Монголын Мянганы сорилтын сан болон МАПА групп МСС-гийн компакт гэрээний санхүүжилтээр Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр байгуулах, СКАДА систем суурилуулах ажлын гэрээг 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр үзэглэлээ. Гэрээнд Монголын МСС-г төлөөлж Гүйцэтгэх захирал Э.Содонтогос, Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр шалгарсан МАПА группийг төлөөлж Төслийн захирал Омер Исикман гарын үсэг зурав.

Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга байгууламжийн инженерийн нарийвчилсан зураг төслийг АНУ-ын АЭКОМ компани, үндэсний зөвлөх Престиж инженеринг ХХК боловсруулсан бол гэрээнд гарын үсэг зурснаар  бүтээн байгуулалтын ажил эхэлж байна. 

Сонгинохайрхан уулын зүүн бэлд барих Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга угсралтын ажил 2024 оны сүүлчээр дуусч, ашиглалтад орох бөгөөд туршилт тохируулгын ажил нэг жилийн хугацаанд үргэлжлэх юм. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр ашиглалтад орсноор Компакт гэрээний санхүүжилтээр Биокомбинат, Шувуун фабрикт шинээр барьж байгуулах газрын доорх усны хоёр шинэ эх үүсвэрээс хоногт 140 мянга, жилд 50 сая хүртэл метр куб усыг авч цэвэршүүлэн, нийслэлийн ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд нийлүүлнэ.

МАПА групп нь усны барилга байгууламжийн талбарт томоохон далан, усан цахилгаан станц, ус цэвэршүүлэх болон бохир ус цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн арвин туршлагатай бөгөөд БНТУ болон дэлхийн бусад оронд бүтээн байгуулсан ундны ус цэвэршүүлэх байгууламжууд нь нийт 15,000,000 хүн амыг аюулгүй, цэвэр цэнгэг усаар хангаж байна.

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац нь Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээ буюу Усны Компакт гэрээнд 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гарын үсэг зурсан. Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монголд анх удаа ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Г. Даваадорж

“Мандал ирээдүйн өсөлт” сан 50 тэрбум төгрөгийн хөрөнгө татан төвлөрүүллээ

Өмнөх нийтлэл

#ЗүсэлтээрХаръя: Шатахууны үнийн тухай худал ба үнэн

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.