Наадмын амралтын өмнөхөн Монголбанкнаас зургадугаар сарын инфляцийн тайланг танилцуулсан. Уг тайланд ирэх улирлуудад нийлүүлэлтийн болон нэг удаагийн хүчин зүйлсийн голлох нөлөөгөөр инфляц нэмэгдэх хандлага үргэлжилнэ гэжээ.

2021 оны тавдугаар сарын байдлаар инфляци улсын хэмжээнд 6.2 хувь, Улаанбаатар хотод 6.7 хувьд хүрч нэмэгджээ. Ингэж нэмэгдэхэд дараах хүчин зүйлс нөлөөлсөн байна:

  • Махны үнэ дөрөвдүгээр сард улирлын хандлагаасаа давж өссөн;
  • Сайжруулсан түлшний үнийг 75 хувь хөнгөлсөн шийдвэр дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөр дуусгавар болсон;
  • Шатахууны үнийн суурь нөлөө арилсан.
  • Тавдугаар сарын 8-нд хөл хорио суларснаар хүнсний бус бараа бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээний салбарын үйл ажиллагаа нээгдэж эрэлтийн шалтгаантай үнийн өсөлт алгуур нэмэгдэх хандлагатай байна.

Цаашид ч эдгээр хүчин зүйл 2021 оны инфляцийн төсөөллийн ихэнх хэсгийг бүрдүүлэхээр байна. Ирэх улирлуудад нэг удаагийн шинжтэй болон нийлүүлэлтийн шалтгаанаар инфляц нэмэгдэх хүлээлттэй байна.

2021 оны эцэс гэхэд инфляци Төвбанкны зорилтын дээд түвшинд (6%+2%) хүрэх ч энэ зөвхөн хоёр улирал үргэлжилнэ гэж Монголбанк үзэж байна. Үүнд сайжруулсан түлш хямдруулсан суурь нөлөө голлон нөлөөлөх аж. Эрэлтийн шалтгаантай инфляц эдийн засгийн идэвхжлийг даган алгуур нэмэгдэж, 2022-2023 онуудад инфляц зорилтот түвшний орчимд хадгалагдана гэж Монголбанк тооцоолжээ.

Гэхдээ эхний улиралд эдийн засаг төсөөлснөөс давж өссөн ч цаашдаа цар тахлын нөхцөл байдлаас хамаарна. Ялангуяа дотоодын тархалт эдийн засагт томоохон эрсдэл үүсгэж байна.

Махны үнэ

Тавдугаар сард инфляц 6.7 хувьтай гарахад хамгийн их нөлөөлсөн нь махны үнэ бөгөөд жилийн инфляцын 2.0 нэгж хувийг бүрдүүлжээ. Монголчуудын үндсэн хэрэглээний нэг махны үнэ нь Монгол улсын инфляци, ХҮИ-д голлон нөлөөлдөг уламжлалт хүчин зүйл юм. Гэхдээ энэ нь голдуу нийлүүлэлтээс үүдэлтэй.

Манай улсад мах бэлтгэн нийлүүлэх систем хангалттай хөгжөөгүй нь зах зээлд тодорхойгүй байдал, савлагааг бий болгодог. Нийлүүлэлт тогтмол биш учраас томоохон ресторанууд махаа дотоодоос биш гадаадаас худалдаж авдаг.

Үндэсний Статистикийн хорооны энэ оны долдугаар сарын 9-нд гаргасан ХҮИ-ийн тайланд бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 6.6 хувиар өсөхөд мах махан бүтээгдэхүүний үнэ хамгийн их нөлөөлсөн (18.8 хувь) гэжээ.

Эх сурвалж: ҮСХ, Монголбанк

Мөн цаг агаарын нөхцөл байдал Монголын мах, хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом хэлбэлзэхэд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, 2021 оны намар, өвөл цаг агаарын нөхцлөөс шалтгаалан махны нийлүүлэлт доголдвол Монголбанкны инфляцийн төсөөлөл өөрчлөгдөж, үнэ өснө.

Шатахууны үнэ

2020 онд дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ огцом унасан нь манай хилийн үнээр дамжин дотоодын үнэд нөлөөлж 2020 оны хоёрдугаар улирлаас 2021 оны нэгдүгээр улирал хүртэл шатахууны үнэ инфляцийг 1.1 хувиар бууруулж байсан. Харин дотоодын шатахууны үнэ өссөн, мөн хямдралын нөлөө арилсан нь 2021 оны тавдугаар сард эргээд инфляци өсөхөд нөлөөлжээ. Цаашид дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлтийг даган дотоодын шатахууны үнэ өсөх төлөвтэй байна гэж Монголбанк тооцоолов.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Г. Даваадорж

7 сарын 24-нээс өмнө амжиж хагас жилийн татварын тайлангаа өгөөрэй

Previous article

Нөөцийн мах бэлтгэх хүсэлт хүлээн авч байна

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like