2021 оны намраас эхлээд хүнсний улаан буудайг Хөдөө аж ахуйн биржээр /ХААБ-/ арилжаалдаг болох тухай ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан өөрийн пэйж хуудсанд мэдээлжээ. Биржээр арилжаалахын тулд 15 компанийн 240 мянган тонн багтаамжтай агуулахыг бэлдэж итгэмжилжээ.

Биржээр арилждаг болсноор газар тариалангийн салбарт мөшгөх системийг төлөвшүүлж тариаланч, үйлдвэрлэгчдийг холбосон мэдээллийн нэгдсэн сүлжээ, санг бий болгоно үзэж байна. Түүнчлэн бодит гүйцэтгэл дээр суурилсан ил тод урамшууллын тогтолцоо руу шилжинэ гэж салбарын сайд үзэж байна.

Хүнсний буудайн арилжаа болон төлбөр тооцооны шимтгэлийг 0 хувь болгон чөлөөлж, брокерын зуучлалын шимтгэлийг 0,1 хувь байлгахаар тохиролцжээ.

Одоогоор ХААБ-аар дамжуулан ноолуур, тосны ургамал, завод ноос, тэмээний ноос, хонины ноос, ямааны завод ноосыг арилжиж байна. Гэхдээ ХААБ-ийн биржийн үйл ажиллагаа багагүй шүүмжлэл дагуулдаг. Тухайлбал Монголд түүхий эдийн нийлүүлэлтийн сүлжээг үүсгэх зорилготой байгуулагдсан ХААБ нь аль хэдийнэ худалдаж авсан ноолуурыг хилээр гаргахын тулд “биржээр арилжсан” гэдэг бичиг зардаг газар болж хувирсан гэж үзэх хүмүүс цөөнгүй байна. Өөрөөр хэлбэл, малчид, тариаланчид захиалагч талтай шууд холбогдож түүхий эдээ нийлүүлдэг бирж болж төлөвшөөгүй.

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийг аль 2011 онд баталсан. Хуулийн 4.6-т зааснаар иргэн, хуулийн этгээд нь Засгийн газрын баталсан жагсаалтад орсон хөдөө аж ахуйн түүхий эдийг экспортод гаргахдаа заавал биржээр арилжсан байх ёстой.

Энэ хууль батлагдсанаар Монголын 329 суманд хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг бэлтгэн нийлүүлэх, хадгалах, тээвэрлэх, борлуулах тогтолцоо бий болох ёстой байв. Тодруулбал, орон нутагт дахь хоршоонууд анхан шатанд түүхий эдээ стандартын дагуу, чанарыг алдагдуулахгүй бэлтгэж, дараа нь аймгийн төв дээрх биржийн баталгаат агуулахад хадгалж, эцэст нь төв бирж дээр үнэ хаялцуулан, хамгийн өндөр үнэ санал болгосонд нь түүхий эдээ нийлүүлэх учиртай байлаа. Хоршоо болон худалдан авагчийг холбон бирж дээр худалдаа хийх ажлыг хөдөө аж ахуйн брокер гүйцэтгэнэ. Энэ мэтчилэн махны, сүүний, ноос ноолуурын, арьс ширний хоршоо, брокер гэх мэт зах зээлийнхээ жамаар хөгжинө. Бирж энэ бүхэнд гүүр болж зохион байгуулах үүрэгтэй байлаа. Харин ченж нарыг бага зэрэг мэргэшүүлээд брокерийн хэлбэрээр үйл ажиллагааг нь зохицуулах төлөвлөгөөтэй байв.

Харамсалтай нь 10 жил болоход энэ төсөөлөл биелээгүй гэдгийг бид мэдэж байгаа. Шалтгаан нь юу вэ?

2010 онд УИХ-ын 23 дугаар тогтоолоор баталсан “Монгол мал” нэртэй үндэсний хөтөлбөр бий. Уг хөтөлбөр нь ХААБ-ийн хуультай хамтраад хөдөө аж ахуйд түүхий эдийн тогтолцоо бүрдүүлэхэд хувьсгал авчрахаар эрх зүйн баримт гэж үзэж байв. Гэвч хөтөлбөрийг баталснаас жил хагасын дараа “ХАА-н хоршоог хөгжүүлэхэд улсын төсвийн гурван хувиас багагүй мөнгө зарцуулна” тогтоолын гурав дахь заалтыг хүчингүй болгов. Ингээд нөгөө анхан шатанд түүхий эд нийлүүлэх ёстой хоршоод нь мөнгөгүйн улмаас хөгжихгүй, малчдаас ямар ч түүхий эд орж ирэхгүй байсан учраас Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаа эргэлзээнд орлоо.

