Аливаа асуудал, хүндрэлтэй тулахдаа ажилтнууд удирдлагадаа хандаж туслалцаа хүсдэг. Харин та өөрт тохиолдож байсан төстэй нөхцөл байдалд тулгуурлан ямар нэг шийдэл санал болгоно. Харамсалтай нь та асуудлыг огт шийдээгүй байх магадлал өндөр. Учир нь таны саналыг баг хамт олон тань хүлээж авсан ч өөрсдийнх санаа биш учраас яг яаж хэрэгжүүлэх учраа олохгүй байх нь түгээмэл. Нөхцөл байдал бүр бишдэж түүнийгээ залруулахын тулд нэмэлт ажил хийх хэрэг гарч ч магад. Тиймээс бэлэн хариулт, шийдэл санал болгохын оронд дараах гурван асуултыг асуух нь асуудлыг шийдэхэд илүү үр дүнтэй байдаг аж. 

Тэгвэл та юу санал болгох вэ? 

Асуудлаа яриад ирэхэд нь ингэж асуувал тэд гайхах нь гарцаагүй. Гэвч дараа дараагийн удаа зөвлөлдөхөөр ирэхдээ өөрөө нэг санаатай ирэх болно. Санал болгох шийдэл байхгүй бол ярилцаж болох ч эцэст нь өөрийнх нь л санаа байх ёстойг хэлж бодоод ир гээд явуулах нь зөв. Ингэхдээ “Чи надаас илүү энэ бүхэнтэй ойр байгаа хүн. Тиймээс энэ нөхцөл байдалд хэрхэхийг илүү сайн мэдэж таарна. Чадна гэдэгт чинь итгэж байна” гэж хэлэхээ мартуузай. 

Хамгийн бодитой бөгөөд үр өгөөжтэй санаанууд ихэвчлэн front desk буюу үйл ажиллагаа, үйлчлүүлэгчидтэй ойр ажилладаг хүмүүсээс гардаг. Тэд хэрэглэгчийн гомдол, бухимдал, үйл ажиллагааны бодит байдал, технологийн боломж зэрэг асуудлыг дээр сууж буй хүмүүсээс сайн мэддэг. 

Үүнийг яаж турших вэ? 

Нэг гайхалтай санаа дэвшүүллээ гэж бодъё. Тэгвэл тэр санааг турших ямар боломж байна вэ? Эхлээд туршиж үзэх арга барилыг баримталснаар багийн дэвшүүлж буй санааг харьцангуй бага зардал болон эрсдлээр шалгах боломжийг олгодог. Санаа нь танд таалагдахгүй эсвэл итгэл үнэмшил төрүүлэхгүй байлаа ч “онолын хувьд” маргалдаж, эсэргүүцэхийн оронд өөрсдөөр нь туршуулж боломжтой эсэхийг нь харах хэрэгтэй. Та буруу дүгнэсэн байж ч болно шүү дээ. 

Хэрэглэгчийн зан төлөвийг олж мэдэхийн тулд “ингэнэ, тэгнэ” гэсэн тооцооллын аргаас илүүтэй жинхэнэ бүтээлч туршилт хийж үзэхийг зан төлөв шинчээчид зөвлөдөг. Бизнес бол нарийн түвэгтэй систем. Хэрэгжчихмээр, зөв санаа шиг санагдаж байв ч амьдрал дээр санаснаар хэрэгждэггүй зүйл цөөнгүй. Санаагаа туршиж үзсэнээр та олон сонирхолтой зүйлсийг олж нээх болно. 

Миний зүгээс юу хэрэгтэй байна вэ? 

Асуудлаа шийдэх явцад ямар бэрхшээл тулгарахыг нь лавлаад зөвлөгөө өгснийхөө дараа тэднээс “Бэрхшээлийг даван туулахад нь би яаж тусалж чадах вэ?” гэж асууж хэвшээрэй. Мөнгө, туршилтын орчин, тодорхой ур чадвартай ажилтан гээд ямар нөөц шаардлагатайг нь асуу. Ингэснээр та ажлыг нь шалгааж, саад болохын оронд дэмжиж, урагшлуулахад нь туслах болно. 

Санаачлагатай хүмүүсийн оролцоог хангаж, дэмжихгүй бол идэвх нь буурч унтардаг. Судалгаагаар дэлхийн ажил эрхэлж буй нийт хүмүүсийн 15 хувь нь л ажилдаа сэтгэлээсээ хандаж, бүрэн дүүрэн орж ажилладаг болохыг тогтоожээ. Амжилттай стартапын үүсгэн байгуулагчдын 70 хувь нь уг санаагаа өмнөх ажил дээрээ олсон байдгийг Туфтсийн их сургуулийн профессор Амар Бидэ онцолсон байдаг. Ингэж томоохон компаниуд ажилтныхаа дэвшүүлсэн тэрхүү мэргэн санааг нь хэрэгжүүлэх арга зам эрэлхийлэхийн оронд дараа нь стартапыг нь хэдэн сая доллараар худалдаж авах хэрэг гардаг аж. 

Ажилтнуудынхаа бүтээлч сэтгэлгээг хөгжиж, турших боломжтой орчныг бүрдүүлснээр удирдагчид компанийнхаа ойрын зорилгодоо хурдан хүрэхийн зэрэгцээ ажилтан ажил олгогчийн харилцаа ч сайжирдаг байна. Тэдэнд итгэл хүлээлгэснээр бүтэхээргүй санагдаж байсан ажлууд ч цэгцэрдэг бөгөөд энэ бүхэн дээрх гурван асуултыг тавьснаар эхэлнэ.

Эх сурвалж: Harvard Business Review

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Б.Мишээл
Business.mn Сэтгүүлч

HorecaSoft: Зочлох үйлчилгээний салбарын гол асуудал бол боловсон хүчний хүрэлцээ

Өмнөх нийтлэл

Д.Сугар: Хамгийн өндөр оноо авсан 100 хүүхдэд Шинэ үеийнхэнд зориулсан “Z карт” олгоно

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.