Өмнөх нийтлэл

Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ экспортод гаргамаар байв ч юунаас, хаанаас эхлэхээ мэдэхгүй байна уу? Эхний алхмаа хийхэд тань нэмэр болох үүднээс экспортлогч аж ахуйн нэгжүүдийг туршлагыг Business.mn цувралаар хүргэж байна. Эхний дугаарт бид уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх зорилготой “Экспортыг дэмжих төсөл”-ийн Түншлэлийн хөтөлбөрт хамрагдсан экспортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй ярилцлаа. Тэд бэлтгэл ажил, бүтээгдэхүүнээ гадны зах зээлд гаргахад тулгарсан бэрхшээл, анхаарвал зохих зүйлсийн тухай хуваалцсан юм. 

 Финтек Солюшнс ХХК /чатбот платформ/

Манай компани нь 2012 онд байгуулагдсан бөгөөд мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бид 2018 онд анх гадаадын зах зээлд мэдээллийн технологийн бүтээгдэхүүн гаргах судалгааны ажлыг эхлүүлж жижиг дунд аж ахуйн нэгжид зориулсан чатботын платформ хөгжүүлсэн. Бидний хөгжүүлсэн www.vyred.chat платформыг экспортод гаргах туршилтын ажил 2021 оны нэгдүгээр сараас эхлээд явж байна. Бидний зорилтот зах зээл нь АНУ, Филиппин, Пакистан зэрэг улсуудын жижиг дунд аж ахуйн нэгжүүд юм.

Энэ хүрээнд бид Экспортыг дэмжих төслийн “Түншлэлийн хөтөлбөр”-т хамрагдан бизнес хөгжил, маркетингийн зардалд зориулж дэмжлэг авахаар тохирсон. Хөтөлбөрийн дагуу бид 9 сарын турш хэрэгжүүлэх сурталчилгааны ажилд шаардлагатай хөрөнгийг эхлээд өөрсдөө гаргаж, төслөө амжилттай хэрэгжүүлсний эцэст нийт зардлын 50 хувийг уг төслөөс буцалтгүй тусламжаар авах юм. 

Экспорт хийх улсын татварын хууль, төлбөрийн систем, гэрээ хэлцэлтэй холбоотой асуудлууд дээр “Экспортыг дэмжих төслийн” багаас байнга зөвлөгөө, дэмжлэг аван ажиллаж байна. Мөн экспорт хийхээр төлөвлөж буй бизнес эрхлэгчид нь тухайн зорилтот зах зээлийн талаарх судалгааг сайтар хийх нь чухал  гэдгийг энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар ойлгож авсан.

Михачи ХХК /зөгийн бал/

Биднийг савласан зөгийн бал үйлдвэрлэдэг гэдгээр нь хүмүүс мэдэх байх. Экспортыг дэмжих төслийн хүрээнд авсан санхүүжилтээ Япон дахь харилцагч олох уулзалт болон бүтээгдэхүүний дээж явуулах зэрэг ажилд зарцуулсан. Анхны экспортоо БНСУ руу 2017 онд хийж байсан бөгөөд энэ жилээс яриа хэлэлцээр эцэслэхээр нэг тонн гаруй зөгийн бал Япон руу экспортлохоор төлөвлөөд байна. 

Экспортын судалгааны хувьд бүрдүүлэх бичиг баримт зэрэг Монголын талд шаардлагатай зүйлсийг өөрсдөө хийсэн бол зорилтот зах зээлийн судалгааг түншүүд буюу импортлогчид хийдэг. Тиймээс бид өөрсдөө зах зээлийн судалгааг огт хийж байгаагүй, цаашид ч хийхгүй бөгөөд импортлогч талдаа бүрэн хариуцуулах зарчмаар явах болно. 

