Эрх зүйн аливаа хэм хэмжээний (хууль, дүрэм, тогтоол, шийдвэр гэх мэт) үндэс нь шударга ёсны зарчим байдаг. Монголын бүх хуулийн эхэнд энэ зарчмын тухай тунхагладаг.

Монголчууд өөрсдөө төмс, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээг хангаж байна гэдэг шударга бөгөөд монгол хүн бүрт ашигтай. Тиймээс л Монголын 16 000 гаруй ногоочин жил бүр хавраас намрыг хүртэл хөдөлмөрлөж, улсынхаа хамгийн том зах зээл болох Улаанбаатарт авчран борлуулдаг.

Гэвч нэгдүгээрт зах зээл өөрөө богино хугацаанд тэр их ногоог шингээх боломжгүй, хоёрдугаарт агуулах сав байхгүй, гуравдугаарт ногоо борлуулах талбай хангалтгүйгээс болж цагдаа, ногоочин хоёрын дунд зөрчил үүсдэг дүр зургийг сүүлийн хэдэн жил бид ажиглаж байна.

Зөвшөөрөлгүй газарт ногоо борлуулах хориотой нь ойлгомжтой. Гэхдээ яагаад зохион байгуулалттайгаар ногоо худалдаалах талбай гаргаад өгчихөж болоогүй юм бэ? Нөгөө хүнсний аюулгүй байдал, үндэсний үйллдвэрлэгчдийг дэмжих тухай сүржин бодлого, хууль, хөтөлбөрүүдийн хэрэгжилт хаана байна вэ? Засгийн газар, нийслэлийн удирдлагууд цар тахалтай байхад энд тэндгүй наадам зохион байгуулаад байгаа мөртөө яагаад ногоочиддоо зориулаад агуулах, талбайн дэд бүтцийг нь шийдээд өгч болдоггүй юм бэ гэдэг асуулт өөрийн эрхгүй гарч ирнэ. Өдийд маш олон ногоочин ногоогоо ачаад Улаанбаатарт ирнэ, ногоо борлуулах талбай хүрэлцэхгүй гэдгийг тэд маш сайн мэдэж байсан. Одоо болж буй үйл явдалд ногоочдыг хөөж буй цагдаа, ногоогоо ачиж ирсэн ногоочдыг, хямдхан үнээр авах гэсэн хэрэглэгчдийн алиныг нь ч буруутгах аргагүй. Харин иргэдээс татвар авч, түүнийхээ оронд үйлчлэх ёстой төр засгийн байгууллагуудад буруу бий.

Холбогдох эрх мэдэлтнүүдийн хүнд суртлаас болж олон ногоочдын хөдөлмөр үнэгүйдэж байгаа. Хадгалах газар байхгүй учир ногоочид ногоогоо аль болох хурдан борлуулахыг хүсдэг бөгөөд энэ нь үнэ унахад хүргэдэг. Сэлэнгэ аймгийн Орхон сумын Шийрийн бригадын ногоочидтой долдугаар сарын 29-нд холбогдоход Улаанбаатарт борлуулалт тааруу, шинэ ургацын нэг шуудай төмс 30 000 болж өмнөх жилээр 10 000 төгрөгөөр хямдраад байгаа тухай ярив. Харин 10-аад хоногийн дараа дахин холбогдоход нэг шуудай төмсний үнэ ердөө 10 мянган төгрөг болж навс унасан байв. Бусад бараа, бүтээгдэхүүний үнэ өсөөд байхад төмсний үнэ л хямдхан байгаа талаар тэд хэлж байлаа.

ХХААХҮ-ийн З.Мэндсайханаас энэ талаар асуухад “Ногооны үнэ унаад байгаа гол шалтгаан бол агуулах. Агуулахын асуудлыг шийдэх тал дээр ажиллаж байгаа” гэсэн хариу өгчээ.

Олон нийтийн сүлжээнд ногоо борлуулах талбайтай холбоотой гомдол маш их гарсны дараа холбогдох албан тушаалтнууд хожимдсон ч гэсэн хөдөлж эхэлжээ. Өнөөдрийн /2021.08.15/ мэдээллээр нийслэлд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар нийслэлийн есөн дүүргийн 24 байршилд төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар ажиллаж байгаа аж. Үүнээс 15 байршилд ногоочид ногоогоо зарж эхэлсэн талаар нийслэлийн захиргаанаас мэдээлж байна. Хамгийн том талбай болох Баянгол дүүргийн 1000 машины зогсоолын зүүн, баруун талд ногооны үзэсгэлэн, худалдаа зохион байгуулж байгаа бөгөөд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс тодорхой хариу өгөхгүй байсны улмаас хугацаа алдсан гэдэг тайлбар өгч байна. Нэг ногоочинд 16 ам.метр талбай ногдох бөгөөд нийт 170 орчим ногоочин ногоогоо борлуулах аж.

Гэхдээ Монгол даяар нийт 16 000 ногоочин байгаа учраас дээрх 24 байршил байгаад ч хангалтгүй, Долоон буудал, Барс захын орчим цагдаа, ногоочин хоёрын зөрчилдөөн арилна гэж хэлэхэд төвөгтэй. Асуудлыг нэг мөсөн шийдэх гарц нь ногооны агуулахын дэд бүтэцтэй болох.

“Алтан намар” арга хэмжээний хүрээнд төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулах 24 байршил
Баянгол дүүрэг-2
3-р хороо, УБТЗ ХНН-ийн 1000 машины зогсоолын баруун талд
3-р хороо, УБТЗ ХНН-ийн 1000 машины зогсоолд
Сүхбаатар дүүрэг-6
6-р хороо, Хүүхдийн урлан бүтээх төвийн хойно
7-р хороо, 4-р байрны хойно
9-р хороо, “Их тойруу” худалдааны төвийн гадна талбайд
12-р хороо, 32-ын тойргийн дэргэд
13-р хороо, 17-р сургуулиас Дарь-Эхтэй холбосон шинэ зам дагуу
16-р хороо, 33-ын автобусны буудлын дэргэд
Хан-Уул-4
2-р хороо, Ажилчдын алдар талбайд
7-р хороо, Яармагийн хуучин эцэст
21-р хороо, Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбайд
2-р хороо “Мишээл” экспо худалдааны төвд
Сонгинохайрхан-3
14-р хороо, Цамбагарав 2-р үйлчилгээний гадна талбайд
22-р хороо, Орбитын тойргийн дэргэд
37-р хороо, Содон хорооллын талбайд
Баянзүрх-3
26-р хороо, Дүнжингарав худалдааны төвийн гадна талбайд
4-р хороо, Жуковын талбайд
8-р хороо, “Тэнгэр” худалдааны төвийн гадна талбайд
Чингэлтэй-2
4-р хороо, Бага тойруу, Барилгачдын талбайд
5-р хороо, Самбуугийн гудамж, Ялалтын талбайд
Налайх-1
2-р хороо, Соёл урлагийн ордны өмнөх Төв талбайд
Багануур-1
1-р хороо, “Хэрлэн” худалдааны төвд
Багахангай-2
1-р хороо, Үйлдвэр технологийн паркийн урд талбайд
2-р хороо, Хорооны цогцолбор барилгын урд талбайд
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Г. Даваадорж

Н.Учрал: Виртуал хөрөнгийн тухай хууль дижитал өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ

Өмнөх нийтлэл

Тусгай зөвшөөрөл – Авлигачдын зэвсэг

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply



Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.