Хөдөө аж ахуйг, тэр тусмаа мал аж ахуйг нэмүү өртгийн гинжин хэлхээ, нийлүүлэлтийн сүлжээнд холбох шалгарсан механизм нь хоршоо байдаг. Хоршооллын хөдөлгөөн 200-гаад жилийн түүхтэй бөгөөд анхны хоршоо 1830-аад онд Их Британид үүсчээ. 2012 оны тоо баримтаар дэлхийн 96 орны нэг тэрбум орчим хүн дор хаяж нэг хоршоонд гишүүнчлэлтэй байна. Дэлхийн хамгийн том 300 хоршооны эргэлт 2 их наяд ам.долларыг давжээ. Хөдөө аж ахуйн хамгийн хүчтэй хоршоонууд Японд байдаг бөгөөд тэд зарим талаараа төрийн агентлагийн үүргийг гүйцэтгэх болтлоо хөгжжээ.

Монгол Улсад хоршооллын хөдөлгөөн үүсээд удаагүй. Хоршоо нь өрхийн жижиг бичил бизнесээр хязгаарлагдахгүй, бүс нутаг, тухайн сум, баг, аймаг, дүүргээрээ нэгдэж, хөдөлмөрөөрөө хоршин, орлого, ашгаа нэмэгдүүлэх боломж бөгөөд хүн амын ядуурал, ажилгүйдэл, ялангуяа хөдөө орон нутгийн хөгжлийн хөшүүрэг болох механизм.

Анх Монголд Хоршооны хуулийг 1998 онд баталж, тэрнээс хойш 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулаад саяхан 2021 оны тавдугаар сард хуулийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэн баталжээ. Тэгвэл Хоршооны хуулийн шинэчилсэн найруулга ямар онцлогуудтай, тэдгээрийг бизнесийн үйл ажиллагаанд хэрхэн ашиглаж болох талаар товч өгүүлье.

  • Эрхлэх аж ахуй, бизнесийн үйл ажиллагааны цар хүрээ, хэрэгцээнээс хамаараад анхан шатны хоршоог 9-өөс дээш хүнтэй байгуулна. Цаашлаад хоршоодын холбоо, Нэгдсэн хоршооллын холбоо байгуулж болох нь.
  • Хоршоо өөрийн хөрөнгөтэй байж болно. Өөрөөр хэлбэл, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй байж түүнийгээ эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулна. Ингэснээр хоршоо нь нэмүү өртгийн сүлжээ, эдийн засгийн амьдралд идэвхитэй оролцож, эд хөрөнгөө барьцаалж банкнаас зээл авч чадна.
  • Хоршоо гишүүддээ ашиг хуваарилж болно. Энэ заалт нь хоршооны гишүүнийг хоршооны амьдралд идэвхитэй оролцуулах зорилготой.
  • Хоршоо нь компани, ААН-үүдээс бага хэмжээгээр орлогын албан татвар төлнө. Компаниудтай адил татвар төлдөг байсан нь хоршоо хөгжихөд саад болж байв.
  • Хоршоо нь өмнөхөөс илүү олон төрлийн үйл ажиллагаа эрхэлнэ. Хуулиар хориглоогүй, дүрмэндээ заасан бүх л үйл ажиллагааг эрхлэх боломжтой.
  • Хоршоо, хоршооны гишүүдийг эрсдэлээс хамгаалах зорилгоор Хоршоонд хөрөнгө оруулалт хийх, Хоршооны хөгжлийн сан, Болзошгүй эрсдэлийн санд хөрөнгө төвлөрүүлэх, зарцуулах зохицуулалт тусгагдсан.

Одоогоор малчдаас түүхий эдийг нь авч үйлдвэрлэгчидтэй холбодог сүлжээ нь ченжүүд. Ченжүүд малчдаас хямд үнээр аваад үйлдвэрүүдэд үнэтэй зардаг. Энэ тогтолцоог Хоршооны тухай хуулийн хэрэгжилтээр халж байгаа гэж тус хуулийг боловсруулагчид хэллээ. Өөрөөр хэлбэл, малчид өөр хоорондоо нэгдэн хоршоо байгуулж, хоршоондоо илүү өндөр үнээх түүхий эдээ тушаана. Хоршоогүй малчдын хувьд ч мөн адил.

Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайханы ярьснаар үндэсний үйлдвэрүүд байж болох хамгийн хямд үнээр түүхий эдээ хоршооноос авдаг болох аж.

Хуулийг даган гарч буй өөр нэг өөрчлөлт нь 330 суманд байдаг Сум хөгжүүлэх санг Хоршоо хөгжүүлэх сан болгож байгаа явдал. Тус сангийн журам удахгүй гарах бөгөөд Орон нутагт байгаа хоршоод Хоршоо хөгжүүлэх сангаасаа хамгийн түрүүнд зээл авахаар эрэмбэлнэ. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хоршоонд зориулсан тусгай бүтээгдэхүүн гаргах юм байна.

Хоршоо гэхээр зарим хүмүүс хуучны хувьсгалт хоршоотой андуурч ярих нь бий. Тиймээс орчин үеийн хоршоо хэрхэн ажиллахыг таниулах зорилгоор сумдад загвар хоршоо байгуулах юм байна. Загвар хоршооны ТЭЗҮ хэдийнэ бэлэн болсон. Малчид хоршоо болж нэгдээд, түүхий эдээ үндэсний үйлдвэрүүдэд ченжээр бус биржээр дамжуулж борлуулдаг систем рүү орох аж. Жишээ нь, мал нядалгааны цэгтэй, түүхий эдийн цэгтэй, хүнсний агуулахтай, сүү боловсруулах цэгтэй, хүнсний дэлгүүр, зочид буудалтай загвар хоршоог байгуулах аж. Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуйн түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээг хоршоогоор дамжуулж хийх бүтцийг Загвар хоршоогоор харуулах юм байна.

Монгол Улс дахь хоршоодын тоо

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Г. Даваадорж

Г.Занданшатар: Нэмүү өртөг шингээж байгаа үйлдвэрлэгчид бол жинхэнэ баялаг бүтээгчид

Өмнөх нийтлэл

Digital Nation – 2021: Мэдээлэл технологийн салбар дахь хэвшмэл ойлголтыг халах нь

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.