Байдал ийм болсон учир 2013 онд тэр үеийн ХХААХҮ-ийн яамны удирдлага (Ерөнхий асан Х.Баттулга сайд байсан) А/35 дугаартай тушаал баталж ХААБ-ээр арилжаалах барааны жагсаалтыг гаргахдаа угаасан, самнасан ноос, ноолуур зэрэг мал аж ахуйн боловсруулсан түүхий эдийг нэмжээ. Ингэснээр ченжүүд болон Монголд боловсруулах үйлдвэр ажиллуулдаг бизнесмэнүүд /хятадууд олон байдаг/ ХАА-н биржээр бүтээгдэхүүнээ арилжаалдаг болсон. Ингэснээр уг бирж нь түүхий эд нийлүүлэгч, малчдыг шууд холбох үүргээсээ хазайж, түүхий эддээ анхан шатны боловсруулалт хийсэн бизнес эрхлэгчид бирж дээр ямар ч арилжаа хийгээгүй, ямар ч брокертэй холбогдоогүй хэрнээ “биржээр арилжсан” гэдэг тодорхойлолт авдаг газар болж хувирчээ. 

Хэрэв тодорхойлолтгүй бол гаалийнхан буцаана. Харин тэр тодорхойлолтыг ХАА-н биржээс авахын тулд бизнес эрхлэгч нь бирж, брокер, Санхүүгийн зохицуулах хороо гуравт борлуулсан түүхий эдийнхээ нийт дүнгээс 0,6 хувийг өгөх ёстой. Хэдийгээр энэ нь бага сонсогдож болох ч олон арван тэрбумын экспортоос их мөнгө олж болно.

2013, 2019 онд дээрх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулан биржээр арилжаалах барааны жагсаалтад хүнсний буудай, мал, мах, арьс ширийг нэмжээ. 2021 онд удаан хүлээгдсэн Хоршооны хуулийг шинэчлэн баталснаар хоршоог хөгжүүлэх замаар улсын хэмжээнд ХАА-н түүхий эд нийлүүлэх тогтолцоо бүрдэнэ гэж салбарынхан найдаж байна. ХААБ-д бүртгэлтэй орон нутаг дахь хоршоодын тоо ч сүүлийн жилүүдэд бага багаар нэмэгдэж байгаа. 

Одоогийн байдлаар ХААБ-д бүртгэлтэй, арилжааны эрхтэй 14 гишүүн байгууллага байна. Харин итгэмжлэгдсэн 15 аймгийн 58 итгэмжлэгдсэн хоршоо байна. Гэхдээ зарим хоршооны итгэмжлэлийн хугацаа дуусч жагсаалт хуучирсанаас гадна итгэмжлэлтэй ч биржээр дамжуулан түүхий эд арилжаалж үзээгүй хоршоонууд ч байна. Тухайлбал, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын “Баян гичгэнэ” хоршооны дарга Б.Баатарын ярьснаар нэг удаа биржээр дамжуулж ноолуур арилжаалах гэсэн боловч бүтээгүй, эцэст нь Говь ХК-ийн ноолууртай хамтатган үйлдвэрт нийлүүлж байжээ.

Түүнчлэн газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр улсын хэмжээнд 1300 гаруй хоршоо байдаг гэж бодоход дээрх жагсаалт тун хангалтгүй. Хэдийгээр улаан буудайг биржээр худалдаалж, агуулахын сүлжээг нэмж байгаа нь нэгэн ахиц ч биржийн үйл ажиллагаа анх тавьсан өөрийн зорилгын дагуу ажиллаж чадахгүй байна.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Г. Даваадорж

Networking-г хэрхэн ойлгох вэ?

Өмнөх нийтлэл

#ТахлынҮеийнБизнес: 21 хоногт ирдэг байсан ачаа хоёр сарын дараа ирж байна

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.