль болж чадсан гэж харж байна. Хуулийн нэг онцлог нь хөдөлмөрийн харилцааны доод хэм хэмжээг тогтоож өгсөн байгаа. Доод хэм хэмжээнээс дээгүүр тогтоох ажлыг ажилтан, ажил олгогч харилцан ярилцаж, зөвшилцөх зарчмыг хуулиар тодорхойлж өгсөн”.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

“Хөдөлмөрийн тухай хуульд анх удаа орж байгаа нэг чухал заалт бол Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд хүүхэд хамгааллын бодлоготой байна гэсэн зүйл заалт орсон. Ингэснээр байгууллага, ажил олгогчид ажилтныхаа ар гэрийг бодохоос эхлээд аав ээжүүд хариуцлагатай байх, ажлын бүтээмж дээшлэх давуу талтай. Мөн 0-3 настай ээжүүдийг илүү цагаар ажиллуулах, томилолтоор хөдөө, гадаа явуулахыг  хориглосон, дөнгөж мэндэлсэн хүүхдүүдийн аавуудад 10 хоногийн цалинтай чөлөө өгөх зэрэг зүйл заалт орсон”.

0-3 настай ээжүүдийг илүү цагаар ажиллуулах, томилолтоор хөдөө, гадаа явуулахыг  хориглосон.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:

“ХБИ-ийн хөдөлмөр эрхлэх чиглэлд анхаарч ажилласан. ХБИ-ийн холбоод, нэгдсэн форумаас 21 санал ирүүлсний 95 хувь нь хуульд туссан. Тухайлбал, байнгын асаргаатай хүүхдээ асарч байгаа эцэг эх нь тодорхой хэмжээний хөнгөлөлт эдлэх боломжийг олгосон. Хуулиа мэддэггүйгээс бид хохирдог, алддаг учраас Хууль сурталчлах ажилд идэвхийлэн оролцож хуультайгаа сайн танилцаарай гэж уриалмаар байна”.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа:

“Нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн тулд олон хэлэлцүүлэг өрнүүлсэн. Тухайлбал, уурхайчдаас ирсэн санал хүсэлт 14 хоног ажиллаж 14 хоног амарна гэдэг заалт  орсон. Түүнээс бага хугацаагаар ажиллах бол түүнтэй ижил хоногоор амраана гэж зохицуулсан. Мөн ээлжийн амралтыг хэвээр үлдээсэн”.

Уурхайчид 14 хоног ажиллаж 14 хоног амарна.

МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа:

Өнөөдөр компаниудын нийгмийн хариуцлага асар их өсөж байна. Нөгөө талаар хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөрийн харилцаанд шинэ нөхцөл байдал, онцлог бий болж байна. Энэ цаг үед өнөөдрийн мөрдөгдөж буй хөдөлмөрийн хуулийн үзэл санааг дордуулахгүйгээр баталсан. Сайн хууль гарах нэг хэрэг, хуулийг хэрэгжүүлэх нь нийгмийн түншүүдийн хамтын ажиллагаанаас хамаарна.

МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар:

Хөдөлмөрийн хуулийн шинэчлэл ажилтан, ажил олгогчоос гадна хөдөлмөрийн харилцаанд орж байгаа бүх хүн хуулийн хүрээнд ажил хийж, өөрийн эрх ашгийг хамгаалж хөдөлмөрийн нөхцөлөө тохиролцох боломжтой болсон.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Г. Даваадорж

#ТахлынҮеийнБизнес: Спортын тэмцээнүүдийг хорьсноор борлуулалт 60% буурсан

Өмнөх нийтлэл

Английн Засгийн газарт зөвлөхөөр томилогдсон монгол бүсгүй (№107)

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.