Экспорт хийхэд тулгарсан хамгийн том бэрхшээл гэвэл хүчин чадал байсан. Харилцагч талын эрэлт бидний үйлдвэрлэх боломжтой хэмжээнээс хамаагүй их байдаг. Иймд экспорт хийхээр төлөвлөж буй аж ахуйн нэгжүүдэд хүчин чадалдаа таарсан эрэлттэй харилцагч, түншээ олох хэрэгтэй гэж зөвлөх байна. 

Оюундарь-Эх ХХК /салхин сэнс/

Манай компанийн үндсэн чиглэл бол уул уурхайн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл. Харин экспортын туршлагын хувьд Японы компаниудтай хамтарч салхин сэнсний үйлдвэр байгуулахаар туршиж байсан юм. Бид 4 жилийн өмнө экспортыг дэмжих төсөлд хамрагдаж 30 орчим сая төгрөгийн санхүүжилт авсан бөгөөд судалгаа, бүтээгдэхүүнээ зорилтот зах зээлийн шаардлагад нийцүүлэх ажил, туршилтын үйлдвэрлэлд зарцуулсан. Тухайн үедээ бид 10 орчим салхин сэнс Япон руу экспортолсон. 

Гаднаас орж ирж буй материал болон бүтээгдэхүүнээ Япон руу гаргахтай холбоотой тээврийн зардлууд бидний хувьд хамгийн том бэрхшээл болсон. Карго зэрэг түүвэр ачааны тээвэрт өгч явуулбал амар санагдсан боловч тухайн үед тийм шийдэл олдоогүй. Онгоцоор явуулах гэхээр нэгж бүтээгдэхүүнд ногдох зардал маш өндөр гарна. Иймд тээвэр логистикийн асуудлаа сайн судалж, зөв шийдэл олох нь чухал. 

МонКрем ХХК /шампунь/

Хүмүүс манай компанийн “Халгай” шампуниар сайн мэддэг. МонКрем ХХК нь 1989 онд байгуулагдсан бөгөөд одоогоор бид “Халгай”, “Маалай Моолой” болон “Dr.Una” зэрэг гурван брэндийг хөгжүүлээд явж байна. 

Экспорт хийх гэж буй үйлдвэрлэгчдийн хувьд хүчин чадлаа нэмэгдүүлэх нь чухал байдаг. Тэр ч утгаараа үйлдвэртээ олон улсын ISO:9001, ISO:14001 стандартыг нэвтрүүлж хэрэгжүүлсэн. Анхны экспортоо бид 1997 онд Япон руу хийж байсан. Түүнчлэн, 2018 оноос АНУ руу бага хэмжээгээр бүтээгдэхүүнээ экспортолж байгаа. Харин одоо бид БНСУ руу албан ёсоор онцгой дистрибьютерийн эрхтэйгээр бүтээгдэхүүнээ экспортлох бэлтгэл ажлаа хангаад байна.

Энэ хугацаанд тээвэр логистик, үйлдвэрлэлтэй холбоотой асуудлууд болон бүтээгдэхүүний сав баглаа, боодол, шошгыг тухайн улсын стандарт болон хэрэглэгчдийн зан төлөвт нийцүүлэх зэрэг олон зүйлд суралцаж байна. Бидний хувьд эрдэм шинжилгээ, судалгааны ажил давхар хийгдээд явдаг тул энэ тал дээр асуудал гараагүй. Тээвэрлэлтийн хувьд баталгаатай логистикийн компанитай хамтрах хэрэгтэй. Хэрэв дистрибьютер компанитай хамтрах бол сайн гэрээ байгуулах, өөрсдөө хариуцах гэж байгаа бол тухайн улсынхаа хуулийг сайн судлаарай гэж зөвлөе. Мөн экспорт хийхэд эхэндээ хөрөнгө их шаарддагдана гэдгийг тооцоолох хэрэгтэй. 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Б.Мишээл
Business.mn Сэтгүүлч

Сэтгэл заслын ач холбогдол (№109)

Өмнөх нийтлэл

Н.Учрал: Виртуал хөрөнгийн тухай хууль дижитал өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.