Сүүлийн үед олны анхаарлыг ихээр татаад буй криптовалют, койны талаар санхүү, эдийн засгийн салбарын мэргэжилтнүүд хэрхэн байр сууриа илэрхийлж, ямар мэдээлэл хүргэснийг тоймлон хүргэе.
“Инвескор ББСБ”-ын ТУЗ-ийн дарга Б.Анхболд:

Сүүлийн үед “Койнд хөрөнгө оруулалт хийх эсэх талаар зөвлөгөө өгөөч” гэсэн хүсэлтүүд их ирж байна. Асууж байгаа хүмүүсийн ихэнх нь койны талаар мэдлэггүй, судлаж үзээгүй хүмүүс. Ийм хүмүүс бол казино ороод хажуу хүнээсээ “Улаан дээр тавих уу? Хар дээр тавих уу?” гэж асууж буйтай адил. 

Казино биш, хөрөнгө оруулалт хийе гэвэл крипто санхүүгийн зах зээлийн талаар, хөрөнгө оруулах койн болон ижил төстөй бүтээгдэхүүний whitepaper, litepaper-тэй сайтар танилцаж байж шийдвэр гаргах хэрэгтэй.  

Миний хувьд криптод суурилсан санхүүгийн бүтээгдэхүүнүүд, төвлөрсөн бус санхүү буюу Defi нь маш ирээдүйтэй, уламжлалт санхүүгийн салбарт гарч буй хувьсгал гэж хардаг. Жишээлбэл, хөрөнгөөр баталгаажсан STO-г зөв хөгжүүлж чадвал монгол компаниуд дэлхийн зах зээлд хувьцаагаа, бүтээгдэхүүнээ борлуулах хамгийн дөт зам болно. Гэхдээ аливаа томоохон өөрчлөлт хийгдэхэд завсрын харанхуй үеүд, түүнийг ашигласан мөнгөний тоглоомууд ч гардгийг ойлгох хэрэгтэй.

Тиймээс л хүний үгээр биш, өөрийн толгойгоор судлаад хөрөнгө оруул гээд байгаа юм. Ялангуяа урт хугацаанд хөрөнгө оруулах гэж байгаа бол тухайн койн цаанаа ямар үнэ цэн бүтээж байна, бусдаас юугаараа давуу байна гэдгийг сайтар харах хэрэгтэй. Богино хугацаанд орох гэж байгаа бол зах зээлийн уур амьсгал, бусад оролцогчийн сэтгэлзүйг л илүү харна даа. Ямар ч тохиолдолд эрсдэлээ тооцоолж, Loss cut/Profit take дүрмээ тогтоож байгаад орох нь зөв. 

Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир:

Койн эрсдэлээс хамгаалах хэрэгсэл үү, эсвэл өөрөө эрсдэл үү? 

Нью-Йоркийн их сургуулийн профессор, эдийн засагч Нуриэль Рубини: (Бит)койн нь инфляцын эсрэг хамгаалалт биш, хөрөнгө оруулагчид өөрсдөө “ирээдүйд хагарах хөөсөө улам томруулж байна. 

Тэрбээр (бит)койныг “асар их манипуляц”-ын дүнд бий болсон “хуурамч хөрөнгө” гэж үздэг. Рубини (бит)койныг инфляцаас хамгаалах эсвэл үнэ цэнээ хадгалах хэрэгсэл биш гэж үзээд дараах санаануудыг онцолсон байна. 

-Хувьцаа бол хүүгийн орлого авч ирнэ, орон сууц бол дотор нь хүн амьдарна. Крипто валют, койн нь “орлого бүтээхгүй, хүний амьдралд ашиглагдахгүй тул түүнд суурь үнэ цэн (fundamental value) гэж байхгүй, дан ганц спекуляцаар үнэ нь тодорхойлогддог. Суурь үнэ цэн гэж байхгүй тул үнийн маш өндөр хэлбэлзэлтэй буюу “спекуляцын дүнд хөөсөрч, хөөс нь хагарахдаа хэд хүртэл унах”-ыг хэлэх боломжгүй. 

-Цөөн хэдэн хувийн компани өөрийн төлбөр тооцоонд хэрэглэх боломжтойг урьдчилан зарласнаас бусдаар улс орнууд албан ёсоор төлбөрийн хэрэгсэл гэж зөвшөөрөөгүй. Иймд мөнгөний үндсэн шинж болох “хөрвөх чадвар” бараг байхгүй, төлбөрийн хэрэгслийн үүрэг гүйцэтгэхгүй. 

-Хэрэв хүмүүс инфляцаас үүдэн мөнгөн хөрөнгө нь үнэ цэнээ алдахаас үнэхээр ‘айж’ байгаа бол олон төрлийн хөрөнгөд байршуулах замаар төрөлжүүлэх ёстой. Энэ нь инфляцын эсрэг хамгаалалтын шалгарсан арга болохыг түүх гэрчилнэ.   

-Хүмүүс (бит)койныг гэнэтийн ховор тохиох эрсдэл (tail risk) -ийн үед ч өртгөө хамгаална гэж ярьдаг. Гэхдээ 2020 оны 2, 3 дугаар сард АНУ-д хувьцааны ханш 35 хувиар буурахад биткойн бол хеджинг хийж чадалгүй, бүр 50 хувиар буурсан. Иймд, мөнгөний үндсэн үүргийн нэг болох өртөг хамгаалах, хуримтлалын хэрэгслийн үүрэг мөн хангалтгүй. 

-Энэхүү хуурамч хөрөнгө (pseudo-asset) -ийн бодитой үнэлгээ хэд болохыг хэн ч мэдэхгүй байгаа нь бодит байдал юм. 

