Б.Гэрэлмаа, өрхийн аж ахуй эрхлэгч

Нэг өдрийн ажлын хөлс 50 мянга гэдэг бол амьдралаас хол тоо. Хүнсний ногооны хувьд хүн хийснээрээ цалинждаг жишиг түгээмэл. 20 шуудай савлаад 20 мянгыг авдаг хүн байхад 80 шуудай савлаад 80 мянгыг авдаг хүн ч бий. Тогтмол цалинтай цэргүүд, цэргийн сургуулийн сонсогчдын хувьд нэг өдрийн 40 мянган төгрөгний хөлс авдаг.

Тариалалт, ургац хураалтын ажлын зардлын 50 гаруй хувийг ажиллах хүчний зардал эзэлдэг. Ажиллах хүчний зардлын өсөлт, шатахууны үнийн нэмэгдэл, импортын сэлбэг, шуудай сэлтийн үнээ дагаад ногооны үнэ ч тэр хэмжээнд өсөх ёстой. Дээр нь Дарханы замын нөхцөл байдал техник ашиглалтын өртөг, тээврийн хөлсийг нэмж байна. Гэтэл төмсний үнэ өсөх биш буураад байна. ШӨХТГ-аас өргөн хэрэглээний бүтээгдэхүүн гээд хязгаарлалт тавьдаг. Өнгөрсөн өвөл бөөн бичиг цаас, тооцоолол хийж байж бага зэрэг үнээ нэмэх зөвшөөрөл авсан.

Нэг өдрийн 50 000 гэдэг бол үр тарианы хэдхэн том компанийн л өгч чадах цалин. Ногоочдод тийм боломж байхгүй.

Өрхийн аж ахуй эрхлэгч С.Дэлгэр

Энгийн тооцоо хийе. Нэг шуудайд 40кг төмс орно. Газраас шуудайлахад нэг хүн хэдэн минут зарцуулах вэ? Өдрийн 8 цаг ажиллана. 50 шуудайд төмсийг шуудайлж тавина гэвэл 9.6 минутад нэг шуудай дүүргэх хэрэгтэй.

Эндээс төмсний үнээ тооцъё. Хавар газар бордох, боловсруулах, үр авах, тарих, манах, арчлах, услах, хураах, тээвэрлэх бүх зардал дээр шуудайлагчдын зардал (өдрийн 50 мянга, дээр нь хоол хүнс, орон байрны зардал) нэмэгдэнэ. Хэрэв нэг шуудайлагч өдөрт 50 шуудайг цэвэрхэн шуудайлж тавиад байвал намар нэг кг төмсний бөөний үнэ хамгийн багадаа 300₮, шуудай төмсний хувьд 12 000 байх боломж байна.

Гэтэл одоогийн залуучууд ийм хэмжээнд ажиллаж чадахгүйгээс гадна яг тэгж цэвэрхэн ажиллах боломж бага. Одоо шуудай төмсний үнэ 12 000 мянга биш 10 000 төгрөг байна.

Салбарын яам маань яагаад 50 мянга гэдэг тоо гаргаж ирснийг үнэхээр ойлгохгүй байна. Үр тарианы хувьд ийм ханш байж болох ч, төмс, хүнсний ногоон дээр ийм цалин өгөх хэрэгтэй гэвэл дагаад ногооны үнээ өсгөхөөс өөр аргагүй болно.

Хувиараа аж ахуй эрхлэгч Б

Манайх 25 оюутан 20 хоногоор нэг багштай авч цалинжуулна. Цалин, хоол хүнсний зардал нийлээд 32 сая төгрөг болно. Одооны хүүхдүүд ёстой нөгөө “яралзтал” гэдэг шиг ажиллаж чадахгүй. Тэгэсхийж байгаад орой ажлаасаа буудаг.

50 мянгаар цалинжууллаа гэж бодъё. Түүнд нь тохирсон норм тогтооё гэхээр 20-30 мянган төгрөгөнд тохирсон норм хийгээд байвал яах вэ? Зөрүүг нь яамнаас өгөх үү? Нөгөө зах зээлийн шударга зарчим юу болох вэ?

Тариаланчид гурван сая хүний жилийн хэрэглээг хангах гэж цас хайлахад талбайд гараад анхны цас унахад л гэртээ ирж байгаа. Бүхий л зардлаа тооцоолоод ногооны кг тутмыг нь 5000  төгрөгөөр борлуулах гэвэл бариад идчих байлгүй. Улс төрчид нь анзаардаггүй юмаа гэхэд салбар яам нь, тэнд суугаа нөхдүүд жаахан мэдлэгтэй, мэдрэмжтэй баймаар байна.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 1.00 out of 5)
Loading...
Г. Даваадорж

HorecaSoft: Стартапын амжилтын гол нууц бол баг

Өмнөх нийтлэл

“ДЭЛХИЙН ТҮВШНИЙ МОНГОЛ БАГШ” төсөл хэрэгжиж эхэллээ

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like