-“Дижитал валютын халим” (койн гаргагчид, зуучлан борлуулагчид, ашиг хонжоо олох зорилгоор их хэмжээгээр эзэмшигчид гэх мэт) -ууд бит(койн) -ийн үнийг зохиомлоор өсгөх хэд хэдэн нарийн схем, аргыг ашигладаг. 

-Илон Маск үүнийг худалдаж авсан байж магадгүй. Гэхдээ энэ нь бусад хүн дагаж мөрдөх ёстой гэсэн үг биш.

-Мөнгөний ирээдүй бол мэдээж Төвбанкны цахим мөнгө болохоос криптовалют биш.

Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны УЗ-ийн дарга, “Өлзий & Ко Капитал” компанийн гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр: 

Хөрөнгийн зах зээл асар хурдтай хөгжиж, дараагийн технологиудын талаар ярьж эхэллээ. Блокчэйн технологи, криптовалютын зохицуулалт яах аргагүй үгүйлэгдэж байна. Гэхдээ зохицуулалтгүй байлаа гээд дураараа дургина гэсэн үг биш. Хуульд тусгаагүй учраас хуулийн цоорхой ашиглаж, дураараа ажиллаж болохгүй. Олон нийтээс хөрөнгө татна гэдэг маш хариуцлагатай ажил учраас мэргэжлийн байгууллагын дүгнэлттэй байхаас эхлээд наад захын шаардлагуудыг хангах ёстой. Зохицуулалтгүй байгаа учраас энэ бүхэнд олон нийтийг ихээр хамруулж буй дүр зураг ажиглагдаж байна.

(Business.MN сэтгүүлд өгсөн ярилцлагын хэсгээс)
“Таван Богд Капитал” ҮЦК-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнх-Эрдэнэ:

Японы крипто биржээс 97 сая ам.долларын криптог хакерууд хулгайлжээ. Биржийн зүгээс нийт 4 хэтэвчрүү хакерууд энэхүү криптогоо шилжүүлж авсан бөгөөд халдлагыг шалгаж байна гэв. Энэ хооронд хэтэвчиндээ орлого, зарлага гаргах боломжгүй болсон байна. Liquid хэмээх уг бирж нь дэлхийд эхний 20-т багтдаг байна.

Криптогийн сул тал энэ. Биржүүд нь хакдуулдаг. Манай биржүүдийн хамгаалалт хэр вэ гэдэгт эргэлзээд байгаа юм. Япончууд хамгаалж чадахгүй байхад манайхны биржийг өлхөн хакдах байх. Гол нь одоогоор манай биржүүд жижиг байна. Хакуудын сонирхлыг татах хэмжээнд биш.

Bat Solution Partners компанийн ТУЗ-ийн дарга В.Ганзориг:

Хэдхэн жилийн өмнө Монголд ямар ч барьцаагүй зээлийг тухайн хүний түүх, сошиал мэдээлэл дээр хиймэл оюун ухаанаар анализ хийгээд олгож эхлэхэд хүмүүс шоконд орж байв. Финтек салбарын анхны тоглогчдын нэг ЛэндМн анх гарч ирээд аппаар барьцаагүй зээл олгож эхлэхэд хятадууд “зүгээр” мөнгө өгч монголчуудыг хорлох гэж байна гэдэг яриа хүртэл гадуур явж байж билээ. Тэр мөнгийг нь заавал авах албатай биш дээ. Харин одоо санхүүгийн сахилга баттай иргэнээс багахан хэмжээний зээл авахад барьцаа нэхэж “тэнэгтэж” байгаа финтек, ББСБ бараг л байхгүй болж байна.

Өнөөдрийн тренд “юу нь” мэдэгдэхгүй, ардаа биет хөрөнгө, барьцаа, баталгаагүй мэт койн гарахад шуурч байна. Үүнийг монгол залуус биет хөрөнгө, барьцаатай бизнес, баталгаатай “юманд” хөрөнгө оруулахаас илүүтэйгээр залуучууд бие биенийхээ зорилго, хүсэл тэмүүлэл, итгэл найдвар, алсын харааг нь дэмжин хөрөнгө оруулалт хийдэг болж эхэлжээ гэж харлаа. Энэ бол том хариуцлага ба цоо шинэ эхлэл бас асар хүндтэй жишиг стандарт шүү!

Харин одоо төр, хувийн хэвшил нийлээд бахархаж онгироод байдаг ч хүссэнээрээ удирдаж эргэлдүүлж чаддаггүй байгалийн баялаг болох зэс, алт, уран, нүүрс, мөн яндаж баршгүй мал сүрэг, ноос, ноолуураараа баталгаажсан койнууд гаргаад олон улсын крипто биржүүд рүү гаргавал уул уурхай, ХАА, санхүү, технологи, худалдаа, ложистикийн салбарт цоо шинэ тэсрэлт болж, утгаараа салбарын түйвээлт хийгдэхээр байна даа. Дундын ямар том цавчааг нуга цохиж, авилга, хээл хахуулийг үгүй болгож, бизнесийн өртгийг бууруулж, бизнес эрхлэгчдийн дарамтыг хөнгөлж, ямар их юм тодорхой бас нээлттэй болж, энэ хэрээр далд эдийн засгийг хумих бол! 

Ингэхэд монгол алтаар баталгаажсан койн гаргавал та авах уу? Оюутолгойн зэсээр баталгаажсан койн гаргавал та хөрөнгө оруулалт хийх үү?

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (2 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Бизнес сэтгүүл

Криптовалюттай холбоотой Санхүүгийн зохицуулах хорооны анхааруулга

Өмнөх нийтлэл

Нийслэлийн ЖДҮ эрхлэгчдэд 2.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.